Нийтлэл 09 сарын 27, 2017

Шинэ Засгийн газраас бид юу хүлээж болох вэ?

Энэ сарын 7-нд хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан. Хуралдаанд оролцсон 73 гишүүний 42 нь буюу 57.7 хувь нь Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн билээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Б.Наранхүү нар хуралдаа ирээгүй. МАН-ын бүлгээс Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 31 гишүүн дээр С.Батболд, Ч.Улаан нар нэмэгдэж, АН-ын бүлгийн найман гишүүн, бие даагч С.Жавхлан нар огцруулах санал өгсөн. Засгийн газрыг 30 хоногийн дотор байгуулах хуулийн зохицуулалттай бөгөөд шинэ Засгийн газар бүрдтэл Мэргэжлийн Засгийн газар үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа билээ. Харин энэ сарын 25-нд МАН-ын Бага хурал хаалттай хуралдаж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон. Хуралдаанд 309 гишүүн оролцож нэр дэвшигч У.Хүрэлсүх 63.9 хувийн санал авсан бол нэр дэвшигч Ө.Энхтүвшин 34.4 хувь, Н.Энхболд 1.7 хувийн санал авчээ. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг томилох асуудлыг УИХ-ын чуулганаар эцэслэн шийдвэрлэнэ.

Ингээд УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрыг огцруулах санал өгсөн гишүүд ямар байр суурь баримталж эсрэг кноп дарж байсныг эргэн сануулж байна. Мөн шинээр байгуулагдах Засгийн газраас бид юу хүлээж болохыг эндээс харж болно. 

1. Ц.Нямдорж: Монголын ирээдүйн төлөө ийм алхам хийсэн

Д.Лүндээжанцан бид хоёр УИХ-д 25 жил болсон. Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан алхам 25 жилийн хугацаанд хийсэн хамгийн хүнд алхам байлаа. Энэ Засгийн газарт миний журмын нөхөд, дүү нар ажиллаж байгаа. Гэхдээ би Монголын ард түмний ирээдүйн төлөө энэ хэцүү алхамыг хийсэн юм. Би анх Засгийн газрыг байгуулагдаж байхад “Дэргэдээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгээ битгий мартаарай” гэж хэлж байсан. “Эрдэнэт”-тэй холбоотойгоор УИХ-аас гаргасан тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлээгүй учраас би Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан. Хууль шүүхийн хүчийг ашигладаг байдал газар авсан. Одоо бүр нэг нууц хурал хийгээд нэг хүнийг харьж цагддаг болох нь. АН, МАН хоёр байр байрандаа л байх хэрэгтэй. Түүнээс биш бие биенийхээ хулгайг нууж болохгүй.

2. Ч.Хүрэлбаатар: Бид бие биенийхээ дал мөрийг алгадаад найзан дундаа яваад байх уу

Ард түмнийхээ итгэлийг алдсан нам сонгуульд ялагддаг. 2016 оны сонгуулиар бидэнд асар их итгэж биднийг сонгосон. Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогчидтойгоо уулзахад тэр их итгэл алга болсон байна. Ялсан намын нүүр болж явдаг Засгийн газарт алдаа байна. Өнөөдөр гаргасан гаргасан шийдвэрээ маргааш цуцалдаг байдал хавтгарсан. Энэ бол судалгаа шинжилгээ муутайгаар асуудалд хандаж байгаагийн илэрхийлэл. Гаргасан шийдвэртээ итгэхгүй байгаа Засгийн газарт хэн итгэх юм бэ. Хөрөнгө оруулагчид итгэх үү. Энэ Засгийн газар ард түмний төлөө биш сайд, дарга нарынхаа төлөө зүтгэсэн. Концесс анх яриахад дөрвөн концесс байгаа гэж хариулсан. Маргааш нь долоо болж хувирсан. Хувийн хэвшлийнхэн бидэнд “Сайд, дарга нарын компани л ажил авдаг юм байна” гэх боллоо. Гашуун боловч энэ үнэн. Төрийн ажлыг ингэж хийж болохгүй. Ийм байхад бид бие биенийхээ дал мөрийг алгадаад найзан дундаа яваад байх уу. Ингээд явж болох л байх. Харин ард түмэн бидний мөрөн дээр алгадах уу, үгүй. Хоёр хөлийг минь хавсараад унагана.

