Нийтлэл 10 сарын 31, 2016

БИЧИЛ ДРОНУУДЫГ УСТГАХ ЗЭВСЭГ БҮТЭЭЛЭЭ

Оросын "Ростех" төрийн өмчид корпорацын харьяа ОПК (Объединенная приборостроительная корпорация)-ийн инженерүүд олон тооны бичил хэмжээтэй нисдэг дронуудыг нэгэн зэрэг устгах чадвартай зэвсэг бүтээснээ зарлав. Нүдэнд харагдахгүй шахам хэмжээтэй жижиг дронуудыг пуужин болон их бууны сумаар устгах гэж оролдохын оронд тэдгээрт суурилуулсан электрон системийг ажиллагаагүй болгосноор эдгээр дронууд нь ямар ашиггүй металь болон пластик хог болжхувирах ажээ. Компанийн төлөөлөгчийн мэдэгдэж буйгаар бол энэхүү хямд өртөгтэй технологи ашиглаж бүтээсэн зэвсгээр бичил дронуудыг устгах туршилтыг аль хэдийнээ хийсэн гэнэ. Агаарын довтолгооноос хамгаалах уламжлалт зэвсгийн системүүдийг ой болон хотын дээгүүр нисэж буй олон арван бүр хэдэн зуун дронуудыг эсрэг ашиглах ямар ч бололцоо байхгүй. Зенитийн пулемётоор иймэрхүү дронуудыг буудаж устгана гэдэг бараг боломжгүй зүйл юм.

Америкийн цэргийнхэн дайсны агаарын довтолгооноос хамгаалах системийг устгах, ажиллагаагүй болгох зорилготой хямд өртөгтэй тагнуулын болон дайралтын бичил дронуудыг бүтээн туршиж байгаа. Тухайлбал америкчууд F-16/F-18 загварын нэг нэгж онгоцноос 300 ширхэг "Perdix" төрлийн бичил дронуудыг хаяж, ажиллагаанд оруулах туршилтыг аль эрт хийсэн билээ. Одоо "Perdix" төрлийн бичил дронын 7 дахь сайжруулсан загварыг гаргаж аваад байгаа бололтой. Харин оросууд энэ бүх бичил дронуудын эсрэг үр ашигтай тэмцэх арга, технологийг хайж, бүтээж байна. Ийм технологи бүтээсэн нь орчин үеийн дайн болоод тулааны тактикт өөрчлөлт гаргаж болох юм.

Сэтгэгдэл бичих

arrow icon