Өнөөдөр Х.Баттулга Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө.  Эрдмийг, хүлцлийг, оюун ухааныг, модерныг, шударга ёсыг үнэт зүйлээ болгож ажиллаж амьдарч ирсэн иргэд, түүн дундаа энэ бүхнийг түүнээс нэгжээд ч олохгүй гэдгийг мэдэж байгаа хэсгийн хувьд төр улсынхаа тэргүүнд тэр бүхнийх нь эсрэг дүр залрахыг харах ямар ичгүүр, эмгэнэл болохыг  ижилхэн мэдэрч байгаа хүн л ойлгоно. Тэд бас хэн нэгнийг эсэргүүцэхдээ биш хүлцэл, хөгжлийг дэмждэг болохоор  олонхийн сонголтыг хүлцэж, хөгжилд хөтлөөсэй гэж хүсч  чадна. Ямар ч гэсэн Х.Баттулга  дэлхий дахин үзэл санаа, риалполитик, эдийн засгийн их өөрчлөлтийг туулж буй нэн эгзэгтэй түүхэн үед улс Монголын төрийн тэргүүний суудалд суулаа.  Ширүүн өрсөлдөөний эринд ёроол нь цоорхой залуургүй банзан завь шиг төөрч, буруу засаглал, булхайтай тэргүүн дахиад нэгийг даахгүй хэмжээнд хүрсэн Монголын тусгаар тогтнолд түүний Ерөнхийлөгчийн засаглал ямар нөлөө үзүүлэхийг шүүхэд эрт байна.  Өнөөдөр бол  маргаашийн төлөө өчигдрийн сонгуулиас авч үлдсэн сургамжаасаа хуваалцъя.

 

Хэн түүхийг бичдэг вэ?

Энэ удаагийн сонгуульд нийт 1,207,787 сонгогч санал өгснөөс Х.Баттулга 611,226 санал буюу 50.61 хувийн саналаар сонгогджээ.  7333 хүн л цагаан хуудас уншуулсан бол өөр зохиол бичигдэх байв.

Дэлхий дахин цөмийн дайнаас ганц кноп дарахын зайтай зөрснийг, ганц үгийн нюанс алдахад хоёр том  хот хүмүүнтэй юутай хээтэйгээ цөмийн бөмбөгт хайлсныг, ганц эр хүний зангараг нутаг усаа хөгжүүлснийг, нэг ээжийн сургаал нэг содыг бүтээж  хүн нэг бүрийн амьдралд эргэлт авчирсныг, нэг учрал нэг хайр нэг шийдвэр нэг сэтгэлээс хүний түүх хурдаа, чиглэлээ өөрчилж ирснийг уншсаар харсаар ирсэн ч энэ удаа л яг миний амьдралд, миний эх оронд, миний нүдэн дээр  миний өөрийн атгасан гарт багтах боломж алдуурахад  хувь заяа эргэхийг өөрийн биеэр гэрчилж үзлээ.  Нэг шийдвэр өөрчлөлт авчирдгийг  мэдэж байсан хэрнээ шийдсэнгүй, шийдэхэд итгэл хамгийн чухлыг мэдэж байсан хэрнээ итгэсэнгүй

Сонгуулийн туршид аль илүү мууг нь эсэргүүцэх, хоёуланг нь дэмжихгүй гэсэн хоёр сонголтыг итгэл ба айдас зааглаж байв. Нэгийг нь сайн эсэргүүцэхгүй бол гарна гэсэн айдас, хоёуланг нь эсэргүүцэж чадна гэсэн итгэл.  Зарим маань ирээдүйд итгэж, зарим нь харин өнгөрснөөс айж.  Харилцан хүлцэх, хэлэлцэх чадвартай үеийнхний хувьд аль нь дээр болохыг үе үе ярилцаж байлаа. Тийн ярилцаж байхдаа л би хувьдаа бидний хэд нь итгэж, хэд нь айж, хэрхэн ажиллахаас сонгуулийн үр дүн хамаарч болохыг төсөөлсөнгүй, дүрдээ бүрэн итгэсэнгүй.  Харин үр дүн гарч дуусахад цагаан сонгуулийг манлайлж ажилласан багын найз Мөнхдөлийн “өөрчлөлт авчрах хүмүүс цаг нь таарахыг хүлээдэггүй юм” гэж хэлсэн үг орой руу орлоо.  Үл итгэл шангаа хүртэв. Сонгууль дахихад  7333 санал л дутжээ.  7333 санал.  Бараг нийт цагаан хуудас 7333 болно гэх нь холгүй байсан үл итгэлдээ нэг харамсах, миний буруу байсанд хоёр баярлах үр дүн байлаа.

Урагшлахад итгэл, ухрахад айдас. Үг хэлнээс мэдсэнээ  үйл явдлаас туршиж мэдэрсэн сонгууль болж өнгөрлөө. Жинхэнэ мэдлэг өвдөлт дагуулдаг.  Өвдөлт дагуулсан сонин тооноос  сургамж авч монголчууд бид шинэ цаг ирж байгаад итгэх, ирэхийг нь хүлээх төдийгүй өөрсдөө манлайлж бий болгох хүч, боломжоо зөв үнэлэх ёстойг санаж үлдэхийн тулд тэмдэглэлээ.  Өөрийн талаас харж бичсэн ч боломж, нөлөөллөө гайхуулах гэж бичсэнгүй. Надад байсан бүхэн чамд ч байсан. Хүн бүрийн гарт бичил медиа, бусдад хүргэх суваг, манлайлах боломж үүссэн энэ цаг үед хүн бүрийн гарт хүрд эргүүлэх боломж байсан.  Би ч, чи ч бүрэн хүчээрээ эргүүлээгүй болохоор түүхийн хүрд өөр бүлгээс төдхөн зай, хагас хуруу дутуу байхад зогссон байнам.

Гэхдээ амьдрал энд дуусахгүй, түүх энд зогсохгүй. Ардчилсан нийгэмд энэ сонголт илүү дээр ирээдүй рүү  хөтлөх эсэхэд нөлөөлөх хүрд  бидний гарт байж л байна.  Миний үг үйлдэл маргаашийн салаа зам дээрх чиний оюунсанаанд нөлөөлнө, чинийх бас надад нөлөөлнө.  Бид итгэх, айх, оролцох, үл оролцохын сонголтыг өдөр тутам хийж, нэг нэгнийхээ хувь заяаг, нийлээд тусгаар тогтносон Монгол Улс хэмээх номын дараагийн бүлгийг бичнэ. Түүхийг би, бас чи бичдэг юм байна, түүх миний бас чиний гарт байдаг юм байна.

Сонгууль дууссан ч энэ тэмдэглэлээ зориуд пролог гэлээ.  Үүнийг уншаад дуусахад л чиний бичилцэх түүх дөнгөж эхэлж байна.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 1145

Таны амьдрал дажгүй юу?

54%
Дажгүй шүү.
27%
За яахав дээ, болгож л байна.
6%
Дажгүй гэхэд хэцүү биш гэхэд хэцүү 0 цэг дээр.
12%
Хэрэг алга.
  • 54%
  • 27%
  • 6%
  • 12%