3. Т.Аюурсайхан: Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нараас илүү надад намаа гэсэн итгэл байна

Ерөнхий сайд танхимынхаа гишүүдэд концессын гэрээ олгосон. Энэ нь бүлгээс байгуулсан ажлын хэсгийн шалгалтаар тодорхой болсон. Мөн Засгийн газар татвар, нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн насыг нэмсэн. Мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажилласан Засгийн газрыг хамгаалах шалтгаан байхгүй. Мөн Тавантолгойн ордын 49 хувийг БНХАУ-ын компанид 400-хан сая ам.доллараар өгөх саналыг бүлэгт танилцуулж байсан. Итгэхдээ УИХ-аар оруулахгүйгээр Засгийн газар дангаараа шийдэхээр төлөвлөсөн байсныг санаж байгаа байх. Надад Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбатаас илүү намаа гэх сэтгэл бий. Хамтдаа зүтгэж хамтдаа жагсч байхдаа хэлсэн бүх зүйлээсээ ухарсан. Тогтвортой байдал гэж их ярьж байна. Энэ бол бодлогын тогтвортой байдлын тухай асуудал. Түүнээс биш Засгийн газрын бүрэлдэхүүний тогтвортой байдал биш.

4. Л.Элдэв-Очир: Одоо бид тойрогтоо очих нүүргүй боллоо

Энэ асуудлыг өөрөөр шийдэж болох байсан юм. Гэтэл хамгийн муу хувилбараар нь шийдэж байна. Намын дарга, Засгийн газарт үнэхээр харамсч байна. Би анх Т.Аюурсайхан гишүүнтэй яахаараа Засгийн газрыг огцруулах тухай ярьдаг юм гээд маргаж байсан. Гэтэл түүний зөв байж. Одоо бид тойрогтоо очих нүүргүй боллоо. Өмнөх дөрвөн жилд эрх барьсан хүмүүст хариуцлага тооцно гэж гарч ирсэн. Түүнээс хойш хэнд ч хариуцлага тооцсонгүй. Харин өнөөдөр нэг нууц хуралдаан хийгээд нууцын зэрэглэлтэй асуудлыг хэлүүлээд л авч байна шүү дээ. Болохгүй байгаа зүйлээ одоо л засч авахгүй улам оройтно. Ард түмний нэрийг барьж их ярьж байна. Ард түмэн бас хоёр хуваагдчихаад байна.

5. Л.Оюун-Эрдэнэ: Монгол төрийн бодлого төрийн ордонд биш хувийн компанийн өрөөнд шийдэгдэж байна

Засгийн газартай бүхэлд нь хариуцлага ярьж байгаа юм биш. Аялал жуулчлалын салбарт Д.Оюунхорол гишүүнтэй хамтарч ажиллаж байгаа. Мөн Б.Чойжилсүрэн гишүүн идэвхи зүтгэл гаргаж ажилласан. Асуудал юундаа байна вэ гэхээр шударга бус  байдал 65 бүлэгтэй хүчирхэг олонхи бий болсон ч гэсэн байсаар байгаад байна. Төрийн бодлого аль нэг аж ахуйн нэгжийн байранд яригдаж байгаад харамсч байна. Тиймээс би Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан. Анхдугаар чуулганаар УИХ-ын даргыг томилоход намын дарга Засгийн газрын тэргүүн болж ажиллах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж эсрэг санал өгч байсан.

