Нийтлэл 02 сарын 07, 2017

СУДАЛГАА: Америк долларын ханш яагаад буурав?

Энэ он гарснаас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш харьцангуй тогтвортой байна. Тухайлбал, оны эхнээс өдрийн ханшийн өөрчлөлт дунджаар 0.19%-ийн хэлбэлзэлтэй байгаа нь 2016 оны мөн хугацааны хэлбэлзэлтэй харьцуулахад 0.09%-иар бага үзүүлэлт болжээ.

Ийнхүү энэ оны эхний өдрүүдийн байдлаар ханш харьцангуй тогтвортой байж, бага зэргийн бууралт ажиглагдаж байгаа нь сүүлийн өдрүүдэд зах зээлд тархсан эерэг мэдээллүүдтэй холбоотой байх талтай. Тухайлбал, Тавантолгойн ордын Цанхийн баруун уурхайн нүүрснийг нэг тонн тутмыг 71.5 ам.доллараар борлуулах гэрээний талаарх мэдээлэл. Тус гэрээгээр эхний ээлжинд тонн бүрийг нь 71.5 ам.доллараар 300 мянган тонн нүүрс борлуулах ба борлуулалтын орлогын урьдчилгаа болох 22.5 сая ам.доллар Эрдэнэс тавантолгой компаний дансанд орж ирэхээр байгаа юм байна. Харин Зүүн Цанхийн нүүрсийг тонн тутмыг 59.3 ам.доллараар борлуулахаар үнээ шинэчлэн тогтоож чадсан нь “Чалько” компаний өрийг дарахад нэмэр болохоос гадна валютын орох урсгалыг цаашид нэмэгдүүлэх хүлээлт үүсгэж байна (1) . ОУВС-ийн шинжээчид Стэнд Бай хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэхээр ирэх долоо хоногт ирнэ гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарсан. Валютын дутагдалд орсон, өрийн эргэн төлөлт ойртсон энэ үед Стэнд бай хөтөлбөртэй холбоотой эерэг мэдээлэл ханшийн өөрчлөлтөнд эерэгээр нөлөөлөх нь ойлгомжтой (2).

Өнгөрсөн онд ам.долларын ханш огцом өссөн макро шалтгаан: Хэдийгээр он гарсаар ам.долларын ханш тогтвортой байгаа ч өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад өнөөдрийн ханш 24.96%-иар нэмэгдсэн байна. Өнгөрсөн онд гадаад орчин таатай бус, гол нэрийн түүхий эдийн үнэ нүүрснийхээс бусад нь буурсан, зээлжих зэрэглэл буурсан зэрэг гадаад орчны таагүй мэдээ тасралтгүй үргэлжилсэн. Гадаад орчноос шалтгаалсан сөрөг шокын нөлөөгөөр эдийн засаг муудаж, эдийн засгийн хүндрэл бодит утгаараа хямрал болж эдийн засаг буурч эхэлсэн. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, валютын нөөц багассан нь ам.долларын төгрөгтэй харьцах ханш өсөх суурь нөхцлийг бууруулсан.

2016 онд ам.долларын ханш огцом өссөн бөгөөд энэхүү суурь түвшин энэ онд хадгалагдаж ам.долларын ханш өндөр хэвээрээ байх магадлал өндөр байгаа ч өсөлтийн хувьд тогтвортой байх хандлага одоогийн байдлаар ажиглагдаж байна. Ам.долларын ханш ба түүний урт хугацааны хандлага: энэхүү хэсгээр ам.долларын ханшийн урт хугацааны ерөнхий хандлагыг (трэнд) тодорхойлж, ам.долларын ханш урт хугацааныхаа хандлагаас хэр хазайж байгааг тодрууллаа.

Өнгөрсөн оны хувьд ам.долларын ханш урт хугацааныхаа хандлагаас доогуур байсан бол 2017 он гарснаас хойш ханш урт хугацааныхаа хандлагаас дээш гарсан байна(3). Тиймээс ханш урт хугацааныхаа хандлагын дагуу хэлбэлзэж ирэх өдрүүдэд бага зэргийн бууралт ажиглагдах боломжтой ч ерөнхий хандлага нь өсөхөөр байна.

 

1 Эх сурвалж: www.news.mn

2 Эх сурвалж: www.news.mn

3 Тайлбар: ам.долларын ханш нь урт хугацааныхаа хандлагынхаа орчим хэлбэлздэг.

Сэтгэгдэл бичих

arrow icon