Нийтлэл 09 сарын 08, 2017

СОЁЛТОЙ УЛААНБААТАР: Завгүй амьдралын цэнэг UB Reboot

Бидний амьдардаг хот өдрөөс өдөрт өөрчлөгдсөөр байгааг анзаардаг уу? Урьдын танил Улаанбаатар хотыг бид удахгүй огт өөрөөр ч харж мэднэ. Утаатай л гэнэ, бохирдолтой л гэнэ, стресстэй л гэнэ... Гэхдээ энэ бүх шүүмжлэл, гоочлолоо түр мартаад арай өөр өнцгөөс нь ажвал дэлхийн аль ч өндөр хөгжилтэй хотуудад харж, үзэж болох шинэлэг үйлчилгээ, өвөрмөц соёл бидний хотод өдөр тутам үүсч хөгжсөөр байна. Улаанбаатар хотын хаана, ямар шинэ үйлчилгээ нээгдэж, хотын соёл хаашаа чиглэж байгааг дурандах "СОЁЛТОЙ УЛААНБААТАР” буландаа цэвэр эко смүүдиний “UB REBOOT”-ыг онцолж байна. Хүүхдийн 100-д байрлалтай “UB REBOOT”-ын хаалгаар хамтдаа орцгооё! 

Смүүдид дуртай, эрүүл хооллолт, амьдралын зөв хэв маягийг эрхэмлэдэг хүмүүсийн зориод очих газар нэгээр нэмэгджээ. Органик, цэвэр жимс, хүнсний ногоог ашиглан смүүди бэлтгэж үйлчилж байгаа нь Улаанбаатарчуудынхаа эрүүл мэндэд оруулж буй томоос том хувь нэмэр билээ. Үүдээр нь яваад ороход л тайван, тохилог орчинтой, нүд туссан газар бүрт жимс, самар, хүнсний ногоо бас тэдгээрийн ашиг тусыг өгүүлсэн самбар, эрүүл амьдрах хэрэгтэйг ухуулсан, зоригжуулах үгс угтсан.

UB REBOOT Онцлох 5 зүйл

ТҮҮХИЙ ОРЦТОЙ

Эндхийн смүүдид нэг онцлог бий. Тэр нь орцод орж буй бүтээгдэхүүнүүд бүгд түүхий. Түүхий гэдэг нь цэвэр, байгалиараа гэсэн санаатай. Гэхдээ малын гаралтай бүтээгдэхүүн огт хэрэглэдэггүй аж. Учир нь малын гаралтай хүнсийг шингээх гэж хүний бие маш их эрч энергийг зарцуулдаг. Тиймээс сүүдид коконат ус, сүү болон самрын сүүг ашиглагддаг байна.

БАЙГАЛЬТАЙ ОЙРХОН

Эрт дээр үед хүмүүс байгалиасаа шууд жимс, ногоогоо түүж иддэг байсан нь өнөөгийнх шиг элдэв олон төрлийн өвчин үүсдэггүй байж. Гэтэл хүмүүс хөгжлөө дагаад хоолоо чанаж, болгож, бүр сүүлдээ химийн нарийн боловсруулалтад оруулах болсноор өөрсдийгөө тодорхой хэмжээнд хордуулж эхэлжээ. “UB REBOOT” шиг үйлчилгээ бий болсноор эргээд байгалиасаа хүнсээ бэлтгэх боломж бидэнд гарч байна.

ХОРДЛОГО ТАЙЛНА

Эрүүл амьдрахын тулд жин хасах нь чухал. Гэхдээ түүнээс ч чухал зүйл байдаг нь биеийн хордлого тайлах юм. Чанаргүй хоол хүнс, агаарын бохирдол, хорт зуршил, стресс бухимдал зэрэг өнөөгийн амьдралын хэв маягаас болж бидний арьс, ходоод, элэг, уушги, гэдэс, бөөр гээд олон эрхтэнд хорт бодис хуримтлагдаж өвчин үүсгэхээс гадна, амьдралын идэвхийг бууруулдаг. Харин смүүдигээр тэр бүх хордлогыг тайлж болдог ажээ. “UB REBOOT”-ын 10 хоногийн хөтөлбөрт хамрагдаж эрүүл мэнд, гоо сайхнаа эргүүлэн авах боломжтой.

ХООЛЫГ ОРЛОНО

Махнаас уураг, сүүнээс кальци гэх мэт өдөрт шаардлагатай эрдэс бодис, амин дэмүүдээ авах гэж л бид хооллодог. Нэг удаагийн порцноос тухайн өдөрт шаардлагатай тэжээлт бодисуудаа бүрэн авч чадах учраас эдгээр смүүди хоолыг орлодог. Тиймээс өлсөхгүй л бол хоол хэрэггүй.

