ШУДАРГА ЁСНЫ ТУХАЙ ЛЕКЦ: Нийгэмд элсэн орох зөвшил

Харвардын Их сургуулийн профессор Майкл Санделын шударга ёсны тухай лекцийн цуврал

ШУДАРГА ЁСНЫ ТУХАЙ ЛЕКЦ: Нийгэмд элсэн орох зөвшил

Өмнөх лекцээр бид нар Локийн байгалийн төлөв, хувийн өмчийн талаарх тайлбар, тэгээд зөвшлөөр хязгаарлагдсан зүй ёсны төр гэж юу болох тухай хэлэлцэж эхэлсэн.

Лок, хүнд төрийг хязгаарлах нэгэн төрлийн язгуур эрх байдаг гэдэгт итгэдэг байсан. Тэгээд тэр эрх бол төрөлхөөс заяагдсан зүйл бөгөөд, хууль болон төрөөс үүдэлтэй эд биш гэж хэлсэн.

Локийн хийсэн агуу туршилт бол, төр болон хууль тогтоогчид өмчлөх эрхийг тодорхойлохоос өмнөх байгалийн төлөвт, зөвшилгүйгээр хувийн өмчийн эрх оршин байх боломжтой эсэхийг шалгахыг оролдсон зүйл байсан. Тэр бол түүний дэвшүүлсэн асуулт бөгөөд, хэлэхийг хүссэн санаа нь юм. Лок бусдад адилхан хэмжээний газар хангалттай цаана нь үлдсэн тохиолдолд л бид бүхэн ан гөрөө болон тариалангийнхаа үр өгөөж төдийгүй тэр газрыг өөрийг нь өмчилж болно гэж онолдсон.

Өнөөдөр Локийн философийн хоёр дахь чухал ухагдахуун болох зөвшлийн асуудлыг хөндье. Дашрамд хэлэхэд нэг дэхь нь хувийн өмчийн тухай байсан. Зөвшил ямар нөлөөтэй юм бол? Энд байгаа та бүхэн хичээлийн эхний өдөр зөвшөөрөл гэх үгийг хэрэглэж байсан. Санаж байна уу?

Тарган залууг гүүрнээс түлхэж унагадаг ярианы үеэр “Түүнээс зөвшөөрөл аваагүй байсан” гэж хэлэх хүн байсан. Мөн, далайд осолдсон эрчүүд жаалхүүг алж идсэн яриан дээр “Тэд нар сугалааг бүгд зөвшөөрсөн бол асуудал гарахгүй байсан” гэх санал гарч байсан.

Жон Лок бол энэхүү зөвшил (consent) гээчийн тухай онолдсон агуу философичдын нэг юм. Зөвшил бол улс төрийн философид маш танил дотно ухагдахуун. Лок зөвшил дээр тулгуурлан бий болсон төрийг зүй ёсны төр гэж хэлсэн ба, тэр нь ч мэдээжийн гэж санагдана. Улс төрийн философийн онол энэхүү Локийн зөвшил шиг нийтэд танигдсан зүйл байх тохиолдолд, түүний утгыг ойлгох, түүнийг сонирхолтой гэж мэдрэх нь хүндрэлтэй байдаг талтай.

Гэвч зүй ёсны төрийн суурь болсон зөвшлийн талаарх Локийн тайлбарт хэд хэдэн асуудалтай тал болон онцлогууд бий. Өнөөдөр тэдгээрийн талаар авч ярилцъя. Локийн зөвшлийн онол хаа хүртэл зохистой бөгөөд, ямар асуудалтай болохыг харахын тулд “Зөвшлөөр байгуулагдсан зүй ёсны төр юу хийж чадах вэ? Тийм төрд ямар чадамж бий вэ?” гэдгийг бодох шаардлагатай.

Энэ асуултанд хариулахын тулд, эхлээд байгалийн төлөв гэж юу болох тухай эргэн санацгаая. Бид нар нийгэмд элсэн орохтой зэрэгцээд байгалийн төлвөөс гарцгаасан. Зөвшлөөр нийгэм төрийг байгуулсан.

Гэвч, яагаад байгалийн төлөвтөө байгаад байж бололгүй, төрийг байгуулах болсон юм бол? Лок үүнд ингэж хариулсан байдаг.

