Нийтлэл 01 сарын 23, 2018

Амралтын дараах залхуурлыг арилгах аргууд 

Цаг хугацааны баримжааг хөгжүүлэх арга

1. “Хэдэн минутанд хийж дуусгах вэ?” гэж асууж хэвших

“Өнөөдрийн даалгаварыг хэдэн минутанд хийж дуусгах вэ?” гэж асууж байгаарай. Хэрэв хүүхэд тань арай богино хугацаанд хийж дуусгахаар амлавал “Амжих уу?”, “Дундаас нь хадуураад тоглоод явчихгүй бол амжих нь ч амжих л байх л даа” гэх зэргээр жаахан шордоод үзээрэй. Хүүхэд тань хэлсэн хугацаандаа хийж дуусгахын тулд илүү чармайлттай хичээлээ хийх болно.

2. Гадагш гарах, гадаа тоглохоос нь өмнө хичээл хийх цагаа тогтох

Гадаа гарч тоглохоос нь өмнө “Хэдэн цаг хүртэл гадаа тоглочихоод, хичээлээ хэдэн цагаас эхэлж хийх вэ?” гэдгийг хүүхэдтэйгээ ярилцаж, шийдэх хэрэгтэй. Гадаа тоглосныхоо дараа нь бага зэрэг амарчихаад хичээлээ хийхээр цагаа тогтоох хэрэгтэй. Айхтар хүчлэлгүй, аажуу уужуу боловч яг тогтсон цагтаа хичээлээ хийж эхлэхээр тохиролцож, хэрэгжүүлэх нь чухал.

3. Телевизор үзэх хугацааг үзэж эхлэхээсээ өмнө тогтох

Хүүхэддээ телевизор үзүүлэхдээ зүгээр нэг асаагаад орхилгүй “Одоо тэдэн цаг болж байгаа болохоор тэдэн цаг хүртэл үзээрэй”, мөн “Телевизор үзэж дууссаныхаа дараа тэдэн цаг хүртэл хичээлээ хийгээрэй” гэх мэтээр цагаа хамтдаа шийдэх эсвэл амлалт авсныхаа дараа үзүүлж байгаарай.

4. Хичээлээ хийж байхад нь цаг тохироод амрааж байх

Тоглох гээд төвлөрөхгүй байгаа үед хүчилж, загналгүй, жаахан амрааж тоглуулсны дараа хичээлийг нь давтуулах нь илүү үр дүнтэй байдаг. Гэхдээ “Одоо энэ дасгалыг хийчихвэл 15 мин амраарай” гэх зэргээр цаг тохирохоо мартаж болохгүй шүү.

5. Таймер, сэрүүлэг ашиглах

Гал тогоонд хэрэглэдэг сэрүүлэгтэй цаг (манайхны буузны цаг) ашиглан, 30 мин гэх мэт урьдчилан тохирсон цагтаа амжуулж хичээлийг нь хийлгэж сургах. Гэхдээ, энэ аргыг тодорхой хэмжээнд биеэ дааж хичээлээ хийх чадвартай болсных нь дараа хэрэгжүүлэхгүй бол яарч сандраад буруу зөрүү хийх эсвэл сараачиж болзошгүй юм.

6. Хүүхдээ “хурдал, хурдан” гэчихээд өөрөө суугаад байвал хүүхэд тань өөрийгөө дайчилж сурахгүй.

Ямар ч юманд эцэг эхчүүд л хүүхэддээ жинхэнэ үлгэр дуурайлал нь болдог. Өглөө гэрээсээ гарах гээд яарч тэвдэж байхад хүүхэд тоглоод суучихвал, эсвэл орой унтах цаг болчихоод байхад тоглож гүйгээд байх үед бид яах хэрэгтэй вэ? Хүүхдээсээ цаг хэд болж байгааг асуух, гарахад бидэнд хэр хугацаа байгааг сануулах шаардлагатай. Ингэхдээ та өөрөө үлгэр дуурайл үзүүлж, яаравчлах ёстойг мэдрүүлэх хэрэгтэй.

7. Магтах

Өглөө ажил, хичээл эсвэл цэцэрлэгрүүгээ гарахдаа бид ихэвчлэн яарч сандарсан байдалтай байцгаадаг. Гэвч, энэ үед хүүхдээ яарч шавдуулалгүй, аль болох өөрөөр нь гарах бэлтгэлийг нь хийлгүүлж байгаарай. Хүүхдийн хувьд өөрийнхөө бэлтгэлийг бие даан хийх нь том, бас хэцүү ажил. Харин та хүүхдээ чадсан хэмжээнд нь маш сайн магтаж урамшуулж байгаарай.

8. Тухайн өдрийн нөхцөл байдлаас шалтгаалан хичээл хийх цагийг тогтоох

Хичээлээс гадуурх сургалт, дугуйлантай эсвэл ямар нэг шалтгаанаар хөдөлж ядарсан зэрэгт тухайн өдөрт нь тохируулж хичээл хийх цагийг тогтоогоорой. Ялангуяа их хөдөлсөн буюу биеийн хүч их зарцуулсан дугуйлан, секцтэй өдөр хичээл хийх цагийг нь бүр багасган, “Энэ хэмжээнд хийж чадах уу? Болох уу?” гэх зэргээр хүүхэдтэйгээ ярьж зөвлөлдөн шийдэж байгаарай.

