Нийтлэл 03 сарын 08, 2015

Монгол эмэгтэйн гоо сайхан - 5 их бичгийн хүний үзгээр

Эрэгтэй яруу найрагчдын таван том төлөөлөл, бичгийн их хүн Данзанравжаа, яруу найрагч Д.Нямсүрэн, Б.Лхагвасүрэн, Б.Галсансүх, Г.Аюурзана нарын зурагласан бүсгүй хүний тухай 5 шүлгийг түүвэрлэн хүргэж байна:

 

Дулдуйтын Данзанравжаа

Говийн ноён хутагт, бичгийн их хүн Данзанравжаа. Өөрийг нь төрүүлээд өнгөрсөн ээжийгээ Равжаа насаараа санагалзаж, эмэгтэй хүнийг нэг шүтээнээ болгосон. Ардын дуу болоод шүлэг, яруу найргийн нэг бүтээл гэдэг нь мартагдах шахсан түүний Үлэмжийн Чанар. Үлэмжийн чанар буюу үнэхээр төгс төгөлдөр чанарыг олсон царай юу хэмээн үзэсгэлэн гоог бахдан дуулсан түүний энэ шүлгийг гүйцэж эмэгтэй хүнийг, тэр дундаа царай, бие, үнэр, аалийг өвтэгш магтан дуулсан бүтээл төрөөгүй л байна:

Үлэмжийн чанар

Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ

Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зээ.

Учирмагц сэнгэнэсэн
Уран голшиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан зандан үнэр шиг
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зээ

Бадмын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахдаж ханашгүй
Баярыг улам арвитгана зээ

Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая

 

Данзангийн Нямсүрэн

Эрээнцавын их найрагч Данзангийн Нямсүрэн. Алтанцэцэг, Үзэсгэлэнтэй төрсөн чи минь гэх мэт бүсгүй хүнийг магтан дуулсан шүлгээс гадна хорвоо ертөнцийн тухай шүлэгтээ ч хамгийн сайн сайхан зүйлийг эмэгтэй хүнтэй зүйрлэдэг. Бүсгүй хүнийг магтан дуулсан шүлгэн суварга нь Данзанравжаад дөхөх, эс бол ялж мэдэх романтист. Арван хоёр мөрөнд алив ертөнцийн арван хоёр үзэмжийг магтан дуулсан мөртүүд:

АРВАН ХОЁР ҮЗЭМЖ

Нэгээхэн бээр-тогос шувуу өд сөдөө үлэмжлүүлэн явах шиг
Нэгээхэн бээр-донж үзэсгэлэнт бүсгүй өмнө минь гарч ирлээ
Нэгээхэн бээр-нартай бороо гэрэлтэн орох шиг
Нэгээхэн бээр-найртай тэргүүлэгч цэцэг мандан бадарваа

Нэгээхэн бээр-хун шувуу уснаа хөвөх шиг
Нэгээхэн бээр-хусан лавай хасыг үзүүлэн чадаад
Нэгээхэн бээр-бусад цэцгүүд гөвөгдөх адил
Нэгээхэн бээр-бурамт хаврын анхилам мандарваа үнэртвээ

Нэгээхэн бээр-хөхөө шувуу донгодох үес
Нэгээхэн бээр-хөнгөн хурц чийрэг мээмийг нүднээ хавчуулаад
Нэгээхэн бээр-бор хул гэгээ гялбалзуулан
Нэгээхэн бээр-босоо, босоо хурц цэцэг дэлбээлвээ 

 

Бавуугийн Лхагвасүрэн

“Энгэрээс нь сүү урсдаг эх хүн” хэмээх алдарт хэлц, аа биш хэлц биш бүхэл бүтэн соёл ч байж мэдэхээр ойлголтыг төрүүлсэн эцэг.  Ижийтэйгээ байхад би баян, Би, Ижийнхээ ачийг яалаа даа зэрэг шүлгүүдээрээ ээж төвтэй эрх нялхамсаг монгол эрчүүдийн онцлогийг, Чи бидэн хоёр, Чамдаа би хайргүй байхын аргагүй, Чинийхээ дэргэд өтөллөө зэрэг шүлгээрээ гэр бүлийн ёс суртахуун, ханиа хүндлэх уламжлалт монгол жудгийг бичиглэж өгсөн нийгэм соёлын нэг үлгэр дүр. Олон сайхан шүлэгтэй ч Ижий Мөрөн шүлгийг үлдээх арга байхгүй.   

 Ижий мөрөн

“Ангир ээжийн минь сүүдэр унаад
Арвыг хоёр нугалж одов .
Хэлхээ сувд шиг хорин жилийн
Хэдэн өдөр нь ээжийгээ дурсав даа …”
( Тэмдэглэлийн дэвтэрээс )
Эх бүхний цээжнээс эхэлдэг
Элбэг урсгалтай – сүүн төрөн
Ижий мөрөн
Үрээ л дагаж урссан
Үйлийн үртэй – цагаан төрөн
Ижий мөрөн
Ижий ижий адилхан
Ижий мөрөн
Миний л ижий ижилхэн
Ижий мөрөн

