Өвдөхөөсөө өмнө өвчнөө оношлох, эмчлэх боломж олгох нано анагаах ухаан

– Өвчин тусжээ гэж юу гэсэн үг бэ?

Нано технологийн дэвшлийг анагаахад авч ашигласны үр дүнд, хариулт нь

– Эсээс Biomarker (био тэмдэгт) гэгдэх тусгай уураг ялгарах явдал болов. Тэгээд тэр био тэмдэгтийн хэлбэр дүрсийг нь сонжвол ямар өвчин болох нь ч тогтоогдох гэнэ.

Өөрөөр хэлбэл, эсүүд хэвийн бус болохоороо био тэмдэгт гэдэг сигнал цацдаг юм байна. Харин тэр сигнал нь 10 нано метр дайны хэмжээтэй буюу, хүн мэдрэхийн аргагүй өчүүхэн биет тул, хэвийн бус болсон эс урхагшаад, ужиграад, утгаа алдсан хойно нь сая бид өөрсдийгөө өвчин туссан болохыг анзаардаг байна.

Тэгтэл сүүлийн үеийн нано технологийн дэвшил энэхүү био тэмдэгтийг илрүүлж чадах хүртлээ хөгжөөд байна. Юу гэхээр, ухаандаа тэр био тэмдэгт болгоны хэлбэрт тохирсон бэлдмэл байхад л, түүнд нь био тэмдэгт тээглэж тороод баригдах маягтай юм.

Иймэрхүү нарийн технологийн ачаар, тун удахгүй бид өвдөхөөсөө өмнө ч өвчнөө оношлох, оношлоод зогсохгүй анагаах ч боломжтой болох нь.

Жишээлбэл сүүлийн үед байнга яршиг уддаг шинэ төрлийн томуу (Influenza) гэж байна. Тэрний вирусийг шинжлэхэд 2 долоо хоногийн ажил уддаг бол, дээрх шинэлэг аргыг хэрэглээд ердөө 3хан цагт тогтоочихдог гэнэ.

Яаралтай оношилгоо шаарддаг өвчний нэг бол яриа байхгүй хорт хавдар. Учир нь нэгэнт урхагшсан хорт хавдартай хүнийг амь торгоохоос өөрөөр яаж ч чаддаггүй. Тэгтэл одоогийн байдлаар, нийт хорт хавдрын 20%–ыг л "амжиж" оношилж байна.

Түүнээс гадна хорт хавдарт арай тавиад туучхаагүй амийг аврахын тулд, өнөөгийн Европ анагаах дэндүү болхи арга хэрэглэдэг. Хорт хавдрын эсрэг эм уухад, түүний ердөө 2% - 3% нь л хорт хавдрын эс дээрээ очиж, үлдсэн 98% нь хавь ойрын хамаг эрүүл эсүүдийг сүйтгээд дуусдаг гэж байгаа. Тийм ч учраас хорт хавдрын эмчилгээний үеэрх харш нөлөө (хариу реакц) нь маш хүчтэй байдаг.

Үүний эсрэг арга хэмжээ болгож нано капсул гэдэг санаа яригдаж байгаа сурагтай. Тэр нь, эмийг нано метр хэмжээний тусгай хэлбэртэй капсулд хийгээд уух арга юм. Тэр капсулынх нь гадарга нь зөвхөн хорт хавдрын эсэд тордог олон тооны товгороор бүрхэгдсэн тул, хорт хавдрын эсэн дээр очиж байж л сая доторх эмээ задлах юм. Дээрээс нь уг капсулын хэмжээ нь, жирийн судасны ханаар багтаж гарахгүй боловч, хорт хавдарт идэгдсэн хэсгийн хананы нүхээр багтдаг байхаар нарийн тооцоологдсон байна.
Хорт хавдар гэдэг шунахай вирус, судасны хананы нүхийг томсгож байгаад илүү их тэжээл сорох гэж санаархдаг учир, түүн дээр нь дөрөөлөөд өгөөшөө тохируулж байгаа юм.

 Өөр сонин гэвэл, сүүлийн үед хиймэл вакцин хийдэг болж байгаа юм гэнэ. Ингэж хэлэхээр


– Вакцин чинь угийн л хиймэл биз дээ? гэж бодож магадгүй.


Вакцин гэдэг нь ерөнхийдөө, өвчин үүсгэгчийг маш бага тунгаар шингэлсэн зүйл байдаг. Тэр нь бие рүү нэвтрэхээр, бие нь түүнээс өөрийгөө хамгаалж эсрэг биетүүд ихээр үйлдвэрлэж, үр дүнд нь жинхэнэ өвчлөлтөөс сэргийлнэ гэсэн тооцоогоор хийдэг арга. Гэтэл зарим тохиолдолд, тэр эсрэг биетүүд нь гарч ирэх гэсээр байтал, вакцинаасаа өвчин тусах явдал бас байдаг гэнэ.

Энэ асуудлыг шийдэх нь хиймэл вакцин юм. Жинхэнэ өвчин үүсгэгчтэй усны дусал шиг ижилхэн боловч, нэгэнт хиймэл учраас өвчин үүсгэнэ гэж байхгүй. Гэсэн ч биеийн дархлаа нь түүнийг жинхэнэ хулхийг нь мэдэхгүй тул шууд л эсрэг биет үйлдвэрлэж гардаг гэнэ.

Худлаа ярихад ч бас хэмжээ хязгаар гэж юм бий шүү гэж бодож болох юм. Гэхдээ л биеэ хуурамч вакцинаар залиллаа гээд хожно уу л гэхээс хохирохгүй байх.

Гэх мэтчилэнгээр нано төвшний эмчилгээ оношилгооны технологи хөгжсөөр байна. Одоохондоо бодитоор практик болж амжаагүй хэдий ч, хэзээ нэгэн цагт, гэхдээ бүр тун удахгүй бидний амьдралд нэвтрэх нь тодорхой бизээ.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%