Байгалийн төлөвт хэд хэдэн тааламжгүй зүйл бий. Тэдгээр нь юу юм бол? Хамгийн гол нь байгалийн төлөвт хэн бүхэн байгалийн хуулийг хамгаалагчид байх боломжтой явдал. Хэн ч бай Локийн хэлснээр бол “байгалийн төлвийг хамгаалагчид” бөгөөд, энэ нь Локийн шууд хэлсэнчлэн цаазын ялыг хэрэгжүүлэгчид гэсэн утгыг илэрхийлнэ. Байгалийн хуулийг зөрчсөн хүн байвал, тэр хүн бол түрэмгийлэгч бөгөөд хязгаарыг давсан учир чи түүнийг шийтгэж болно.

Байгалийн төлөвт байх үед шийтгэлийн хүнд хөнгөнийг нухацтай бодоод байх шаардлагагүй. Чамайг хойноос чинь мөшгөөд ирвэл, эсвэл алах гэж оролдвол, чи тэр хүнийг өрсөөд алчихад л болно. Энэ бол бие хамгаалалт. Байгалийн төлөвт хэн бүхэн хуулийг хэрэгжүүлэх чадамжтай ба, бусдыг шийтгэх эрхтэй. Чи мэдээж хэрэг өөрийн чинь амийг хөнөөхөөр санаархсан хүнийг, тэр байтугай юмыг чинь хулгайлах гэсэн хүнийг ч барьж аваад шийтгэж болно. Тэр ч бас байгалийн хуулийн эсрэг түрэмгийлэгчид тооцогдох учраас.

Хэн нэгэн гуравдагч этгээдээс хулгай хийсэн байлаа ч чи тэр хулгайчийг хөөн барьж болно. Яагаад вэ? Байгалийн хуулийг зөрчих нь түрэмгийлэл болохоор тэр. Цагдаагийн байгууллага гэж байхгүй, шүүгч болон иргэний төлөөлөл ч гэж байхгүй. Тиймээс хэн бүхэн өөрийнхөө хэрэгтээ шүүгч нь болно.

Тэгээд Лок, хүн өөрийнхөө хэргийн шүүгч болбол өөрийгөө ч мартаад байгалийн төлөвт тааламжгүй байдлыг үүсгэнэ гэж хэлжээ. Хүмүүс хэтийдсэн түрэмгийлэл болон шийтгэлийг давтан давтсаар нэг мэдэхэд амь нас, эрх чөлөө, эд хөрөнгөнд хандсан үл шилжих эрхээ эдлэх боломжгүй байдалд орчихно, гэнэ.

Тэрээр тун хурц ширүүн харгис үгсээр байгалийн хуулийг зөрчигсдийг хэрхэн гэсгээх ёстой тухай дүрслэн бичсэн бий.

“Хүн тулаан өдөж ирсэн хүнийг (…товчлов) чоно болон арсланг алж болдгийн адилаар хөнөөн устгаж болно. Тийм хүнд чадал тэнхээ, хүчирхийллээс өөр дүрэм үгүй, тийм ч учраас аюулт араатан лугаа адил тооцогдоно. Тийм араатны гарт хүн орвол гарцаагүй тэр араатан түүнийг алах нь зайлшгүй учраас тэр юм.”

Байгалийн төлөв гэдэг өнгөц харахад аюулгүй орчин мэт санагдана. Тэнд хэн бүхэн эрх чөлөөтэйн дээр хуультай, хүмүүсийн үл шилжих эрх нь хүчирхэг хуулийн дор баттай хамгаалагдсан. Гэвч тэрхүү аюулгүй байх учиртай төлөв ч бас сайн харвал асар харгис ширүүн хүчирхийллээр дүүрсэн орчин болох нь анзаарагдана. Тиймээс хүмүүс тэр төлвөөс гарахыг хүснэ.

Хэрхэн тэндээс гарах вэ? Үүн дээр Зөвшил (consent) гарч ирнэ.

Хүмүүс байгалийн төлвөөс мултран гарах цорын ганц арга бол, бусадтай зөвших явдал юм. Бусад гэж хэн бэ? Тэр бол тохиролцоо болон нийгмийн гэрээнд нэгдэн орохыг хүссэн бүх хүмүүс. Нийгмийн гэрээнд элсэн орохын тулд хүн байгалийн хуулийг хамгаалах эрхээсээ татгалзаж, төр болон бүлгийг үүсгэж, олонхоор шийдсэн ямар ч зүйлийг даган биелүүлэхийг зөвшөөрөхгүй бол болохгүй.

