Хувьсгал бол хийгдээгүй реформ (Revolution is failed reform)

2017 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр. Ардчилсан намын торомгор нүдэн Амаржаргалаас авахуулаад манай төрийн түшээд энэ өдрийг аугаа их болшевик хувьсгалын ой мой гэж хөөрч өнгөрүүлж харагдах нь их даажинтай. Өөрсдөө болшевикийн сэлэм гялс, хааны толгой бөндгөс болсон эмгэнэлт түүхийн сүүлчийнх нь дүрд илүү ойр гэдгээ ухахгүй байгаа нь тэр зэрэг бололтой.  Бид Октябрийн хувьсгалыг  гэнэт тэсэрсэн романс, яруу алдарт, аугаа их ялалт хэмээн харж дадсан. Гэхдээ харах өнцгөө өөрчилбөл  энэ хувьсгал өнө удаан зовиуртай үргэлжилсэн прогрессив реформын төлөөх тэмцлийн ялагдал байсан. Баяжигтун хэмээн уриалж асан Ерөнхий сайд Гэндэн,  Харли унаж хар савхи өмсдөг хөрөнгөт үзэлтэй Данзангийн замаар яваад хаа хүрэх байсныг мэдэх боломж бидэнд олдоогүй. Учир нь шинэчлэгдэж амжаагүй феодал Оросыг  капитализмыг алгасаад пролетарийн гарт шууд шилжүүлсэн болшевик хувьсгал өөрөө Оросын Гэндэн, Данзангуудын реформын төлөөх тэмцлийн төгсгөл байсан билээ. Реформ хийх шаардлага, нийгмийн эрэлт дор төрийн их танхимд хэн нь илүү хулгайчаа үзэн хэрэлдэж суух Монголын орчин цагийн Романовууд энэ үеийн Оросын түүхийг өнгө будаггүй ойлгож авах хэрэг бий. Revolution хувьсгал бол зүс хувилсан хийгдээгүй reform шинэчлэл юм.  Ийгээд хийх ёстой реформыг цагт нь хийхгүй огоорохын төлбөр хэчнээн өндөр болохыг эргэн нэг сануулсу.

 

Хувьсгал бол хийгдээгүй реформ  

“Ямар тэвчээргүй юм! Ялангуяа, та нар наймаачид... Хаан эзэн өгөөмөр хүн, гэхдээ асуугаагүй байхад нь элдэв зөвлөгөө өгөн яршиг удагсдыг тэвчихгүй. Та наргүйгээр бүгдийг зохицуулчихаж дөнгөнө.”

Энэ бол 1905 оны нийгэм эдийн засгийн хямралын үеэр үйлдвэрийн эздээс Хаант засагт тавьсан шаардлагад төлөөлөх Дурновугийн өгсөн хариу. 1905 он бол Их Оросын хувьд  нэгэнт Их биш болсноо далайн дайнд ялагдаж дэлхий дахинд зарласан гутамшигт үе. Ерөөсөө Европ, АНУ, Азийн Япон шил даран үйлдвэржиж асан их бүтээн байгуулалтын 19-р зууныг Орос орон зутруу үджээ.  Европтой харьцуулахад хагас феодал, хагас зэрлэг ард түмэн ба язгууртан цөөнх бүхий нийгэмтэй. Бизнесийн орчин дарамттай хэрнээ ядуу тариачдаас татсан татвар армийн зардал, цөөнхийн хэрэглээ рүү шингэх нь өнөөгийн Монголтой олон талаар төстэй. Аристократууд, ард олных нь хооронд эрх мэдэл, эд баялаг, эрдэм мэдлэгийн гүн ангал ангайх агаад  түүнийг нөхчих дундаж бүлэг гэх юмгүй. Ард түмний нуруун дээр үүрэгдсэн цэрэг армийн хүчээр их гүрний статусаа хадгалж ирсэн Орос орон. Ерөөсөө л дунд ангидаа дайсагнуур түүхтэй орон.

Энэ оронд эдийн засаг, эрх мэдэл төрийн гарт төвлөрсөн нь ганц Сталины буруу биш. 19-р зууны сүүл гэхэд л Царийн засгийн газар хамаг баялгийг гартаа атгаж байв. Нийгмийн хамгийн  дорд бүлэг болох бизнесмэнүүд газартай феодал, төрийн албатуудын таалалд нийцүүлж явна(ер нь газар тариалангаас эхтэй дэлхийн эдийн засагт бизнесмэнүүд байр сууриа олж авсан нь саяхны явдал). Их Пётрын шинэчлэлээс хойш элдэв зовлон үзсэн үйлдвэрлэлийн салбар  барууны нөлөөгөөр  хөрснөөсөө хөгжих янз орж байсан ч хамаг баялгийг гартаа атгасан хаант засаг дөнгө болж байв. Ядуурал газар авч, тариачид бослого гаргаж, оюутнууд жагсаж, ажил хаялт ихэслээ. Харин хааны бодлоор Орост баруунтай адил ажилчин анги гэж огт байхгүй агаад, тиймээс ажилчдын асуудал гэж огт байх ёсгүй аж.

”Либерализм, хөгжил, зарчим... юу гээчийн харь элгийн, хэнд ч хэрэггүй үгс вэ! Нэг ч орос хүнд хэрэггүй эд.” Базаров.

 

1905 он. Орон бүхний энтэрпренёрууд нэгдэгтүн!

Орос-Японы дайнаар зэвсэглэлийн салбар өссөн ч хямрал улам даамжирч, бизнесмэнүүд цөхөрч дуусаад байлаа. Он гармагц бүх нийтийн ажил хаялт, зарим нь хааны эсрэг, зарим нь бүр юуны ч эсрэг яваагаа мэдэхгүй цус урсгасан үймээн дэгдэв. Аз жаргалыг эрмэлзэх нь хүний төрөлхийн зөн. Хэдэн зуунаар хэдэн саяараа тэссэн зөн хүчирхийллийн төлөөх энерги болж хуримтлагдаад хувьсгалт масс үүсээд байв. 1-р сарын 22-ны Цуст Ням гариг бараг шөнийн дотор хувийн бизнесээ хаант засагт үнэнч байх замаар яаж ийгээд болгоод явдаг байсан Москвагийн бизнесмэнүүдийг нэгтгэжээ. Ер нь 1905 оноос Октябрын хувьсгал хүртэлх нэг арван бол түүхэнд анх удаа Оросын энтэрпренёрууд гажуудсан бүтцийн эсрэг нэгдсэн үе юм. Москвагийн купечество нар бол Оросын үндсэн буржуй анги, хамгийн бие даасан, эрхчөлөөт эрчүүд нь байлаа.

“Оросын энтэрпренёрууд хамгийн чухал нийгмийн статустай гэдгээ мэдрэх цаг болсон. Оросын худалдаачин гэх шошгыг бахархалтайяа зүүгтүн.” 

 Мусковитууд засгийн газарт ажилчдын эрхийг хамгаалж энх тайванч шийдэл олох хүсэлтээ хүргүүлэв. Хэлбэр төдий үндсэн хууль, олон намын систем, парламентэд шилжих амлалт, эрх мэдлийн буулт хийсэн II Николай харин аж үйлдвэрчидтэй гар нийлсэнгүй. Үл тоомсорлох буюу эвсэл хөдөлгөөнийг хяхаж хавчих “цагдаагийн социализм” маягийн аргаар л үзэх аж. Гэхдээ тогтолцоонд мэс оруулах хэрэгцээ хэдийн савнаасаа хальжээ.  II Николай ерөнхий сайд Сергэй Виттегийн манлайлал дор аравдугаар сарын 30-нд Октябрийн тунхаг бичиг гаргаж үндсэн эрх, эрх чөлөөг хангах амлалт өглөө.

Эрх мэдэлтнүүд одоо амьд цогцосноос өөр юу ч биш болсноо ухаарах цаг.” 

 “Оросын худалдаа аж үйлдвэр одоогийн улс төрийн бүтцийг өөрийн хөгжил, хэвийн үйл ажиллагаа, эсвэл бүр угаас оршин тогтнох баталгаа гэж үзэхгүй байна. Улс төрийн хөтөлбөрийн төлөө нэгдэхээс өөр арга алга"

 

1907 он. Баяжигтун!

Аравдугаар сарын амлалтаар олдсон боломжоо Оросын сэхээтнүүд хэрхэн ашигласан нь мөн манайтай төстэй. 3 сая монгол 30 намтай, Оросын цөөнх дундаж анги мөн хэрэгцээгүй олон нам байгуулан хүч тарамдаж байв.  Коммунизмын үр хэдийн ард нь боловсорч байхад хамгийн дэвшилтэт бүлэг нь дөнгөн данган ардчилалд суралцаж байсан нь Оросын түүхийн даажин байлаа.  Ард түмэнд ямар хэмжээний уур хилэн, цөхрөл хураад байгааг тэд ч, II Николай ч бүрэн ойлгоогүй. Нийгэм юу нэхээд байгааг ойлгохгүй хаан “надад өвлөгдөж ирсэн, би өмчилдөггүй эрх мэдлийг шилжүүлж чадахгүй” гэх аж.  Ерөнхий сайдаар томилогдсон Столыпин дайран дээр давс нэмж өнгөц шинэчлэл хийсэн нэр дор Думыг тарааж орхиод үндсэндээ хамаг эрх мэдлийг царийн гарт эргүүлэн хураах нь тэр.  Үүний эсрэг сэхээтнүүдийн нэгдэл үүсч, Булгаков, Струве тэргүүтэй сэтгэлгээний лидерүүд хөрөнгөт хөгжлийн үзэл санаа түгээж, Утро Россий дэвшилтэт сонин хэвлэн гаргах боллоо. 

“ Үр ашиг, хөдөлмөр, бүтээлч эгоизм, сахилга баттай чөлөөт эдийн засгийг хөгжүүлж хүчирхэг Их Орос үндэстэн болно. Баруунд хэрэгжиж буй индастриал капитализм бол энэ бодлогыг хэрэгжүүлэх хамгийн шилдэг арга мөн.” Утро Россий

 

1909 он. Бүтээлч эгоизм

Ард олны царьд ч, аравдугаар сарын тунхагт ч итгэх итгэл алдуурчээ. 1905 оны сүйрлээс хар зөнгөөрөө эргэж сэхэх янзтай үйлдвэрийн салбарт өнгөц шинэчлэгдсэн хуучин захиргааны бүтэц дөнгө болж байв. Хагас дутуу газар тариалангийн шинэчлэл бүх нийтийн ядуурлыг хөөрөгдөж, энэ нь эргээд бизнес эрхлэгчдэд ачаалал боллоо. Сонин юм шүү, хар зөнгөөрөө хөгжиж ядаж байгаа Монголын үйлдвэрлэл. Халамжаас төрсөн ядуусын арми, хамаг өртгийг нь бизнесийн салбар үүрч байгаа бидний өнөөдөр ер нь мөн.  Хоёр компанийн нэг нь үүдээ барьчихсан 21-р зууны Монгол шиг л газар сайгүй энтэрпренёрууд бизнесээ хаахаас өөр аргагүйд хүрч, масс дампуурал нүүрэллээ.

 “Энэ орон гүнзгий ядууралд автаад зогсохгүй, гуйранчлалын байдал руу доош ороод байна. ” 

Хямралыг засч, реформ хийх эрх мэдэл хаант засгаас өөр хэнд ч байхгүй атал заяа нь хаясан засаг бүр хяхаж, Москвагийн их сургууль зэрэг бүх их сургууль дахь оюутны байгууллагуудын үйл ажиллагааг хорив. Эргээд ажил хаялт нэмэгдлээ. Энэ үеэр сэхээтнүүдийн хэвлэж асан Утро Российгийн дуу хоолой бол хөрөнгөт тогтолцоо нэвтрүүлэх оролдлого, чөлөөт өмч, наад захын хууль дүрмийн шаардлага байлаа. Тэд системийн өөрчлөлт төдийгүй бүтээлч эгоизмийг мөн сурталдаж байв. Тэр нь хувь хүн бүр өөрийгөө хамгийн төгс төгөлдөр хэлбэрт дөхүүлэх үүрэгтэй гэх номлол. Бүтээлч эгоизмтэй буржуй иргэд өөрийн ухаан, эрч хүч, соён гэгээрэл, хувийн чанар, чөлөөт бизнесийн дүнд Их Оросыг бүтээх аж.

“Оросын хүчирхэг, эрх чөлөөт эрчүүд өөрсдийгөө өнгөрснөөс чөлөөлөх ёстой. Хувь хүний өөрийгөө төгөлдөржүүлэхүй. Соёлын эрх чөлөө. Бүтээлчээр хувиа бодохуй! ”

Яг л энэ үзэл, Европ шиг буржуй ангийн үүрэгт итгэл найдвар тавьж, эх орныхоо боломжид итгэсэн хайр нь сэхээтнүүдийн алдаа, нөгөө талд хурсан массын их хилэнгээр түшиг хийж байсанд Ленин, Троцкий нарын давуу тал оршиж байв Прогрессивууд “түүх давтагддаг... Баруунд өрнөсөн юм, манайд ч өрнөх л болно” гэж бичиж байлаа. Даанч үйлдвэрлэлийн хувьсгал өрнөсөн Европоос шал өөр газар явсан Орос оронд бүтээлч эгоизмоор бүтээхээс өмнө эвдлэх, нураах зүйлс даанч олон ажээ.

1914 он. Орос ялна!

Ядаж байтал 1911 оны ургацгүй жил нэрмээс болжээ.Бүх ажлын байрны гуравны нэгийг нийлүүлж асан бөс даавууны салбар арайхийн хөл дээрээ тогтож байв. Оросын хөдөө аж ахуйн бүтээмж 14, 15-р зууны Английн түвшинд арайхийн дөхөх агаад боловсрол ч хөсөр хаягджээ. Орос хөдөө аж ахуйн мэргэжилтнээ сургахад 14 копейк зарж байхад Прусс 1 рубль 33 копейк, Унгар 2 рубль 30 копейк зарж байв. Хүнд аж үйлдвэр ч 1910-1911 онд олборлосон бүх нүүрс нь Германы шинээр олборлосон нүүрстэй дөнгөн данган тэнцэх жишээний Европоос тэртээ хойно хаягдаад байв. Өнөөгийн манай бүтээмж ч дэлхийгээс энэ анзааны хол хаягдсаныг нэхэн сануулах юун. 

“Хязгааргүй баялагтай орон атал Орос улс хөршүүдээсээ хэчнээн байраар хойно хаягдаад байна. Энтэрпренёруудад ямар ч эрх чөлөө байхгүй болохоор л, орон нутгийн захиргааны жижиг том, тоо тоймгүй төлөөлөгчид нэвтэрч гарахын аргагүй дүрэм журмын тороор бүтээлч ажиллагааг боомилж суудаг болохоор л тэр.”

1905-06 оны хямралаар ч зүүдэлж зүрхлээгүй хөнөөлт хямрал нүүрлэж, нөхцөл байдал улс төрийн интервэнц хэрэгтэй түвшинд хэдийн тулж очоод байв. Прогрессивуудыг  Думд төлөөлж ирсэн Коновалов 1914 оны 1-р сард нөхдөө дуудав. Энэ уулзалтан дээр болшевик Степанов байлцжээ. Степанов уулзалт дуусмагц “эдний тайван замаар шийдэх итгэл дуусчээ, органик бус супер органик шийдэл хайж байна” гэж баяр хөөрөө багтааж ядан Ленинд захидал бичиж байжээ. Залуу лидерүүдийн 10 жилийн өмнөөс уйгагүй эрэлхийлж ирсэн тайван реформын боломж шавхагдаж дуусч байв. Ай, Орос орон!

“Бид бүх боломжоо шавхаж дууслаа. Цаашлах газар алга. Одоо яах ёстой вэ?” Утро Россий, 1914

Дэлхийн 1-р дайн эхлэхийн өмнөх долоо хоногт Лена дахь аллагаас хойш бага багаар даамжирсаар байсан эрчим гэнэт бүх нийтийг хамарсан зэрлэг үймээн болж хувирав.  Итгэл найдвар дүүрэн “Купец идет!” уриа худлаа боллоо. Уламжлалт бүтцийг уг үндсээс нь сэгсрэн хаях хамгийн хурцадмал хувьсгал хэдийнээ эхэлсэн байв. Реформ шаардаж ирсэн сэхээтнүүд хүртэл олны уур хилэнгийн гэнэтийн зэрлэг түрэлтэд Романовынхноос дутуугүй цочирдов. Бараг л азаар Серби, Австрийн зөрчлөөс дэлхийн 1-р дайн эхэллээ. Уур хилэн хэсэгтээ эх Оросын төлөөх хайр болж хувирав. Ядаж талх байхгүй юм бол бардамнал аль! Эрх чөлөө, либерализмаас өмнө эхлээд эх орон ялах хэрэгтэй. Ийм үзэл өнөөдөр ч 21-р зуунд  ходоод хоосон оросуудыг, тэдний заасан замаар орсон монголчуудыг чирж нэг дарж нэг яваа.  Монгол ялна гэдэг шиг л юм болжээ.

1917 он. Орос "ялав"

Эдийн засгийн хямрал гүнзгийрсээр 1917 онд дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оныхоо гуравны хоёр болж цөм унав. Рубль дайны өмнөх ханшныхаа 10 хувьд хүрэхгүй үнэтэй цаас болсон байв. Хоёрдугаар сард хувьсгал тайлалдаа хүрч II Николай өгөх эрх байхгүй гэж томорч асан титмээ хэтэрхий орой тайлж өгчээ. Бүгд найрамдахуудын засгийн газар Москвад, большевикуудын засгийн газар Петроградад байгуулагдав. Ажилчдын хувьсгал төрийн дарамтыг даван туулж хурааж ирсэн хувийн өмчийг үгүй хийх тавиланд хөтөлж байгааг мэдэрсэн үйлдвэрчид болшевикуудаас хурдхан ангижрах хүсэлтэй байсан ч нэгэнт оройтсон байв. Хөрөнгөжсөн нийгэм, ардчилал, хувийн өмчийн хамгаалал, бүтээлч эгоист бизнесмэн, үйлдвэржсэн Их Оросын мөрөөдөл нар үзэх хувь байсангүй.

“Бүхнийг нэгээс нь булааж аваад нөгөөд нь өгөх цаг ирлээ гэж эндүүрэх нь зүүд мөрөөдөл болно. Бид урдын адил хувийн секторын хөгжлийн шатыг туулах ёстой.”

Худалдаачид, хувийн өмчгүйгээр Их Орос хэн болох вэ?  Прогрессивуудын нэг лидер Рябушинский пролетарийн хувьсгалын дуу хоолойг “өлсгөлөнгийн ясархаг гараар боомилох” алдарт үгээ хэлэв. Бараг бүх хөрөнгөтнүүд түүний үгийг дагаж 800 үйлдвэр хаагдаж, 170,000 ажилчин ажилгүйдлийн эгнээнд шилжжээ. Орон даяар өлсгөлөн нүүрлэсэн тэр хатуу өвөл хэдэн зууны хоцрогдлын эсрэг хийсэн шинэчлэлийн төлөөх тэмцлийн эрч хүч шавхагдаж нэг итгэл дуусахад нөгөө туйлшрал эхэлсэн нь Октябрийн хувьсгал билээ. Зуун зууны хэтэрхий болхи, хэтэрхий тоомсоргүй засаглалд нухлуулсан энгийн олны зовлон сад тавихдаа өөрсдөд нь хэрэгтэй дунд ангийн хичээл зүтгэл, хүсэл мөрөөдлийг хаман урссан нь тэр байв. Нэг үгээр Октябрийн хувьсгал бол туйлдаа хүрсэн зовлонгоос төрсөн туйлшрал байв. Өнөөдөр Монголд туйлдсан ард түмний нүдэн дээр туйлын их тэнэглэл, завхрал, үл тоомсорлол үзүүлж суугаа төрийн түшээд үүнийг санаж авбал зохино.

Их хүчээр шидэгдсэн бөмбөг эргэж ойгоод байрандаа ирдэг. Төрийн түшээдээс гадна шинэчлэл шаардаж, шийдэл хайхаасаа өмнө цааз нэхэж, хужааг яллаж, дарангуйлагч хүсч туйлшрах дуртай ялсан монголчууд ч  сэхээтнүүдийнх нь шударга ёс, эдийн засгийн эрх чөлөөний тухай богино настай мөрөөдөл цагийн шуурганд цохиулж унтрахад өөр нэг Догшин Иван, догшин аргачлалын 20-р зуун Оросын ард түмний нуруун дээр эргэн бууж үйлийг нь үзсэнийг бас мартаж боломгүй. Бүү март, мартвал яана гэдэг билээ дээ.

 

@bolushka 

 

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 195

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

6%
МАН
33%
АН
59%
Шинэ гуравдагч хүчин
  • 6%
  • 33%
  • 59%