ЭРҮҮЛ МЭНД, ГОО САЙХНЫГ ЗЭРЭГ ӨГНӨ

UB REBOOT-ын смүүди ямар ашиг тустай гээч? #арьс цайж, өнгө засарна, #хэлний өнгөр арилна, #хаван хөөнө, #нүдний бүлцэн арилна, #үс, хумс эрүүлжиж бэхжинэ, #ходоод гэдэс, элэг цөс, нойр булчирхайн үйл ажиллагаа сайжирна, #дотоод шүүрлийн үйл ажиллагаа тогтворжино, #гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирна, #жин хасна, #нойргүйдлээс ангижирна, #дархлаа нэмэгдэнэ, #ой санамж сайжирна.

СМҮҮДИ АМТАЛЦГААЯ!

UB REBOOT-д биеийн онцлог, эрүүл мэндийн байдлаасаа хамаарч сонгож болох олон төрлийн смүүди бий. Тэдгээрээс тавыг сонгож амталж үзлээ.

1. Өтгөн хаталтын эсрэг смүүди

Гол орц: бууцай, гүзээлзгэнэ, киви

СУР: Мммм.... Сэрүүн бага зэрэг сэнгэнэсэн амттай юм. Зутан шөл шиг л санагдахаар юм билээ. Чихэрлэг амт багатай учир хоолны оронд хэрэглэвэл яг тохиромжтой.

2. Дархлаа дэмжих смүүди

Гол орц: бууцай, гүзээлзгэнэ, жүрж

СУР: Нялуун биш ч чихэрлэг амттай. Бие сэргэм энэ амтыг дахин дахин амталмаар. Дархлаагаа иймэрхүү аргаар дэмжээд байвал хүн болгон эрүүл саруул байна шүү дээ. Хоолойгоор минь урсаж ороод л шууд нүд сэргэж, бушуухан босож гүйгээд хэн нэгэнд хэлж чаддаггүй үгээ хэлмээр санагдтал амтагдсан гээд л бод.

3. Эрч хүч сэргээх смүүди

Гол орц: гадил, бууцай, усан үзэм, гүзээлзгэнэ

СУР: Их өег амттай. Өлссөн үедээ уусан ч шууд л цадмаар. Маш том зөөлөн бамбаруушийг “ууж” байгаа юм шиг л зөөлөн, "хөвсгөр" мэдрэмж төрүүлнэ. Бага зэрэг нойрмог явж байсан биеийг минь харин ч нэг сэргээж өгсөн шүү. Хүнд бэлтгэл, ачаалалтай ажлын үедээ ууж байвал үнэхээр тохиромжтой.

4. Зүрхний үйл ажиллагааг дэмжих смүүди

Гол орц: бууцай, алим, авакода, хүрэн манжин

Сур: Уух тусам улам өвөрмөц амттай. Улаан манжин, авакодатай учраас л тэр байх. Хүрэн манжингийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг юу ч үл гүйцнэ.

5. Ургийн өсөлтийг дэмжих смүүди

Гол орц: бууцай, коконат ус, гадил, лууван, хан боргоцой, авакода

СУР: Бусдаасаа илүү өтгөн юм. Бас самар илүү амтагдаж байгаа болохоор маш тэжээллэг санагдаж байна. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө гэдэг шүү дээ. Өөрийгөө болоод хэвлийд бойжиж буй энхрий үрдээ хамгийн сайныг амтлуулахыг хүсвэл энэхүү смүүдиг өдөр бүр ууж байгаарай. Яагаад гэж асуумаар байна уу? Зүгээр нэг удаа амсаад үз. Хариултыг нь та "хоёр" маш сайн ойлгох болно.

Цагийн хуваарь: Өдөр бүр 08.00-20.00 цаг

Дундаж үнэ: 7500-9900 төгрөг

Онцлох зүйл: 10 хоногийн хор гадагшлуулах хөтөлбөртэй

Фейсбүүк хуудас: UB Reboot

Салбар: Хүүхдийн 100(Dior дэлгүүрийн хажууд), e-mart 

Төгсгөлд нь хэлэхэд алдарт "Victoriа's secret" шоуны үзэсгэлэнт бүсгүйчүүдийн гайхалтай сайхан эрүүл биеийн нууц юунд оршдог гэдгийг судлаад үзэхнээ нэгдүгээрт эрүүл хооллолт, тэр дундаа өглөө бүр амтат смүүдигээр биеэ эрүүлжүүлж, арьсаа толигор болгодог юм билээ. Харин хоёрдугаарт бол мэдээж дасгал хөдөлгөөн, амралт байдаг гэсэн шүү. Уугаад эрүүлжээд, гоо үзэсгэлэнгээ улам нэмэгдүүлээрэй... 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon