Нийтлэл 04 сарын 09, 2015

ТАВАН УТГАНЫ АРД ГАНЦХАН ҮГ БИЙ (зугаатай таавар)

Монголчууд бид, гурван үгний ард утга бий, гурвалжин нѳхѳѳсний дор нүх бий гэж ярьцгаадаг, монгол ухааны гайхамшигтай оносон зүйрлэл (метафоза) юм даа. Гэтэл бүр таван утганы ард ганцхан үг байх тохиолдол бас гардаг л юм байна.

Би энд, монгол, энглиш, орос, монголжсон гадаад үг холилдсон 5 үгийн утга гаргая, тод хараар онцолсон үгийн эхний үсгүүдийг нь холбоод уншигчид ѳѳрсдѳѳ тэр ганц үгийг олоорой! Тэр үгийг бас http://www.trends.mn/n/2823 линкэд байгаа УЧИРТАЙ ТАВАН ТОЛГОЙ  жүжгийн  тавдахь учиртай толгойн эрэлд кандидатаар нэр дэвшүүлж буйгаа давхар илэрхийлье. 

ЖлобМонголчууд баас, жорлон гэж онож орчуулсан байдаг. Зүйрлэмэл утга нь болхоор бие хаа сайтай мѳрт, ухамсар дорой, соёл боловсрол муутай, мулгуу, бүдүүлэг хүнийг хэлнэ. Монголчууд явдаг жорлон гэж сүүлийн үед хочилдог болсон байна лээ. Саяхан, Сахалины ѳнѳѳ үеийн цуутай авилгач Хорошавингийн тухай нэвтрүүлгийг шууд эфирээр (РТР Планета прямой эфир) сонирхож суутал улс тѳрч В.Жириновский, үйлийн үртэй Хорошавиныг ѳѳдгүй муу жлоб гэх нь сонсогдов. Тэр бас хэзээ ч билээ,  оросын толгой баян гэгддэг Базовый элементийн Дерипаскаг падла (жлоб) гэж доромжилж харагдсан. Жириновский ч ѳѳрѳѳ бас жлоб л нѳхѳр дѳѳ. Тэрээр, бүдүүлэг Монголыг хир таарсан үнэ хүргээд урд хѳршид нь худалдчих юмсан гэж хашхирч байсан удаатай. Саяхан даа, Соколовын Битва нэвтүүлэг дээр энэ Монголын муухай ы үсгийг оросын цагаан толгойгоос хасмаар байна гэж хэлэх нь дуулдсан. Шар шүдээ ярзайлган замбуулин доргитол хашхирдаг харизмтай, Монголын аллергитай муу жлоб.

Дерипаска бол тун баян олигаaрх, түүний насанд хүрээгүй хүү Олег гэхэд л 20 млрдын хѳрѳнгѳтэй гэж байгаа. Дерипаскаг Монголын зарим олигаархитай нилээд суурь холбоотой гэж ярьцгаадаг. Бриягийн маш нууц тѳлѳвлѳгѳѳ, заавраар 1950-иад онд умард Сибирьт бариад, огтхон ч ашиглаагүй хаячихсан 1200 км урт тѳмѳр замын ѳргѳн царигтай хос рельс, үндсэндээ металлын хаягдлыг арчиж зүлгээд  Казахстан юмуу Монголд шахах санааг сэдэж байсан бизнес эр. Дерипаскатай холбоотой монгол олигаaрх байгаа бол оросын талын сонирхол, эрх ашиг дээр үхэн хатан зогсдог, урд хѳршийг аюул гэж үздэг эрхмүүдийн дунд байх нь дамжиггүй юм.

Бизнесийн хүрээнд оросын талыг баримталдаг хүмүүс, найрсаг хѳршийн бодлогод сайн үр нѳлѳѳтэй гэдэгт эргэлзэх юм байхгүй, гагцхүү эх орноо муугаар харуулах, эсвэл ашиг сонирхлоор улс орны эрх ашигт харшлах юм хийгээд байдаг бол үнэхээр жинхэнэ явдаг жорлон (жлоб) мѳн. 

ОТЗын дарга Якунин гэхэд л Монголд тааруухан ханддаг нь Монголын талаар муухай мэдээлэлтэй байдгийн уршиг, гэхдээ Путины залгамжлагч гэгддэг тэр том хүн юу л гэж ховын мэдээлэл сонирхов гэж, манай улс тѳрчид л хоорондоо дандаа хѳлѳѳрѳѳ жийлцэж, толгойгоороо мѳргѳлдѳж, хэл амаар шѳргѳлцѳж байдаг болохоор итгэл нь алдардаг буй заа. Хоёр хѳрш нь хоорондоо хэрэлдээгүй байхад хѳршүүдээрээ талцаж хэрэлдэж, луу, цагаан баавгайн идэш болж явдаг Монголын улс тѳрчид бол ѳѳрсдѳѳ харин ч жлобууд юм биш үү!=

Ерѳнхий боловсрол. Бизнес хийхэд боловсрол хэрэггүй, зүтгэл л хэрэгтэй гэж хэлдэг эрхмүүд Монголд бий. Ингэж хэлчхээд боловсролын системийнхний дургүйг нь хүргэн шуугиан тарьж байсан хүн ч байгаа.