6. Б.Пүрэвдорж: Ард түмний намд итгэх итгэлийг бид сэргээх ёстой

2012-2016 онд Ардчилсан нам засаг барьсан. Манай намын хийсэн бүтээн байгуулалтад иргэд сайшаалттай ханддаг. Харин лидерүүдийн толхилцооноос болж бид  үр дүнгээ хүртээд сууж байна. Энэ парламентад 41 шинэ гишүүн  байгаа. Бид сайндаа гараагүй. Өнгөрсөн дөрвөн жилд танай нам сөрөг хүчин байхдаа алдааг хэлж байснаас үүдэлтэй юм. Шинэ гишүүд хэт их биеэ тоож байна. Зарим гишүүн сонгогчидтойгоо уулзахдаа “Чамайг хэн сонго гэсэн юм” гэж байхад нөгөө нэг нь өөрийнхөө жаазтай зургийг бэлэглэж байна. Ингэж биеэ тоож болохгүй. Тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн. Өргүй байна гэчихээд нэг тэрбум ам.доллар гаруйгаар өрөө нэмэгдүүлчихлээ. Бид нэг ам.доллар 1900 гаруй төгрөг байхад засгийн эрх хүлээлгэж өгсөн. Ард түмэн Засгийн газрын хийсэн ажилд эгдүүцэж байгаа. Тиймээс шударга ёсыг шаардаж байна. Ард түмний намд итгэх итгэлийг бид сэргээх ёстой шүү.

7. С.Эрдэнэ: Хасах өсөлттэй байсан эдийн засгийг нэмэх 5.3 хувьд хүргэсэн гэж зарим гишүүн барим тавим худлаа ярьж байна

Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар чуулган хуралдаж байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг сайн ажилласан гэж зарим гишүүн хэлж байгаа. Гэхдээ бодит байдлаа харах ёстой. Хасах өсөлттэй байсан эдийн засгийг нэмэх 5.3 хувьд хүргэсэн гэж зарим гишүүн барим тавим худлаа ярьж байгаа. Бодит тоо баримт цаасан дээр буусан. Энэ Засгийн газрын үндэслэл бол нэг намынх учраас тэгсэн үү хамгийн зөөлнийг нь сонгож тавьсан байна лээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ Засгийн газарт гялайх ганц тоо нь эдийн засгийг 5.3 хувьд хүргэсэн гэж байгаа. Гэхдээ энэ бодитой тоо биш. Нүүрсний үнийг Засгийн газар сайндаа өсгөөгүй. Нэг жилийн өмнө Монгол Улсын нийт өр 22.5 тэрбум ам.доллар байсан бол одоо 1.4 тэрбум ам.доллараар нэмэгдсэн. Инфляци хоёр хувиар өссөн. Валютын ханш өсч, төгрөгийн ханш 20 орчим хувиар суларчээ. Гадаа валютын нөөц буурсан байна. Чанаргүй зээл өсч, макро эдийн засгийн үзүүлэлтүүд муу гарсан. Би хэн нэгнийг гүтгэж муулаагүй, өнөөдрийн эдийн засгийн бодит дүр зургийг тоон үзүүлэлтээр хэллээ.

8. М.Оюунчимэг: Шударга ёс, хариуцлагын талд би гарын үсэг зурсан шүү

Бид хасах заалттай байсан эдийн засгийг хүлээж авсан нь үнэн. Тиймээс би Засгийн газрыг дэмжиж, гараа өргөж ирсэн. Гэтэл шийдсэн зүйлээ болиод эргэж буцсан байдал даамжирсан. Шударга ёс, хариуцлагын талд би гарын үсэг зурсан шүү. Тогтвортой байдал хариуцлага дээр тогтдог. Төр бизнест дэндүү оролцож байна гэж хөрөнгө оруулагчид хэлж байна. Бид шүүмжлэлтэй хандах цаг болсон. Тойрогтоо ажиллаж байхад асуудал хэвээрээ байна. Сургууль, цэцэрлэгийн асуудал цэгцрээгүй, хүрэлцээгүй байна. Зориулалтын дагуу зарцуулах ёстой зээл хүндээ эзэндээ хүрэхгүй олон жил болж байгаа. Одоо бүгдээрээ иргэдээ бодъё, мафижсан бүлэглэлээ болъё.

