ОЮУНЫ ӨЛСГӨЛӨН ба НИЙГМИЙН МААЗРАА

Хүн бол байгалийн амьтан ч бидний ТАРХИны чадвар амьтан шинжийг бүдгэрүүлдэг тустай, гайхамшигт тархины тусламжтайгаар бид Дэлхий гэх гаригийг эзэгнэн суудаг билээ. Тархины баруун, зүүн хэсэг өөр өөр үүрэгтэй ажилладаг. Тархины зүүн хэсэг логик сэтгэлгээ, цэгцтэй сэтгэх, задлан шинжлэл хийх, дүгнэлт гаргах, харьцуулах, шүүмжлэх зэрэг үүрэгтэйгээр ажилладаг. Баруун тархины үүрэг нь харааны орон зай, өнгө, сэтгэлийн хөдөлгөөн, уран сэтгэмж, дүрслэх зэрэг чадварыг хариуцна. Асуудал шийдэхэд зүүн тархи логик дүгнэлт хийж шийдвэр гаргах бол баруун тархи харагдах гоо сайхан үзэмжээр хүлээн авч сэтгэл хөдлөлийн үндсэн дээр шийдвэр гаргана. Дараах зурагт шийдвэр гаргахад баруун зүүн тархины ажиллагааг харуулж байна.

Тархины ажиллагаа доройтвол тэнэгрэл, санах ой, харааны чадвар буурах, ойлгох, сэтгэх бодох муудна. Тэнэгрэл – оюун ухаан, ойлгож ухаарах, шалтгааныг олох, дүгнэх, мэдрэх чадварын дутагдал. Оюуны дархлаа нимгэрэх, сэтгэлгээний доройтол – оюун ухааны ажиллагаа буурах, аливааг хэлбэр талаас даган дуурайлт ихсэх гм.

Оюуны өлсгөлөн, сэтгэлгээний доройтол, тэнэгрэл нь ходоодны өлсгөлөн, материаллаг ядуурлаас долоон дор. Ходоодны өлсгөлөнд өлсөгч этгээд өөрт хэцүү байх ч ходоодонд хоол л орчихвол өлсгөлөн дарагдана. Тархи ходоодноос өөр функцтэй. Тархинд бөөн мэдээлэл чихэх нь өлсгөлөнг дарахгүй, харин ч оюуныг улам өлсгөнө. “Хүн үхсэнийхээ дараа үхсэнээ мэдэхгүй тул өөрт амар, харин үлдэж буй хүмүүст зовлонтой. Тэнэг хүн ч үүнтэй адил” гэдэг. Оюуны өлсгөлөн, сэтгэлгээний доройтолд орсон этгээд үүнийгээ мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй. Мэдсэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь өөрийгөө өрөөлөөс үргэлж илүү гэж боддог өөрийн үнэлэмж ихтэй манайхны (монголчуудын) “эго” унаган төрхийг яалтай билээ.

Танин мэдэхүйн сэтгэхүйн процессийг 3 үед хамруулна: мухар сүсгийн, шашинлаг (итгэл бишрэлийн), шинжлэх ухаанч. Дундаж зуун, түүнээс өмнөх үеийн хүмүүс бодох, тунгаах шаардлагагүйгээр олон зүйлд амархан итгэнэ. Дэлхий даяар 40 хоног өдөр шөнөгүй ширүүн бороо орж, хуурай газар үлдээгүй 50 хоног Их үер болсон талаар бүх цаг үед хамгийн их хэвлэгдэж түгсэн (5 тэрбум гаруй), дэлхийд хамгийн олон итгэгчтэй шашны номонд байдаг. Үүнийг уншиж сонсоод, дэлхийн бүх ус, усны уурыг бөөгнүүлээд дэлхийн бүх газар нэгэн зэрэг бороо оруулахад Эверестийг далдлах их үер байтугай хөлийн шагайнаас дээш шалбааг тогтох болов уу гэдгийг тунгаах шаардлагагүй, итгэх л хэрэгтэй болно. Би агаар мандлын чиглэлийн хүн тул манай дэлхийд хэзээ ч тийм цаг агаарын нөхцөл бүрдэхгүй, байтугай ганц хором ч дэлхий даяар нэгэн зэрэг бороо орох боломж өнгөрсөн, одоо, ирээдүйд үүсэхгүй гэдгийг баттай хэлнэ. Гадны ном гэлтгүй манайхны номонд ч “но” бий. Тооноор тусах Y хромосомт эцэг бие X хромосомт ээжийг яажшүүхэн олсныг мэдэх гэсэн хүсэл, хариу нэхсэн асуулт тэр үеийнхэнд гарахгүй байх, итгэх л хэрэгтэй болно. Дунд, дээд сургууль үлгэн салган төгссөн байтугай ямар ч боловсролгүй нөхөр хэнээр ч заалгалгүй нөхөн үржихүйн анхан шатны ойлголт болох “... эр эм эс нийлж байж үр тогтдогийг” төрөлх инстинктээрээ л мэдчихнэ. Харин, дундад зууныханд эсвэл балар эртний хүмүүст амыг нь ангайлгах юу ч өгүүлсэн төвөггүй итгэхийн учир гэвэл танин мэдэхүй нь харанхуй мухар сүсгийн, итгэл бишрэлийн шатанд буйгийнх. Түүнчлэн үнэн мэдээлэл байхгүй, мэдээллийн хомсдолтой үед ирсэн мэдээлэл болгон үнэн, харьцуулан тунгаах, логик дүгнэлт хийх боломжгүй байсан болохоор сонссон болгондоо итгэдэг, дагадаг, цааш сургаж, өвлүүлдэг байсных. Орчин үед хаалттай орны иргэдэд ч ийм үе тохиолддог.

