Авилга: Цуврал No1 - Хууль үл хэрэгжих байдал энгийн жишиг болон хүлээн зөвшөөрөгдсөн.

Авилга гэх зүйл өнөөгийн Монголын төр, нийгэм, эдийн засгийн асуудлыг улам ужигруулагч бэтэг өвчин хэвээр байсаар байна. Сонгууль бүрээр аль ч нам, улс төрийн хүчнийхэн Авилгатай тэмцэх хөтөлбөр гаргаж, амлалт дэвшүүлэн лоозогносоор ирсэн боловч авилга буурах нь байтугай харин ч мэргэжлийн сүлжээнд орж, бүр нарийн зохион байгуулалттай болсоор ирлээ.

Авилгыг мэргэжлийн сүлжээнд оруулан хөгжүүлсэн гэгддэг, тухайн цаг үедээ цор ганцаар бүх эрх мэдлийг атган ноёрхож байсан Н.Энхбаяр АНУ-ын Мянганы сорилын сангийн төслийн шаардлагаар АТГ-г байгуулж байсан түүхтэй. Харин эл байгууллага томилогдсон анхны дарга асан нь учир битүүлгээр нас нөгчсөнөөс хойш эрх мэдэлтнүүдийн өөр хоорондын зөрчил, тулаанд ашигладаг дарангуйллын махны машин болон хувирсан.

Бидний нэрлэж заншсанаар Эрүүгийн гэмт хэргийн мөрдөн шалгах, таслан шийдвэрлэх ажиллагааг хангах эрх зүйн зохицуулалт болон түүнийг хэрэгжүүлэгч институцүүд дутаагүй байтал АТГ нь авилгатай тэмцэх, урьдчилан сэргийлэхтэй холбоотой судалгаа шинжилгээний ажлууд хэрэгжүүлж, авилгаас ангид орших системийн зохицуулалт, хяналтыг хангах бус, ердөө л эрх мэдэлтнүүдийн засаглалыг хамгаалдаг хувийн мөрдөн байцаах газар мэт ажиллагаатай Төрийн нэгэн субъект болжээ.

Гэвч авилга болон авилгатай тэмцэх байгууллагын эргэн тойрны асуудал, зөрчлийг хаман шүүмжлэхээсээ өмнө авилга үүсэх үндсэн нөхцөл, шалтгааны олж тогтоох нь чухал. Иймд авилгын хөрс бат бэх орших үндсийг бүрдүүлж буй хүчин зүйлүүдийг хамтдаа шинжлэн хэлэлцвэл дээр болов уу.

Мэдээж нэгэн зүйлээр тогтохгүй сэдэв учир цувралаар өөрийн үзэл бодол, шүүмж, гарцыг хүргэхийг хичээх болно. 

 

Хууль үл хэрэгжих байдал энгийн жишиг болон хүлээн зөвшөөрөгдсөн.

 

Үл хэрэгжилт

Сайн муу  нийлж сав дүүргэдэг хорвоо хойно манай улсад өөрт таарсан, дутсан, давхардсан, сайн, муу гэхчлэн бүхий л хууль, дүрэм, журам, стандарт, шийдвэр, захирамжууд нь байхын хувьд хангалттай байна. Зохицуулалт дутсан гэхээсээ төрийн институц хоорондын уялдаа холбоогүй ажиллагаанаас хамаарч харин ч нэг нь зөвшөөрч, нөгөө нь  хориглосон, давхардсан олон хууль журамтай байгаа нь хууль хэрэгжүүлэх механизмыг ажиллагаагүй болгож, авилгыг цэцэглүүлэх үндсэн хөшүүрэг болж байна.

Нэгэнт хууль хэрэгжүүлэх боломжгүй нөхцөлд урт хугацааны бодлого, төлөвлөлт дагах бараг боломжгүй тул амьдралын тасалдалгүй мөн чанарын шаардлагаар дор бүрнээ чадах, бүтэх бүхий л аргаараа өөрт тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх гэж явсаар өнөөдрийн энэ эмх замбараагүй байдалд хүрээд байна.

Үүний наад захын жишээ бол ХОТ ТӨЛӨВЛӨЛТ. УБ хотын мастер төлөвлөгөө гээч юм амьдрал дээр хэрхэн яаж мөрдөгдөж ирснийг харчихад л хангалттай. Үүний үр дагаварт хүний хувийн хөрөнгийн баталгаа бүрэн алдагдсан. Өглөө сэрэхэд хаалгыг нь боогоод, цонхыг нь халхлаад шинэ барилга барьчихдаг үзэгдэл энгийн зүйл болоод удаж байгаа. Хориглосон хуулиуд нь байгаа юу гэвэл байна. Харин хууль хэрэгжилт л байдаггүй тул араас нь нөхөж гаргасан хууль ёсны шийдвэртэй хууль бус захирамж, зөвшөөрлүүд өнөөдрийн нийгмийн зохицуулалтыг бүрэн гажуудуулсныг бид бүгд мэднэ. Тэгсэн хэр нь бүгд л чив чимээгүйхэн хүлээн зөвшөөрч, амьдралаа төхөөрүүлдэг номхон, ноомой нийгэм.

Хууль хэрэгжүүлэхгүй байх арга саам олдоод байгаа нь авилга хөгжөөд байх арга замыг нээгээд байгаагийн илэрхийлэл. Төр, захиргааны бүтцийн хамгийн доод түвшнээсээ эхлээд шийдвэр гаргах хамгийн дээд түвшин хүртэл хууль хэрэгжихгүй байх бүх хүчин зүйл нь хэнээс эхтэй вэ гэвэл биднээс л эхтэй. Хуулиар нь явбал төвөгтэй, чирэгдэлтэй тул хүн бүр дор бүрнээ, тус бүрийнхээ асуудлыг амар, хялбараар шийдэх арга саам сүвэгчилсээр яваад өнөөдөр авилга гэх адаг, эцэсгүй аймшгийн эргүүлэгт бид өөрсдөө л орсон.

Наанадаж бид гэрлээр гарч, дүрмээр хөдөлгөөнд оролцож чадаж байгаа билүү? Хатуу чанд сахилга бат гэдэг дарангуйлалд өртсөн нийгэм бус, харин дарангуйллаас ангид оршиж, ёс зүйг эрхэмлэдэг нийгмийн үнэт зүйл байдаг. Иймээс ядуу буурай, дарангуйлалтай улс оронд биш хөгжлийн шийдэлтэй  нийгэмд хууль гэдэг нь шударга ёсыг баталгаажуулах тоглоомын үндсэн дүрэм болдог. Тиймдээ ч сайн боловсруулсан гэхээсээ хэрэгжүүлж болдог хуулийг сайн хууль гэх ойлголт бий болсон буй за.


avatar
    • Зочин
    • 112.72.9.*

    ATG odoo tatan buugdana. Tagnuul, prokuroroor ard bidnyger daramtlana

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5002

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%