ШУДАРГА ЁСНЫ ТУХАЙ ЛЕКЦ: Газрыг булаах нь шударга ёсонд нийцэх үү?

Хүн бүр нэрийг нь мэдэх Америкийн алдарт Харвардын Их Сургууль. Түүний түүх Америкийн нэгдсэн улсын тусгаар тогтнолоос ч урт, 1630-д оноос тоологдоно. Сургуулийн зааланд 1,000 илүү оюутан шавалдан цуглах маш сонирхолтой нэгэн хичээл орж байна. Тэр бол профессор Майкл Санделын (Michael Sandel) Улс төрийн философи хэмээх лекц.Төдийг хүртэл бүх хичээлийг “хаалттай” явуулдаг байсан Харвард олны таашаалыг ихэд хүлээсэн уг лекцийг анх удаагаа нээлттэйгээр явуулахаар шийджээ. Харвардын Их Сургуулийн хичээл мэдээллийн хэрэгслээр нээлттэй цацагдсан анхны тохиолдол энэ.

Шударга ёсны лекцийн 7 дахь цуврал "Газрыг булаах нь шударга ёсонд нийцэх үү?"

Майкл Сандел:

Өнөөдрийн хичээлээр Жон Локийг авч ярилцана. Өнгөц харвал Лок бол либертаризм буюу чөлөөт зах зээлийн үзлийн хүчирхэг дэмжигч. Юуны өмнө тэрээр өнөөгийн либертаричуудын хэлдэг нэгэн санаанд итгэдэг байсан.

Тэр бол, хэдий төлөөллийн төр ч юм уу, эсвэл ардчилсан зарчмаар сонгогдсон төр байлаа ч, төр гар дүрж болохгүй нэгэн төрлийн хүний суурь эрх гээч юм оршин байдаг, гэх санаа.

Түүгээр ч барахгүй тэдгээр суурь эрхэнд амь нас, эрх чөлөөт байдал, эд хөрөнгөнд хандах “байгалийн эрх” агуулагддаг гэдэгт итгэдэг байж. Цаашлаад тэрээр ингэж онолдсон байдаг. Өмчлөх эрх гэдэг бол төр ч юм уу хуулиас төрсөн ердийн нэг зохиомол зүйл биш. Өмч эзэмших эрх бол төр үүсэхээс ч өмнө байсан гэдэг утгаараа “байгалийн эрх” юм. Тэр бол бид бүхэн хүн болж төрсний хувьд угаас заяагдсан эрх бөгөөд, төр бий болохоос өмнө, тэгээд париамент болон хууль тогтоогчид хууль баталж хүний эрхийг тодорхойлохоос ч өмнө оршиж байсан зүйл.

Байгалийн эрхтэй байх гэж юу болохыг ойлгохын тулд, Лок төр үүсэхээс өмнөх төлөв, хууль бий болохоос өмнөх төлвийг төсөөлж үзэх шаардлагатай гэжээ. Тэрээр тийм төлвийг “Байгалийн төлөв” гэж нэрлэв.

Түүнийхээр бол байгалийн төлөв гэдэг бол эрх чөлөөт төлөв юм. Хүмүүс эрх чөлөөтэйн дээр эрх тэгш оршихуйнууд. Байгалийн төлөвт анги давхрагат систем гэж үгүй. “Хаан болж төрөх хүн байхад, боол болж төрөх нэгэн ч бий” гэх нь ташаа бодол бөгөөд, бид бүхэн ямар ч байсан харилцан тэгш эрхтэйн дээр эрх чөлөөтэй байна. Гэсэн ч тэрээр эрх чөлөөтэй байна гэдгийг дур зоргоороо авирлахаас өөр зүйл хэмээн онцлов.

Яагаад гэвэл, байгалийн төлөвт байлаа ч мөн л тэнд нэгэн төрлийн хууль үйлчилнэ. Тэр бол “байгалийн хууль” хэмээх зүйл ба, тэр нь хууль тогтоогчид шийдчихдэг маягийн эд биш. Байгалийн хууль гээч юм байгаа учраас бид бүхэн эрх чөлөөтэй хэдий ч бидний үйл хөдлөл тодорхой байдлаар хязгаарлагдана.

Байгалийн хуулиар зохицуулагдах цорын ганц хязгаар, тэр бол бид бүхний хэнд нь ч байдаг тэрхүү байгалийн эрхээсээ сайн дураараа татгалзаж ч болохгүй, мөн бусдын тэр эрхийг булаан авч халдаж ч болохгүй, гэх хязгаар. Байгалийн хууль дор, бид бүхэн бусдын амь нас, эрх чөлөө, өмчлөх эрхэнд халдаж болохгүйн адилаар, мөнхүү өөрийнхөө амь нас, эрх чөлөө, өмчлөх эрхээсээ ч түтгэлзэж болохгүй.

Бид эрх чөлөөтэй хэдий ч, байгалийн хуулийг зөрчих эрх үгүй. Өөрийн амь насыг таслах эрх ч, өөрийгөө боол болгон зарах эрх ч, хэн нэгэнд өөрийгөө захирах үнэмлэхүй эрх мэдэл олгох эрх хүртэл байхгүй. Та нарын нүдээр харвал байх ёстой хамгийн наад захын зохицуулалт гэж санагдаж болох ч, яагаад ийм зохицуулалт байдаг гэж? Лок үүнд хандаж хоёр янзын хариулт гаргаж тавьсан.

Эхний хариулт нь энэ:

“Хүмүүс бүгд цор ганц бурхан, бүхнийг мэдэгч бүхнийг чадагч бүтээгч эзний бүтээлүүд, түүний эзэмшил өмч бөгөөд, бусад өөр хэнийг ч бус зөвхөн түүнийг баясгах хязгаар дор (баясгахын төлөө) оршин байхаар бүтээгдсэн.”

Өөрөөр хэлбэл, Бид бүхэн өөрийн амь нас, эрх чөлөө, өмчлөх эрхээсээ татгалзаж болохгүйн шалтгаан нь, яг нарийн ярих юм бол тэдгээр нь бидний өөрийн зүйлс биш учраас гэсэн үг. Эцсийн эцэст бид бол бурхны л бүтээлүүд. Тэгээд бурхан илүү том эрх, илүү хүчин төгөлдөр эрхийг атгадаг гэж хэлсэн учиртай.

Гэвч бурханд үл итгэгч хүмүүсийн хувьд ийм хариулт ойлгомжгүй санагдаж мэдэх юм. Тэдэнд хандаж хэрхэн тайлбарлавал зохих вэ? Лок үүн дээр хүний оюун ухаанд хандаж өчсөн байдаг.

Тэр нь нэг иймэрхүү санаа. Эрх чөлөөтэй байх гэдэг утгыг сайтар тунгааж үзвэл, тэр нь “Юу хүссэнээ зоргоороо хийж болно” гэсэн утга биш болохыг аандаа ойлгож ирнэ. Энэ санааг илэрхийлэх Локийн дараах үг байдаг.

“Байгалийн төлөвт түүнийг засаглах байгалийн хууль оршин байдаг ба, хэн бүхэн түүнд захирагдахгүй бол болохгүй. Тэр хууль болох оюун ухаан нь бидний хүн төрөлхтөнд хандаж, хүн бүр тэгш эрхтэйн дээр бие даасан байдалтай байж, бусдын амь нас эрүүл мэнд эрх чөлөө, мөн өмчид халдах ёсгүй болохыг сургадаг.”

Эндээс Локийн эрхийн талаарх тайлбарын ойлгомжгүй бөгөөд зөрчилтэй хэсэг гарч ирнэ. Нэг бодлын ойлгомжтой хэрнээ, өөр талаас нь харвал хачирхалтай санаа. Тэрээр бидний байгалийн эрхийг “Үл шилжих” зүйл гэж хэлжээ. Үл шилжих гэж юу гэсэн үг вэ? Булаан авч, арилжиж, зарж, бэлэглэж болдоггүй гэсэн үг.

Жишээ нь онгоцны тийз бол шилжүүлэх боломжгүй байдаг. Эн Эф Эл (NFL)-ын Патриотс (Patriots), эсвэл Эм Эл Би (MLB)-гын Рэдсокс (Redsocks)-ын тасалбар бас тийм. Бусдад өгч болдоггүй тасалбар бол үл шилжих зүйл. Би тэр тасалбарыг “өөрөө хэрэглэж болох ч, зарж болохгүй” гэсэн хязгаарлагдмал утгаар өмчилдөг. Тиймээс нэг талаар үл шилжих эрхтэйгээр, шилжүүлж болохгүй нөхцөл дор миний өмчлөх зүйлс бол бүрэн утгаараа минийх биш, гэж хэлэх ч боломжтой.

Гэвч үл шилжих эрхийг өөр талаас нь харвал, ялангуяа амь нас, эрх чөлөө болон өмчийн тухайд бол шилжүүлэх боломжгүй байхын хэрээр төдий чинээ бүрэн төгс минийх гэсэн үг болно. Энэ бол Үл шилжих гэдэг үгээр Локийн илэрхийлэх гэсэн чухам санаа юм.

Томас Жефферсон Америкийн тусгаар тогтнолын тунхагт Локийн энэ санааг авч ашигласан байдаг. “Америкийн ард түмэнд амь нас, эрх чөлөө, мөнхүү аз жаргалыг эрэлхийлэх үл шилжих эрх бий.” гэсэн байдаг.

Үл шилжих эрх гэдэг бол мөн чанартаа зөвхөн өөрийн зүйл, өөр хэнд ч шилжүүлэх боломжгүй эрх бөгөөд, төр оршин бий болохоос өмнө бид бүхэн байгалийн төлөвт байхаасаа эзэмшдэг эрх юм.

Бид бусдын амь насыг булаан авах болон, боолчилж болдоггүйн адилаар өөрийнхөө амийг таслах ч, өөрийгөө боол болгон зарах ч боломжгүй.

Тэгвэл өмчийн тухайд ямар байх вэ? Локийн онолоор бол, бид бүхэн төр оршин байхаас ч өмнө хувийн өмч эзэмших эрхтэй байж. Гэтэл төр үгүй төлөвт хувийн өмчид хандах эрх үүсэх нь байж болох зүйл мөн үү? Үүнд өгсөн Локийн хариулт 26-р бүлэгт гарч ирнэ.

“Хүмүүс хэн бүхэн өөрийн биеийг өмчлөх эрхтэй. Үүний тухайд өөрөөс нь өөр хэнд ч тийм эрх байхгүй. Өөрийн биеэр үйлдсэн хөдөлмөр, гараар бүтсэн ажил бол эргэлзээгүйгээр өөрийнх гэж хэлж болно.”

Эндээс Лок либертаричуудтай адилхан онолын гаргалгаа хийсэн байдаг. Бид өөрийн биеэ өмчилдөг юм бол, өөрийн биеийн хөдөлмөрийг ч өмчилдөг болж таарна.

Тэндээсээ цааш нь ингэж онцолсон. Өмчлөгдөөгүй зүйлсэд бидний хөдөлмөр шингэх юм бол, тэр зүйл мөн бидний өмч болно.

“Байгалийн бэлдэж орхисон төлвөөс гаргаж авсан юу ч болов өөрийн хөдөлмөрийг шингээж буй явдал бөгөөд, өөрийнхөө ямар нэг зүйлийг түүнд нэмсэн гэдэг утгаараа түүний өмч болон хувирна.”

Яагаад вэ?

 “Хөдөлмөр бол тухайн хөдөлмөрлөгчийн эргэлзэх аргагүй өмч мөн. Тиймээс түүнээс өөр хэн нэгэнд түүний хөдөлмөр шингэсэн зүйлийг өмчлөх эрх үүсэх нь үгүй.”

