ТӨР БОЛ ХУУЛЬ

Еврейчүүд хүчирхэг үндэстэн. Тэд мянга мянган жилээр дэлхийн үндэстнүүдийн дунд тархан суурьшсан ч өөрийн онцлогоо хадгалсаар ирсэн. Учир нь тэд хуультай. Түүнийгээ мөрддөг. Еврейн шашны судар “Тора” хэмээх номонд Бурханаас хүмүүст зориулан дагахыг даалгасан арван хуулийг өгүүлдэг. ТОРА хэмээх нь өөрөө ХУУЛЬ гэсэн утгатай үг.

Орос хэлэнд эзэрхэх гэсэн утгатай “Власть” гэдэг үгээр төрийг илэрхийлдэг. Англи хэлэнд төрийг хүч гэсэн утгатай “Power” гэдэг үгээр илэрхийлдэг. Харин Монгол хэлний “ТӨР (ТӨРҮ)” хэмээх үг нь ХУУЛЬ гэсэн утгатай. Төв Азийн Түрэг угсааны үндэстнүүдийн хэлэнд “Төр” хэмээх үг энэ л утгаараа хэрэглэгдсээр байдаг аж.

Хэл бол үндэстний түүх, сэтгэлгээний тусгал. Тэгэхээр монгол хэлээр ТӨР БОЛ ХУУЛЬ. Монгол сэтгэлгээгээр бол хуулийг мөрдүүлэх нь төр баригчийн үндсэн үүрэг. Монгол хэлний “Төр” хэмээх үгний язгуур нь “эрх мэдэл”, “хүч” биш. Тиймээс төр баригч байгууллага хуулийг дагахгүй, дагуулахгүй бол эрх мэдэлтэй, хүчтэй байлаа ч тэр бол Төр биш. Тийм байгууллагыг монгол хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй. Яснаасаа. Язгуураасаа. Түүхээсээ.

Еврейн шашны судар “Тора” дахь хуулиудыг зохиодоггүй. Засварлан өөрчилдөггүй. Тора-г Бурханы хууль гэж үздэг учраас мянга мянган жилээр хөдөлгөөнгүй мөрдөж ирсэн. Бурхан хэмээх үгэнд дургүй нэгэнд “байгалийн”, “жам ёсны”, “хүн ёсны”, “заяагдмал”, “мөнхийн” хэмээх үгээр илэрхийлж болно. Еврейчүүд ээлжлэн солигдох сүм хийдийн удирдагчдынхаа зохиосон дүрмийг дагадаггүй. Тэд Тора дахь хуулиудыг л дагадаг.  Тэдгээрийг дагахад бусад хуулиуд мөрдөгдөнө. Бусад бүх хууль “Бурханы”, “байгалийн”, “жам ёсны”, “хүн ёсны”, “заяагдмал байдлын” эсрэг байх ёсгүй, байж чадахгүй гэж тэд итгэдэг ба эсрэг байвал хүлээж авдаггүй. Тиймээс тэр үндэстэн дархлаатай хүчирхэг оршисоор ирсэн. Тийм болохоороо л тэд бусдын дургүйг хүргэж ямагт ад үзэгдэж ирсэн.

Монгол үндэстэн бол Хүн гүрэн, Хөх Түрэг, Хөх Монгол зэрэг өмнөх үеийн залгамж. Монгол сэтгэлгээ бол мянга мянган жилийн өвөг дээдсийн үзэж туулсан түүхийн тусгал. Мянган жилийн туршид хадгалагдаж ирсэн хөдлөшгүй чанар, үнэт зүйлс бидэнд бий. Тэдгээр үнэт зүйлс бол монголчуудын “заяагдмал хууль”, ёс заншил, хүн чанарт шингэсэн ТӨР мөн. Түүнийг дагах, дагуулахыг ТӨР БАРИХ гэнэ. Тэдгээрт нийцсэн хуулийг л монгол хүн сэтгэлээсээ дагана. Тэдгээрт нийцээгүй, жам ёсны биш, хүн ёсны биш, хэсэг бүлэглэлд, намд зориулан зохиосон хуулиудыг монгол хүн дагахгүй. Яснаасаа.  Язгуураасаа. Түүхээсээ.

Архангай аймгийн Хашаат суманд байдаг Хөх Түрэгийн их жанжин Культегины бичээс бүхий хөшөөнд “...тэднийг нэгтгэн Эл байгуулж, Төр тогтоов...” гэсэн өгүүлбэр бий. Төр үгүй бол Улс үгүй гэсэн санаа. “Алд бие минь алжааваас алжаатугай, ахуй Төр минь бүү алдартугай. Бүтэн бие минь зовбоос зовтугай, бүрэн Улс минь бүү сандартугай” хэмээх Хөх Монголын хаан Чингисийн үг нь Хөх Түрэгийн өвгөдөөс уламжилж ирсэн төр ба улсын тухай “дээд” ойлголт байж. Энэ өв өнөөдрийн монгол хүнд ч бий.

Монголын хууль гурав хоног биш. Мянган жилийн настай. Монголчуудын эртнээс нааш үнэлж ирсэн хүн чанар, зан заншил одоо ч байсаар байна. Их Хуралд суудал авсан хэн нэгний зохиосон хууль журам нь Монголчуудын мянган жилийн туршид дагаж ирсэн Төрд нийцэхгүй бол хүмүүс дагахгүй байх нь зүй ёсны шалтгаан. Нөгөө шалтгаан нь бол төрийн эрхийг авчихаад Төр хэмээх хуулийг дагадаггүй, дагуулдаггүй хүмүүсийн хар балаг нийгмийн сэтгэхгүйд сөргөөр нөлөөлснөөр хүмүүс хуулийг үл тооход хүргэдэг. Гэхдээ эрхэм дээд заяaгдмал хууль буюу Төрийн дагуу журамтай амьдрах чимээгүй хүсэл хэдэн мянган жилийн түүхээр бүрэлдсэн монгол сэтгэлгээтэй монгол хүний дотор байсаар байгаа. Тийм төрийг хүсэмжилсээр байгаа. Тийм төрийг барьж чадах хүмүүсийг хүлээсээр байгаа.


avatar
    • Saina
    • 27.123.214.*

    Unen shuu. Tiimdee ch turiin mine suld urshuu gej zalbirdag ard tumen

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 1352

Таны амьдрал дажгүй юу?

53%
Дажгүй шүү.
28%
За яахав дээ, болгож л байна.
6%
Дажгүй гэхэд хэцүү биш гэхэд хэцүү 0 цэг дээр.
11%
Хэрэг алга.
  • 53%
  • 28%
  • 6%
  • 11%