Манай холбоонд ийм санал байна

Элэглэл
 
Зөвхөн цагдаа нар хууль дүрмээ чангалдаг юм биш. Монголын гэр бүлийн холбоо хүртэл хууль дүрмээ чангатгах болсныг энд дуулгахад таатай байна. Ингэхдээ тэд ирэх 2016 оны 1-р сараас зөрчлийн 10 оноо багцтай болох гэнэ. Энэхүү журам мөрдөгдөж эхэлсэн цагаас эхэлж эрх бүхий гэрлэлтээ батлуулсан гэр бүлд 10 оноо автоматаар орно.
 

Ингээд Монгол улсын гэр бүлийн тухай хуулийг зөрчих бүр автоматаар оноо хасагдаж, багцын 10 оноо дууссан тохиолдолд гэр бүлийг хүчээр салгаж тус тусад нь нэг сар гэр бүл, хайр сэтгэлийн талаар давтан хичээл орж, яг цаашдаа бие биеэ хайрлаад явж чадах уу гэдэг дээр шалгалт өгүүлж, тэнцсэн тохиолдолд эргээд гэр бүлийн 10-оноог нь сэргээх юм байна.

Ингээд юуг яг зөрчил гэж үзэх талаар дэлгэрэнгүй бичье.
 
- Тухайн бүсгүйд тохирохгүй царай муутай залуу байж эхнэрийгээ зөвшөөрөөгүй бусад үед хоол нэхэж уурласан бол 2 оноо хасна.
- Гэрлээгүй үерхэж байгаа этгээд гэр бүл болсон мэт жирэмсэн болж амьдралыг алтан хүрдээ эрдээ шилжүүлсэн үед 1 оноо хасна.
- Согтууруулах ундаа, мансуурах , сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн этгээд гэртээ агсам согтуу тавьсан үед 2 оноо.
- Гэр бүлийн аюулгүй байдал, тав тухтай байдлыг хангаж чадаагүй эхнэрээ худагруу удаа дараа усанд явуулах, хэт ядарсан үед нь үглэж загнах, амьдралыг болж бүтэхгүй байгаа зүйлсийн талаар хэн хэн нь үглэсэн тохиолдолд 2 оноо хасна.
- Ажилдаа явлаа гэж хэлээд утсаа салгасан, ажиллахгүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал болж гадаа харанхуй болсон үед гэрээсээ шалтгаангүй гарах, бүрэн бус тайлбар хэлж гэртээ хоноогүй бол 2 оноо хасна.
- Айл гэр болох явцдаа тусгай дуут дохио мэт үглэх, шинэ хараалыг үг ашигласан бол 3 оноо хасна.
- Хүнтэй нөхөр нь шалтгаангүй хэрэлдсэн бол 1 оноо.
- Гэр бүл болох явцад нь хамгаалах малгай, бүсийг нь эхнэр нь дээдлээгүй бол 2 оноо хасна.
- Монгол улсын гэр бүлийн хууль тогтоомж болон хадам эцэг эхийнхээ үгэнд оролгүйгээр дур мэдэн шийдвэр гаргасан бол 1 оноо.
- Гэр бүлийн хуулийн зөвшөөрөгдсөн хэмжээнээс дээш удаа гэрийнхээ хаалгыг удаа дараа савсан тохиолдолд (Жорлон, ариун цэврийн өрөө, унтлагын өрөө, гадна хаалга гэх мэт.) 2 оноо хасна.
- Гэр бүлийн хууль тогтоомжийн дагуу эхнэрээ унтаагүй байхад нь түрүүлж унтсан тохиолдолд 2 оноо хасна.
- Эхнэрээ энд тэнд дагуулж явахдаа түрүүлж хаалга нээх, зам тавьж өгөөгүй нөхрөөс 1 оноо хасна.
- Төмөр замын хажууд дуу чимээтэй байр худалдан авч, өдөр бүр эхнэрээ стрессдүүлээд байвал 2 оноо хасна.
- Тууш амьдралын дүрмийг зөрчиж араар тавьсан нөхөрт 2 оноо.
- Хэт жижиг машин унаж, хүн ба ачаа тээвэрлэх ёс горимыг зөрчиж машиндаа хамаатнуудаа чихсэн бол 1 оноо тус тус хасна гэсэн байна.
 
Жич: Гэр бүлийн холбоо нь гэр бүлийн зөрчлийг бүртгэх мэдээллийн санд бүртгэгдсэн зөрчлийн мэдээлэл дээр үндэслэн зөрчлийн оноог тооцно. Гэр бүлүүд өөрийн зөрчлийн онооны мэдээллийг сайт болон ухаалаг утсанд зориулсан апп, лавлах утас, мессэж үйлчилгээ зэрэг хэлбэрээр дамжуулан мэдэх боломжтой.
 
Анхаарал тавьсан явдалд баярлалаа.
 
Гэр бүлийг хамгаалах Монголын үндэсний холбоо. 2015 он.

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4684

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%