АЙДСЫГ Л СОНГОХГҮЙ ЮМСАН

Хүний хамгийн сайхан чанар бол ХҮНД ИТГЭХ...

                                                                                  С.Зориг, 1990 он

1990 онд Зориг агсны Оюунчимэг сэтгүүлчид өгсөн ярилцлагыг фээсбүүкээс үзлээ. Хүний хамгийн сайхан чанар юу вэ? гэхэд ХҮНД ИТГЭХ...гэж тэрбээр хариуллаа. Үнэн... Үл итгэлцлээс болж хүмүүс нэг нэгнээ үзэн ядаж, нэгнээ хорлох адын сэтгэлд автаж байдаг. Стэнфордын шоронгийн туршилт гэж алдартай хүний, нийгмийн сэтгэл зүйн туршилт байдаг. Нэгнээ танихгүй оюутнуудын заримыг нь шоронгийн харгалзагч, үлдсэнийг нь шоронгийн хоригдол болгон шоронтой төстэй орчинд оруулж 2 долоо хоног байлгахад нэг нэгнээ үзэн ядаж, дайсагналцаад туршилтыг зогсоохоос өөр аргагүй байдалд хүргэсэн аймшигт туршилтын тухай кино ч байдаг.

Үл итгэлцэл ба Сталинизм

Лениний онолыг практикт буулгахдаа Сталины ойлгосон нэг зүйл бол хүмүүсийг хооронд нь дайсагналцуулж, үл итгэлцлийг дэвэргэж, хиймлээр үүсгэж, бүгдийн эсрэг бүгд гэсэн зарчим дээр түүний дэглэм суурилах тухай юм.

Үүний тулд нийгэмд айдас төрүүлж, дундаас нь дайсан илрүүлж, бусдын итгэлийг хүлээсэн гайгүй хүмүүсийг нь ардын дайснаар тодруулан устгахад хангалттай. Ингэснээр иргэний нийгэм үүсэж, хүмүүс хоорондоо эвлэлдэн нэгдэх, эрх ашгаа хамгаалах, тэмцэх ямар ч боломжгүй болж төрийн аппарат дураараа террор хийх бололцоотой болсон юм.

Зөвлөлт болон Монгол мэтийн социалист орнуудад энэ зарчим эхийн сүүгээр дамжих хэмжээнд очиж, бүгд нэгэндээ үл итгэж, нэгнээ тагнаж, матаж, зөвхөн төр хэмээх эзэн биегүй аппаратад л итгэж, түүнд залбирч явсаар бараг нэгэн зуун болсон.

Хэдийгээр энэ дэглэм унасан ч үл итгэлцэл нийгэмд байсаар л. Нэгнээ сэжиглэх, нэгэндээ дайсагнах, зөвхөн өөрийн гэр бүл хамаатан садандаа л итгэх энэ байдлыг дэвэргэдэг улс төрчид байсаар. Монголчууд яагаад нэгдэж жагсдаггүй, нэгнээ муулдаг, хамтарч чаддаггүй, жалга довны үзэлтэйн учрыг эндээс хайх хэрэгтэй.

Үл итгэлцэл ба Эдийн засаг

Эдийн засагт Нийгмийн капитал гэж ойлголт бий. Энэ нь танихгүй хүмүүс нэг зорилгын төлөө хамтарч ажиллах чадвар юм. Нийгмийн капитал өндөр орнуудад Япон, Герман, АНУ ордог. Тэнд том том корпорациудыг гэр бүлийн биш мэргэжлийн хүмүүс удирдаж, ажилчид нь ашиг сонирхлоо Үйлдвэрчний Эвлэлээрээ дамжуулан хамгаалдаг, хүн бүр мэргэжил сонирхлын бүлгүүдэд хамрагдсан байдаг. Эдийн засгийн хямралын үеэр ажилчид нь цалингүй ажиллах, үнэтэй байсан ч үндэсний үлйдвэрлэлээ дэмжих зэрэг эдийн засгийн хувьд тайлбарлах боломжгүй үзэгдлүүд ажиглагддаг. Харин пост коммунист орнуудад нийгмийн капитал бага. Шалтгааныг би дээр дурьдсан. Ийм орнуудад гэр бүлийн болон төрийн бизнес л явдаг. Судалгаагаар гэр бүлийн бизнес 3 үе л явдаг. Үйлдвэрчний Эвлэл хөгжөөгүй, хүмүүс нь хувь хувиа борлуулна. Ийм орнуудад авилга газар авч, хүмүүс нь гудамжинд зөрөхдөө нэг нэгнээ хардангуй харж, хаалгаа янгинатал цоожилдог. Ийм нийгэмд зөвхөн хүчтэй, тогтвортой төр байж байж энэхүү үл итгэлцлийг сөрсөн бодлого явуулж, шударга хууль нь иргэдийн нэгэндээ итгэх итгэлийг бий болгож чаддаг.

Үл итгэлцэл ба Улс төр

Улс төрчид ард түмнийг өөртөө татах 2 арга л байдаг. Нэг нь итгэл найдвар төрүүлэх, нөгөө нь айдас төрүүлэх. Итгэл найдвар төрүүлэх улс төр хэцүү. Хүмүүсийг нэгэндээ итгэхийг, хамтрахыг ятгах хэцүү. Гэхдээ итгэл найдвараар гарч ирсэн улс төрчид нийгмийг эрүүлжүүлж, нийгмийг урагш ахиулж байдаг.

Харин айдас төрүүлэх амархан. Зурагтаар хөмсөг зангидан, дайсны тухай ярьж, хүмүүсийн итгэлийг хүлээсэн хүмүүсийг нэг нэгээр нь гутаан доромжилж, дайснаар тодруулна. Нийгэмд үл итгэлцэл бий болгож, дэвэргэж, түүгээр өөрийн рэйтингээ хооллох нь түүний ганц стратеги. Хүмүүс сошиалоор, комментоор нэгнээ дайснаар зарлан, түүний зааж өгсөн дайснуудыг хараан зүхэж, нэгнээ матаж, тагнаж чагнаж, залхахдаа түүнийг толгойдоо зална. Бизнест итгэхээ больж бүгдийг төрд авахыг хүснэ.

Улс үндэстэн итгэл найдвараа алдан, хүмүүс Зориг агсны хэлсэн хүний хамгийн сайхан зан чанараа алдаж, эцэст нь төр, түүний аппаратаас өөр хэнд ч итгэхээ больсон үед төрийн террор бий болно.

Энэ бол зөгнөл биш түүхийн бодит сургамж юм. Түүх бидэнд ийм нийгмийг хүчээр тулгаснаас хойш олон жил боллоо. Одоо бидэнд хэн ч юу ч тулгаж чадахгүй. Бид л өөрсдөө итгэл найдвар, айдсын аль нэгийг сонгоно.

Хүний хамгийн сайхан зан чанараа алдахгүй байхсан. Нэгэндээ итгэх итгэлээ алдахгүй юмсан.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 195

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

6%
МАН
33%
АН
59%
Шинэ гуравдагч хүчин
  • 6%
  • 33%
  • 59%