Гэхдээ үүнд маш чухал нэгэн нөхцөл бий. “Бусад хүмүүст адилхан сайн зүйл хангалттай хэмжээгээр үлдсэн байх ёстой.” (жишээ нь, газар өмчилж байгаа бол, бусад хүмүүст ч хангалттай газар үлдээх ёстой)

Бид бүхэн хураасан тариа ногоо, агнасан буга, барьсан загас төдийхөнд хандсан өмчлөх эрхтэй биш юм. Газар хагалж, хашаагаар тойруулж, төмс тарьсан бол хураасан төмс төдийгүй төмсөө тарьсан хөрс, тэгээд тэр газраа ч өмчилнө.

“Хүн газар хагалж, ургамал тарьж, сайжруулсан газраасаа ургац хураан түүнээ хэрэглэж байгаа л бол, тэр газар нь тухайн хүний өмч мөн. Түүний хөдөлмөр шингэсэн учраас тэр газар ердийн газраас ялгаатай.”

Эрх үл шилждэг гэсэн санаа нь, Локийг либертаричуудаас хөндийрүүлж буй мэт санагдана. Либертаричуудын хэлэхийг хүсч буй нь, бидэнд өөрсдийгөө өмчлөх абсолют эрх бий учраас хүссэн зүйлээ юу дуртайгаа хийж болно гэсэн санаа боловч, Лок уг санааг нь бүрэн дэмжигч биш.

Бодитоор тэрээр байгалийн эрхийн талаар нухацтай бодож үзвэл, бидэнд байгалийн эрхийнхээ хүрээнд хийж болох зүйлсэд хязгаар бий болохыг анзаарах учиртай, гэж хэлсэн. Бурхан, эсвэл оюун ухааны зохицуулалтаар бий болсон хязгаарлалт. Эрх чөлөөтэй байх гэдэг юу гэсэн үг болохыг тунгааж үзэх юм бол, эрх нь үл шилжих бөгөөд түүнд хязгаарлалт бий болохыг ойлгох учиртай, юм гэнэ.

Энэ бол Лок болон либертаричуудын ялгаа боловч, Локийн зөвхөн хувийн өмчийн талаарх тайлбарыг томруулан харвал буцаад либертаричуудын маш сайн дэмжигч болон хувирна.

Лок хувийн өмчийн талаар ингэж тунгаасан байна. “Бид бүхэн өөрсдийнхөө өмчлөгч, өөрсдийн хөдөлмөрөө өмчлөгч, мөн хөдөлмөрийнхөө үр шимийг өмчлөгч. Байгалийн төлвөөр нь түүж цуглуулж, ан гөрөө хийж олж авсан олз төдийгүй, хашаагаар хашиж, хагалж, сайжруулсан газрынхаа ч өмчлөгч байна.”

“Хөдөлмөр шингэснээр, хэний ч биш байсан ямар нэгэн зүйл тухайн хүний өмч болно.” гэсэн ёс суртахууны мэдрэмжээс төрөн гарах практик жишээ цөөнгүй. Гэвч, энэ нь заримдаа хэрүүлийн бай ч болдог. Хөгжингүй орон болон хөгжиж буй орнуудын хоорон дахь худалдаатай холбоотой оюуны өмчийн эрхийн талаар хэрүүл гардаг. Сүүлийн үеийн жишээ гэвэл, эмийн онцгой эрхийн талаарх хэрүүл байна.

 Өрнийн улсууд, ялангуяа Америк “Бидэнд шинэ эм зохион бүтээх асар том эмийн аж үйлдвэрийн салбар бий. Дэлхийн бүх улсуудаас зохиогчийн онцгой эрхийг дээдлэхийг хүсч байна.” гэдгээ хэлдэг. Тэгсэн чинь Өмнөд Африкт ДОХ-ын аюул нүүрлэжээ. Америкийн ДОХ-ын эсрэг эм дэндүү үнэтэй байсан тул, африкт тэрийг худалдаж авч чадах хүн бараг байсангүй. Ингээд Өмнөд Африкийн засгийн газар хэлж. “Бид Америкийн антиретровирусны эмтэй адилхан найрлагатай эмийг хамаагүй хямдхан өртгөөр худалдаж авахаар болсон. Тийм эм хийх аргыг олсон Энэтхэгийн эмийн үйлдвэрийн компани олсон. Онцгой эрхийг авч хаях юм бол, хавьгүй бага хөрөнгөөр асар их амь насыг аврах боломжтой.”