9. Тухайн өдөр хэр их гэрийн даалгавар байгааг нь асууж лавлаж байх

Хүүхэд урдах тоглоомондоо сатааран, хичээл номоо мартчих тохиолдол олонтаа. Энэ үед нь хичээлээ хийхийг шахаж тушаах бус, асуулт хэлбэрээр даалгаварыг нь сануулж, хичээлээ хийх сэдлийг нь өдөөж өгөх хэрэгтэй.

Үүний тулд, ямар ямар хичээл дээр даалгавар байгаа эсэх, даалгавар хэр их байгаа эсэх талаар нь тогтмол асууж лавлаж байх нь чухал. Энэ нь хүүхдэд хэр их даалгавартайг нь эргэн сануулах ба, их байгаа гэж бодсон үедээ даалгавараа эртхэн хийе гэсэн сэтгэл төрж өөрөө хичээлээ хийх сэдлийг төрүүлдэг. Хүүхдийн хувьд хүнээр хэлүүлэлгүй, өөрөө санаж хийсэн үйлдлээсээ өөртөө итгэх итгэлийг олж авдаг талтай.

10. Эцэг эхчүүд өөрсдийн хүсэл зоригийн дагуу хүүхдээ хөдөлгөх үедээ заавал тайлбарлаж хэлж бай.

Бид өглөө яарч сандран хүүхдээ бараг унтаагаар нь чирээд л явцгаадаг. Гэтэл энэ бүхэн томчууд бидний өөрсдийн эрх ашиг, нөхцөлд нийцүүлсэн үйлдэл байдаг. Жаахан хүүхдүүдээ бид өөрсдийн нөхцөл байдалд тааруулж амьдрахыг шаарддаг. Тэднийг ямарч тайлбаргүйгээр, араас дуугүй дагаад явахыг шаарддаг. Хүүхэд жижиг ч гэсэн өөрийн бодол, хүсэл эрмэлзэлтэй хүн шүү дээ. Иймд “Аав нь 10 цагт хуралтай. Тийм учраас одоо яаралтай гарах хэрэгтэй байна. Чи аавдаа туслаж чадах уу?” гэх зэргээр “Яагаад яарах шаардлагатай байгаа”-г, “яагаад одоо тоглож болохгүй”-г хэлж тайлбарлаж байх хэрэгтэй.

Өөрөө бие даан даалгавараа хийх чадварыг хөгжүүлэх арга барилууд
11. Урамшууллын тэмдэг, наалтаар шагнаж идэвхийг нь дэмжиж, хөгжүүлэх 
Долоо хоног бүрээр хүснэгт гарган, хүнээр хэлүүлж, шаардуулалгүй бие дааж хичээлээ хийсэн өдөрт нь таван хошуугаар тэмдэг тавих, гоё дуртай баатрынх нь зурагтай наалтыг наах зэргээр магтаж урамшуулаарай. Хүүхэд таван хошуу эсвэл наалт авах гэж эхэндээ хичээх авч, энэ нь аяндаа хүүхдийн өдөр тутмын хэвшил болж тогтдог. 
12. Орондоо эрт орвол ном уншиж өгөх 
Орой орондоо оролгүй уддаг хүүхдэд оронд орох цаг ба унших номын тоог уялдуулсан дүрэм гаргаад хэрэгжүүлж үзээрэй. Жишээ нь, 9:30 цагаас өмнө орондоо орвол дуртай номноос нь 2-ыг, 10 цагаас өмнө бол 1-ыг, 10 цагаас хэтэрвэл тэр өдөртөө ном уншихгүй гэх мэт. Энэ дүрмийг хэрэгжүүлсэнээр томчууд бид ч мөн хүүхдүүд эцэг эхээрээ ном уншуулах их дуртай гэдгийг сайн мэдэх болно. 
13. Хааяа хааяа даалгаварыг нь хөнгөвчлөх
Хүүхдийг ядарсан үед хүчлэлгүй, даалгаварыг нь аль болох хөнгөн хэлбэрээр, шаардлагатай хэсгийг нь л хийлгүүлж байх хэрэгтэй.
14. Амархан биелүүлэхээр зорилт тавих 
Хүүхэд удаан хугацаанд хичээлдээ төвлөрөх чадваргүй байдаг. Тиймээс даалгавараа хийн ядарч, төвлөрөхгүй болоод ирэхэд нь “одоо нэг л дасгал ажиллачихаад амарч амттан идэцгээе” гэх мэтээр амархан биелүүлэх зорилт тавибал биеэ бага багаар дайчилж сурдаг. 
15. Хүүхдээ хажуудаа хичээлийг нь хийлгэх
Ямар ч хүүхэд ээж аавдаа магтуулах, өөрийнхөө хичээж байгааг тэдэнд харуулах дуртай байдаг. Тиймээс хүүхдээ аль болох өөртэйгөө ойр буюу нэг өрөөнд хамт сууж хичээлийг нь хийлгэх сайн. Өөрийн ажлыг амжуулангаа хүүхдийнхээ хичээлийг дор бүрт нь шалган зааж өгч, мөн магтаж урамшуулж байгаарай. Ээж аавынхаа дэргэд хичээл хийх нь ойлгохгүй юмаа асуухад амар тул хүүхдийн хичээлээ ойлгоход нь их ач холбогдолтой.

Сэтгэгдэл бичих

arrow icon