Иргэд шинэ Засгийн газраас юу хүлээж байна вэ?

Шинэчлэлийн хэмээх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцрох  үеэр улс төр болоод нийгэмд шийдвэрлэх ёстой олон чухал асуудлууд шийдлээ хүлээж байна. Гэтэл Дараагийн Засгийн газрыг 30 хоногийн дотор байгуулах хуулийн зохицуулалттай бөгөөд тэр болтол Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд үүрэг гүйцэтгэгчээр ажиллана. Тэгвэл ард иргэд Засгийн газар огцорсон тухай зөв, буруу хэмээн хэлэлцэж суух хугацаа байхгүй, бидний сонголтыг төр засаг хүндэтгэх хэрэгтэй хэмээн хүсч байлаа. Ингээд ард иргэд шинэ Засгийн газраас юу хүлээж буйг тодрууллаа.

Х.Баяраа: Шинэ Засгийн газраас үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж дотооддоо бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг хамгийн түрүүнд хангаж өгөөч гэж хүсэх байна. Ажлын байртай, эрүүл саруул, аюулгүй амьдармаар байна.

Г.Жамяаншарав: 2018 онд тэтгэвэр нэмнэ хэмээн баярлаж суутал Засгийн газар нь уначихлаа. Одоо тэгээд шинэ Засгийн газар гарч ирээд энэ асуудлыг дахиж хэлэлцээд нэмэхээр бол сайхан л байна. Ц.Нямдорж Ерөнхий сайд болох байх.

Г.Төрболд: Шинэ Засгийн газар байгуулагдаад хамгийн түрүүнд тэтгэвэрийн нас нэмэх асуудлыг болиулаасай гэж хүсэж байна. Амьдрал ийм тарчиг, ийм ачаалалтай ажиллаж байхад тэтгэвэрт гарч амжихгүй ч байж мэдэхээр байна шүү дээ. Мөн залуу боловсон хүчнээ дэмждэг засгийн газар байгуулагдаасай. Ингэхийн тулд улс төрд бугшсан тэр архаг хүмүүсийг халж шинэ залуу боловсон хүчнээр багаа бүрдүүлж гарч ирэх юм бол өөрчлөлт шинэчлэлийг бий болгож чадах байх. Ерөнхий сайдаар Ц.Нямдорж байвал зүгээр.

Ц.Энхтуяа: Ер нь аль ч Засгийн газрын ажил маш удаан болхи явагддаг байсан гэж би хувьдаа боддог. Одоо харин энэ шинээр байгуулагдах Засгийн газраас дүүрэг, хороодуудын асуудлыг цэгцэлж, иргэдийн амьжиргаанд тус нэмэр болдог иргэдээ сонсдог байгаасай л гэж хүсэх байна. Шинэ Засгийн газраа байгуулахдаа анхнаасаа сайд гишүүд нараа зөв томилоосой. Хэрвээ яг тохирсон хүнээ сонгож томилж чадвал тэр хүмүүс өөрсдийн хийх ажлаа сайн хийх байх. Миний бодлоор Шинэ Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилогдвол их зүйл хийх байх.

Х.Мөнгөнтуяа: Шударга Засгийн газар байгуулагдаж ард түмэндээ ойр байгаасай л гэж хүсэж байна. Ард иргэдийнхээ сонголтыг хүндэтгэдэг иргэддээ ойр байвал тэгээд л болоо доо. Мөн төр засгийн зүгээс бидний эрүүл мэнд, ажиллаж хөдөлмөрлөх эрх чөлөөг л олгож байвал иргэд бид өөр юу хүлээх билээ. Хүсдэгээ л хүснэ цалин нэмээчээ, бараа бүтээгдэхүүний үнээ бууруулаач, үндэсний үйлдвэрлэлээ дэмжээч л гэж хүснэ дээ.

Л.Мөнхсайхан: Засгийн газрын гол үүрэг ард иргэдийн сайн сайхан, улс орны хөгжил цэцэглэлтэд анхаарлаа хандуулж байх ёстой гэж би ойлгодог. Энэ үндсэн үүргээ биелүүлж шударга байгаасай л гэж хүсэж байна. Үр хойч маань уух устай, идэх хоолтой амьдрах нь засгийн газраас шууд хамааралтай гэж ойлгож байгаа тиймээс байгалийн баялагаа бага сүйтгээсэй. Шинэ Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх сонгогдох магадлал өндөр шүү. 

 

Н.Ядамсүрэн: Байгалийн баялагаа хэдхэн гэр бүл хувааж идээд байхааргүй ажлаа мэддэг, ард иргэдийнхээ амьдрал ахуйд анхаарал хандуулдаг Засгийн газар байгуулагдаасай. Ө.Энхтүвшин өөрөө санал гаргасан байна лээ. Энэ мэт зүтгэлтэй итгэлтэй хүмүүс дээр болов уу. 

Г.Гангмөрөн: Бид татвараа төлөөд биднийг удирдах бүрэн эрхийг олгоод байхад итгэл даахгүй улс төрчид олон байна. Тэднийг л эгнээнээсээ гаргаж, мэдлэгтэй боловсролтой, хариуцлагатай баг бүрдүүлэн ажиллах Засгийн газрыг л хүлээж байна. Ерөнхий сайдаар С.Бямбацогтыг дэвшүүлбэл дэмжинэ. 

Р.Орхон: Нийгэмд юу болохгүй байна иргэд юу хүсэж байна гэдгээ анзаардаг шударга Засгийн газрыг хүлээж байна. Хууль хяналт, гааль татвар гээд чангатгах, өөрчлөлт оруулмаар салбар олон байна. Ядаж л тэр боловсролын байгууллагын асуудлыг шийдвэрлээд шийдээд өгөх л Засгийн газар хэрэгтэй бана. Ерөнхий сайдаар уг нь У.Хүрэлсүх их бодлого, төлөвлөлт сайтай юм болов уу гэж харж байна.

 

М.Гаваа: Мөнгөтэй хөрөнгөтэйг нь сонгож, иргэд өөрсдөө сонголтоо худалддаг муухай зангаа хаямаар байгаа юм. Өөрсдийн хийсэн сонголтоо эргээд гоочилсоор одоо унагачихлаа. Одоо сэтгэлтэй, боловсролтой, шударга ил тод Засгийн газар байгуулагдана гэдэгт л итгэж байна. 

Б.Номин: Өмнөх Засгийн газрын ажлыг дараагийнх  үргэлжлүүлэх нь цаг хугацааны хувьд маш давчуу хийж амжихгүй ч байж мэднэ. Өмнөх Засгийн газрын гайгүй төлөвлөсөн ажлууд харагдаж л байсан тэдгээр ажлуудыг үгүйсгэлгүй, нэмээд олонд хүртээмжтэй ажлыг зохион байгуулж ажиллаасай гэж хүсэх байна. Ерөнхий сайдаар хэнийг томилохоо өөрсдөө шийдэх биз дээ. 

Э.Нарандулам: Шинэ Ерөнхий сайдаар хэт намчирхдаггүй шударга, иргэдээ сонсдог, гадаадын орнуудад Монгол улсыг таниулж, хөгжүүлж чадах мэдлэг боловсролтой, залуу хүн байвал зүгээр. Шинэ Засгийн газар гишүүдээ зөв сонгож, яам тамгын газрын дарга нараа зөв томилоод ажил үүргээ цаг тухайд нь ил тод явуулахыг чухалчлах хэрэгтэй.  

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4676

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%