Нийтлэл 01 сарын 28, 2016

Өөрчлөлтийг өнөөдөр өөрөөсөө

Урд нь байнга хийдэг байсан муу дадлуудаа хаяж, өнөөдрөөс бүр яг одооноос цоо шинээр бүхнийг эхлэнэ гэдэг үнэндээ хамгийн хэцүү зүйлсийн нэг. Гэхдээ өөрийхөө төлөө зайлшгүй хийх ёстой зүйл.  Эрүүл мэндэд мууг нь мэдсээр байж амтанд нь болж иддэг хоол хүнс, хортойг нь мэдсээр байж хэрэглэдэг архи тамхи, үр дүнг нь мэдсээр байж залхуурдаг тэр зан, чухалыг нь мэдсэн боловч хариуцлагагүй ханддаг зан гээд л болохгүй, буруу гэдгийг нь мэдсээр байж бид асар олон зүйлсийг энэ ганцхан олдож байгаа амьдралдаа хийж хэвшин өөртөө хийгээд өрөөл бусдад зовлон болох нь зөндөө л бий.

Гэхдээ хэдий хэцүү ч гэсэн өөрчлөлт гэдэг бол бүтэшгүй боломжгүй туйлаас хүнд зүйл бол огтхон ч биш. Өөрчлөлт өөрийгөө өөрчилье, өөрийгөө хөгжүүлье гэсэн тэр хэсэгхэн бодлоос эхэлдэг. Өөрчлөгдөж байгаа нь энэ гээд шууд бүхнийг өөрөөр хийнэ гээд зүтгэх нь эрчлэн урсаж буй голын голдирлыг шууд өөрчлөх гээд зүтгэж байгаагаас ялгаагүй. Харин өөрчлөлтийн төлөөх, өөрийнхөө сайн сайхны төлөөх тэр тулаанаа бага багаар өөрөөр хэлбэл голын тэр урсгалыг өөрчлөх сувгаа бага багаар гаргаж эхлэ. Харин энэ тулаан үргэлжид зөвхөн одоо цаг дээр явагдах ёстой. Маргааш, нөгөөдөр, дараа 7 хоног, сар эсвэл жилийг яаж тэмцэн өнгөрөөхөө бус өнөөдөр бүр яг одоо хэрхэн тэмцэхээ, хэрхэн өөрийгөө ялан дийлэхдээ л бүх анхаарлаа төвлөрүүл. Гагцхүү өдөр бүхний тулаанд ялж байж л та өөрчлөгдөж чадна харин үүний тулд таньд буй бүх л нөөц хүч, боломж бололцоо, анхаарал ӨНӨӨДӨРТ зарцуулагдах ёстой.

Болохгүй, бүтэхгүй, буруу тэр бүх л зүйлээ өөрчлөх хүч бидэнд бий гагцхүү тэр сонголтыг л хийх хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл өөртөө сэтгэл хангалуун бус, хүссэн амьдралаараа амьдарч чадахгүй байгаа бол магадгүй өөрчлөгдөх цаг нэгэнт болсны илрэл ч байж болох. Өөрөөр амьдарч, өөрөөр сэтгэж, өөрөөр харж, өөрөөр бүхнийг хийн амжилтанд хүрэх өнө их хүч чадал, сэтгэлийн хат, зориг бидэнд бүгдэд маань бий тиймээс тэднийгээ ашиглацгаая. ЯГ ОДООНООС.

Амжилт!

Сэтгэгдэл бичих

    • Munkhbold
    • 2024-02-27

    Cool

    • Болорцэцэг
    • 2021-06-30

    Маш их таалагдлаа

    • Анхбаяр
    • 2016-10-07

    Маш их баярлалаа. их зүйлийг мэдэрч, ойлголоо. өөрчлөлтийг зөвхөн өөрөөсөө гэдгийг ухаарч байна БАЯРЛАЛАА

    • undraa
    • 2016-01-29

    Сайхан нийтлэл байна. Өөрчлөлтийг өөрөөсөө яг өнөөдрөөс...

arrow icon