Нийтлэл 04 сарын 05, 2015

21 цагаас ерөнхий сайд Ч.Сайханбилэг юуны тухай ярих бол?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөө орой олон нийтэд хандаж үг хэлнэ.

 Хэлбэрийн хувьд

Шууд дамжуулах нь уу, бичлэг цацах нь уу одоогоор тодорхойгүй байна. Улс төрч хүний хувьд өөртөө итгэлтэй, хэлэх ярих зүйлдээ ам бардам байгаа бол шууд цацах нь илүү оноо авч таарна. Давших тактик хэрэглэх нь үү,  алдаа гаргахгүй хамгаалах тактик хэрэглэх нь үү, харцгааж байя.

 

Хугацааны хувьд

Өнөөдөр, 4-р сарын 5-ныг сонгож байгаа нь хоёр шалтгаантай  болов уу.  Нэгд, Оюу Толгой ордын 66 хувийн эзэмшигч Рио Тинто группийн ерөнхийлөгч Сэм Уолш 3-р сарын 28, 29-нд ирсэн.  Энэ богино хугацааны амралтын өдрийн айлчлалаар татварын маргаан, далд уурхайн асуудал шийдэгдээгүй байж таараа.  Тэгэхдээ Уолшийг ирэхээс өмнө гарсан шийдвэр, хоёр талын байр суурийг уулзаж ярилцах, бататгах боломж гарч, ямар нэг тоймтой шийдэлд хүрсэн байж болох юм. Хоёрт, Монголын эдийн засгийн форум 3, 4-ний өдөр зохион байгуулагдсан. “Итгэлцэл”-ийг  моодонд оруулаад, моод хуучирхаас өмнө эерэг сэтгэлзүйн хөрсөн дээр шинэ шийдлүүдийг дуулгах маневр хийж байж мэднэ. Итгэлцлийн хөрс бэлдэж байгаад юу дуулгах гэж байгаа бол?

 

Агуулгын хувьд

 

Эдийн засгийн талаар Засгийн газраас авч явуулсан арга хэмжээ, хийхээр төлөвлөж байгаа бодлогын чанартай зарим асуудлаар мөн томоохон төсөл, бүтээн байгуулалтын талаарх хамгийн шинэ мэдээллээ энэ долоо хоногийн Ням гаригт олон түмэндээ телевизүүдээр дамжуулан шууд хүргэх тул эдгээр сэдвүүдийг өнөөдөртөө түр хойш тавья. (Эдийн засгийн форум 2015-д  ерөнхий сайдын хэлсэн үгнээс)

 

Болж өнгөрсөн эдийн засгийн форум уул уурхайн форум уу гэлтэй хоёр уурхай, уул уурхайн салбарын талаар эерэг, тайван сэтгэлзүй үүсгэх зорилгын дор зохион байгуулагдлаа. Тавантолгойн 6 дахь эргэлзээ нийтлэлээр хүргэсэнчлэн ерөнхийдөө л хоёр мега төслийг  тойрсон олон нийтийн сэтгэлзүйн удирдлага сүүлийн хэдэн сард харьцангуй чадамгай хийгдэж байна. Том төслүүдийн сураг гарснаас хойш овоо хэдэн жил ноцолдсоны эцэст, баялаг сайхан эх орондоо хайртай, зарим нь үндэсний үзэлтэй, зарим нь үндсэрхэг олон нийтийнхээ учрыг төр олж сурж байх шиг байна.   

 

Энэ хоёр төсөл урагшлахгүй бол хэд ч хүрч мэдэх төгрөгийн ханш, хэн хэзээ мэс хийж зогсоох нь мэдэгдэхгүй орон сууц, халамжийн элдэв хөтөлбөр, монголын төсөв санхүүгийн энэ цөхрөнгөө барсан байдал, итгэл өгөөч наддаа гэж ингэтэл хөрсөө бэлдэхийг үзвэл яавч олигтой давуу талтай шийдэл гаргаж чадаагүй мэт, чадах ч боломж муу нөхцөл байдал үүссэн. Сайнаар хэлбэл богино хугацаанд ямар нэг байдлаар урагшлуулах, муугаар хэлбэл урт хугацаанд асар том орлогын эх үүсвэр болох хоёр угжны үнээгээ тавиад туух шийдвэр дуулгаж мэднэ.  

