Бурхангүй газар бумба болоод багш нар галзуурна

Одооны баячууд олон зүйлээр ижилсэх юм. Тэр зүйлсийнх нь нэг нь “ЛАМ БАГШ” нар. За хурган баячууд ч гэлтгүй хүн бүхэн л болж өгвөл нэг нэг, эсвэл нэжгээд багштай болчих юмсан гээд л явах юм. Дундаж хурган компаний захирал, эсвэл төрийн хурган албан тушаалтан нар нь хоёр ба түүнээс дээш тооны багштай байна. Хоёр багшийн нэг багш нь "өдөр тутмын багш" , нөгөө багш нь "соён гэгээрүүлэхүйн багш".

 

Өдөр тутмын багш

Өдөр тутмын багш бол шавийнхаа ямар өнгийн машин унах, ямар маркийн машин унах, сахал, үсээ хэдийд авах, хүүхэд олох бэлгийн ажлаа хэдийд нь хийх, хүүхдээ ямар өнгөтэй өлгийнд манцуйлах, хэн нэгэнд мөнгө зээлж болох эсэх, зээлбэл хэдийд, хичнээн төгрөг зээлэх, шүдээ ямар оогоор угаах, аль дэлгүүрээс хүнсээ цуглуулж байх, хөдөө, гадаа явбал хэдний ямар өдөр, ямар амьтны цагт /луу, могой, морь/ хотоос, Монголоос гарах, явах, ирэх, хэнтэй архи ууж болох, өвдөж, гэмтвэл ямар эмнэлэг бараадах, ямар улс төрийн нам эвсэлд элсэх, ямар албан тушаалд очиж болох, эс болох, ямар тендерт оролцох, эс оролцох, тухайн хүнээс "авилга" авч болох эсэх, адуу, морьтой бол адуугаа зарах, үрэх, авах, уралдуулах эсэхээ асуух, хүүхэн шуухантай авгайгийнхаа араар "бужигнуулбал" ямар буудалд (буудлын зүг чиг, байрлалалыг асуух) буух гэх мэтчилэн бүгдийг нь тоочиж бархааргүй өдөр тутмын ахуйн асуудлуудыг байнга асууж зөвлөж ярилцдаг багшийг хэлдэг.

 "Өдөр тутмын багш" бүх зөвлөгөө, зааврыг өгөхийн зэрэгцээ, алдсан эндсэн, хүүхэн шуухантай будилсан, буруу гарын нөхөртэй архи уусан, засгаас мөнгө цаас гуссан зэргээс үүдэх цээрийг засах заслыг бас байнга хийдэг юм. Мөн тухайн жилийн засал, номыг бүрэн хийдэг байх нь байна.

 

Соён гэгээрүүлэх багш

Соён гэгээрүүлэх багш бол зүгээр л очиж юм ярилцдаг багш байдаг. Урьдчилан цаг аваад очиж хорвоо дэлхийн юмс үзэгдэл, хоосон, юмтай чанарын  талаар хөөрөлдөж бяцхан тархиа лам багшийн том тархиар цэнэглэдэг үйл ажиллагаа л юм даа. Ер нь хүн бараг ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуульд сурч боловсрол эзэмших ёстой гэдэг дээр би сүүлийн үед маш их эргэлздэг болсон.  Ийм сайхан, амьдрал, ахуйг чинь даагаад, чиглүүлээд явчихаар багш нар байгаагаас хойш сургууль, соёл гэх мэтэд амьдралынхаа ухамсарт амьдралын тэр олон жилүүд, мөнгө төгрөг, мэдрэлийн эд эсээ хий дэмий үрэх хэрэг байна гэж үү? Багш нарын зааж зөвлөх хамрах хүрээ сүүлийн үед хэт өргөсөж их тэллээ. Бөхийн өргөөнд бөх үзэж байхаар л бөхчүүд байн байн л барьцтайгаа хашлага тулаад л, тэр тоолонд тайлбарлагч “Засуулууд бөхчүүдээ голлуулаарай!” гэх анхааруулга сонсогдох нь илт ихэслээ шүү. Гайхаад хальт судласан чинь багш нар нь Бөхийн өргөө, Наадмын зүлэг ногоон дэвжээний аль хэсэгт барилдахыг нь бөхчүүддээ зааж өгөөд байдаг болтой юм билээ. Ядаж байхад манай бөхчүүд дотор шашин шүтлэггүй бөх олоод ир гэвэл ёстой чиг олдохгүй шүү дээ.

