НОЁН ДОНАЛЬД ТРАМП Эдийн засгийн бодлого

Олон улсын томоохон хэвлэлүүдийн онцлож байгаагаар Шинэ Ерөнхийлөгчийг ойрын хугацаанд

 (i) төсвийн бодлогын санаачлагаа хэрэгжүүлэх,

(ii) дэд бүтцийн салбарын санхүүжилтийн хэрэгцээг хангах,

(iii) гадаад худалдааны хэлэлцээрүүдийн шинэчлэх, болон

(iv) Холбооны нөөцийн банкны бодлогыг эргэн харах гэсэн томоохон сорилтууд хүлээж байна.

 

 

Трампын төсвийн бодлого

 

Трампын дэвшүүлж буй төсвийн бодлогын санаачлага удахгүй Конгрессоор хэлэлцэгдэнэ. Түүний дэвшүүлсэн төсвийн бодлогын гол санаа нь ААН-ийн орлогын татварыг бууруулах болон орлогын олон төрлийн татваруудыг нэгтгэх тухай юм. Уг санаа нь АНУ-ийн төлөөлөгчдийн танхимийн спикер (УИХ-ийн дарга) Пол Раяьн (Paul Ryan) –ийн татварын  “Better Way” төлөвлөгөөтэй нийцэж байгаа юм. Татварын бодлогын төвийн[1] дүгнэснээр Трампын дэвшүүлсэн хувь хүний болон бизнесийн татваруудыг бууруулах санаачлага хэрэгжсэн тохиолдолд ирэх арван жилд холбооны өр[2] 7.2 триллион ам.доллараар нэмэгдэхээр байна. Төсвийн зарцуулалтын тухайд Трампын шинэчлэлийн багийхан дэд бүтцийн салбарт 550 тэрбум ам.долларийн хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээгээд байгаа бөгөөд мөн батлан хамгаалах салбарт ихээхэн хөрөнгө зарцуулах тухай яригдаж байна. Тухайлбал тэнгисийн цэргийн усан онгоцний тоог 42-оор нэмэгдүүлэх[3], цөмийн болон пуужингийн хамгаалалтыг шинэчлэх төлөвлөгөөтэй байна.

 

Дэд бүтцийн шинэчлэл

 

 Ирэх жилүүдэд дэд бүтцийн салбарт ихээхэн анхаарал хандуулах тухай Трамп өнгөрсөн Лхагва гарагийн илтгэлдээ дурьдсан байна. Сонгуулийн компанит ажлын үеэр олон нийтэд танилцуулсан дэд бүтцийн салбарт бодит ажил хийх санаачлагууд нь түүнд америкийн төв болон баруун талын хотуудад ялалт байгуулахад ихээхэн нөлөөлсөн байна. Тиймээс Трамп цаашид шинэ гүүр болон замууд барих төлөвлөгөөтэй байгаа тухайгаа ярьжээ.

Мөн шинжээчид дэд бүтцийн салбарыг шинчлэх хэрэгцээтэй гэдэг дээр хоёр нам зөвшилцөлд хүрсэн нь Трампын ялалтад том нөлөө үзүүлсэн тухай дүгнэсэн байна. Нийгмийн байгуулалтын америкийн холбооноос[4] 2016-2025 онуудад дэд бүтцийн салбарт 1.44 триллион ам.долларын хөрөнгө оруулалтын хангагдаагүй хэрэгцээ (хөрөнгө оруулалтын нийт хэрэгцээ болон боломжит хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн зөрүү) байгаа тоoцоо гаргасан байна. Трампын зөвлөхүүд дэд бүтцийн салбарын хэрэгцээг санхүүжүүлэхийн тулд холбооний өрийн түвшинг нэмэгдүүлэх ба энэ нь татвар бууруулах замаар эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх (fiscal stimulus) бодлоготой зөрчилдөж байгаа тухай дүгнэжээ. Иймд дэд бүтцийн салбарийн төслүүдийг хэрэгжүүлж эхлэхэд тодорхой хугацаа хэрэгтэй бөгөөд одоогоор хэзээ эхлэх нь тодорхойгүй байна.

 

Гадаад худалдааны бодлого

 

Трамп нь сонгуулийн компанит ажиллагааны үеэр Хойд америкийн чөлөөт худалдааны гэрээ (ХАЧХГ) зэрэг гадаад худалдааны хэлэлцээрүүдийг эргэн харах, Хятад зэрэг улсуудтай хийгдэж байгаа худалдааны шударга бус тарифуудыг зогсоох тухай амлалтууд өгчээ. Хэрвээ тэрээр ХАЧХГ-нээс татгалзвал энэ нь АНУ-ийн олон корпорациудын чухалчлан анхаардаг Хойд америкийн нийлүүлэлтийн гинжин холбоо (supply chain) задрахад нөлөөлөх болно. Хятад улстай хийгдэж байгаа худалдааны дайн (trade war) нь хэрэглэгчдэд очих үнийг нэмэгдүүлэх болон түлш шатахууны инфляцид дарамт болж байгаа тухай шинжээчид дурдаж байна. Энэ нь Хятад улсаас оруулж байгаа импортоос хамааралтай компаниудад сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд мөн Хятад улсад бүтээгдэхүүн экспортолж байгаа Америкийн фермэрүүд болон бусад бизнесүүдэд сөргөөр нөлөөлж байна. Энэ шалтгааны улмаас зарим худалдааны экспертүүд Трампыг шударга бус худалдаанаас дотоодийн эдийн засгаа хамгаалах арга хэмжээнүүдийг (anti-dumping) хэрэгжүүлэх болон Хятадын эсрэг өндөр хэмжээний худалдааны арга хэмжээ хэрэгжүүлнэ гэсэн хүлээлттэй байна.

Холбооны нөөцийн банкны бодлогын шинэчлэл

 

Трампын зөвлөхүүд Холбооны нөөцийн хэт-өдөөгч (ultra stimulus) буюу бага-хүүний бодлогыг хадгаламж эзэмшигч нарт хохиролтой  бөгөөд нийгмийн ялгаатай сегментүүдэд тэгш бусаар үйлчилж байгаа нь шударга бус гэж шүүмжилж байна. Сонгуулийн компанит ажлын үеэр Трамп Холбооны нөөцийн банкны захирал Жанет Иелений баримталж байгаа бага-хүүний бодлогыг ихээхэн шүүмжилсэн боловч түүнийг 2018 онд хугацааг нь дуусахаас өмнө огцруулах бодолгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Холбооний нөөцийн банкны хамгийн эхний анхаарах асуудал бол Холбооны нөөцийн зөвлөлийн хоёр сул суудлын томилгоо юм. Хоёрдугаарх нь Конгресс дэх бүгд найрамдахчуудын асуусан шинэчлэлийн саналыг боловсруулах. Уг шинэчлэлийн санал нь Холбооны нөөцийн банк мөнгөний хатуу бодлого явуулахад чиглэсэн саналуудыг агуулж байгаа юм.

 

[1] Татварын бодлогын төв (Tax Policy Center) © http://www.taxpolicycenter.org/publications/analysis-donald-trumps-revised-tax-plan

[2] Холбооны нийт өр (Federal Gross Debt) 2015 оны гуравдугаар улирлын байдлаар 18.1 триллион ам.доллартай тэнцэж байна. © https://fred.stlouisfed.org/series/FYGFD

[3] АНУ-ийн тэнгисийн цэргийн усан онгоцнуудын жагсаалт © https://en.wikipedia.org/wiki/List_of_current_ships_of_the_United_States_Navy

[4] The American Society of Civil Engineers


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4457

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%