Эндээс гарах асуудал гэвэл “Төр ямар чадамжтай вэ? Олонх юуг шийдэх боломжтой вэ?” гэдэг юм.

Энэ бол Локийн хувьд хамгийн болгоомжлол шаардсан хэсэг. Хэдий олонхын засаглалыг зөвшөөрсөн байлаа ч гэсэн, мөн л бид бүхэн байгалийн хууль болон үл шилжих эрхээ эзэмшсээр байгаа шүү дээ. Санаж байгаа биз дээ, иргэний нийгэмд элсэн орлоо гээд тэдгээр эрхүүд хүчингүй болчихгүй. Тиймээс олонхоор удирдах нийгэмд ч бас олонх нь хувь хүний үл шилжих эрх, өөрөөр хэлбэл амь нас, эрх чөлөө, хувийн өмчийн суурь эрхүүдэд халдаж болохгүй.

Эндээс хэцүү асуудал босч ирнэ. Олонх чухам ямар чадамжтай юм бэ? Зөвшлөөр байгуулагдсан төрийн эрхэнд ямар хязгаарлалт бий вэ?

Олонход, иргэн нэг бүрийн үндсэн байгалийн эрхийг дээдэлж хамгаалах үүрэг бий. Тиймээс тэдний чадамж хязгаартай (үүргээсээ мултарч чадахгүй учраас). Бид бүхэн төрийг хүлээн зөвшөөрлөө гээд эрхээсээ татгалзсан учиртай биш. Энэ бол тусгаар тогтнолын тунхагт ашиглагдсан Локийн санаа буюу үл шилжих эрх шүү дээ.

Үүн дээр бага зэрэг бодож үзэхийг хүсье. Баялгийг тэнцүү хуваарилахын тулд Майкл Жордан ч юм уу Билл Гейтст татвар ноогдуулахыг эсэргүүцсэн хүмүүс байсан. Тэгвэл “Баялгийг олон хүнд хуваарилахын тулд цөөнхөд татвар ноогдуулах нь яагаад буруу вэ?” гэдэг талаар Лок ямар нэгэн тайлбар хийсэн гэж бодож байгаа хүн гараа өргө дөө? Юу гэж бодож байна? Чи!

 Бэн:

Олонх татвар ноогдуулах ёстой гэж шийдсэн байлаа ч, цөөнх заавал тэрийг нь төлөх албагүй гэж бодож байна. Тэр бол байгалийн хуулийн нэг болох өмчлөх эрхэнд халдсан явдал болохоор.

Сандел:

Мөөн. Нэр хэн билээ?

Бэн:

Бэн.

Сандел:

Бэн! Нэг ёсондоо, хэрвээ олонх цөөнхтэй ямар нэгэн байдлаар зөвшихгүйгээр онцгой татварын хууль гарган татвар ноогдуулбал, тэр бол зөвшөөрөлгүйн дээр өмчлөх эрхэнд халдсантай ижил учраас, Лок түүнийг эсэргүүцэх байсан гэж чи бодож байна, тийм үү?

Чиний саналыг бичгээр бататгая гэж бодлоо, болох уу?

Бэн:

Тэг л дээ (Бүгд хахаха).

Сандел:

Тийм үү. Чамайг яг тэгж хэлнэ гэж бодоод аваад ирсэн юм. Энэ текстийг харна уу.

 “Дээд эрх мэдэл зөвшихгүйгээр хүний хөрөнгөний хэсгээс ч атугай хураан авч болохгүй.”

“Яагаад гэвэл өмчлөх эрхийг хамгаалах нь төрийн зорилго бөгөөд, түүний төлөө хүмүүс нийгэмд элсэн ордог учир, хувийн өмчийг зайлшгүйгээр байх ёстой зүйл хэмээн тооцон шаарддаг учиртай.”

Бид нийгэмд элсэн ордог нь, өөрсдийн өмчлөх эрхээ хамгаалах гэсэн аргаас өөр юу ч биш. Тэгээд Локийн хэрэглэж буй энэхүү өмчлөх эрх гэдэг үгэнд амь нас, эрх чөлөө, өмчид хандах байгалийн эрх бүхлээрээ агуулагдаж байгаа. Энэ хэсгийг унших төдийд Бэнийн хариулт зөв юм шиг харагдана.

Гэвч, цааш нь уншсан ч ижил зүйл хэлэх боломжтой болов уу?

Хүн нийгэмд өмчлөх эрхтэй байдаг ба, аливааг өмчлөх эрх нь бүлгийн (community) хуулийн дагуу түүнийх болдог

.” (Доогуур нь зураад) Энэ хэсэг нь чухал. Тиймээс хэн ч зөвшөөрөлгүйгээр бусдын хөрөнгийг булааж болохгүй.

Цааш нь ингэж үргэлжилнэ. 

“Тиймийн учир дээд эрх мэдэл эсхүл хууль тогтоох эрхээр хүмүүсийн хөрөнгийг зоргоороо торгож, хүссэнээрээ хурааж болдог гэж үзэх нь буруу юм.”

Энэ хамгийн хэцүү хэсэг нь байгаа юм. Нэг талаар Лок, төр тухайн хүний зөвшөөрөлгүйгээр хөрөнгө хурааж болохгүй гэдгийг тов тодорхой хэлсэн. Хөрөнгөнд байгалийн эрх байгаа болохоор.

Гэвч тэрээр “Бүлгийн хуулийн дагуу тэдгээр нь тухайн хүнийх болно” гэж бас хэлсэн байна. Эндээс өмчлөх эрх нь байгалийн зүйл бус, төрөөс тодорхойлдог зүйл юм шиг харагдана. Тэгээд цааш нь унших юм бол бүр толгой эргэсэн юм болно.

“Төр их хэмжээний зардалгүйгээр оршин тогтнох боломжгүй. Төрийн хамгаалалтыг хүртэх хүмүүс бүгд төрийн оршин тогтнолын төлөөх ноогдлыг өөрийн хөрөнгөнөөс гаргаж өгөх ёстой.”

Үүний дараах нь бас чухал.

“Гэхдээ, тэнд тухайн хүн эсвэл тэдгээрийн сонгосон төлөөллөөр дамжин олгогдсон тухайн хүний зөвшөөрөл, өөрөөр хэлбэл олонхын зөвшил байхгүй бол болохгүй.”

Тэгэхээр юу гэсэн үг вэ? Өмч эзэмших бол нэг талаар байгалиас заяасан эрх боловч, өөр талаас нь харвал тохиролцоогоор бий болдог зүйл. Байгалиас заяасан гэдэг нь, бид бүхэн үл шилжих үндсэн эрхтэй бөгөөд, тэнд өмчлөх эрх ч бас агуулагддаг болохыг төр дээдэлдэг гэсэн утгаараа тэр. Тиймээс өмчийг дураараа хураан авах нь байгалийн хуулинд халдсан хууль бус үйлдэл болно.

Гэвч, ахиад асуудал гарч ирнэ. Хөрөнгөний талаарх тохиролцлын асуудал. “Юуг хөрөнгө гэж үзэх вэ? Юуг хөрөнгө хураалт гэж үзэх вэ?” гэх зэргийг тодорхойлдог нь төр юм. Эндээс анхны асуулт руугаа буцаж очно: “Зөвшил тэнд ямар нөлөөтэй вэ?”.

Зөвшихгүйгээр хуулийн дагуу татвар ноогдуулна гэж байхгүй. Тэр зөвшил бол татвар төлөх тухайн хүн, жишээ нь Билл Гейтсийн зөвшил биш. Бид байгалийн төлвөөс мултран гарч анхны төрийг байгуулах тэр үед байсан бүх хүмүүсийн нэгдсэн зөвшил. Энэ бол нийтийн зөвшил юм.

Энэ тайлбараас харах юм бол зөвшлийн гүйцэтгэх үүрэг нь нэлээдгүй том, зөвшлөөр бий болсон төр төдийлөн хязгаарлалтгүй юм шиг харагдана. Үүний тухайд ямар нэгэн санал болон эргэлзээтэй хүн байна уу?

Никола:

Төр нэгэнт ажиллаад эхэлсэн тохиолдолд, төрийн дор төрсөн хүмүүс түүнээс гараад байгалийн төлөв рүүгээ буцах боломжтой болов уу? Тэр талаар Лок юу гэж бодож байсан нь эргэлзээтэй санагдаж байна. Тэр талаар ямар нэгэн юм хэлээгүй байх гэж бодож байна.

Сандел:

Чи юу гэж бодож байна?

Никола:

Дасчихсан болохоор төрийг орхиход маш хэцүү байх гэж бодож байна. Яагаад гэвэл одоо хэн ч байгалийн төлвөөрөө амьдрахаа больсон. Өнөө цагт хэн бүхэн хуулийн засаглал дор байдаг.

Сандел:

Мөөн. Баярлалаа. Нэр хэн билээ?

Никола:

Никола.

Сандел:

Никола! Жишээ нь чи иргэний нийгмээс гармаар байжээ гэж бодъё. Өөрийн зөвшлөөсөө татгалзаад, байгалийн төлөв руу буцъя гээд.

Никола:

Би үнэндээ юуг ч зөвшөөгүй. Би зүгээр л энд төрчихсөн. Элсэж орсон нь миний өвөг дээдэс.

Сандел:

Нээрээ тийм билүү. Чи нийгмийн гэрээнд гарын үсэг зураагүй. Би ч зураагүй.

Никола:

Тийм.

Сандел:

Тэгвэл Лок юу гэж хэлсэн бол?

Жин:

Лок гарын үсэг шаардлагатай гэж хэлээгүй гэж бодож байна. Энэ бол аман (шууд бус) зөвшил, төрийн үйлчилгээг авахыг хүссэн хүмүүс төрд ямар нэгэн юмаа алдахыг зөвшөөрсөнтэй ижилхэн.

Сандел:

Мөөн. Шууд бус зөвшил гэсэн санал гарч байна. Шууд бус зөвшил хүчин төгөлдөр биш гэж бодох хүмүүс байгаа л болов уу. Никола, чи ч бас сая толгой сэгсэрлээ шүү дээ. Шалтгаанаа хэлээч.

Никола:

Зүгээр л төрийн элдэв хөрөнгө нөөцөөс хэрэглэж байна гэдгээр заавал төрийн зохиосон дүрмийг зөвшөөрсөн болох албагүй гэж бодож байна. Хөрөнгө нөөцөөс хэрэглэх нь нийгмийн гэрээнд элсэн орохыг зөвшөөрч буйг илтгэнэ ч гэж бодохгүй байна.

Сандел:

Шууд бус зөвшилд төрд захирагдах үүрэг үүсэх хэмжээний чадамж байхгүй гэж бодож байна уу?

Никола:

Тийм ээ, тэгж бодож байна.

Сандел:

Никола! Чи баригдахгүй байсан ч татвар төлөх үү? (Бүгд хахаха)

Никола:

Харин ээ, төлөхгүй л байх. Хувь хүнийхээ хувьд бүх юмыг нэгэн жигд дэмжих биш, зөвхөн өөрийнхөө дэмжмээр байгаа бодлогод л мөнгөө төлж болдог тийм систем байвал гоё гэж боддог.

Сандел:

Татвар төлөх болохоороо байгалийн төлөвтөө очдог байвал гоё тэ? (Бүгд хахаха)

Миний сонирхоод байгаа нь “Бодитоор ямар нэгэн юмыг зөвшөөгүй болохоор ямар ч үүрэг хүлээхгүй юу?” гэсэн асуудал. Чи бол гэхдээ ухамсраараа л хуулийг сахин биелүүлдэг юм байна тийм үү?

Никола:

Яг тийм.

Жин:

Гэхдээ тэгж бодлоо ч “Бусдын юмыг булааж болохгүй” гэсэн Локийн хоёр дахь бүтээл дээрх нийгмийн гэрээг зөрчсөн явдал болно. Байгалийн төлөвт амьдармаар байгаа бол төрийн ямар ч үйлчилгээг хүртэхгүйнхээ оронд өөрөөсөө юу ч гаргахгүй байх нь падгүй асуудал. Гол нь төрөөс ч юу ч авч болохгүй. Төрийн үйлчилгээг авахын төлөөх татвараа төлөөгүй юм чинь.

Сандел:

Байгалийн төлөвтөө очмоор байвал чөлөөтэй оч. Харин засмал зам ашиглахгүй шүү гэсэн үг үү?

Жин:

Тийм.

Сандел:

Тэгвэл засмал зам ашиглах болон татвар төлөхөөс бүр хүнд асуудлын тухай ярья л даа. Амь насыг юу гэж бодож байна? Цэрэг татлагыг юу гэх вэ? За хариулаарай.

Эрик:

Хүнийг дайнд илгээнэ гэдэг бол гарцаагүй тэднийг үх гэсэн үг биш. Амьд явах магадлалыг нь өндөрсгөөгүй нь тодорхой ч гэсэн тэр бол цаазын ял биш. Тиймээс цэрэг татлага амьд явах эрхийг боож байгаа эсэх талаар хэлэлцэх нь зөв сэдэв гэж бодохгүй байна.

Энд жинхэнэ асуудал бол Локийн зөвшил болон байгалийн эрхийн талаарх байр суурь. Бид байгалийн эрхээсээ татгалзах ч боломжгүй. Тэгвэл татвар болон цэрэг татлагын тухай бодох үед, Лок амь наснаасаа татгалзах, өмчлөх эрхээсээ татгалзахыг зөвшөөрөхийг хэрхэн авч үзсэн юм бол? Лок амиа хорлохын эсрэг байсан байх л даа. Гэхдээ хүмүүс хувьдаа тэрийг зөвшөөрч үйлдэж байгаа болохоор, би бол хүлээн зөвшөөрнө.

Сандел:

Баярлалаа. Нэр хэн билээ?

Эрик:

Эрик.

Сандел:

Эрик, Локийг уншиж эхэлснээс хойш тувт биднийг шаналгаж ирсэн тэр эргэлзээ дээр буцааж аваачлаа.

Бид амь нас, эрх чөлөө, өмчийн талаарх үл шилжих эрхтэй боловч, тэр эрхээсээ татгалзах эрхгүй. Төрд хязгаарлалт байдаг нь түүнээс болсон хэрэг болохоос, бидний зөвшлөөр тэр хязгаарлалт бий болсон юм биш (Өөрөөр хэлбэл, эрх үл шилждэг болохоор л төрд тэр эрхийг хамгаалах үүрэг байдаг, тэрнээс бус бид зөвшиж байгаад төрд тийм үүрэг тохоосон юм биш). Бид яаж ч зөвшлөө гээд эрхээсээ татгалзаж чадахгүй болохоор, төрийн чадамж хязгаарлагддаг. Энэ бол зүй ёсны төрийн талаарх Локийн тайлбарын цөм санаа нь юм.

Гэвч саяын Эрикийн хэлж байгаа нь ийм учиртай. Хэрвээ амиа хорлох болон хөрөнгөнөөсөө татгалзах нь боломжгүй юм бол, яагаад амиа золиослохыг ч юм уу хөрөнгөнөөсөө татгалзахыг албадан хүчлэх олонхын засаглалыг зөвшөөрөх боломжтой юм бол оо?

Лок энэ тал дээр хариулт гаргаж хэлсэн үү? Эсвэл үл шилжих эрхийн тухай онолдохын хажуугаар, үндсэндээ бол хэмжээлшгүй эрх бүхий төрийг хүлээн зөвшөөрсөн юм болов уу? Хэн нэгэн Локийг өмгөөлөх хүн байхгүй биз? Эсвэл өөрийнхөөрөө ойлгоод ямар нэгэн шийдэл олж тавих хүн байна уу? За хариулаарай.

Гокл:

Хувь хүнд байдаг амьд явах эрх болон, төр тухайн нэг хүний амьд явах эрхийг булааж болохгүй гэсэн факт хоёрын хооронд ерөнхий ангилал гаргаж өгөх ёстой гэж бодож байна. Цэрэг татлага нь тухайн нэг хүнийг нэр заан дайнд тулалдуулахаар явуулдаг хэлбэртэй байвал, тэр бол тэр хүний амь насны байгалийн эрхэнд халдсан явдал болно.

Эсрэгээрээ цэрэг татлагыг жишээ нь сугалаа сугалж шийддэг байвал, нийт иргэд өөрсдийг нь хамгаалахын төлөө бидний дотроос тэр төлөөллийг сонгож байна гэж ойлгоно. Бүх иргэдээ дайнд явуулчихвал өмчийн эрхийг хамгаалах боломжгүй болчих болохоор, үндсэндээ бол санамсаргүйгээр сонгоно, гэсэн санаа. Тэгээд сонгогдсон төлөөллүүд нь дайнд мордож хүмүүсийн эрхийг хамгаалахын төлөө тулалдана. Минийхээр бол энэ арга төлөөллийн төртэй адилхан зарчим гэж бодож байна.

Сандел:

Төлөөллийн төр бүлгийг хамгаалахын тулд иргэдийг цэрэгт татаж болно гэж байна. Гэхдээ тэгэхээр чинь хүмүүс эрхээ эдэлж чадах уу?

Гокл:

Чадна гэж бодож байна. Энэ бол хууль тогтоох төлөөллийг сонгож байгаатай маш төстэй аргачлал.

Сандел:

Гэхдээ наадах чинь төр цэрэг татлага гэдэг хэлбэрээр тодорхой хэсэг иргэдийг сонгоод, нийтийн төлөө үхүүлж байгаа аятай зүйл байна. Ингэх нь эрх чөлөөний талаарх байгалийн эрхийг нь дээдлэхтэй зөрчилдөхгүй юу

Гокл:

Миний хэлэх гэсэн зүйл бол, тухайн нэг хүнийг нэр цохох болон санамсаргүйгээр хүн сонгох хоёрын хооронд ялгаа бий.

Сандел:

Хувь хүнийг сонгох гэдэг дээр тодруулга хиймээр байна. Нэр хэн билээ?

Гокл:

Гокл.

Сандел:

Гокл хүний амийг золиослохын тулд хувь хүнийг сонгож гаргаж ирэх болон, ерөнхий хуулиар зохицуулах хоёрын хооронд ялгаа бий гэж хэлж байна. Бодитоор энэ бол Лок ч бас гаргаж тавих болов уу гэмээр хариулт байх.

 

 

Лок зөвшлийн бусаар үүссэн ямар ч хэлбэрийн төрийг эсэргүүцсэн. Ирак дахь дайны зардлыг нөхүүлэхээр Билл Гейтсийг нэр цохон гаргах маягийн аргыг ч эсэргүүцсэн, дайны талбарт тулалдуулахаар тодорхой хэсэг бүлэг иргэдийг сонгож гаргахыг ч эсэргүүцсэн.

Гэвч, ерөнхий хуулиар төрийн сонгосон зүйл, эсвэл олонхоороо шийдсэн зүйл байх юм бол, тэр бол хүмүүсийн суурь эрхэнд халдсанд тооцогдохгүй гэж Лок үзсэн.

Дур зоргоороо хүний эрхийг булаах бол түрэмгийлэл мөн. Тэр бол үндсэндээ бүх хүмүүст хандаж “Хуулийн засаглал, өмчлөх эрхийн механизм огт байхгүй шүү” гэж хэлж байгаатай агаар нэг. Тийм байвал хааны ааш аягаар ч юм уу, парламентын ааш аягаар гэнэт та нарыг нэр заан өмчлөх эрхээс чинь түтгэлзүүлэх ч юм уу, эсвэл амь наснаас чинь түтгэлзүүлэх боломжтой болж хувирна. Гэвч дур зоргын бус шинжтэй (буюу хүн бүрт эрх тэгш үйлчилдэг) хуулийн засаглал дор байвал ингэх нь зөвшөөрөгдөнө.

Чамд “Тийм бол энэ чинь хязгаарлалттай төр биш юм байна” гэж санагдаж ч болох юм. Либертаричууд эцсийн эцэст Лок бидний гайхамшигтай дэмжигч биш байжээ, гэж хэлэх байх. Тэд хоёр шалтгаанаар Локод сэтгэл гонсойно.

Нэгт, эрх үл шилжих учраас, эцсийн эцэст бид өөрсдийгөө үнэндээ өмчилдөггүй болж хувирна. Өөрийнхөө эрхийг өөрөө зөрчих байдлаар амь нас, эрх чөлөө, өмч хөрөнгөөсөө татгалзаж болохгүй. Энэ бол нэг дэхь шалтгаан.

Хоёрт, зөвшилд тулгуурласан зүй ёсны төр нэгэнт үүсчихвэл, Локийнхоор бол тийм төрд тавигдах цорын ганц хязгаарлалт нь амь нас, эрх чөлөө, өмч хөрөнгийг дур зоргоор булаах явдал. Харин талаас олонхын шийдвэрээр нийтлэг үйлчлэх хууль зохиогдож, тэр нь зохих процедураар дамжин албан ёсоор батлагдсан бол, тэр нь татвар ч бай цэрэг татлага ч бай хүний эрхэнд халдсан явдалд тооцогдохгүй.

Лок хааны хэмжээлшгүй эрх мэдлээс сэрэмжилж байсан нь тодорхой. Гэвч, өөр нэг тодорхой зүйл бий. Энэ бол Локийн бараан тал нь боловч, энэхүү зөвшлийн агуу онолч зөвших шаардлагагүй хувийн өмчийн онолыг бодож олсон нь, өмнө Рошел гаргаж тавьсанчлан Локийн хоёр дахь анхаарлын сэдэв болох Америктай холбоотой байсан байж болох талтай.

Байгалийн төлвийн тухай ярих үедээ тэрээр агаарын хийсвэр ертөнцийн тухай хүүрнэсэн юм биш. Эхнээсээ дуустал Америкийн тухай л байсан. Америкт юу болсон билээ?

Колончлогчид газрыг хашаагаар хүрээлж, уугуул америкчуудтай байлдаж байсан. Колончлогч талын төлөөлөгч болох Лок зөвшилгүйгээр газрыг хашаалж, тариалан эрхэлснээрээ түрий барин хувийн өмчийг зөвтгөхийг санаархаж байсан ч байж болно.

Гэвч түүнтэй зэрэгцээд түүнд, хаан ч юм уу тохиолдлын засаглагчийн эрх мэдэлд хязгаарлалт хийсэн, зөвшилд тулгуурласан төрийн онолыг хөгжүүлэх сонирхол ч бас байсан.

Энэ удаа бүрэн хариулагдаагүй суурь асуулт бол, зөвшил ямар нөлөөтэй болох тухай байсан. Түүний ёс суртахууны чадамж нь юу юм бол? Зөвшлийн чадамжийн хязгаар нь юу юм бол? Зөвшил төрийн хувьд төдийгүй, зах зээлийн хувьд чухал зүйл. Дараагийн удаад бараа худалдах, худалдан авах үед үүсдэг зөвшлийн чадамжийн хязгаарын тухай ярилцъя (Бүгд алга ташив).

Тайлбар:
Энэ удаад өмнөх лекцийн үргэлжлэл болгож Жон Локийг авч ярилцлаа. Локийн нийгмийн гэрээний онол нь орчин үеийн үндсэн хуулиудын суурь зарчим болж, Америк төдийгүй бусад олон орны улс төрийн хувьд ч маш чухал сэтгэгч гэдэг утгаараа ийнхүү авч ярилцаж байна. Мөн Локийн санаа нь өнөөгийн орчин үеийн үндсэн хуулиудад тусгагдсан ардчиллын суурь нь болдог хэмээн, нийтээр үздэг.

Ардчилал гэж чухам юу юм бол? Олон хүн “Ардчилал бол олонхоор шийддэг тогтолцоо” гэх маягаар ойлгож бодоцгоодог. Гэвч анхны уул зорилго нь суурь эрхийг хамгаалах явдал юм гэвэл, олонхоор өөрийнхөө эрхийг зөрчүүлэхийг зөвшөөрч болохгүй гэсэн үг болно. Ялангуяа либертаричууд өмч хөрөнгийг чухалчлан авч үзэж, хувийн өмчид төр халдах нь шударга ёсонд харшилж байна хэмээн тодотгодог.

Энэ бол хувийн өмчөөр тогтохгүй, эрх чөлөө болон суурь эрхүүдийн алинд нь ч хамаатай бөгөөд, эрх чөлөө хийгээд үндсэн эрхэнд төр халдаж болохгүй гэсэн байр суурьнаас либертаричууд олонхын ардчиллыг дэмжигчидтэй сөргөлдөх хандлагатай байдаг. Харин либертаризмаас ялгаатайгаар Лок суурь эрхүүдийг үл шилжих гэж үзсэн.

Энэ удаад тодорхой жишээ болгож цэрэг татлага болон татварын асуудлыг гаргаж, ялангуяа амь насны асуудал болон өмч хөрөнгийн асуудлын талаар мэтгэлцлээ. Тэгээд мэтгэлцээний чиг хандлагын хувьд мэдээж тиймэрхүү эрхүүд чухал хэдий боловч, либертаризмын онолоос ялгарах Локийн өөрийн онолоор бол, төр нь хууль гэдэг хэлбэрээр ардчилсан зарчмаар шийдвэр гаргасан тохиолдолд, цэрэг татлага, албан татвар зэрэг нь онолын хувьд байх боломжтой болохыг заан үзүүллээ.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2262

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%