* * *

Ижий мөрөн
Зөөлөн буурал газрын шим
Зөн хүслийн халуун амь
Холын далайн гашуун шорвог
Хоёр туйлаас ууршсан ус
Өнгө нь хувилсан цус
Өөрийгөө мартсан ” Тус”
Инээд нулимс
Их аз жаргалын амт
Шимэн шимэхэд зангираагүй
Шингэн “Алт”
Хэн болох нь хамаагүй
Хүн бүхний ам руу орсон
Бие бүхэнд оршиж

Битүү гогцоо татаж
Наран зөв эргэсэн
Нас манасан урсгал
Ангаахай нялх үрийнхээ
Амыг эрэн чинэж
Аян дайнд эндэхэд
Арьсан цаана ээдэж
Агуу хааны
Дархан байж
Алдаж оноход
Дарь – Эх байж
Гурван цагийг нэвт урссан
Гунигийн сүүдрийг сүлж урссан
Ижий мөрөн
Энэ дэлхйин мөрөн далай болгон
Ижий мөрнөөс урссан тасархай
Энэ дэлхийн хүн болгон
Ижий мөрний алтан жараахай .
* * *
Эх бүхний цээжнээс эхэлдэг
Элбэг урсгалтай – сүүн мөрөн
Ижий мөрөн
Үрээ л дагаж урссан
Үйлийн үртэй – цагаан мөрөн
Ижий мөрөн
Ижий ижий адилхан
Ижий мөрөн
Миний л ижий ижилхэн
Ижий мөрөн

 

 

Баатарын Галсансүх

 Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи, чи битгий хуц гэж бурханд хэдэрлэж чадсан Галсансүх ч тэр сүүгээрээ тэжээж чадлаараа өсгөсөн, совингоороо мэдэрч ерөөлөөрөө хамгаалсан,  ийм ээжтэй байх мөн ч сайхан даа гэж нялхамсах ээжийн хүү. Ерөөсөө монгол эрчүүд бүгд ээжийн нялхамсуу хүүхдүүд. Тийм болохоороо найрагчид нь эмэгтэй хүнийг элдвээр шүлэглэх зуршилгүй. Галсансүх тулдаа шулам, цус сорогч гэж хэлж чадав. Галсансүхийн зөв, эмэгтэй хүний дотор бурхан ч бий, буг ч бий.

 

Шивээстэй бүсгүйн хаалга

Ертөнцийн хаалганы наана ер бусын өдрүүд үргэлжилж
Ердийн амьдралыг минь чимсэн шивээстэй бүсгүй чи
Ердөө ч надад хаалгааа тайлахаа болив. Орох хаалга
Ертөнцөд олон боловч онцгой байсан юм чиний
Шивээстэй хаалга. Онгон залуу цогцосны амтанд
Шумуул адил шимтэн шунасан юм. Өнгөрчээ. Тэр
Хаалга бүр мөсөн хаагджээ. Өө. Тэгэвч
Хөх загалмайтны ялалтын хаалгыг би хөрсөн
Сэтгэл шиг чинь мартаж чадна. Янаглахуйн
Сэрэл болоод нууц эрдмийг яргуй адил залуу охинд
Яг чамд заасан шигээ зааж чадна. Шивээстэй бүсгүйн
Янагийн хаалганы тухай яруу шүлэг шивнэх болно. Түүнд
Тэр үед шивээстэй бүсгүй юу хийж байх болоо?
Тэнгэр хараад л, од тоолоод л, үүл сонжоод л
Тэмдэглэлийн дэвтэртээ юу ч юм бичээд л, тамхиа татаад л
Тэгээд тэр ээжийгээ үгүйлж, аавыгаа зүхэж, ном уншиж
Ертөнцийн хаалганы цаана орших ер бусын
Ертөнцийн тухай ердийн нэгэнд хөөрч байх биз ээ.
Шивээстэй бүсгүйтэй танилцахсан гэв үү? Хэрэггүй, хэрэггүй
Шулам юм тэр, цус сорогч юм тэр, нүдийг чинь ухчихна
Шүү тэр, Надад ингэж бодох сайхан санагдсан...
Шулам, цус сорогч, харалган болгогчидтой найзлахаа
...Би больсон...

 

Гүн овогт Гунаажавын Аюурзана

Дэлхийн сонгодгууд, монголын сонгомол гэсэн бүхнийг эмхэтгэж, орчуулж олон хүргэж, өөрөө ч бичгийн хүний хувьд бяр сууж, бүтээлүүд нь чангарч ирж буй Г.Аюурзана. Аюурзана амьдралыг таньж, дэлхийг сонирхож дууссан ч хэзээ ч нэвтэрч дуусахгүй, шунгаад хүрэхгүй зам үлдсэн нь бүсгүй хүн хэмээж байна:

 

Хайрлах хүнгүйдэж:

Даанч эрт би амьдарлыг таньсан
Дахиад урагш алхах ганцхан зай бий
    Энэ бол бүсгүй хүн!

Дэндүү эрт би сониуч нүдээ аньсан
Дэлхий тэмтрэх ганцхан зам үлдсэн
    Тэр бол бүсгүй хүн!

Хичнээн шунгаад ч ёроолд хүрэхгүй
Хэзээ ч ёроолд нь хүрэх гэж шунгахгүй цүнхэл хүн
Бүрлэн сартай арваадхан насанд минь
Бүртийж ургаад гэнэдсэн
Торон цагаан гивлүүр цаанаас цоргиход нь
Тохойг нь надаас өөр хүн түшсэн
    Бүсгүй хүн!

Сэтгэгдэл бичих

arrow icon