НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА:Тэд ч бас эрх үүрэгтэй хүмүүс

image

 

Өчигдөр болсон Тэгш эрх, бахархалын алхалтын талаар хүмүүсийн сэтгэгдэлийг уншаад, хэдэн зүйл хэлмээр санагдлаа.

1) Тэд юугаараа бахархаад байгаа юм? Монгол харьцангуй ЛГБТ асуудал дээр дэвшилттэй улс. Энд ЛГБТ байлаа гээд эмчилнэ гэж дайрахгүй байна, шоронд хийж алж хядахгүй байна. За тэгээд шинэ эрүүгийн хуулиар ялгаварлан гадуурхахыг эрүүгийн хэрэг болгочихлоо. Ийм харьцангуй дэвшилттэй байгаа Монгол улсын иргэн болж төрсөнөөрөө бахархаж яагаад болохгүй гэж? Өөр жишээтэй харьцуулж бодвол илүү ойлгомжтой мэт. Монголд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр буюу Мартын 8-ыг өргөнөөр тэмдэглэдэг. Юундаа баярлаад байдаг юм!? гэж асуух асуулттай утга ижил мэт. Эмэгтэй хүнээ хүндлэн дээдэлдэг, эд хөрөнгө, адгуус мал мэт үздэггүй Монгол улсад төрсөнөөрөө бахархаад, баярладаг л биз дээ?

2) Олон нийтийн нэг асуулт байна. “Бид нар та нарыг яачихаад байгаа юм? Ингэж жагсах шаардлага юу байна? Дуугай л гэртээ нуугдаад байж бай л даа” Асуух ёстой л асуулт. Уг нь бол, ийм хэлбэрийн жагсаал байх шаардлагагүй нийгэм болчихвол улам л сайхан зүйл. Ямар нэг ялгаварлан гадуурхалт, дээрэлхэл, дорд үзэх үзэлгүй бол хэн л жагсах вэ дээ. Гэхдээ л хүмүүс жагсаад байна. Ойлгомжтой шүү дээ. Доор бичсэн хүмүүсийн хандлага шиг, доромжлох, дорд үзэх үзэл одоо хүртэл байгаа болохоор л “Бид ч гэсэн хүн шүү дээ! Бид байж л байдаг, байсаар ч ирсэн, байх ч болно. Тийм болохоор, бидэнтэй хүн шиг харьцаасай! Бид энд байна шүү!" гэж л жагсаж байгаа зүйл шүү дээ. Дээрээс нь, хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гээд хэлц үг байдаг даа. Асуудал байсан ч, тэрнийг асуудал байна шүү гэж хэлэхгүй л бол анзаардаггүй, асуудал даамширдаг зүйл их байгаа. Тийм ч утгаар, хүйсийн тэгш эрхийн байдал харьцангуй дэвшилттэй орчин үед ч гэсэн жендерийн асуудлыг байн байн гаргаж ирдэг, тэгэхгүй бол гэр бүл доторх хүчирхийлэл гэх мэт зүйл даамжрах магадлалтай байдаг. Утгын хувьд адилхан л зүйл. Нуугдах тусам далд хэлбэрийн хүчирхийлэл ихсэнэ шүү дээ.

3) Өсвөр насны хүүхдүүд жагсаалд оролцсон байгааг хараад харамссан хүмүүс их байна. Эд нар ийм эрт бэлгийн харьцаанд ороод, тэгээд бүр бэлгийн чиг баримжаагаа мэдчихдэг юм байх даа?" гээд л. Бэлгийн чиг баримжаа гэхээр л порно, секс санаанд нь буугаад байдаг юм шиг байгаа юм. Ихэнх стрэйт хүмүүс, бэлгийн харьцаанд орохоосоо хамаагүй өмнө нь эсрэг хүйстэй хүнд дурладаг гэдгээ мэдсэн л байдаг. Тэрнээс ямар ч ялгаагүй зүйл мэт. Хайрлах, дурлах 2-ыг секстэй хольж хутгадагаа уг нь больчихмоор. Эсвэл хэтэрхий их гомо порно үзсээр байгаад тархиа угаалгачихсан хүмүүс байдаг юм болов уу? Дээрээс нь, залуу хүмүүс дуу хоолойгоо илэрхийлж байгаа нь чухал зүйл. ЛГБТ хүүхдүүдийн амиа хорлох магадлал нь ЛГБТ биш олонхтой харьцуулахад 4 дахин их байдаг гэсэн судалгаа байдаг. Нэг ч гэсэн хүний, нэг ч гэсэн хүүхдийн амь нас чухал байгаа бол, зөв ойлголтыг нь олгоод, “Битгий ай” “Чамайг хэн ч дээрэлхэхгүй* гээд хэлчих уг нь тийм хэцүү зүйл биш мэт. За тэгээд дэлхийн томоохон дэвшлүүд оюутнууд дотроос, залуучууд дотроос гарч ирэх нь элбэг байдаг. Ардчилалын төлөө ч гэсэн 20 хэдхэн настай хүүхдүүд л тэмцэж байсан биз дээ? Бас, энд жагссан хүн болгон ижил хүйстэн гэж бодоод байх шиг байгаа юм. Уг нь ихэнх нь зүгээр л хүний эрхийг дэмждэг хүмүүс байгаа юм. Бэлгийн чиг баримжаа нь ямар болохыг өөрөөс нь асуухгүй л бол мэдэхгүй шүү дээ.

4. Жоохон хүүхдүүд уруу татагдчихна, олдмол болчихно гэсэн санаа зоволт. Тийм уруу татагдмаар, гоё юм юм байх даа? Уг нь эсрэгээрээ, хэн ч бусдаас ялгараад, ялгаварлан гадуурхагдах амьдралыг өөрийн хүслээр сонгомооргүй л юм. Ядаж байхад бэлгийн цөөнх. Тэр хэмжээгээрээ хайрлах, үерхэх, амьдралаа хамт өнгөрөөх хүний сонголт нь ч багасна. Тэгсэн ч гэсэн, дурлан дурлан сонгоно гэж үү?

5) Монгол хүн ам цөөнтэй. Тэр олон хүнтэй гадаадад нь л ийм юм нь байж байг гэсэн сэтгэгдэл. Ийм сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийг 2 зүйлээр гайхаад байгаа юм.

1) Хүнийг зүгээр л нөхөн үржих машин гэж ойлгодог юм байх даа.

2) Монголчууд цөөхөн гэж ярьж байгаа хирнээ “Та нар Монголоос зайлцгаа” гээд адилхан Монгол улсын иргэдээ хөөгөөд байх юм. Хагарал, үзэн ядалт хэзээ ч сайн зүйлд хүргэдэггүй. Эсрэгээрээ найрамдалтай байж, нэгдмэл байвал улс орон хөгждөг шүү дээ. За тэгээд цөөн хүн амтай улс гэвэл, 300,000 хүн амтай Исланд гээд улс байна. 300 хан мянган хүн амтай болохоор, тэднийд Гэй бар ч байдаггүй. Гэхдээ тэнд ижил хүйсийн гэрлэлт, гэрлэлттэй адил эрхтэй иргэний партнершип гээд бүх юм нь байдаг. Тэнд бас тэгш эрх, бахархалын алхалт жил бүр болдог. Тэр нь бүр 10,000 хүн цугладаг, эдийн засгийн чухал ач холбогдолтой баяр болчихсон. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 67,000 ам.доллар гээд дэлхийд дээрээсээ 6-д ордог байх жишээтэй. Хүн амын өсөлт нь ч хэвийн хэвээрээ байх жишээтэй.

Жоохон юм уншаад, критикал анализ хийгээд үзвэл, нэг их уурлаад байх зүйл биш л юм шиг. Эсвэл өөрийнх нь нууцыг бусдад илчилчихнэ гэж айдаг юм болов уу? Тэр хүмүүс, лаагаа ч иднэ үү, луувангаа ч иднэ үү хэнд ямар хамаа байна аа.

 

А.Зоригт

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 460

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%