Ерѳнхий боловсрол үнэхээр чухал нь мэдээж, гэхдээ нийгэмд тодорхой байр суурь эзлэхээр карьер хѳѳж яваа залууст ерѳнхий боловсролын мэдлэг даанч хангалтгүй л дээ. Мэдлэгийн эдийн засаг босгоно гээд л улс тѳрчид нэг хэсэг хийрхэж гүйцгээсэн. Мэдлэггүй ч хүнгүй болсон, энглиш гадарладаг, интернэтээс мэдээлэл авдгаа мэдлэг гэж андууран ѳѳрсдийгѳѳ их мэдлэгтнүүдэд тооцсон. Үүний уршгаар жинхэнэ тодорхой мэргэжлийн академик мэдлэг, суурь ухааны үзэл баримтлалуудын үнэлэмж шал дээр унасан. 

Монголчууд түүх судлал, ѳнгѳрснѳѳ эргүүлж тойруулан ухахад дэндүү их цаг зарж байна. Ѳнгѳрснѳѳ судлах биш, гагцхүү сургамж аваад л одоогоор сайтар судлаад ирээдүйд тэмүүлж. очих цэгээ тогтоон түүн рүү тасралтгүй ойртон урагшлах ёстой. Энэ нь олон  концепци (conception) дотроос аль нь давамгайлж явах тухай асуудал юм.

Герман улс гүн ухаан, социологи, Марксын Капитал судалж хѳгжил нь урагшилсаар байна. Гегелийн клубүүд газар сайгүй ажиллагаа явуулж байна. Мэдлэг олох нь чѳлѳѳт цагийн хобби биш албан цагийн бүрэлдэхүүн болон хэвшсэн байна. Австрид мэдлэг олгох, мэргэшил суулгах курсийн тѳлбѳрийг тѳрѳѳс хариуцан санхүүжүүлж байна. Суурь ухааны болон мэргэжлийн академик мэдлэгийг хѳгжлийн түлхүүр, хүчин зүйлд тооцож байна. Мэдлэг олгох хэдэн зуун стандарт эрх зүйн орчин болон үйлчилж байна. Албан тушаалтны ажил үүрэг гүйцэтгэх чадварыг диплом олгосон сургуулиуд хариуцаж, дахин сургалтын зардлыг сургууль ѳѳрсдѳѳ гаргаж байна. Ажил хэрэгч нийгэмд хэрэлдэх зав, чѳлѳѳт цагаар ч гардаггүй л юм байна.

Монголын олигархуудаас эхлээд булууны ноход шиг тѳсѳл булаацалдан арсалдах хэрүүлийн цагаа мэдлэг олоход зарцуулбал нийгмийн амьд цагийг урагш түлхэнэ. Түмэн олон маань ч гэсэн ашиггүй улс тѳржихѳд зарцуулдаг цагаа мэдлэг олоход чиглүүлвээс нийгмээрээ урагш шат ахих болно доо. Монгол зон олноороо цагт захирагдаж, мэдлэгт шунаж амьдарцгаая, хѳгжлийн хоцрогдлоос салах ѳѳр гарц (alternate) байхгүй. 

Нарийн царигНарийн цариг гэх нэрийн дор Монголын тѳмѳр замын бүтээн байгуулалтыг 7 жилээр хэн саатууллаа, монголчуудыг тѳмѳр замын нарийн бүдүүнээр талцаж хэрэлдүүлэх галыг анх хэн асаалаа! Мэдээж Энхсайхантай чоно, хонийн харьцаатай л явдаг эрхэм байж таарнаа даа, тэр л учиртай таван толгойн нэг гарцаагүй байж таараад байгаа юм. 

Нарийн царигтай тѳмѳр зам баригдчихвал монгол улсын эдийн засаг тэр чигтээ нэг улсаас хамааралтай  болчихно гэсэн бүдүүн хадуун популист сэтгэлгээ ѳнѳѳдѳр ч байсаар байгаа. Эрдэнэт мега тѳслийг дан оросын удирдлагаар, тусламжаар, хѳрѳнгѳ оруулалтаар гүйцэтгэсэн, тэглээ гээд монгол улсаараа оросын мэдэлд орчихоогүй л байна л даа, ийм харьцуулалт байж болох уу! 