Тэгтэл Америкийн засгийн газар хэлж. “Тэгж болохгүй шдээ. Судалгаанд хөрөнгө зарж наад эмийг чинь зохион бүтээсэн компани яах болж байна? Лиценз төлөлгүйгээр эмийг дураараа их хэмжээгээр үйлдвэрлэхийг зөвшөөрөхгүй.”

Ингээд хэрүүл гарсан байна. Нөгөө эмийн үйлдвэр Өмнөд Африкийн засгийн газрыг шүүхэд өгч, тэднийхээр бол далайн дээрэмчин хувилбар гэж нэрлэсэн илүү хямдхан ДОХ-ын эмийг Өмнөд Африкийн засгийн газар худалдаж авахыг болиулах гэж оролдож.

Энэ хэрэг эцэстээ Америкийн эмийн компани бууж өгснөөр шийдэгдсэн. 

Гэвч энэхүү өмчлөх эрх, оюуны өмчийн эрх, эмийн онцгой эрхийн талаарх мэтгэлцээн бол нэгэн бодлын, байгалийн төлөв дэхь ашиглагдаагүй үлдсэн сүүлчийн орон зай гэж хэлж ч болох юм. Одоогийн байдлаар онцгой эрх болон өмчийн эрхийн талаар төр улсуудын дунд тогтсон нэг хууль бий болоогүй л байна. Олон улсын зөвшлөөр дүрэм батлагдах хүртэл, тэр зөвшилд хүрэх шийдэл харилцан өөр байх төлөв харагдаж байна.

Төр болон хууль оршин байхгүй төлөвт ч хувийн өмчийн эрх үүсдэг хэмээх Локийн санааг юу гэж бодож байна? Амжилттай тайлбарлаж чадсан гэж үзэж байна уу? Хүлээн зөвшөөрнө гэсэн хүмүүс гараа өргөөрэй. Тэгвэл хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хүмүүс гараа өргө.

Эсрэг байр суурьтай хүмүүсийн саналыг эхлээд сонсъё. Зөвшилгүйгээр хувийн өмчийн эрх үүсдэг гэсэн Локийн тайлбарт ямар асуудал байна вэ?

 Рошел:

Лок европ соёлын стандартыг зөвтгөхийг оролдсон байх гэж бодож байна. Уугуул Америкчууд өөрсдийн газартаа соёл иргэншил бий болгож чадаагүй боловч, европчууд Америк тивд очсоноор бий болохгүй ч байсан байж магадгүй тэр соёл иргэншил хөгжсөн болохоор.

Сандел:

Өөрөөр хэлбэл, газрыг өмчлөх эрхийг хамгаалахын тулд хийсэн өмгөөлөл гэж бодож байна уу?

Рошел:

Тийм ээ, “Америк тивд очсон” гэх төдийгөөр энэ газар биднийх гэж хэлэх нь арай учир дутагдалтай байсан байх.

Сандел:

Мөөн. Нэр хэн бэ?

Рошел:

Рошел.

Сандел:

Рошел, европчууд нүүдэллэж очих үед хойд америкт юу болсныг бодож үзвэл өмчлөх эрхийн талаарх Локийн тайлбар тэр явдалтай холбогдож байна, гэж хэлж байна.

Рошел! Нэг үгээр хэлбэл Локийн тайлбар нь газрыг булааж авснаа зөвтгөх гэсэн өмгөөлөл гэж үзэж байгаа юм байна, тийм үү?

Рошел:

Тийм ээ. Лок “Агуу хувьсгал (1688 онд Англид болсон төрийн эргэлт)”-ыг ч бас зөвтгөсөн байдаг. Тийм хүн колончлолыг зөвтгөсөн байлаа гэхэд гайхах юмгүй гэж бодож байна.

Сандел:

Тийм байж. Наадах чинь нээрээ л сонирхолтой санал байна. Бодвол дэмжих хүн ч олон гарах биз.

Гэхдээ, Локийн онолын хүчин төгөлдөр байдлын тухайд юу гэх вэ? Чиний хэлж байгаачлан, энэ бол газрыг өмчлөөгүй байсан уугуул америкчуудаас хойд америкийн газрыг булааж авсан явдлыг зөвтгөх гэсэн оролдлого байж болох юм. Гэхдээ, ерөөсөө Локийн онол нь өөрөө зөв үү? Эсвэл энэ бол ердийн нэг ёс суртахууны хувьд буруу үйлдлийг зөвтгөх гэсэн Локийн явуургүй оролдлого төдий юу? 

Рошел:

Сүүлийнх нь гэж бодож байна.

Сандел:

Сүүлийнх нь гэж үү?

Рошел:

Миний л бодол.

Сандел:

За тэгвэл, одоо Локийн өмчлөх эрхийн санааг дэмжигч талынхныг сонсъё.

Рошел “Энэ бол Америкийг колончлогчид уугуул америкчуудаас газрыг булааж авснаа зөвтгөх гэсэн санаархлаас цаашгүй” гэлээ. Үүний эсрэг няцаалт сонсвол сонирхолтой байна. Локийг өмгөөлөх хүн байна уу? Чи!Өмгөөлж чадах уу?

Дан:

Тийм ээ. Лок европчуудын колончлолыг зөвтгөхийг оролдсон гэх нотолгоо байхгүй. Ер нь бол колончлол бол буруу л байх. Тэр бол түүний хоёр дахь бүтээлдээ бичиж байсан дайны төлөв байсан.

Сандел:

Өөрөөр хэлбэл, уугуул америкчууд болон европын колончлогчдын дунд өрнөж байсан нь дайны төлөв байсан. Тэр бол харилцан зөвшөөрч байж сая эхлэх зүйл бөгөөд, тэр нь байхгүй бол эхлэх ч боломжгүй зүйл байсан.

Дан:

Тийм ээ. Хоёр тал үүнийг зөвшөөрөөгүй байсан бол болох учиргүй байсан.

Сандел:

Нэр хэн бэ?

Дан:

Дан.

Сандел:

Дан! Сая Рошелоос ч асуусан. Газрыг өмчлөх эрхийн тухайд Локийн онолыг юу гэж бодож байна? Хэрэв энэ нь зохистой зүйл бол, колончлогчид газрыг эзэлж тэндээс бусад хүмүүсийг хөөн гаргасан явдал зөвтгөгдөх үү? Локийн онолыг хэрхэн үнэлэх вэ?

Дан:

Уугуул америкчууд газрыг арай өмчлөөгүй байсан биз дээ?

Сандел:

Уугуул америкчууд ан хийж, жимс түүж байсан болохоор газрыг хашаагаар хүрээлээгүй байсан байх. Рошел ч бас үүнийг зөвшөөрөх байх. Одоо сонсмоор байгаа нь...

Дан:

Гэхдээ...

Сандел:

За?

Дан:

Локийнхоор бол, тодорхой нэг газар дээр жимс түүж, түлээ хурааж, буга агнасан бол хөдөлмөр шингэсэн гэдэг утгаараа тэр газар нь бас өөрийнх болдог. Тэгэхээр энэ тодорхойлолтоор бол уугуул америкчууд ч бас орчин тойрноо хашаагаар хүрээлээгүй л болохоос...

Сандел:

Газрыг хэрэглэж байсан.

Дан:

Тийм. Тийм болохоор...

Сандел:

Локийн тодорхойлолтоор бол уугуул америкууд ч бас газрыг өмчлөх эрхээ илэрхийлж болох байсан.

Дан:

Даанч тэрийгээ илэрхийлэх хүн байгаагүй.

Сандел:

Мөөн. Баярлалаа.

Өөр Локийг өмгөөлөх хүн байна уу? Чи!.

Фен:

Локийг өмгөөлөх үүднээс хэлж байна л даа. Тэр бусад хүний газрыг авч болохгүй тохиолдол ч бий гэж хэлсэн. Жишээ нь, хүмүүсийн дундын эзэмшил болох газрыг авч болохгүй. Уугуул америкчуудын хувьд аль хэдийнэ өөрсдийн соёл иргэншилтэй байсан болохоор газрыг хамтран хэрэглэдэг байсан байх. Тиймээс тийм дундын өмчийг булаан авч болохгүй.

Сандел:

Наадах чинь сонирхолтой санаа байна.

Фен:

Бас бусад хүмүүст хангалттай газар үлдсэн байгаа эсэхийг нягтлахгүйгээр газрыг авч болохгүй. Өөрийнхөө авсантай адилхан сайн газар бусад хүмүүст ч бас хангалттай үлдсэн байгаа эсэхийг нягтлах шаардлагатай.

Сандел:

Яг тэгж хэлсэн. Лок “Газар өмчлөх эрхэнд, бусад хүмүүст ч бас адилхан хэмжээний сайн газар үлдээсэн байх ёстой, гэсэн нэмэлт нөхцөл бий” гэж хэлсэн байдаг.

Нэр хэн билээ?

Фен:

Фен. 

Сандел:

Фенийн санал ч бас нэг талаар Данынхтай төстэйгээр “Локийн онол бол уугуул америкчуудад ч бас адилхан үйлчлэх боломжтой” гэж хэлж байна.

Тэгвэл дараагийн асуулт. Хувийн өмчийн эрх нь байгалиас бий болдог буюу, төр үүсэхээс ч өмнө бид бүхэнд байсан зүйл юм бол, төрийн хийж болох зүйл түүгээр хэдий хэр хязгаарлагдах бол? Лок төрийг хэрхэн авч үзсэн бэ? Тэр тал дээр либертаричуудтай санал нийлдэг болов уу, нийлдэггүй болов уу? Үүнийг нарийвчлан харахын тулд байгалийн эрх нийгэмд орж ирэхээрээ юу болох талаар тунгаан харцгаая.

Бид нар байгалийн төлвөөс салж, олонхын буюу хүний зохиосон хуулийн системд захирагдан амьдрахыг зөвшөөрч нийгэмд элссэн. Гэвч хүний зохиосон хууль гэдэг бол, тэр хууль нь бидний байгалийн эрхийг дээдэлж, амь нас, эрх чөлөө, өмчийн талаарх үл шилжих эрхийг маань дээдэлсэн тохиолдолд л хүчинтэй байна.

Ямар ч парламент, ямар ч хууль тогтоогч бай, тэр нь ардчилсан зарчмаар сонгогдсон ч бай, хуулиар далайлган бидний байгалийн эрхэнд халдаж болохгүй.

Ямар ч хууль бай бидний амь нас, эрх чөлөө, өмчийн талаарх эрхийг маань зөрчиж болохгүй гэх үзэл нь хязгаарлагдмал төр гэх санааг илэрхийлсэн болох тул, явж явж либетаричуудыг баярлуулж буй мэт харагдаж байж мэдэх юм.

Гэвч либертаричууд шууд баярлах болоогүй. Үнэхээр ч Лок төр бий болсны дараа ч, байгалийн хууль оршин үргэлжилсээр байна гэж хэлсэн. Цаашлаад тэрээр төрийг бий болгох зорилго нь ялангуяа өмчлөх эрхийг хангахын төлөө бөгөөд, төрийн чадамж түүгээр хязгаарлагдахыг хүчтэй онцолсон (өөрөөр хэлбэл, төр өмчлөх эрхийг хангах үүргээс чөлөөлөгдөж чадахгүй). Гэвч нөгөөтэйгүүр өмчлөх эрх гэж чухам юуг хэлэх вэ, чухам ямар үед амь нас болон эрх чөлөө дээдлэгдсэнд тооцогдох вэ? Тэдгээрийг тодорхойлдог нь төр юм.

Бид бүхний амь нас, эрх чөлөө дээдлэгдэж, төрийн хийж болох зүйл хязгаарлагдсан байдаг. Гэвч нөгөө талаас нь харвал, бидний амь нас болон өмч хөрөнгө дээдлэгдэн хамгаалагдаж байгаа болохыг юугаар тодорхойлох вэ гэдгийг шийддэг нь төр өөрөө.

Ийм байж болох уу? Ямар нэгэн байдлаар зөрчилтэй юм биш биз? Эсвэл энд чухал зааг ангилал байна уу? Локийн санаа либертаричуудынхтай тохирч байгаа эсэхийг нарийвчлан нягтлахын тулд, дараагийн лекцээр Локийн тунгаан төсөөлөх зүй ёсны төр гэж ямар зүйл болох талаар нарийвчлан харцгаая (Бүгд алга ташив).

Тайлбар:

Энэ удаа либертаризмыг шүүмжлэх үүднээс Жон Локийн үзэл санааны тухай тайлбарлаж байна. Ингэхэд яагаад Жон Лок гэж? Лок бол мэдээж орчин үеийг төлөөлөх улс төрийн философич, нийгмийн гэрээний онолыг гаргаж тавигчдын нэг. Мөн түүнтэй зэрэгцээд Америк хэмээх улсын тулгар төр үүссэн явдалд Локийн үзэл санаа маш том утгыг агуулдаг болохоор тэр юм.

Тийм болохоор Америкийн улс төрийн философи, эсвэл улс төрийн онолууд дээр “Бидний санаа бол Жон Локийн үзэл санаатай тохирдог” гэж хэлбэл маш том давуу тал болдог учиртай. Либертаричууд өөрсдийн үзлийн эхлэл цэгийг Жон Локоос улбаатай хэмээн онцолдог. Энэ талаар Локийн үзэл санааг сайтар уншиж үзвэл үнэндээ яг ч бас тэгж хэлэх боломжгүй гэмээр тал харагддаг тул, тэр нь маш том мэтгэлцээн болдог учиртай. Профессор Сандел ч бас түүн дээр төвлөрч тайлбарлалаа.

Энэ удаад ДОХ-ын эмийн тухай яриа, мөн уугуул америкчуудын жишээ гэх мэт анхаарал татам жишээнүүд яригдлаа. Уугуул америкчуудын газрыг булааж аваад тэнд Америк гэдэг улс байгуулсан юм болохоор, энэ асуудал нь Америкийн тулгар төр, мөн Америкийн улс төрийн философийн үндэс суурьтай нягт холбогдож байдаг. “Локийн үзэл санааг хэрхэн тайлбарлах вэ?” гэсэн асуудалтай ч мөн холбогдохоос гадна, нөгөөтэйгүүр Америкийн төрийн үүсэн бүрэлдэл, тэгээд түүнээс улбаалан бий болсон хувийн өмчийн эрхийг хөдлөшгүй абсолют гэж үзэх ёстой эсэх тал дээр ч бас том асуудал өрнөдөг учиртай. Либеритаризмыг зах зээлийн зарчим ч гэж нэрлэдэгчлэн, хувийн өмчийн эрхийг халдашгүй абсолют зүйл мэтээр авч үздэг болохоор “Локийн үзэл санаа Либертаризмын эх урсгал нь үнэхээр мөн үү? Яг ч бас тийм гэж хэлэх боломжгүй биш үү?” гэдэг асуудал Америкийн улс төрийн философид том мэтгэлцээн дагуулдаг. Тиймээс энэ удаад Жон Локийн үзэл санааны талаар профессор Сандел тайлбарлан ярилаа.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2804

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%