Нийтлэл 11 сарын 24, 2017

ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛИЙН ТАЛААР МИНИЙ МЭДЭХ 5 ЗҮЙЛ

Би нэг залууг маш сайн мэддэг. Ялангуяа 10 жилийн өмнөх түүнийг бүр маш сайн мэднэ. Түүнийг дүрслээд хэлвэл нэг иймэрхүү. Мөчрөө даахаа болиод бага зэрэг бөгтийсөн хөгшин мод шиг тэр ихэнхдээ бөгтийж алхдаг, хурдлуулчих юм бол хугараад унахчихвий гэмээр удаан алхдаг, өөрөө өөртөө ямар ч арчилгаа хийдэггүй гэдэг нь хувцаслалт, үс засалт зэргээс нь шууд л мэдрэгддэг, бусдад их атаархуу үргэлж л бусдад юу байна надад юу байна, бусад хүмүүс юу чадаж байна, би юу чадаж байна гэх мэтчилэн байнга л өөрийгөө бусадтай харьцуулж, бусдад муугаар хэлүүлчихгүй тулд хамаг байдгаараа хүмүүсээс нуугдаж, далдуурхан амьдардаг нэгэн байсан. Тэр бол БИ ӨӨРӨӨ байсан юм. Өөртөө итгэх итгэлийн заалт арваас тэгийг зааж байсан үе маань энэ л үе байсан.

10 жилийн дараа эргээд харахад магадгүй миний өөртөө итгэх итгэл 6-г зааж байгаа байх. Бусдын нүдээр харахад аугаа том биш байж болох ч хувь хүнийхээ хувьд хувьсгал гэж болохоор тийм л зүйл юм даа. Харин одоо энэ 10 жилийн хугацаанд өөртөө итгэх итгэлийн сурсан зүйлсээ сийрүүлэн бичиж байна.

1.Өөртөө сэтгэл хангалуун байх хэрэгтэй

Би бол төгс биш гэхдээ би өөрөө өөрийнхөө шилдэг хувилбар нь байж чадна гэсэн нэг тийм л зарчим энд баримтлах хэрэгтэй гэж боддог. Биеийнхээ галбирт сэтгэл дундуур байдаг бол дасгал сургуулилалт хий, фитнест яв, эрүүл зөв хоолло. Гадаад үзэмж зүс царайндаа сэтгэл дундуур бол илүү сайн арчил, зөвлөгөө ав эсвэл өөрчил. Хэлэхээс илүү хийх нь хэцүү гэдгийг ойлгож байна. Гэхдээ энэ зүйл байхгүйгээр өөртөө итгэлтэй байна гэдэг мөсөн дээр гал түлэхтэй ижил шүү.

2.Бусадтай хэзээ ч битгий өөрийгөө харьцуул

Доржоо дарга болоод явчлаа намайг хардаа нөгөө л муу менежерийн ажлаа л хийж сууна.

  • Би ямар арчаагүй амьтан бэ?
  • Амьдралд болж бүтэж байгаа юм гэж нэг ч алга

Дулмаа сургуулиа төгсөж чадаагүй хар ажилчин болсон гэнэ за би ч гайгүй яваа юм байна аа.

  • Би мундаг, хүнээс илүү дээр хүн
  • Азгүй юмнууд бүтэлгүйтэж л байдаг би бол харин өөр шүү

За сургуулиа төгсчихлөө, ажилд орчихлоо одоо харин одоо өдөр бүхэн урд өдрөөсөө илүү дээр хичээж байгаад амжилтанд хүрнэ дээ.

  • Миний амьдрал бол прогресс, одоо би дараагийн шатруугаа тэмүүлж байна
  • Миний амжилтыг, ахиц дэвшлийг хамгийн бодитоор харуулах тэр зүйл бол би өчигдрөөсөө илүү байж чадаж байна уу? гэдэг энэ л асуултын хариулт харуулах болно.

Энд олон зүйл тайлбарлах хэрэггүй гэж бодож байна. Уншигч та өөрөө сонголтоо хийнэ биздээ. Гурван замаар гурвуулангаар нь явж үзсэн миний хувьд одоо сүүлийн замаар явахаар эргэж буцалтгүй шийдсэн. Яагаад эхний хоёроос авсан миний мэдрэмжүүд бүгд хуурамч байсан. Харин миний сонгосон зам өөртөө итгэх итгэлийг минь улам бүр хүчирхэгжүүлж байгаа

3.Өөрийн мэдлэгээ хөгжүүл

Хүн оюун ухааныхаа “банк”-ндаа байнга хуримтлал нэмж амьдрах ёстой. Сонгосон мэргэжлээрээ зогсохгүй хүн бүхний заавал ойлгож мэдэрч ухаарч чаддаг байх ёстой мэдлэгүүд гэж байна. Утга уран зохиол, урлаг, шинжлэх ухааны нээлтүүд, аугаа философичид гээд л энэ дэлхий дээр чинь мэдлэгийн дуусашгүй их сэдвүүд байгаа. Бүгдийг бүрэн гүйцэд биш юм аа гэхэд наад зах нь ерөнхий ойлголттой байх хэрэгтэй. Хаана ч хэзээ ч хэнтэй ч харилцан яриа үүсгэхэд та түүртэхгүй тийм л болох болно. Баабар гуайн бичсэн ”Дори идэр дүүдээ” бол бүр заавал унших ёстой, ширээн дээр чинь байх ёстой номнуудын нэг шүү.

4.Өөрийгөө хүлээн зөвшөөр!

Ялангуяа сул талуудаа. Өөрийгөө ухаж төнхөөд, уншиж судлаад, асууж сураглаж байгаад би гэдэг хүн бэ гэдгээ олж мэд. Таалагдахаасаа илүүтэйгээр таалагдахгүй зүйлүүд олон байж магад. Тийм бол сайн байна. Яагаад гэвэл цуглуулсан бүхэн чинь үнэн бас бодит байгаа болохоор тэр. Гэхдээ хэзээ ч битгий тэндээ үлд. Сул талуудаа бүгдийг нь мэдээд авсан бол одоо тэднийгээ бага багаар, алхам алхмаар нэг нэгээр нь засаж эхэл. Хэцүү байх болно гэхдээ шантарч болохгүй. Нэг сул талаа үгүй хийж чадвал амжилтын шат өөд нэг алхлаа л гэсэн үг . Мэдээж давуу талуудаа зүлгэ, илүү өнгө оруул, гялалзуулаад өг.

5.Орчноо зөв бүрдүүл!

Гэр бүл, найз нөхөд, хамаатан садан, хамтран ажиллагсад, ангийн хүүхдүүд гээд л бидний амьдралын хүрээлэл маш том. Яг одоо цаас үзэг аваад бүх таньдаг хүнийхээ нэрийг бичвэл та үр дүнг нь хараад гайхах болно доо. Сонирхвол туршаад үзээрэй! Олон хүний дунд байх сайхан ч эргээд тэр олон хүн чинь танд яаж нөлөөлж байгааг олж мэд. Та найзалдаг 5 найзынхаа дундаж нь л байдаг гэж үг бий. Ёгт мэт боловч үнэн үг. Хүсэл мөрөөдлийг чинь ойлгож, дэмжиж тусладаг хүмүүс таны өөртөө итгэлийг нэмэгдүүлэх үү, үргэлж сөрөг зүйлсийг нь олж харж гаргаж ирдэг хүмүүс таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх үү? Та хариул даа. Тийм л болохоор энэ хамгийн чухал нь!

Хэзээ ч битгий өөртөө эргэлз

Өөртөө эргэлзэх тэр л агшинд хамгийн сул дорой болдог юм шүү!

Чадна шдээ, чадна заавал чадна

Супер болохоороо биш харин чадна гэдэгтээ итгэдэг болохоор юм шүү!

Амжилт хүсье!

Сэтгэгдэл бичих

arrow icon