ШИНЖЛЭХ УХААН: Аминдэмийн зохисгүй хэрэглээ нас уртасгах биш богиносгох эрсдэлтэй

Нэгдүгээр хэсэг: Бид амин дэм ба эрдсийг бэлдмэлээр авах шаардлагатай юу?

Олон нийтийг хамарсан олон судалгаагаар хүний бие дэх С амин дэм, бэта каротин (А амин дэмийн нэг хэлбэр) гэх мэт антиоксидантуудийн төвшин ба бодисын солилцооны эмгэгийн тохиолдлын хооронд урвуу хамаарал байдгийг тогтоожээ. Гэхдээ энэ хамаарал амин дэмийн дутагдлууд уг дурдсан эмгэгийг үүсгэж байна уу, эсвэл хоол хүнсний чанар (амин дэмээр баялаг хүнс хэрэглэх) эмгэгт нөлөөлж байна уу гэдгийг ялгаж салгаж чадахгүй. Өөрөөр хэлбэл бие дэх антиоксидантийн төвшин, хоол хүнсээр авч байгаа хэмжээний хамаарал бас тийм ч энгийн биш юм. Ерөнхийдөө жимс ногоог хүнсэндээ ахиу хэрэглэхэд бодисын солилцооны үзүүлэлтүүд мэдэгдэхүйц сайжирдаг. Харин амин дэмийг бэлдмэл маягаар хэрэглэхэд бодисын солилцоонд мэдэгдэхүйц сайжирсан үзүүлэлт байдаггүй. Энэ нь хүнсний эслэгээс салсан амин дэмийн хүний биед шингэж боловсрох шинж чанар өөрчлөгдсөнийх байж болно. Түүнээс гадна хүний бие зүгээр орж ирсэнийг нь агуулж байдаг сав биш учраас олон төрлийн бодисын тодорхой тэнцвэртэй байдлыг хадгалах шаардалага бий болдог. Өөрөөр хэлбэл ямар нэг химийн нэгдлийн хэмжээ зохистой хэмжээнээс хэтэрвэл бие өөрөөсөө зайлуулах арга хэмжээ авдаг гэсэн үг. Тэгээд ч тодорхой хэмжээний ХЧЯ бол бас хүний биед хэрэгтэй нэгдлүүд юм шүү дээ.

Их Британийн мэдээллийн BBC агентлагийн хийсэн эрүүл мэндийн талаарх олон асуултанд хариу авах зорилготой "Trust me I'm a doctor" гэсэн нэртэй цуврал баримтат кино 2016 эхээр гарсан юм. Энд антиоксидант ихээр агуулсан жимсний шүүс, зутангийн хэрэглээ хүний бие дэх антиоксидантийн хэмжээнд яаж нөлөөлдөгийг харуулсан туршилт хийсэн бөгөөд үр дүн нь хүмүүсийн ерөнхий ойлголтоос маш хол зөрсөн байдаг. Ийм шүүс, зутан уухад хүний бие дэх анитоксидантийн хэмжээ тэр дороо нэмэгдэх ч удалгүй ганц, хоёр цагийн дараа бууж бүр ердийн хэмжээнээсээ багасч, бүтэн өдөр буюу 24 цагийн дараа ердийн төвшиндөө буцаж хүрсэн байна. Энэ бол амин дэм эрдэсийн бэлдмэлийн хэрэглээ яагаад үр ашигтай байдаггүйг харуулсан маш сайн туршилт ч гэж хэлж болно. Бие дэх антиоксидантийн хэмжээ огцом өсөхөд бие аливаа нэгдэл, элементийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс илүүдлийг биеэс зайлуулах эсвэл нийлэгжүүлэхээ зогсоодог байна. Ингэхээр ногоо жимсний шүүс бол биеэсээ хор зайлуулна гэдэг ташаа ойлголт төдийгүй харин ч бие дэх химийн нэгдэл, микроэлементийн тэнцвэрийг алдагдуулдаг байж болох юм.