Их мэдээлэл, мэдээллийн бөмбөгдөлт ч үүнтэй зарим талаар төстэй. Ар араасаа цувран бөөнөөр ирэх их мэдээлэл хүнд тунгаах, гаргалгаа хийх боломж өгөхгүй тул харагдах, шууд тусах анхдагч байдалд төвлөрч, баруун тархи голдуу ачаална. Хөнгөн мэдээллийг унших, үзэх явцад тархины ачаалал зүүнээс баруун руу шилждэг. Байнга дасгал хийсээр баруун тархи гаргууд сайн “дадлагажиж”, дараагийн цувраа мэдээллийг ч баруунаар боловсруулна. Байнгын дасгал сургуулилтаар: анхдагч гадна үзэмжид хэт анхаарна, гоёыг дагаж хошуурна, зоволгүй боловсруулагдах мэдээллийг чухалчилна, хөнгөн зугаатай мэдээлэл амархан тархаж нийтийг инээлгэнэ, уншсан харсандаа тэрхэн зуур баясч инээнэ, сүүлдээ инээдэмтэй, хошин марзан талыг шүүн хайж амархан инээх, хялбархан маазрахын араас хөөцөлдөнө.

Үр дүнд нь нийтээрээ хошин шог, уран сайхны шоуны үзэгчид болох ба урлагийнхан үзэгчдээ (ажлаа) алдахгүйн тулд маазрааг өөгшүүлж цаашид эргэх холбоо тасралтгүй үргэлжилнэ.

Нэгэнт нийтийн хэрэгцээ шаардлага байгаа, нийтийн анхаарлын төвд орсон тул ямар хоол идсэн, ямар тос түрхсэн, хаагуур явсан зэрэг нь нийтэд нэн сонирхолтой, дулимагхан яриа өгч, юухан хээхэн үзүүлж харуулаад үзэгчдийн цангааг амархан тайлна. Зар сурталчилгааны тухай хуулийн 7.2.3-д “хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан бол зүй бус зар сурталчилгаанд тооцох”, 7.4.6-д “хүнлэг ёс, ёс суртахуун, Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг зан заншлын ёс горимыг зөрчсөн бол ёс суртахуунд үл нийцсэнд тооцно” гэсэн байдаг. Урлаг, спортын одод болон нийтийг хошууруулагчид анхаарна буй за. Бид тэдэнд сайхан ажил, сайхан амьдралын нөхцлийг бүрдүүлж байгаа болохоор тэд мэрийн зүтгэж ажиллаж байгаа нь нүдэн дээр ил. Тэд нийгмээ төлөвшүүлэх, сэнхрүүлэх, зөв санааг дэлгэрүүлэх, соёлжуулах үүрэгтэй!

Баруун тархиа дасгалжуулах зуур зүүн тархи өлсөнө, нийтээрээ зүүн тархины эсүүдээ тасалж буйг үл анзаарна. Зүүн тархины ажиллагаа муу тул логик сэтгэлгээ, дүгнэлтгүйгээр аливаа юмсыг харагдах бараагаар нь, үг яриаг хэлэгдсэн хэлбэрээр нь шууд авна, аливаа хялбарын араас доншуучилна. Цаашлаад бөөнөөрөө лекцдэж, түрийвчээ дэлгэж мөнгөний даллага авна. Шашны гүн ухааныг итгэл бишрэл, мухар сүсэгтэй холин дундад зууны танин мэдэхүйн сэтгэхүйгээр л хорвоог барж яваа улсууд шүү дээ. Хүмүүсийн лууван идэх, лаа идэх нь маньд падгүй гэж үү? Бид сүргийн амьтад тул нэг л өдөр таны эхнэр, хүүхдийн зүүн тархины эсүүд нь тасарчихсан, лаа идэгчидтэй хамт тууж явах вий. Шилжилтийн үеийн зовлонг нимгэлж, инээлгэж тусалдаг байсан хошин шог одоог хүртэл хэлбэр, агуулга хэвээр хадгалагдаж, нийтээрээ үзсээр, маазарсаар л, даган дуурайсаар л. Уул шугамандаа нийтээрээ л өөрсдийгөө он удаан жил шоолоод байгаа хэрэг шүү дээ. Уул, гол, бөх, морь болгоныг дуу клиптэй болгохын төлөө зүтгэсээр, шүтсээр л. Нийтээрээ хошин шог, урлаг ойлгодог, дэмждэг, урлагийн боловсролтой, соёлжсон улсууд болсоор? Хошин шог, урлаг, гоо зүйн мэдрэмж гэж дээрхээс тэс ондоо зүйл гэдгийг зүүн тархины ажиллагаа сайн урлагийн том зүтгэлтэн хэлсэн нь бий.

Цаг зуурын хөнгөхөн уран зохиол ч зүүн тархийг гундаадаг. Тархиндаа бөөн хогон мэдээлэл чихэх нь зүүн тархийг улам өлсгөнө.

Газар болгонд шахуу “тархиндаа юмтай”, гэмгүй цагаан хүн байдаг даа. Юм ярихад учрыг нь ойлгосон ойлгоогүй маасайтал инээнэ, юу ч юм хараад инээнэ, хүн өөр лүү нь харахад маазраад инээдэг. Сахилгагүй хүүхдүүд, зарим томчууд түүнийг элдвээр хэлж, оролдож, гажиг яриулж, таваа хангаж инээнэ, гарын аясаар хөдөлгөнө. Харамсалтай нь, хөөрхий зайлуул тэр “юмтай” хүний тархины эсүүд сэргэхгүйгээр гэмтсэн эсвэл хатингаршсан байдаг. Түүнд зүүн тархиа ажиллуулах шаардлага байхгүй. Үлгэрлээд, сахилгагүй элдэвлэгчдийг “эрх мэдэлтнүүд” эсвэл “одод”, юмтай хөөрхийг “ард нийт” гэж нэг бодвол? Оюуны өлсгөлөн зарим этгээдэд ашигтай тул дэврээж, тэтгэж болно (!?). Гялгар уутанд ус хийж амыг нь боочихоод ийш тийш гулжгануулж хөдөлгөж тоглохтой агаар нэгэн.

Оюун ухааны хөгжил зогсонги Дауны синдром өвчинг харагдах байдлаар нь монголчуудтай төстэй учир олон улсад “монголойд”, “монгол тэнэгрэл” гэж нэрлэсэн ч олон жилийн өмнө албан ёсоор хэрэглэхгүй байхаар тогтсон. Гэвч баруун тархины байнгын дасгал, зүүн тархины өлсгөлөн эргээд энэ нэршлийг сэргээхээр дэвээ шаваагаа хийчихээд, гуяа алгадаж байна.

Хүний боловсролд төрсөн цагаас нь эхлэн хүмүүжсэн орчин, хүмүүжүүлэгчийн нөлөө чухал үүрэгтэй. Багаасаа баруун тархиа хөгжүүлсээр, баруун тархитнуудын дунд холхиж, үздэгийг нь үзэж, уншдагийг нь уншсаар баруун тархитан болох амархан. Улмаар нийгмийн сэтгэцийг баруун тархитангууд бүрдүүлэх болно. Ингэж төлөвшсөн үеийнхэнд Монголынхоо ирээдүйг цогцлоохоор даатгах уу, та? Хүн унших, үзэхээс гадна бодох, судлах, түүнээсээ оюун дүгнэлт хийх, суралцах, өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай. Эс бөгөөс байгалийн амьтан шинж рүүгээ улам ойртоно. Хүн амын боловсролын түвшин, нийгмийн сэтгэлгээ, тухайн нийгмийн оюун санааны хөгжил, улсын эдийн засгийн хөгжил харилцан хамааралтай.

Хүн тэнэгрэх эрхтэй. Гэвч энэ эрхээ эдлэх эсэх нь таны сонголт!

 

Холбоотой нийтлэл: ОЮУНЫ ЯДУУРАЛ ба ЗАРИМДАГ ШИНЖЛЭХ УХААН

 


avatar
    • Ариунаа
    • 109.172.15.*

    Загатнасан газар маажив гэдэг шиг чухал асуудлыг хөнджээ, баярлалаа.

    • Ганаа
    • 122.201.26.*

    Зөв асуудал хөнджээ

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3261

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%