 

Worst case scenario буюу хамгийн мууг урдчилан төсөөлөх гээд үзвэл:  Тавантолгойн хувьд төр хувь эзэмшигч биш болно, 30 жилээр. Үүний хариуд одоогийн 5%-аас өндөр роялти(тусгай төлбөр) авах зорилготой байсан ч Чалкогийн өр төлөх гэдэг асуудал үүссэн тул консорциумд өрөө шилжүүлэхийн хамтаар Зүүн Цанхийн уурхайг урт хугацаагаар түрээслүүлнэ, мөн 5-аас дээш хувиар роялти авах зорилго бүтээгүй байж мэднэ. Үүнээс гадна нүүрсний үнэ, эрэлт унасан, 5 жил 150 сая долларын өртөгтэй тэнцэх нүүрс Чалкод нийлүүлэх нөхцөл шилжүүлж байгаа тул хямд үнээр нүүрс авах эрх Шинхуад өгсөн байж магадгүй.  Тавантолгойн хэлэлцээрийн санал УИХ-аар орно орохгүй гэсэн улс төрийн маргаан хэсэг өрнөсөн.  Олон нийт төдийгүй улс төрчдийн дунд төмөр зам, Тавантолгой тойрсон ашиг сонирхлын зөрчил, маргаан байгаа нь нууц биш.  Ерөнхий сайдын хувьд маргааш Даваа гарагт батлагдана гэж буй хэлэлцээрээс гарсан шийдлийн талаар олон нийтийн дэмжлэг авч, УИХ-аар оруулахгүй Засгийн газрын түвшинд батлаад урагшлуулах сонирхолтой байгаа болов уу.  Ийм хувилбарыг Ц.Элбэгдорж ерөнхийлөгч дэмжиж, З.Энхболд спикер эсэргүүцэж буй өрөг үүссэн байгаа.

Оюутолгойн хувьд   30 сая долларын татварын хэрэгт бууж өгсөн байх.  Одоогийн эзэмшлийн 34%-ийг зарах эрхзүйн боломж үүссэн ч   Сэм Уолш  34%-ийг сонирхохгүй, 11 сард эцсийн саналаа өгсөн гэж эдийн засгийн хүндрэлээс даван туулах тухай тогтоолын төсөл хэлэлцэхийн өмнөхөн тактикын ярилцлага өгсөн, 34%-ийг авч далд уурхайд хөрөнгө оруулагчаар оролцох тал олж ирэх, хэлэлцэх цаг байгаагүй тул энэ удаа 34%-тай холбоотой ямар нэг өөрчлөлт хийгдээгүй болов уу.  Риогоос 11 сард ямар санал өгсөн нь таг далд байсаар өдийг хүрч байгаа тул тодорхой таамаг хийхэд хэцүү ч З.Энхболд спикер далд уурхай оны эцсээр ажиллана гэж 3-р сарын 9-нд ярилцлага өгснөөс үзвэл ямар нэг шийдэл гарсан бололтой.  Саяхан Оюу Толгойн шинэ ТЭЗҮ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргэгдсэн.  Риогийн саналыг хүлээж авч, зардал нэмэгдсэнийг хүлээн зөвшөөрөхийн хамт,  үндсэн гэрээнүүдийн нөхцлөө сахиж ажиллахаар 75-аар бууж өгсөн байж мэднэ. Ерөнхийдөө бидний түмэн буруу гэж саяны чуулганаар үг хэлчихсэн нь олон улсад бүх сувгаар цацагдаж буй.