Амин дэм, антиоксидантаар баялаг ундаа жимс, ногоо шүүслэх аргаар эсвэл шахмал бэлдмэл бэлдэх процессууд аль аль нь эслэгийг үгүй хийдэг. Эдгээр нэгдлүүдийг эслэгээс салгачихаар хүний биед  шингэж боловсрох чадвар, шинж чанар нь өөрчлөгдөх учир биед шингэх арга зам, төлөв нь ч  бас өөрчлөгдөнө. Цаашлаад өдөрт шаардлагатай бүх амин дэмийг нэг дор ганц шахмал үрэл маягаар эсвэл нэг аяга шүүс маягаар хэрэглэхэд тэдний бие дэх хэмжээ огцом нэмэгдэх тул хүний бие химийн тэнцвэр хадгалах үүднээс шингээлгүй гадагшлуулдаг байж болно. Тиймээс хэрэгцээтэй амин дэм, эрдэс, антиоксидантаа байгалын хэлбэрээр нь бус янз бүрийн аргаар боловсруулж бэлдмэл, шахамал, нунтаг, зутан болгосон бол танд ямар нэг ашиг тус болохгүй зүгээр л мөнгөний гарз болно гэж ойлгож болох нь ээ. Харин амин дэмийн хурц дутагдлын улмаас өвчилсөн тохиолдолд эдгээрийг бэлдмэл маягаар хэрэглэх шаардлагатай. Үүнийг батлах клиникийн олон судалгаа сүүлийн үед явагдаж, хэвлэгдэж, олон нийтийн хүртээл болж байгаагаас чухал гэсэн хэдийг нь энд жишээ болгон дурдъя.

Хамгийн их анхаарал татсан Е амин дэмийн нэмэгдэл болоод эрүүл мэндийн хамаарлыг үзүүлсэн таван судалгаа байна. Ерөнхийдөө энэ амин дэмийг нэмэгдэл маягаар хэрэглэхэд ямар нэг сайн нөлөө илрээгүй боловч Е амин дэм болон бэта каротиний (А амин дэмийн нэг хэлбэр) бэлдмэлийг тогтмол хэрэглэсэн архаг тамхичдын хорт хавдар болоод зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл эрс нэмэгдсэн байна. Зүрх судасны өвчнөөс сэргийлэх, мэдээлэл түгээх хүрээлэнгийн 2005 оны судалгаагаар Е амин дэмийн нэмэгдэл хэрэглээ нь зүрх судасны өвчний эрсдэлийг харин ч өсгөдөг болохыг харуулсан байна. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн хүрээлэнгийн 10 жилийн турш үргэлжилсэн судалгаагаар Е амин дэмийн зүрх судасны өвчин болоод хорт хавдраас сэргийлэх чанар илрээгүй. Селениум болоод Е амин дэмийн хэрэглээ эрэгтэйчүүдэд түрүү булчирхайн хавдрын эрсдэлийг нэмдэг болохыг дээр өгүүлсэн. Олон судалгааны баримтыг нэгтгэн 2008 онд хийсэн Кокран мета анализаар Е амин дэмийн бэлдмэл хэрэглэх нь тархи, мэдрэлийн системийн үйл ажиллагаанд ямар нэг нөлөө үзүүлдэггүйг харуулсан байна [4]. Эдгээр судалгаанууд олон жилийн турш олон мянган хүнийг хамруулан ажигласан том судалгаанууд бөгөөд одоогоор Е амин дэмийн хэрэглээний эерэг нөлөө үзүүлсэн баримт алга байна. Цаашилбал зөвхөн Е амин дэм ч биш ерөнхийдөө эрдэс, амин дэмийн бэлдмэл байнга хэрэглэдэг АНУ-ын Айова муж улсын эмэгтэйчүүдийг олон жилийн турш ажигласан судалгаагаар амин дэмийн хэрэглээ нь нас баралтын өсөлттэй хамааралтай болохыг тогтоожээ [3]. Сонирхолтой нь судалсан бүх амин дэм болоод эрдсийн бэлдмэлүүдээс зөвхөн кальцийн бэлдмэлийн хэрэглээ яс хугаралтаас сэргийлэх чадвартай гэсэн эерэг үр дүн үзүүлсэн байна.