 

УИХ-ын 76 гишүүн тангараг өргөсөний дараа чуулганы танхим дотор суудал сандлын жижиг сажиг асуудал гардаг болтой юм билээ. Бас л багш нь зүг чиг, байршлыг нь заагаад өгчихөөр хэцүү л байдаг биз.   Нэг зүйл нь жаахан таалагдахгүй байгаа. "Багш" нарынхаа цалин, пүнлүү, өргөл барьцыг өөрөөсөө гаргана. Тэр нь тухайн захирлын, эсвэл албан тушаалтны түрийвчнээс нь шалтгаалаад өөр өөр байх боловч ерөнхийдөө бол маш өндөр гэж хэлж болно. Аргагүй дээ, амьдралынх нь алхам бүрийг хэлж ярьж, зааж чиглүүлж өгч байгаа хүндээ мөнгөн дээр шандаганаад байх нь хаашаа ч юмб.

 

Өргөл барьц гэснээс би сүүлийн хэдэн жил гүзээлзгэнэ унах цагаар Сэлэнгэ аймгийн сумын нутагт орших Амарбаясгалантын хийдийн ойролцоо жимс түүдэг аялалтай болсон юм. Тэгэх замаараа хийдээр орж гарна. Нэг удаа Бумбын даллага гээч супер шоутай таарсан. Хийдийн гадна талбайд Land Rover, Toyota, Mersedes Benz үйлдвэрүүд мангар том showroom нээцгээцэн үзэсгэлэн худалдаа болж байгаа мэт сэтгэгдэл төрснийг нуух юун. Машинуудынх нь улсын дугаарууд баахан 0-тэй, ижилссэн тоонуудтай. Аймар их чинээлэг хүмүүс цугладаг юм байна билээ. Нэр, усыг нь энд дурьдаад юүхэв. Хүн бүр гэрээсээ Бумбаа авчирна. Тэгээд тэр сайхан намрын билэгт өдөр Амарбаясгалантын хийдэд өөр өөрийн Бумбандаа даллага авахуулна. Даллага авахуулах өргөл барьц хамгийн багадаа 1,0 сая төгрөгөөс хэдэн арван сая төгрөгт хүрнэ. Өргөл барьцны хэмжээ Бумбандаа даллага авахуулж байгаа тухайн этгээдэд өмнөх жилүүдийн даллага хэр их үр өгөөж, эд баялаг авчирснаас их шалтгаална. Амарбаясгалантад Бумбандаа даллага авахуулаад тоймгүй их хөрөнгөжсөн (ямар замаар гэдэг нь хамаагүй) хүмүүс нилээдгүй байх аж. Тэд шинэ шинэ сүсэгтнүүдийг (эсвэл огцом баяжхыг хүсэгчид ч гэж нэрлэж болно л доо) татаж оролцуулсаар энэ арга хэмжээ бүтэн уулын амыг хэдэн арван сая долларын үнэ бүхий автомашинуудаар дүүрэхэд хүргэжээ. 

 

Бумба бол орчин цагийн нэг трэнд,  трэнд өргөжин хөгждөг хуулиар хөөрөг шиг л өөрийн хөгжлийн үе шатандаа яваа эд юм. Хэдэн жилийн өмнө анх удаа энгийн Бумба барьж, 500,0 мянган төгрөгтэй ирж даллага авахуулж байсан нөхөр баяжаад Бумбынхаа ид шидэнд гүнээ итгэж сүсэглэсэн нөхөр өнөөдөр Гонконгт 10,0 мянган доллараар захиалгаар хийлгэсэн алтадсан Бумба бариад зогсож байх жишээтэй. Таны унаж байгаа машинаас үнэтэй Бумбанууд зөндөө бий. Би шашин шүтлэг муутай хүн. Нарийн ширийн зүйлийг сайн мэдэхгүй. Гэхдээ олны ам дамжсан үгнээс сонсохнээ Амарбаясгалантын хийд Шүгдэн хэмээх сахиусыг шүтэж номлодог гэсэн. Шүгдэн нь буг чөтгөрийн шашны урсгал гэж нөгөө тал нь үздэг юм билээ. Далай лам хүртэл Шүгдэнг шүтэж болохгүй гэж зарлиг гаргаж байсан гэдэг.    

 

Манай Үндсэн хуульд хүн бүр шашин шүтэх, эс шүтэх эрхтэй гэж заасан байгаа. Тиймээс энэ бол хүн бүрийн язгуур эрх юм. Шүтэх зүйлээ шүтэлгүй л яахав. Гэхдээ энэ язгуур эрх бол өөрийн толгойгоо гэгээрүүлэх, шашны утгыг ойлгох, сэтгэлийн ариуслыг олох эрх билээ. Гэтэл манайхны зарим нь жаахан хэтрүүлээд, зарим нэг нь бүр туйлшраад язгуурын эрхээ, түүний хамтаар хамаг байдгаа янз бүрийн багш, бумба саванд тушааж өөрийн толгойгүй мэт амьдарч харагдана. Бурхангүй газрын бумба галзуурна хэмээнэ. Язгуурын эрхээ бусдад даатгачихсан бидний дотоод сэтгэлд бурхан дутаад бумба галзуурч байгаа юм биш байгаа? 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5544

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%