СУУСРЫН ГҮЙДЭЛ САЛХИАР ШИЙДЭЖ БОЛОХГҮЙ АСУУДАЛ ГЭЖ БАЙДАГ

Суусрын гүйдэл салхи сэвэлзүүлээ л ерѳѳсѳѳ, суурь хѳлгѳн хуулийнхаа судсыг нь суга татчих юм хийх гээд оролдоод, тулгаад, заавал сонгуулиас ѳмнѳ шийднэ гэж зүтгээд байгааг би ерѳѳсѳѳ ойлгохгүй байгаа юм. Үндсэн хуулийн ѳѳрчлѳлт гэлцэх нь олон нийтийн санааг ѳѳр тийш эргүүлэх бас ямар шалтгаан гараад ирчихсэн юм бол гэж хардахаар болов. УИХ-ын бүрэн эрхийг ѳргѳтгѳх, сунгах, ѳѳртѳѳ эрх мэдэл олж авахыг УИХ ѳѳрсдѳѳ санаачилж болохгүй гэсэн эрх зүйн орчин хүчин тѳгѳлдѳр үйлчилсээр байтал Ерѳнхийлѳгчийн эрхийг хасч ѳѳрсдөдѳѳ эрх мэдэл илүү олж авах гээд улайраад байгааг нь хачирхалтай. Зэрвэсхэн ажихад, Элбэгдоржийг хазаарлах санаагаа ҮХ ѳѳрчлѳх аргаар хэрэгжүүлэх гээд байгаа ч юм шиг..

Тѳрийн гурван ѳндѳрлѳгийн эрх мэдлийг тэнцвэржүүлэх юм гэнээ. Тѳрийн гурван ѳндѳрлѳг гэж дэлхийд байхгүй үгийн чамирхлыг ер нь ингэхэд хэн нь гаргасан юм бол?  Элбэгдорж, Энхболд, Сайханбилэг 3-ыг хэлээд байгаа юм уу даа. Элэнцгийх нь 3 ѳндѳрлѳг байхав дээ, сонгодог парламентийн  засаглалын тухайд л яриад байгаа бололтой юм. Хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал, шүүх засаглал гэж байдаг л даа. 
 
Соёл иргэншилтэй улс орнуудад бол Шүүх засаглалын эрхэмсэг байх чанарыг нь Үндсэн хуулиа хянах функцыг эдлүүлснээр баталгаажуулаад ѳгчихдѳг юм билээ. Шүүхийн бус институтээр Үндсэн хуулиа хянуулдаг орон дэлхий дээр ганцхан бий, тэр нь Mонгол. Тѳрчид, хууль эрх зүйн боловсролтой эсэхээс үл хамааран тэтгэвэрт гарахдаа очиж тухалдаг газар, нэр нь ЦЭЦ. Тэр Цэцийх нь шийдвэрийг хэн ч тоодоггүй юм. Дордохын 7 ѳѳрчлѳлтийг хориглосон шийдвэрийг тэр Цэц гэгч нь Дунд болон Дээд суудлаараа гаргасан, гэлээ ч УИХ нь хѳгшин нохой хуцсан чинээнд ч авч хэлэлцээгүй. Ийм  юмыг ѳѳрчилье гэж ярихын оронд хэдэн олигархи ѳѳрсдийн дархлааг бэхжүүлэх юм ярицгаах юм.
 
Үндсэн хуулийн заалт болгон ардаа нарийн утгатай, хүнээр бол цус гүйдэг судастай адил  ѳѳр хоорондоо органик уялдаатай, ганц цэг хѳдѳлгѳхѳд л хууль бүхэлдээ доргино гэж шинэ Үндсэн хуулийн эцэг гэх Чимид гуай амьд сэрүүндээ мѳн ч олон удаа захьсан юм гэнэ билээ. Үндсэн хуулийн агуулга нь биш  архитектур нь угаас ийм зохиомжтой болж таарaaд байгаа юм. Тэгэхээр энэ, салхилуулаа л сэвэлзүүлээ л шүүб, шүүб гээд шийдчих асуудал мѳн үү, биш үү! Нэг удаа салхилуулаа л 7 заалт ѳѳрчилчихсѳн, ард түмнээсээ ч асуугаагүй, одоо түүний лай ланчгийг улам ядуурсаар байгаа ард түмэн л тойруу замаар, нуруун дээрээ үүрч яваа биз дээ. УИХ-ын ирцийн доод хязгаар 51 гэж Үндсэг хуульд бэлээхэн байсныг 39 болгон ѳѳрчилсѳн. Одоо эргүүлээд 51 болгохын оронд гишүүдийн тоог 99 болгох юм гэнэ, ичгүүр сонжуур гэж үнэндээ алга. Нийгмийн суурь харилцааны талаар ойлголтгүй, тодорхой концепцигүйгээр парламентийн гишүүдийн тоогоор, ѳѳрсдөдѳѳ гоё санагдсан санаа хавчуулан үлгэр зохиож гадаад орнуудад ийм тийм байдаг гэдгээр түрий барих нь бодит байдлыг зориуд гажуудуулсан үзэл суртал гэж хэлэхээс ѳѳр үг олдохгүй байна. Монгол бол гаднын орон биш, харин түүхэндээ гаднын дохиурын улс байж зовж үзсэн, одоо дахин болохыг хүсэхгүй!
 
Монгол улсад парламентийн тогтолцоог эргэлт буцалтгүй босгоод ѳгсѳн Эцэг хуулиндаа 70 нѳхѳѳс хийхээр завдаж, даавууны ѳѳдѳс зүү утас бэлдээд, эд эрхтнээс нь тасдаж хаях гэж хайч, сүх бариад бушуул, бушуул хэмээн үг сүггүй  дайраад байгаа нь угаас юмыг аажуу тайван бодож ултай шийддэг монгол үндэсний менталиттэй халз тулгарч асуудал үүсгэхээр байна. Ѳнѳѳдрийн тѳр засгийн байгаа байдал, нийгэм зүйн коньюнктур, суурь харилцаанд гарсан гажуудлууд нь чухамдаа тогтолцоо, Үндсэн хуулиас болсон уу, аль эсвэл тѳрд шургалсан муу хүмүүсээс болсон уу гэдгийг дэнслэх хугацаа олон түмэнд үнэхээр хэрэгтэй байна. Ард түмэн ѳѳрийн гэх баялаг, эд хѳрѳнгѳ, эрх чѳлѳѳ, үг хэлэх чѳлѳѳтѳй сонгох эрх...байдгийгаа улс тѳрийн бүлэглэлүүдэд булаалгасан. Үлдсэн гэхээр юм нь Үндсэн хууль, дээр нь ерѳнхийлѳгчѳѳ ард түмнээс сонгох эрх хоёр л байх шив дээ. Одоо энэ сүүлчийн эрхий нь булаах гэж ядаж байгаа юм байна. Монгол улсын соёл иргэншлийн тѳвшин, ерѳнхийлѳгчѳѳ парламентаас сонгох тийм хэмжээнд хүрч очиж чадаагүй байна. Тэгээд ч ерѳнхийлѳгчийг сонгочих, сонгодог парламентийн тогтолцоо манайд одоогоор бүрэлдэн тогтож амжаагүй л явна. Дан ганц босоо тэнхлэгийн удирдлагатай, хэвтээ тэнхлэгийн удирдлага тѳлѳвшѳѳгүй манайх шиг улс оронд огцом ѳѳрчлѳлт хийх нь нэн эрсдэлтэй, мѳхлийн зам руу хѳтөлж ч мэднэ.
 
Ард түмнээсээ асууна гэсэн санаа уг нь хэлбэр талаасаа сайхан л юм. Гэтэл тэр асуултых нь агуулга авах юм байхгүй нохойн жогор. Үндсэн хуулинд ѳѳрчлѳлт оруулах хэд хэдэн томоохон шаардлага бол бий. Тэрийг асуулгатай, асуулгагүй ард түмэн гадарлаж байгаа, гагцхүү Үндсэн хуулийн ѳѳрчлѳлтийг энэ хэдэн клептократууд ( тѳрѳѳс, тѳрѳѳр бэлжсэн хулгайчууд)-д  итгэж болох эсэх нь л асуудал. Тэхээр ард түмнээс санал асуулга авах асуулт нь тодорхой, ТА ҮХ-ИЙН ѲѲРЧЛѲЛТ ХИЙХ АЖЛЫГ ОДООГИЙН УИХ-Д ИТГЭМЖЛЭХ ҮҮ?  гээд дугуйлах, эсвэл чагтлах, ийм л үйлдэл байх нь зүйд нийцнэ. Тэрнээс, тэртэй тэргүй ѳѳрчлѳх шаардлагатай байгаа юман дээр ѲѲРЧЛѲХ ҮҮ? гэж асуугаад 5 млрд тѳг зарцуулна гэдэг бол яав ч эрүүл саруул ухаан биш ээ.
 
Сонгодог парламент руу ойртоно гэнээ. Хаздаг, хайрдаг морь луу, эсвэл гал руу ойртох гэж байгаа юм шиг илэрхийллийн хувьд инээдтэй л юм, гэхдээ яахав, уг нь санаа бол буруу биш байх. Харин, сонгодог парламент руу ойртохын тулд заавал Үндсэн хуулиа ѳѳрчлѳх шаардлагатай юу? Сонгодог парламент руу ойртох нь тѳрийн дотоод зохион байгуулалтын харилцааг зохицуулах ажиллагаа. Харин Үндсэн хуульд ѳѳрчлѳлт оруулах нь нийгмийн тулгуур харилцааг хѳндѳх үйлдэл юм. Сонгодог парлемент тѳлѳвшүүлэх нь хѳгжлийн механизмыг, Үндсэн хуулийг ѳѳрчлѳх нь хориглолтын механизмыг чангатгах концепцыг шаардана. Эндээс эсрэг тэсрэг 2 юмыг нэг саванд хийж, тэрийгээ аргумент болгож яриад байгаа нь ТАРХИ УГААЛГА. Өѳр юу ч биш. Ард түмний нийгмийн сэтгэлгээ урдыхтай харьцуулахад ѳѳрчлѳгдсѳн, энэ зэргийн юмыг гадарлаад байгаа учраас л Үндсэн хуулийн ѳѳрчлѳлтийг яаран сандран хийх дээр эерүү санал ѳхгүй дээ гэж баттай хэлж болохooр харагдаж байна.
 
Эцэст нь нэг эшлэл хэлье. 

Сайн түшмэдүүдтэй байхад, муу хуультай байсан ч улс орон хѳгжинѳ. Харин, муу түшмэдтэй байваас хэчнээн сайн хуультай байгаад ч ѳчүүхэн ч нэмэргүй. ( Отто фон Бисмарк)


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4875

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%