9. Н.Учрал: Зөв зүйлд зөөлөн, буруу зүйлд хатуу хандана

Ард түмэнд хамгийн хэрэгтэй ажлыг жагсааж, эхлүүлэх ёстой. Өмнө нь концессын гэрээ хийхгүй гэж хэлчхээд найман гэрээ хийсэнд би гомдоод байна. Ерөнхий боловсролын сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Иргэдтэй уулзахаар сургууль, цэцэрлэгийн асуудлыг хөндөөд байх юм. Тав арван төгрөг хармалаж байгаа мөртлөө 807 тэрбум төгрөгийн концессын гэрээ хийчихсэн. Гарын үсэг зурсны төлөө хаа хамаагүй 60 тэрбумын асуудлаар АТГ дууддаг. Өнөөдөр МАН-ын мянга мянган гишүүд дэмжигчид зурагтаар харж байгаа. Бид хэлэх ёстой. Зөв зүйлд зөөлөн, буруу зүйлд хатуу хандана.

10.  Д.Эрдэнэбат: Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй

Ер нь их юм болж байна даа. Хайран Монголын төр, хайран итгэл. Өөрөө унасан хүүхэд унадаггүй гэж үг бий. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад одоо миний сууж байгаа суудал дээр танай намын бүлгийн дарга С.Бямбацогт "Засгийн газраа олонхи өөрсдөө унагадаг юм" гэж хэлж байсан. Өнөөдөр олонхи өөрсдөө засгаа унагах гэж байна. Үүнээс өмнөх бүтэн жил АН-ыг муулж ирсэн. Гэхдээ Монголын эрх зүйн орчин ийм байгаа учраас энэ бүхэн болж байна. Гадуур хүмүүс “Улстөрчдийн хүн чанар, ёс суртахуун, шударга байдал гэж алга болж” гэж ярьж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бие биенээ үнсэж үнгээд магтаж байсан хүмүүс өнөөдөр үзэн ядаад байх юм. Эр хүний ноён нуруу хааччихав аа. Ноён нуруу нь хаана хугарчихав. Бид нэг зүйлийг бодох хэрэгтэй. Нам дотроо амь нэгтэй байж чадахгүй бол ард түмэнтэйгээ амь нэг байна гэж байхгүй. Манай нам үүнийг дайраад гарсан. Тийм учраас намынхаа шинэчлэлийг хийсэн юм.

11. Я.Содбаатар: Концессын асуудал хууль зөрчигдсөн

Засгийн газар байгуулсан бид дотроосоо гарын үсэг зурсан нь амаргүй. Хэн ч байсан хууль зөрчиж болохгүй гэсэн зарчим байх ёстой. МАН-аас сонгогдсон Засгийн газар ийм үг хэлж болохгүй. Концессын асуудлыг бүлэг дээр хоёр удаа ярьсан. Бүлэг энэ концессыг боль гэсэн. Концессын асуудал хууль зөрчигдсөн. Хүүхдийн мөнгөний асуудлаар МАН-ын бүлэг шийдвэр гаргаагүй. Их хурал бол гаргадаг шийдвэртэй. Боломж нь байгаа бол хуулийн гаргалгааг нь олох ёстой. Хуулийн хүрээнд ажиллаж амьдрах нийгэмд бид амьдарч байгаа. 65-ын бүлэг хагарч, бутарч хуваагдаагүй. Харин тодорхой гишүүд нь үзэл бодлоо илэрхийлсэн. Цаг хугацааны хайчинд ороогүй байсан бол энэ бүлгийн шийдвэр. ОУВС, татвар нэмсэн зэргийг бид хамтдаа хийсэн. Энэ Засгийн газарт сайн, муу олон зүйл бий учраас хариуцлага ярьж байгаа. Бид АН-тай нэгдэн нийлсэн зүйл байхгүй. Хүчний байгууллагын үйл ажиллагааг бид ярих цаг болсон. Ард иргэд айдас хүйдэст амьдрах ёстой. Энэ бол XXI зууны Монгол. Хуулийн дагуу буруу байвал хэн нь ч шийтгэлээ хүлээгээд явах ёстой. Хууль журмын дагуу гүйцэтгэх ажиллагааг улс төргүйгээр явуулах ёстой. 