 

 

Монголын Засгийн газар нөгөө талдаа огт мэдэгдэлгүй шинэ өсөн нэмэгдэх рояалти татвараар 450 тэрбум төгрөг авна гээд жилийнхээ төсөвт шууд тусгасан. Татварын нэг байцаагч очоод компанийн дансыг шууд хааснаар бүх мөнгөн урсгал гадаадын банкуудаар дамждаг болсон. Нөгөө талаас Рио тинто компанийн Монголын Засгийн газрыг буруутгасан ар араасаа цуварсан мэдэгдлүүд Монголд итгэх итгэлийг алдуулахад жинтэй хувь нэмэр оруулсан.   (Эдийн засгийн форум 2015-д  ерөнхий сайдын хэлсэн үгнээс)

 

 

Одоо мэдэгдэж буй мэдээллээс барагцаалж үзвэл ийм байна, оносон алдсаныг орой мэднэ. Ер нь бол  олиггүй нөхцөлтэй шийдлүүд гарсан байх тусмаа эсрэгээрээ урт хугацаанд сайнаар нөлөөлж мэднэ. Төрийн бүтэц үр ашиггүй, авилгад идэгдсэн орчинд уул уурхайн орлого их байх тусмаа орлогын тэгш бус хуваарилалт, халамж, бялуурал, мөнгө, хэрэглээ шүтэж улайрсан сэтгэлгээний орчин бүрдэж, бусад нялх салбараа хөлдөө чирж ирлээ. Нарийн тооцож дэнсэлж чадвал Монголчуудад газрын баялгаас үүдсэн мөнгөн орлого сайнаасаа илүү мууг авч ирсэн байж магадгүй. Нийгмийн итгэлцэл, сэтгэл ханамж, бусдаас үл хамаарах өөрийн зорилго,  хүсэл мөрөөдөл, хөдөлмөр шингэсэн баялаг бүтээх. Нийгмийн сайн сайханд мөнгөөр хэмжигдэхгүй асар олон талууд бий, хоёр оронтой тоогоор эдийн засаг өсөж, хэрэглээ сагасан хэдэн жилд бид заримыг нь мартсан, заримыг нь угаасаа ч мэдэхгүй.  Хувь, орлогоо алдаад ч болов нэг тийшээ хөдөлж, хэрүүл дуусаж, улайж гүйцсэн дансаа нэг өөд нь татаад, бүр ахивал боловсрол, боловсруулах хоёр салбарт хөрөнгө оруулалт болж өгвөл болж байна.  Тэгээд бид энэ хоёр толгой биш эрдэнэт хүний ухаант толгойд найддаг эринд эргэж буцалтгүй орох түлхээс болвол  сайн сан. Ухаад зарах гэхээсээ байгалийн “эд” буюу нөөцийг хүний оюунаар “засаг”-лах, энэ засаглалын процесст хүн өөрийн хүсэл, хөдөлмөрийг шингээх хэлбэрт орж чадсан “эд”-ийн “засаг”-ууд л дэлхийд амьд үлдэнэ, нийгэм нь утгаа олно. Миний worst case scenario худлаа болж урт богино хугацаанд бэлэн мөнгөний том урсгал  үүсгэх сайн шийдэлд хүрч чадсан бол сайн л биз. Хэрэв тийм бол төр түмэн аль аль нь ухах идэх хэрэглэх зодолдох хэнээгээ дарж, Оюу, Таван толгойдын өгөөжийг оюунт толгойдоо шингээх чиглэлд явах болтугай. Залуу сэтгүүлч та сувгаа бүү солиорой хэмээн ярилцлага авдаг байсан үе өнгөрч ерөнхий сайд болжээ. Дараагийн ямар үеийг авчрах шийдэл телевизийн дэлгэцээр бидэнд дуулгах нь вэ, оройн 21 цагт сувгаа солилгүй сонсцгооё!

 

 

Нэмэлт мэдээлэл

Уншигч та ерөнхий сайдын үгийг хоёр ордын талаар өнөөг хүртэлх мэдээллийг багцаалж байгаад сонсохыг хүсвэл дараах мэдээнүүдээс уншиж танилцаарай.

Тавантолгой

 Тавантолгойн хэлэлцээртэй холбоотой цуврал нийтлэлүүд:  http://www.trends.mn/n/2213

Мега төслийн вэб хуудас: http://megaproject.mn/

 

Оюу Толгой 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon