Агаарын бохирдол бага насны хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүний хамгийн үнэт зүйл  бол эрүүл мэнд байдаг. Хүний эрүүл явах үндэс бол цэвэр агаараар амьсгалж, эрүүл тэжээллэг хоол хүнс хэрэглэх байдаг. Гэхдээ  хүн хоол тэжээлгүйгээр хэдэн хоног явж чадах боловч хүчилтөрөгчгүйгээр хэдэн хоромч байж чадахгүй. Тайван байдалд эрүүл хүн нэг минутанд 8-10 литр, цагт 500-600 литр, хоногт 1200-1400 литр хүчилтөрөгчөөр амьсгалдаг бол биеийн хүчний ачааллын үед 20,0 мянган литр хүртэл өсч болно. Гэтэл жил бүр нийслэл хотод тулгамддаг асуудал бол агаарын бохирдлын асуудал байдаг.  Түүнчлэн агаарын бохирдол нь бага насны хүүхдүүдэд түлхүү сөрөг нөлөө үзүүлдэг төдийгүй бага насны хүүхдийн дархлаа гүйцэд тогтоогүй, уушгины системийн тогтолцоо бүрэн гүйцэт хөгжөөгүй байдаг тул агаарын бохирдолд маш их мэдрэг, насанд хүрсэн хүнтэй харьцуулахад хурдан амьсгалж биеийн жиндээ нэг кг тутамд амьсгалаар авах хортой бодисын хэмжээ илүү байдаг нь тэдний уушиг агаарын бохирдолд илүү өртдөг байна. Мөн агаарын бохирдлын улмаас Улаанбаатар хотын хүүхдүүдэд зүрх судасны системийн функциональ үйл ажиллагааны өөрчлөлтүүд илэрдэг байна. Хүүхдүүдэд амьсгал, зүрх судасны үйл ажиллагааны сорил хийхэд уушгины амьдралын багтаамж багасах, артерийн бага даралтын хувьд хэвийн бус хариу урвал үзүүлэх, судасны цохилтын тоо цөөрдөг байна. Агаарын бохирдлыг ихэнх оронд хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, озон, тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг 6-8 үзүүлэлтээр хэмждэг бол манай улс зөвхөн хүхрийн давхар исэл, азотын давхар исэл хоёроор л хэмжиж байна. Харин хүний биеийг хордуулагч  хар тугалга нь бараг бүх эрхтэн, тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг орчныг бохирдуулагч хортой бодис юм. Энэ нь мэдрэл, бөөр, цус бүтээх, нөхөн үржихүйн тогтолцоонд сөрөг нөлөөлж, хүүхдийн өсөлтийг саатуулдаг аж. Хар тугалгыг мэдрэлийн хор гэж нэрлэдэг бөгөөд хүүхдийн тархины хөгжлийг саатуулах аюултай юм. Тэгвэл  утааны улиралд өөрсдийгөө хэрхэн хамгаалж эрүүл байх тухай нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөж буй дараах зөвлөмжийг хүргэж байна.

Автозамын хажуугаар гарахдаа хүүхдээ тэвэрч явах

Хүүхдээ тэвэрч явах. Агаар бохирдуулагч тоос, хүнд металлууд, агаараас хүнд хорт хийнүүд нь 1,5 м-ээс доош түвшинд хамгийн ихээр хуримтлагдах, тунах магадлалтай байдаг тул агаарын бохирдлын “оргил” сарууд болон тодорхой цагуудад гадуур гарахдаа бага насны хүүхдээ тэвэрч явж хэвших нь чухал ач холбогдолтой. Ялангуяа автозамын хажуугаар бага насны хүүхдээ дэргэдээ хөтөлж явах, замын ойролцоох тоглоомын талбайд салхилуулж, тоглуулахаас зайлсхий.

Сургуулийн анги танхимд өдөрт 2-оос доошгүй удаа тоосоо арчих, чийгтэй цэвэрлэгээ хийх, өдрийн цагаар хоёр цаг тутамд өрөөний салхивчийг онгойлгож, агаар сэлгэлт хийх хэрэгтэй. Бага насны хүүхдийг 7-11 цаг хүртэл орой 17-24 цагийн хооронд салхилуулахгүй байхыг анхаарна уу. Гараа байнга савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх хэрэгтэй.