12. Ч.Улаан: Асч шатаад улайраад хэрэггүй гэж дүү нартаа хэлье

Өнөөдрийг хүртэл би аль ч талыг хатуу баримтлагч биш байлаа. Илүү санаачилга гаргаж хариуцлагатай ажиллаасай гэж бодож байна. Тусгай хяналтын дэд хорооны мэдээллийг сонслоо. Төрийн байгууллагад үүрэг өгч тагнаж чагнаагүй юм байна. Гэхдээ тагнасан чагнасан явдал байгаа юм байна. Энэ үйл явдалд холбоотой гээд байгаа хүнийг оруулаад байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй биш үү. Тусгай хяналтын дэд хорооны хурлыг хорооных нь гишүүд биш тэс өөр хүн зарласныг би ойлгохгүй байна. Энэ асуудалд нутгийн дүүг хэлмэгдүүлж байгаа юм биш биз дээ. Ерөнхий сайдыг систем өөрөө дараад чирээд унах гэж байгаа юм байна гэдэгт харамсаж сууна. Бодитой хөрсөн дээрээ буух ёстой. Ер нь намынхаа үйл ажиллагаанд бодитой дүгнэлт хийж, намын дэмжигсэдийн үгийг сонсох ёстой. Манай намд Монголын ард түмэн итгэл найдвар өгч, харж байгаа. Асч шатаад улайраад хэрэггүй гэж дүү нартаа хэлье.

13. С.Жавхлан: Миний бие огцруулах саналтай байна

Хахир өвөл дөхөж байгаа эгзэгтэй үед Засгийн газрын тухай асуудал яригдаж байгаа юм байна. Засгийн газар байсан байгаагүй ямар ч нэмэргүй. Уг нь өнөөдөр багш нарын асуудлаар ээлжит бус хурал зарлахгүй яасан юм. Төрийн албан хаагчдын тухай хуулийг хурдан оруулж ирж хэлэлцээч. Баахан татвар түрээс нэмүүлж аваад алга болсон, түүнийхээ тайланг тавиач. Дараагийн томилгоонд их ач холбогдол өгөөрэй. Та бүхний намын хэрүүл чинь намаа бус Монголоо бодож байгаа бол эх орончдоо гаргаад ирээрэй. Та бүхэн эх орноо бодохгүй бол та нарын 90 жилийн түүхтэй чинь ярина шүү. С.Жавхлан ганцаараа биш шүү. 

14. Х.Болорчулуун: Алийн болгон том хулгайг намын нэрийн дор нуух юм бэ

Энэ Засгийн газар алдаа гаргасан учраас хариуцлага тооцох цаг нь болсон гэж бодож байна. Ер нь Засгийн газрыг байгуулахдаа ард иргэдэд амласан амлалтаасаа буцсан. Том худлаа хэлэх, хулгай хийх үйлдлийг хэдий болтол намын далбаан дор нуух юм бэ. Жирийн иргэд битгий хэл 65 гишүүнтэй бүлгээрээ хэлэлцүүлээгүй. Тийм учраас өнөөдөр Засгийн газрын зэс нь цухуйж огцрохдоо тулаад байна.Концессын 800 тэрбумаас 300 гаруй нь Засгийн газрын гишүүдтэй холбоотойЭнэ мөнгөөр бүх суманд цэцэрлэг барих боломжтой. Концессын гэрээнүүд далд байдлаар хийгдсэн. Манай Засгийн газар өмнөх Засгийн газрынхаа алдаануудыг засах байх гэсэн хүлээлттэй байлаа. Гэтэл зассангүй. Тавантолгойн ордын 49 хувийг БНХАУ-ын компанид өгөх саналыг бүлгийн хурал дээр оруулж ирээд бөөн асуудал болж байсан. Хамгийн гол нь бодлого тогтвортой байх ёстой. Японд Засгийн газрын бүрэлдэхүүн нь ойр ойрхон солигддог. Гэвч тус улсын бодлого тууштай явж л байна. 

