Нийтлэл 03 сарын 07, 2016

ЯАГААД ЕРӨӨЛИЙН ОРОНД ХАРААЛ БАЙНА ВЭ?

Манай нэртэй эдийн засагч, төрийн сайд агсан эрхмийн ар дээр эмгэнэл харууслын хажуугаар баярласан, тавласан, харааж зүхсэн хандлага ч багагүй байна. "Нүгэл нь нүдээрээ гарч байна", "Бусад 76 араас нь бушуу яваасай", "Үйлээ эдлээсэй" гэх мэтээр. Зарим нь ч цочирдож сэрдхиймээр...
Уг нь монгол хүн бурхан болоочийн ар дээр хэзээ ч муу үг унагадаггүйсэн.
Мөн ийм хандлагыг буруутгах, үгүйсгэх нь ч байх.
Хасын Г. Ганхуяг: "Цочирдмоор. Аймаар. Бид ямар хүнтэй, ямар нийгмийг бий болгоод байнаа? Ийм хүмүүс олон байгаа нь популистууд ялалт байгуулж, цуст хувьсгал хийж, буцаагаад коммунист дэглэм тогтоох санаархалдаа хүрэх боломжийг бүрдүүлж байна. Би дахин нийгмийн туршилтанд ормооргүй байна. Хүүхдүүдээ тийм юмыг үзүүлмээргүй байна. Үүнийг хамтдаа залруулья, залуусаа." гэж уриалжээ.
ГЭХДЭЭ "Юм учиртай, сум гичиртэй".
Бухимдсан олныг "Аймаар, Цочирдмоор" хэмээн буруутгахаас өмнө ЯАГААД ЭНЭ ХҮМҮҮС ИНГЭЖ ИХЭЭР БУХИМДАЖ, ХАРААНА ВЭ? гэдгийг ноцтой анхаарч үзэх хэрэгтэй юм.
Энэ нь манай нийгмийн бухимдал тэсрэхэд бэлэн байдалтай, яг л чүдэнз зураад тавихад бэлэн болчихсон дарьтай торх шиг байгааг илтгэнэ.
Уржигдар би таксинд суусан. Таксины жолооч залуу "Таны өмнө нэг хөгшин суусан юм. Хөгшин хэлж байна. Би энэ томчуудаас нэр бүхий 7 хүнийг буудна гээд. Та хэдийг буудах вэ?" гэж надаас асуух юм. "Яагаад буудах гэж?" хэмээн хариу асуувал "Хар л даа. Биднийг ийм болгочихсон энэ хэдэн гахайнуудаас салахгүй бол өнөөдрийн миний үзэж байгаа зовлонг үр хүүхэд минь үзсээр л байх нь байна шүү дээ. Арай ч дээ. Би л лав 7-оос илүүг буудна" гэж байх юм. Ийм яриа нэг удаагийнх биш. Танил ах маань "Чаддаг бол би энэ луйварчдаас нэг хоёрыг нь буудчихмаар л байна. Нэг хоёрыг нь буудчихвал эрх биш гайгүй болох байлгүй. Хэрвээ ямар нэгэн "юм" болбол ах нь муу хуучин калибраа бариад очино дог" гэж байх. Нийгмийн сошиал сүлжээн дээр ч ийм хандлага ч хүчтэй сонсогддог.
Яагаад бид бурхан болсон хүний араас учиргүй харааж зүхээд байна вэ?
Яагаад бид нэг нэгнээ буудчих юмсан гэж ярьдаг, хүсдэг болоо вэ?
Яагаад бид эвлэж зохицоход бэрх, ойлголцоход хэцүү болчихоо вэ?
.
"Луйварчид"-аас ганц хоёрыг нь буудчих юмсан гэж ярьж буй ах хүүг би л хувьд учиргүй буруутгаж чадахгүй. Тэр хүнийг тийм болтол нь бухимдуулж, аргыг нь барж буй үйл явдал өнөөдөр болж байгааг харин бид бүгдээр харж байна.
Талийгаачийн хойноос элдвээр хэлж буй залуусыг би л хувьд тэгтэл нь буруутгаж чадахгүй. Тэр хүмүүсийг тийм үл хүлцэх үзэлтэн болтол нь тэсвэр тэвчээрийг нь барж буй нөхцөл байдал өнөөдрийн нийгэмд нэгэнт бий болчихсон.
Өнөөдөр бид энэ бухимдсан олонтойгоо тэмцэх биш, харин энэ бухимдлыг бий болгоод буй бусармаг байдлыг цаг алдалгүй засаж залруулах талаар ухаан бодлоо шавхахгүй бол Ганхуягын хэлдгээр цус урсгасан хувьсгал ч гарч, хатуу дэглэм тогтохыг үгүйсгэх аргагүй. Энэ хүсэх юм биш. Цаг алдахгүй арга хэмжээ авахгүй бол бид тийм гашуун ангал руу гулсах эрсдэл нэгэнт бий болчихсон байгаа. Эрх баригчид өнөөдрийнхөө байдлыг болж байна гэсэн харалган сохор байдлаар удаан явбал юу болохыг чухам бурхан мэдэх хэрэг болоод байна.
Савлуур нэг талруугаа хэр их хазайна, эргэж савлахдаа нөгөө талруугаа төдий хэмжээгээр хазайдаг нь физикийн хүчний хууль.
Нийгэм ч мөн адил. Цус урсгасан их хувьсгалуудын түүхэн урьдач нөхцлүүд нь нэг талд нь хэт даварсан дарангуйлал, луйвар, хээл хахууль, шударга бус явдал байсан байдаг.
Улс орныг маань муухай бохир, балиар болгоод буй, хүсэн хүлээсэн хөгжлийг хангаж чадахгүй байгаа энэ намуудын талцал, тэмцэл, энэ хэмжээ хязгааргүй мэт луйвар, хахууль, эрх мэдэлтнүүд, эд хөрөнгөтнүүдийн хуульгүй мэт аашилдаг замбараагүй, анархи, шударга бус байдлыг буюу Товчхондоо ард олныг талийгаачийн хойноос буяны ерөөл биш хараал хэлэх хүртэл хэмжээнд бухимдуулаад байгаа уг язгуур шалтгаанаа эхлээд арилгах хэрэгтэй юм. Түүнээс биш бухимдсан, бухимдсандаа аргаа барж, хэлэх хэлэхгүйг хэлж буй олныг буруутгах нь утгагүй хэрэг. Ёстой нөгөө "УРД ХӨЛ БҮДРЭХЭД ХОЙТ ХӨЛИЙГ НЬ ТАШУУРДАХ"-ын үлгэр.
Харин ч тэднийг буруутгах хэрээр байдал эерэх биш улам эрс болох болно. Шаазгай суугаад болдоггүй овоонд нь анхаарал хандуулах учиртайгаас биш шаазгай руу чулуу шидээд юу ч өөрчлөгдөхгүй шүү.
Товчхондоо талийгаачийн араас ерөөл биш хараал хэлж буй энэ байдал нь Манай нийгэмд, Эрх баригчдад, санхүүгийн бүлэглэлүүдэд, сэтгэн боддог бүхэнд том дохио, сануулга шүү.
Эрүүл саруулаар эргэцүүлэн боддог бүхэн нам, эвсэл харгалзахгүйгээр нэгдэж, нэгийг бодож, хоёрыг хийхгүй бол, нэгдэж, нийгмээ хувьсгалт тэмцлийн бус эрүүл саруул замаар хувьсган өөрчлөх талаар нэг юм хийхгүй бол хожим хий дэмий амаа барьж, харуусан шогшрохоос өөр юу ч хийж чадахгүй түвшинд хүрч мэднэ шүү.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-03-07

    ХУНИЙ АМЬДРАЛЫН АНХДАГЧ НЬ АХУЙ ЮМ БАЙНА Л ДАА. БУРУУ УДИРДААД ДИЙЛЭНХЭЭ УЛАМ ЯДУУРУУЛААД ХАРИН ЕЕРСДЕЕ ХЭМЖЭЭЛШГУЙ БАЯЖААД БАЙГАА НЬ НУДЭН ДЭЭР ТУЛ БАС ДАНДАА ЛУЙВРААР ТЭГЭЭД ШУДАРГА БУС БАЙГАА ТУЛ ЯАХ АРГАГУЙ АТААРХДАГ ЮМ БАЙНА. ТЭГЭЭД АТААРХАЛААС УЗЭН ЯДАЛТ ЭХЛЭЭД ЦААДАХ УЙЛДЛИЙГ НЬ БОДОХОД Ч АЙМААР. ТИЙМ УЧИР ЭНЭ МУУХАЙ ХАРААЛ БУРХАН БОЛООЧИЙН АРААС ХЭЛЭГДЭЖ БАЙГААГ ЕЧИГДЕР АНЗААРЧ ЕНЕЕДЕР Ч УНШИЖ БАЙНА. ЗУГЭЭР МЕРЕЕРЕЕ ЗОВЖ БИЙ БОЛГОСОН АХМАДУУДЫНХАА ХЕДЕЛМЕРИЙГ УСТГАЖ БАЙЖ БИД АРДЧИЛАЛ ГЭЖ ТЕЕРЕЛДЕЖ БАЙГААГАА ОЙЛГОХ БОЛСОН. ЕР НЬ ХОР УРШИГГУЙ ХУВЬСГАЛ ГЭЖ ОГТ БАЙДАГГУЙГ ОДОО Л ОЙЛГОЦГООЖ БАЙХ ШИГ БАЙНА........ 1 САЯ ГАРУЙ ХУУХЭДТЭЙ 3 хан САЯ монголчууд бид САЙХАН БАЙНА ГЭЖ ХЭЛЭХ Ч АРАЙ СЭРУУДЭНЭЭ.... НЭГ АВИЛАГЧ ЭРХ МЭДЭЛТЭН ДОР ХАЯЖ 1000-5000 ЫГ УГЭЭГУЙ БОЛГОЖ БАЙЖ Л ЕЕРЕЕ БАЯЖИНА. ЕНЕЕДЕРТЕЕ ЕЕРЕЕР БАЯЖИХ ГАРЦ МАНАЙД БАЙХГУЙ!!!!! ЭСВЭЛ БАЙГАЛЫН БАЯЛАГТ ЭЗЭН СУУХ!!!!! ОДОО ЯАХ ЕСТОЙ ВЭ? БУГДЭЭРЭЭ БИЗНЕС ХИЙЖ БАЯЖ УХААНЫ ЭРГУУЛЭГТ АВТААД БАЙЖ БОЛОХГУЙ. БУСДЫГ НЬ ОРХИЕ

arrow icon