Амны хаалтыг тогтмол хэрэглэж хэвших

Ялангуяа өглөө, орой буюу гадаад орчны агаар дахь бохирдуулах бодисын агууламж өндөртэй үед амны хаалт хэрэглэх нь агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс сэргийлэх боломжтой. Тухайлбал АНУ-ын агаарын бохирдол өндөртэй үйлдвэрийн ажилчдын дунд явуулсан судалгаагаар амьсгалын замыг хамгаалах гурван төрлийн амны хаалтыг  хэрэглэснээр амьсгалын замын эмгэгээс хамгаалж чаджээ. Амны хаалтыг сонгохдоо энгийн материалаар хийсэн бус шүүлтүүртэй амны хаалт хэрэглэх нь зүйтэй. Амны хаалтыг хэрэглэхдээ өдөр бүр сайтар угаах, бусдад дамжуулахгүй байх, цэвэр уутанд хийн хадгалах нь зүйтэй.

Биеийн дархлааг дэмжих, цэвэр агаарт салхилах

-Ажил амралтаа зөв зохицуулан, сайн унтаж амрах.

-Шим тэжээл сайтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх. Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэхийн тулд илчлэг сайтай хоол, хүнсийг тогтмол хэрэглэх нь чухал юм. Насанд хүрсэн хүн хоолныхоо дараа өдөр бүр С, Е витамин уух нь уушгины өвчлөлөөс сэргийлэх ашиг тустай.

-Амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах, явган алхах, ууланд авирах зэрэг нь эрүүл мэндэд тустай.  Долоо хоногт нэг удаа цэвэр агаараар амьсгалвал уушги цэвэрлэгдэх сайн талтай

.Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийг дэмжих

-Сайжруулсан зуух

-Утаагүй түлш (баяжуулсан нүүрс, хагас коксон нүүрс, хийн түлш г.м)

-Өвлийн улиралд гэрийн дулаалгыг зузаалах, байшингийн хананаас дулаан алдалтыг багасгах

-Ногоон байгууламжийг хашаа, албан газрынхаа ойролцоо нэмэгдүүлэх

-Өвлийн улиралд цахилгаан, тосон халаалт гэх мэт халаах аргыг сонгох

Гэрийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах

Хүн амьдралынхаа ихэнх цаг хугацааг гэртээ өнгөрүүлдэг. Хэрэв гэрийн доторх агаарын чанар муу, бохирдолтой байвал гадаад орчны бохирдолтой нэгэн адилаар эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс та гэр доторх агаарыг бохирдуулахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

-Бага насны хүүхэдтэй бол гэртээ хэт өндөр үр ашигтай агаарын шүүлтүүр (High Efficiency Particulate Air Filter–HEPA Filter) бүхий агаар цэвэршүүлэгчийг ашиглах. Энэхүү төрлийн агаар цэвэрлэгч шүүлтүүр нь агаар дахь 0,3 мкм-ээс том тоос, жигнэгдэгч хэсгүүдийг 99,99%-ийн үр ашигтай шүүдэг.

-Гэртээ өдөрт 2-оос олон удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, гэр доторх агаарыг чийгшүүлэх. Хүүхдийг гадаа шороон дээр тоглуулахгүй байх, тогтмол гарыг нь угаалгаж занших хэрэгтэй. Агаарт дэгсэн хорт нэгдэл хөрсөнд бууж улмаар хүүхдүүдийн гараар дамжин тэднийг хордуулах эрсдэлтэйг анхаарна уу.

-Агаарын бохирдол багатай цагаар гэртээ агаар оруулах

-Гэртээ тамхи татахгүй байх

-Хог хаягдлаа ангилан цуглуулж, устгах.

Замын хөдөлгөөнд оролцох үедээ цонхоо онгойлгохгүй байх

Манай улсын автомашины тоо жилээс жилд 10 орчим хувиар өсч байгаатай холбоотойгоор азотын давхар ислийн хэмжээ зуны улиралд ч төдийлөн буурахгүй байна. Автомашинаас ялгарч байгаа хийн найрлагад этилт хар тугалга, нүүрс устөрөгч, азотын ислүүд, нүүрс устөрөгчийн дутуу ислүүд зэрэг 270 гаруй төрлийн хорт бодис байдаг нь тогтоогджээ. Иймд замын хөдөлгөөн их, агаарын бохирдлын тогтонгишил үүссэн үед замын хөдөлгөөнд оролцохдоо гадна агаарыг машиндаа шууд оруулахгүй, цонхыг нээхгүй байх учир нь автомашинаас ялгарсан утаа машин дотор нэвтэрч таны болон зорчигчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлнэ.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5417

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%