15. Л.Болд: Хууль бусаар ч хамаагүй хүүхдийн мөнгийг бүрэн гүйцэд олгох ёстой

60 тэрбумын асуудлыг нэг тийш болгохгүй бол болохгүй. Төрийн албан тушаалыг мөнгөөр худалдсан асуудлыг хууль шүүхийн байгууллага тогтоохгүй байгаа ч логикоороо энэ бол тодорхой асуудал. Мөн хүүхдийн мөнгийг хууль бусаар олгосон гэдэг үндэслэл бий. Би хувьдаа хууль бусаар ч хамаагүй хүүхдийн мөнгийг бүрэн гүйцэд олгоосой гэж бодож байна.

16. Ж.Батзандан: Авлигатай, хулгайтай энэ Засгийн газар зоримог тэмцэл хийж чадсангүй

65 суудалтай эрх баригч нам Засгийн газраа огцруулахаар оруулж ирсэн. Энэ асуудлыг яаж шийдэх нь 65-ын бүлгийн асуудал. Тагнуулын даргаа солиорой гэж би хэлсэн. Бүтэн жил гүйцэтгэх ажлын дарга нараа сольж чадахгүй байсаар өөрсдөө хавханд нь ороод унах гэж байна. Жилийн өмнө амласан амлалтаа биелүүлээрэй гэж би Ерөнхий сайдад захиж байсан. Энэ амлалтаа биелүүлээгүй. Концесс өгсөн, татвар нэмэхгүй гэсэн нэмсэн.  Шүүхийн шийдвэр гараагүй байхад хэн нэгнийг буруутгах нь зөв биш. У.Хүрэлсүх нь өөрийгөө тагнасан уу, Ерөнхий сайд тагнаагүй юу гэдгийг шүүхийн шийдвэр гарсны дараа шийдэгдэнэ. Авлигатай, хулгайтай энэ Засгийн газар зоримог тэмцэл хийж чадсангүй. Концесстой тэмцэж чадсангүй. С.Бямбацогтын, Ж.Мөнхбатын өмнөх эхнэрийн ахын, Н.Номтойбаярын компанид өгсөн байна. Эрх баригч нам хулгайтай тэмцэж байгааг би дэмжиж байгаа. 

17. Б.Баттөмөр: Өнгөрсөн хугацаанд том том төслүүд ерөөсөө явсангүй

Засгийн газар өнгөрсөн хугацаанд ажилласан гэдгийг үгүйсгэхгүй. Эдийн засаг ямар байсан билээ, идэвхтэй сайн ажилласныг гэдгийг хэлнэ. Эдийн засагт нааштай үзүүлэлтүүд гарсан. Эдийн засагт сайн мөчлөг нь ирсэн байгаа. Сайн мөчлөг дээр хүмүүсийн идэвхтэй үйл ажиллагаа хамтарч байж үр дүн гарах ёстой. Засгийн газар байгуулагдаад 14 сар болж байгаа. Өнгөрсөн хугацаанд юу хийв гэхээр Монгол Улсын тогтвортой хөгжлийн суурь тавигдаж чадсангүй, энэ 14 сард. Томоохон төслүүд гараанаас гарсангүй. ОУВС-тай хамтраад тодорхой ахиц гарч байгаа нь үнэн. Цаашид бид ийм хөтөлбөртэй явах ёстой юу. Их олон асуудал байгаа. Бусдын туслалцаагүйгээр бид амьдрах юмсан. Бид өрийн дарамтанд орсон. Он гараад 660 сая ам.доллар төлсөн. Өр төлөх менежмент алга. Бид өртэйгээ зохицож амьдрах шаардлага байна.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon