Нийтлэл 11 сарын 19, 2015

2015 ОНЫ ТРЭНД(8) -  ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛ ГАЗАР АВСААР

Дэлхийн эдийн засгийн форум, Глобал аженда судалгааны багааас 2015 оныг тодорхойлж буй 10 гол трэндийн тухай бүлэг нийтлэлийг цувралаар танилцуулж байгаа билээ. Даяаршлын шуурганд эргээд үндэсний үзэл, үндсэрхэг үзэл сэргэх хандлагатай байгаа тухай наймдугаар хэсэг: 

Үйлдвэрлэлийн хувьсгал дөнгөж эхэлж байхад хуучны дэг журам, орлого хуваарилалт, үнэт зүйлс, нийгэм соёлын уламжлалт бүтцэд үзүүлэх үлэмж нөлөөнөөс цочирдсон газар газрын хүмүүс хуучнаа санагалзах, шинээс айх мэдрэмжээр улс төрийн национализм, үндсэрхэг үзэлд автаж байсан түүхтэй. Өдгөө улс хоорондын орлогын ялгаа, нийгэм соёлын үнэт зүйлсэд асар их хүчээр түрж нөлөөлж буй глобалчлал/даяаршил ч орон орны иргэдийн сэтгэлзүйд үүнтэй төстэй байдлаар нөлөөлж байгаа аж.

Дэлхийн эдийн засгийн форумаас 64 орны иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээр 2015 оныг тодорхойлж буй орлогын ялгаа, төлөөллийн ардчилал доройтох, цаг агаарын гамшиг зэрэг трэндүүдийн наймдугаарт улам бүр гүнзгийрч буй үндэсний үзэл, үндсэрхэг үзэл багтжээ. Доорх зурагт 2015-2016 онд национализм хамгийн их нөлөөлөх бүс нутгийг харуулж байна. 30 хувь буюу национализмд хамгийн их өртөнө гэж хариулсан Европын холбоо бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцчлал хамгийн өндөр түвшинд хөгжсөн бүс нутаг байгаа нь сонирхолтой.

Европын холбооны национализм юуны учир эргэж сэргэж эхэлсэн тухайд энэ нийтлэлээс, Ойрхи Дорнод дахь зөрчлийн талаар энэ болон бусад холбоотой нийтлэл, цаглабараас унших боломжтой. Азид Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнуудын дунд өнгөрсөн түүх, гадаад харилцааны асуудал намжихгүй, мөн үйлдвэрлэлийн өрсөлдөөн эрчимжиж байгаатай холбоотойгоор үндэсний үзэл улам бэхжиж, Япон батлан хамгаалах армидаа улс үндэстнээ болон холбоотнуудаа хамгаалах дайн хийх эрхзүйн  боломж өгөхийн тулд үндсэн хуулийн энх тайванч үзэл баримтлалаа үндсээр нь өөрчлөв. Нэг талаар чөлөөт худалдаа, бүс нутгийн хамтын ажиллагааны төрөл бүрийн санаачлага өргөжсөөр, нөгөө талаар шинэ хуучин дэглэмүүдийн дотоод зөрчил гүнзгийрч бүлэглэл, улс орнуудын үндэсний болон үндсэрхэг үзэл газар авсаар. Хоёр тийш чиглэсэн зэрэгцээ явцын аль нь давамгайлж, дэлхийн улс орнуудын харилцаа ямар болох вэ? Үндэстэн улсууд гол дүр хэвээр үлдэх үү? Эсвэл илүү нээлттэй, даяаршсан дэлхий юу? Тийм бол бүгд амжилтад хүрч эв найртай зэрэгцэн оршиж чадах уу? Дэлхий хэзээнээс тэнцвэрээ алдав? нийтлэлээр хүргэсэнчлэн олон улс, улс хоорондын харилцаа хааш чиглэхийг урдчилж хэлэхэд амаргүй тэнцвэргүй цаг үеийг туулж байна.

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-11-19

    sonin l yum

arrow icon