Ингээд амин дэм, эрдэсийн бэлдмэлийн хэрэглээ бол хүний биед сайн нөлөө байхгүй гэж шинжлэх ухааны үндэслэлтэй батлаад байхад хэрэглээ нь буурахгүй л байгаа юм. Энэ нь иймэрхүү сөрөг үр дүнтэй судалгаануудын талаар ярьж бичих сонирхол олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад бага байдгаас гадна тухайн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй холбоотой. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон хүний сонирхол татахын тулд ямар нэг дуулиан бүхий гарчгийн араас хөөцөлдөх нь илүү тул хэдий их том мэдээ биш ч ийм чухал мэдээ, мэдлэг нийтлэгдэхгүй хоцордог нь үнэн. Цаашлаад манай улсын хувьд эрүүл мэндийн мэдээлэл хариуцаж байгаа сэтгүүлчдийн анагаах ухаан, биологийн боловсрол нимгэн байгаа тул учир начрыг нь олж тунгааж , бодитой үнэн зөв мэдээлэл хүмүүст хүргэх боломжийг улам хомс болгодог. Анагаах ухааны хөгжлийн явцад олон төрлийн өвчинг анагаах эм, эмчилгээний арга бий болж, тэр хэмжээгээрээ хүмүүсийг сав л хийвэл ямар нэгэн эм, бэлдмэл уух гээд байдаг зуршилтай болгожээ. Амин дэмийн хурц дутагдлын үед амин дэмийн бэлдмэл хэрэглэхэд нэмэртэй нь үнэн. Харин ядарч байгаа тул гэдэг ч юм уу эсвэл бас бус төстэй шалтгаанаар амин дэм хэрэглэхийн ашиг тус тодорхой бус, зарим талаар хор болох нь ч байна. Ямар нэг хоол тэжээлийн хурц дутагдал өвчлөл авчирдаг бол буруу хооллохын үр дагавар өнөөдрийн бодисын солилцооны эмгэгийн асуудлын гол шалтгаануудын нэг гэж хэлж болно. Бодисын солилцооны эмгэг бол олон эрхтэний системд хамаарах нарийн түвэгтэй асуудал тул чухам яг юу нь болохгүй байгааг ялгаж салгахад бэрхшээл бий.

Орчин цагийн том асуудал болох таргалалт бодисын солилцооны эмгэгийн өсөлттэй яах аргагүй хамт өссөн нэг хүчин зүйл нь үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсийг хүмүүс ихээр хэрэглэх болсон явдал билээ. Үйлдвэрлэлийн процесс, орц найрлагыг үзвэл хүнсний боловсруулалт ямар ч гэсэн таргалалтанд нөлөөлж байгаа гэдгийг тогтооход амархан. Хүнсийг үйлдвэрийн аргаар боловсруулах явцад хадгалалтыг уртасгах, амт сайжруулах зорилгоор олон химийн бодис нэмдэг нь тухайн хүнсний бүтээгдэхүүнд байх микроэлементүүдийг саармагжуулах үйлчилгээтэй байж болно. Үүнээс гадна үйлдвэрийн боловсруулалт тухайн хүнсний хүний биед хамгийн ашигтай бүрэлдэхүүн хэсэг болох эслэг, амин дэм, эрдэсийг үгүй хийдэг. Ихэнх үйлдвэрлэгчид бүтээгдэхүүндээ дараа нь эрдэс, амин дэм нэмдэг ч хүний биед шингэх шинж чанарнь нэгэнт муудсан байх тул тэжээллэг чанарыг сайжруулдаггүй байна. Эрдэс болоод амин дэм нь эслэгтэй нягт холбоотой оршдог тул байгалийн бүтээгдэхүүн хэрэглэвэл хүний биед зохистой шингэх боломж бүрддэг юм.

Микроэлемент, амин дэм бол бие махбодийн биохимийн процессуудад маш чухал хэдий ч үйлдвэрийн аргаар боловсруулсан шахмал, нунтаг, бэлдмэл хэлбэрээр хүний эрүүл мэндэд ямар нэг сайн нөлөө үзүүлж чадахгүй тул амин дэмийн ашиг тусыг хүртэхийн тулд байгалд орших жимс, ногоо хэлбэрээр хэрэглэх нь илүү зөв сонголт болно. Өөрөөр хэлбэл түргэн хоолны газар хооллочихоод араас нь үрлэн амин дэм залгиад л эрүүл хэвшил гэж ойлгох нь том эндүүрэл юм.

Эцэст нь амин дэм, эрдэс мэтийн бэлдмэлийн үйлдвэрлэлд эмийн үйлдвэрлэлтэй адил нарийн хяналт зохицуулалт, тэр бүү хэл тогтсон аюулгүй байдлын тогтсон стандарт ч байдаггүй. Үүний тод илрэл нь янз бүрийн эрдэс, амин дэмийн бэлдмэлийн пирамид наймаа, бүхнийг анагаах шидтэй гайхамшигтай амин дэм, бэлдмэлүүдийн нүд эрээлжлэм зар сурталчилгаа. АНУ-ын хэд хэдэн амин дэм, эрдэс болоод ургамлын бэлдмэлүүдийг харьцуулсан шалгалтын дүнгээр зарим бэлдмэлийн хэмжээ, тун маш их зөрүүтэй, тэр бүү хэл заримд нь нэрлэсэн бүрэлдэхүүн хэсэг нь огт байхгүй тохиолдолд ч гарч байжээ. Дахин хэлэхэд эрдэс, амин дэмийн хэмжээг зохистой барьж эрүүл мэндийн үзүүлэлтээ сайжруулъя гэж бодож байвал бэлдмэл биш харин зохистой хүнсийг байгал дээр орших хэлбэрээр нь хэрэглэх нь хамгийн найдвартай, үр дүнтэй арга юм шүү.

 

 

Товьёог

  1. Davì G, Santilli F, Patrono C.

Nutraceuticals in diabetes and metabolic syndrome.

Cardiovasc Ther. 2010 Aug;28(4):216-26. doi: 10.1111/j.1755-5922.2010.00179.x. Review.

PMID: 20633024 

  1. Gee PT.

Unleashing the untold and misunderstood observations on vitamin E.

Genes Nutr. 2011 Feb;6(1):5-16. doi: 10.1007/s12263-010-0180-z.

PMID: 21437026

  1. Mursu J, Robien K, Harnack LJ, Park K, Jacobs DR Jr.

Dietary supplements and mortality rate in older women: the Iowa Women's Health Study.

Arch Intern Med. 2011 Oct 10;171(18):1625-33. doi: 10.1001/archinternmed.2011.445.

PMID: 21987192

  1. Bjelakovic G, Nikolova D, Gluud LL, Simonetti RG, Gluud C.

Antioxidant supplements for prevention of mortality in healthy participants and patients with various diseases.

Cochrane Database Syst Rev. 2012 Mar 14;(3):CD007176. doi: 10.1002/14651858.CD007176.pub2. Review.

 


avatar
    • Rapide
    • 41.86.240.*

    Хууль ёсны зээл олгох явдал хэрэглэгчийн хувьд үргэлж хүндрэлтэй асуудал болсоор ирсэн бол зээл авах тухай асуудал бүр хэрэглэгчдийн толгойны өвчин болсон. Миний хувьд энэ асуудлыг боломжийн 2%-ийн хүүтэйгээр хамгийн багадаа 2000 - 5.000.000$ хувь зээл олгож эхэллээ. Хэрэв та айдас хүйдэсгүй, сэтгэлийн шаналгаагүй, аюулгүй санхүүгийн зээл сонирхож байвал миний хаягаар холбогдоно уу. И-мэйл: [email protected]

    • alim
    • 49.135.9.*

    heregtei medeelel ugsund bayrlalaa.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4330

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
18%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 18%
  • 69%