Тавантолгойн ордыг унацтай ашиглах, урагш хѳдѳлгѳх тал дээр ард түмэн улс тѳрчид нийтлэг саналтай байгаа нь ойрын хэдэн жил үзэгдээгүй үзэгдэл. ( phenomen). Нѳгѳѳ уул уурхайтай хиншүү, хярвас ханхалтал үзэлцдэг популист хочит Гамбаа гишүүн хүртэл санал нэгдэж харагдсан шүү. Олон түмний нийтлэг эрх ашгийн хажуугаар тѳмѳр зам, бусад элдэв хангайн хаалт боолтоор тѳсѳлд бүхэлд нь саад хийхийг оролдож, чадвал нѳлѳѳ, ядвал бага ч атугай хувийн хонжоо гаргаад авах гэсэн далд улс тѳрчид байваас тэд л ёстой далд жлоб мѳн гэж хэлцгээе!

Коррупци (corruption). Монгол хэлнээ АВИЛГАЛ гэж хѳрвүүлсэн нь үндсэндээ хэвшиж яваа хэллэг. Тѳсвийн мѳнгѳѳр уул уурхайн хайгуул хийлгэдэг ч юм уу эсвэл тѳсѳл тендер ярьж байгаад тѳсвѳѳс асар их хѳрѳнгѳ зувчуулах, мѳнгѳ угаах, хээл хахууль авах...бүгд авилгал. Хойд, урд хѳршүүд маань авилгатай үнэхээр сайн тэмцэж байгаа. Губернатор Хорошавины гарын үсэг мутарладаг үзэг нь гэхэд л 20 саяын үнэтэй, ер нь бол нийтдээ түүний 5 млрд долларын хѳрѳнгийг битүүмжилж хураасан гэсэн. Урд хѳрш бол зүгээр л олны нүдэн дээр цаазлан хороох нь бий. Манайд бол авилгатай тэмцэх биш АТГ-тайгаа долоон жорын тэмцэл явуулдаг, олигаархижсан тѳртэй, жижиг улс орны амьдрал иймэрхүү л байдаг болтой юм. Бодит амьдрал дээр бол үнэндээ авилга цэцэглэж, арга нь нарийсаад гамшгийн хэмжээнд оччихоод байгаа шүү дээ. Тѳмѳр зам барих ч гэдиймүү их санхүүжилттэй том тѳслүүд амлаж аваад тѳслѳѳ хэрэгжүүлэхгүйгээр мѳнгѳн эх үүсвэрийг нь улаан цагаан хувьдаа зувчуулчихдаг шуналын дадал Монголоор хавтгайдаа болсон.

Авилгачид бараг 100% УИХын гишүүд, тэхээр авилгатай хийх тэмцэл нь ИХ-ын дийлэнх гишүүдтэй хийх тэмцэл юм. Улс орон, ард түмний эрх ашигт авилгал саад болж, авилгачидтай хийх тэмцэлд гишүүний дархан эрх саад болж асуудал бүхэлдээ чѳтгѳрийн тойрогт орсон байна.

 

Олигарх. Oligarchy нь цѳѳнхийн засаглал гэсэн утгатай грек үг юм.Олигархууд аль ч улс оронд байдаг, зарим оронд тухайлвал Украинд олигархуудын  дайн болж байна. Тэнд олигархууд хувийн армитай, Коломойский жишээ нь 50 000 контингент бүхий армитай гэхчлэн. Орост олигарх Елцины үед цэцэглэн хѳгжиж, дэлхийд данстай орос их наядтангуудын тоо 30 гарсан. Путины үед олигархын тоо 60 гарч 2 дахин ѳссѳн. Оросууд олигаархиудаа силогархи гэж нэрлэдэг, учир нь сүүлийн үеийн олигархууд голдуу хүчний байгууллагаас гаралтай болсноос үүдэлтэй. Америкчууд олигаархиудаа fat cat (бүдүүн муур) гэнэ, тэд голдуу тѳрийн чухал албан тушаалтныг лоббидож гарч ирдэг. Монголын олигархууд бүхэлдээ хулгай, луйврын аргаар тодорсон байдаг. Тэхээр тэдэнд хулгаархи, луйгархи гэхчлэн нэр ѳгч болно. Тэгээд ч монголчууд шоронгийн хулгайч нараа хулгар гэж нэрийддэг, дуудлага ойролцоо таарч байна. Баян хүн болгон олигарх байдаггүй, шударга хѳдѳлмѳрѳѳр, шинэ технологи сэдэж, нэвтрүүлэн баяжсан хүн дэлхийд олигаархиасаа хавьгүй олон, гэхдээ Монголд урвуугаар, шударга хѳрѳнгѳтѳн нь цѳѳхѳн. Үндэсний хѳрѳнгѳтѳн улсаа боддог, олигарх бол хар амиа боддог зарчмын зѳрүүтэй. Үндэсний хѳрѳнгѳтнийг бүтээлийн дон хѳтѳлж байдаг бол олигархийг хулгай, луйврын дон хѳтѳлж явдаг, үндсээрээ ялгаатай.

Тавантолгой тѳслийн хувьд олигтой хувь хүртэж чадаагүй хэсэг олигархууд л шуналын дондоо хѳтлѳгдѳн   зориуд саад хийж  байгаа гэсэн ард түмний хардлага үнэний талтай байхаа.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon