Нийтлэл 05 сарын 19, 2016

2012-2015 онд уул уурхайн салбарын компаниуд 87.92 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

    Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ долоо хоногт БНСУ-д айлчлах гэж байгаа талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Түүний айлчлал лхагва гарагт эхэлж, гурван өдөр үргэлжилнэ гэж БНСУ-ын Хөх ордноос мэдээлжээ.

-УИХ-аар татвартай холбоотой голлох гурван хуулийг 2015 онд баталсан бөгөөд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд нийт 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө орлогыг иргэн, аж ахуйн нэгж ил болгон тайлагнажээ. Хамгийн сүүлд тавдугаар сарын 1-нээс зарим бараа, бүтээгдэхүүний гаалийн татварын хувь хэмжээг 5-20 хувь болгон нэмээд байна. Үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой энэхүү хууль нь импортлогчдод хүндээр тусаж байгаа талаар тавилга импортлогч компаниудын төлөөлөл онцолж байсан юм.

-2012-2015 оны санхүүгийн үр дүнгийн судалгаагаар Хөрөнгийн биржид бүртгэлтэй хүнсний салбарын компаниуд хамгийн өндөр буюу 1.19 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ. Харин ашигт ажиллагааны үзүүлэлтээр уул уурхайн салбарын компаниуд 87.92 тэрбум төгрөгийн ашигтай ажилласнаар тэргүүлсэн байна.

-Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн I улиралд, 2010 оны зэрэгцүүлсэн үнээр өнгөрсөн оны мөн үеэс 3.1 хувиар өссөн байна. Өсөлт таамгаас өндөр гарсан бөгөөд эдийн засгийн гол салбар болох уул уурхайн салбарын үйл ажиллагаа идэвхжсэнтэй холбоотой ажээ. I улиралд уул уурхайгаас гадна өсөлтөөрөө тэргүүлсэн салбар бол барилгын салбар бөгөөд ASEM-ийг угтсан бүтээн байгуулалттай холбоотойгоор барилгын салбар 27.5 хувиар өсчээ.   

-“Mitsubishi Motors”-ийн хувьцааны 34 хувийг худалдаж авах болсон “Nissan Motor” компанийн Гүйцэтгэх захирал Карлос Гон "Шаардлагатай шинэчлэлүүдийг хийж шатахуун зарцуулалтын мэдээллийг худал танилцуулсантай ижил төрлийн алдаа гарахаас сэргийлнэ" гэж мэдэгдлээ.  

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon