ШУДАРГА ЁСНЫ ЛЕКЦ: Эхийн сэтгэл зарна

Сургуулийн зааланд 1,000 илүү оюутан шавалдан цуглах маш сонирхолтой нэгэн хичээл орж байна.

Тэр бол профессор Майкл Санделын (Michael Sandel) Улс төрийн философи хэмээх лекц. Төдийг хүртэл бүх хичээлийг “хаалттай” явуулдаг байсан Харвард олны таашаалыг ихэд хүлээсэн уг лекцийг анх удаагаа нээлттэйгээр явуулахаар шийджээ. Харвардын Их Сургуулийн хичээл мэдээллийн хэрэгслээр нээлттэй цацагдсан анхны тохиолдол энэ.

Мөнгөөр авч болдог болон болдоггүй зүйлс- ЭХИЙН СЭТГЭЛ ЗАРНА

Сандел:

Энэ удаагийн лекцээр хүний нөхөн үржихүй, өөрөөр хэлбэл жирэмслэлт, төрөлттэй холбоотой асуудал дээр зах зээл ямар үүрэг роль гүйцэтгэж болох талаар, та бүхний санал бодлыг сонсъё гэж бодож байна.

Сүүлийн үед үргүйдлийг эмчилдэг эмнэлгүүд эм бэлгийн эс нийлүүлэгч хайдаг болсон. Харвардын Их Сургуулийн оюутны хэвлэл болох “Харвард Кримсон” сонин дээр хүртэл эм бэлгийн эс нийлүүлэгчид хандсан зар тавигдаж байсан. Гэхдээ хэн хүссэн бүхэн нийлүүлэгч болох боломжтой биш. 2, 3 жилийн өмнө гарсан нэг зарыг энд танилцуулъя.

Энэ зараар асар өндөр хөлстэйгээр эм бэлгийн эс нийлүүлэх хүн хайж байсан. Нөхцөл нь гэвэл оюуны өндөр чадавхтай, бие бялдар сайтай, 175 см-ээс өндөр нуруутай, SAT (их сургуульд элсэх ерөнхий шалгалт)-ын оноо нь 1,400-с дээш байх (Бүгд хахаха).

Энэ зарыг тавьсан газар дээрх нөхцлийг хангасан эмэгтэйн өндгөн эсэнд хэдийг төлөх гэж байсан гэж бодож байна? Та нарын баримжаагаар хэд вэ? (Бүгд ам амандаа үнэ шивнэлдэв).

1,000 доллар? 15,000 доллар? 10,000 доллар? Тэр зарыг үзүүлэх үү? (Бүгд уулга алдав).

50,000 доллар. Нэг өндгөн эсийн үнэ шүү. Гэхдээ зөвхөн премьюм (шилдэг) өндгөн эсэнд л төлнө. Үүнийг юу гэж бодож байна даа?

“Харвард Кримсон” болон их сургуулийн бусад сонинуудад эр бэлгийн эс нийлүүлэгч хайсан зар ч бас гардаг. Тиймээс нөхөн үржихүйн эмчилгээний зах зээл бол эр эм хүмүүсийн хувьд тэгш боломжтой зах зээл гэж хэлж болно. Үгүй ээ, яг нарийн яривал тэв тэгш боломжтой ч бас биш л дээ. Эм бэлгийн эсээс ялгаатай нь эр бэлгийн эс 50,000 долларын үнэ хүрэхгүй (хахаха).

Гэхдээ л эр бэлгийн эс зардаг компани байдаг. Том үрийн банк. Тэр компани бол Калифорни мужид байдаг алдартай ашгийн төлөө компани. Энэ компанийн эр бэлгийн эс авах шалгуур нь туйлын хатуу. Тэгээд Харвардын Их Сургууль болон Массачусетсийн Технологийн Их Сургууль хоёрын дунд нэг салбар нь, Станфордын Их Сургуулийн ойролцоо нэг салбар нь байрладаг (Бүгд хахаха).

Энэ үрийн банкны сурталчилгааны материал дээр эр бэлгийн эсүүдийн гарал нь нэгдүгээр зэрэглэлийнх гэдгийг нь онцгойлон тодотгосон байдаг (хахаха).

Энэ бол үрийн банкны вэб сайтандаа байрлуулсан мэдээлэл (Материал үзүүлэв).

Урамшууллын талаар дараах зүйлийг бичсэн байна:

“Эр бэлгийн эс нийлүүлэх болсон цорын ганц зорилго нь мөнгө байх ёсгүй байлаа гээд, эсээ нийлүүлэхэд тодорхой хэмжээний цаг зардал гардаг нь эргэлзээгүй юм.” (Бүгд хахаха).

Эс нийлүүлэгчийн урамшуулал хэд гэж бодож байна? Нийлүүлэгч нэг удаад 75 доллар авдаг (хахаха).

7 хоногт 3 удаа нийлүүлбэл сардаа 900 доллар хүртэл олох боломжтой. Зарлал дээрээ “Тогтмол гарын бэлэгтэй” гэсэн байгаа (Бүгд хахаха). “Киноны билет ч юм уу (Бүгд хахаха) бэлгийн карт зэрэг бэлгүүд байгаа. Энэ бол нийлүүлэгч та бүхний зарцуулсан цаг хөдөлмөрт хандсан талархал юм.”

Эр бэлгийн эс нийлүүлэгч болох нь амар явдал биш. Нийт хандсан хүмүүсийн 5-аас бага хувь нь л нийлүүлэгч болж чаддаг. Энэ үрийн банкны шалгуур нь Харвардын Их Сургуулийнхаас хамаагүй хатуу (Бүгд хахаха).

Энэ компанийн захирал ингэж өгүүлсэн бий:

“Төгс нийлүүлэгч хүний өндөр 180см, дээд боловсролтой, бор нүдтэй, шар үстэй, тэгээд хацар нь хонхойдог” (Бүгд хахаха).

“Шалтгаан нь энгийн. Үйлчлүүлэгчдийн хүсдэг онцлогууд л энэ юм. Үйлчлүүлэгчид ахлах дунд сургууль ч төгсөөгүй хүмүүсийн үрийн шингэн хүсвэл, бид тиймийг л нийлүүлэх болно.” (хахаха).

За тэгвэл, энэ хоёр зах зээл, өндгөн эс нийлүүлдэг зах зээл, үрийн шингэн нийлүүлдэг зах зээлийн талаар бодоцгооё.

Нэг асуулт тавья. Эр болон эм бэлгийн эсийг мөнгөний төлөө арилжиж болох уу? Эсвэл арилжих ёсгүй юу? гэсэн асуулт.

Энэ талаар ярилцангаа, өөр нэг болсон явдлыг хамтдаа харцгаая. Тэр бол зах зээл ба хүний нөхөн үржихүйтэй холбоотой гэрээний тухай.

Энэ болсон явдал бол ашгийн зорилготойгоор тээгч эх болсон тухай хэрэг. Хэдэн жилийн өмнө шүүх дээр очсон зарга бөгөөд, Бэйби Эм-ийн зарга (Baby M-ийн зарга) гэж нэрлэгдэх болсон хэрэг юм.

 Нөхөр Виллъям Стан болон эхнэр Элизабет нар хоёулаа ажил эрхэлдэг гэр бүл байсан ба хүүхэд хүсч байжээ. Гэвч тэр хоёр хүүхэдтэй болоход, эхнэр нь анагаахын хувьд эрсдэлтэй алхам хийхгүй л бол боломжгүй байж.

Ингээд хоёул үргүйдэл эмчилдэг эмнэлэг орж, Мерри Бет Вайтхэд гэгчтэй учирна. Тэр эмэгтэй 29 настай, хоёр хүүхдийн эх бөгөөд, цэвэрлэгээний ажилтны эхнэр байж. Тэр тээгч эх хайж байна гэсэн зарын дагуу ирсэн байжээ.

Тэд хоорондоо наймаалцсан байна. Тэдний байгуулсан гэрээнд, нөхөр Виллъям Стан тээгч эх болох Мерри Бетэд 10,000 доллар төлж, дээр нь төрөлтийн бүх зардлыг даахыг зөвшөөрч, Мерри Бет болохоор Виллъям Станы бэлгийн эсээр лабораторийн аргаар жирэмсэлж хүүхэд төрүүлээд, төрснийхөө дараа тэр хоёрт хүүхдийг өгөхийг зөвшөөрсөн байж.

Та бүгд үйл явдал цааш нь хэрхэн өрнөснийг мэдэж байгаа байх. Мерри Бет төрснийхөө дараа сэтгэл нь хувирч, төрүүлсэн хүүхдээ өгөхгүй гэсэн. Энэ хэрэг эцэстээ Нью Жерси мужийн шүүхээр орсон.

Хуулийн талын асуудлыг нь хойш тавиад, энэ хэргийг ёс суртахууны асуудал талаас нь тунгаан харцгаая. Бэйби Эм-ийн зарга дээр гэрээг мөрдөж, гэрээний дагуу гүйцэтгэх нь зөв гэж бодож байгаа хүн байна уу? (Нэлээн олон гар өргөв).

Тэгвэл гэрээгээ биелүүлэхгүй нь зөв гэж бодож байгаа хүн? (Цөөхөн гар өргөв).

Биелүүлэх нь зөв гэсэн хүмүүс олон байна. Тэгвэл гэрээг мөрдөх ёстой гэсэн хүмүүс, мөрдөхгүй байж болно гэсэн хүмүүс, аль алиных нь саналыг сонсоцгооё.

Эхлээд олонхын саналыг сонсъё. Яагаад гэрээг гүйцэтгэхийг дэмжинэ вэ? Яагаад гүйцэтгэх ёстой гэж бодно вэ? Тэр үндэслэлээ хэлэх хүн байна уу? Чи, босоод хариулаарай.

 Патрик:

Энэ гэрээ бол хүчин төгөлдөр гэрээ. Оролцогч талууд бүгд урьдаас гэрээний нөхцөл заалтуудыг мэдэж байсан, дээр нь энэ бол сайн дурын зөвшил. Тээгч эх өөрийгөө юу хийхээ ч мэдэж байсан, дөрвүүлээ л эрүүл ухаантай насанд хүрсэн хүмүүс. Урьдаас өөрийнхөө юу хийх гэж байгаагаа мэдэж байж гэрээ хийсэн юм чинь, амлалтаа дуустал нь биелүүлэх нь зүй ёсны явдал.

Сандел:

Өөрөөр хэлбэл, “Наймаа л бол наймаа” гэж байна уу?

Патрик:

Тийм ээ.

Сандел:

Нэр хэн бэ?

Патрик:

Патрик.

Сандел:

Патрикийн саяын санал, та бүхний ихэнх чинь гэрээг мөрдөхийг дэмжсэн үндэслэл байх тийм үү? Тийм байх. Тэгвэл гэрээг мөрдөхгүй байж болно гэсэн хүмүүсийн саналыг сонсъё. Патрикийг няцаах хүн байхгүй биз? Яах бол? Чи!

Эван:

Гэрээг мөрдөх ёстой нь үнэн л дээ. Гэхдээ оролцогч талууд бүгд урьдчилаад бүх мэдээллийг мэдэж байх тохиолдолд л тийм байна. Гэтэл саяын тохиолдолд, хүүхэд бодитоор төрж гарч ирэх хүртэл эх нь хүүхдээсээ ямар мэдрэмж авахыг мэдэх арга байгаагүй. Тиймээс эх нь бүх мэдээллийг мэдэж байсан биш байна. Төрж гарч ирэх хүүхдээ мэдээгүй, тэр хүүхдийг ямар их хайрлахаа мэдээгүй байсан.

Сандел:

Тийм үү. Нэр хэн билээ?

Эван:

Эван.

Сандел:

Эван “Гэрээ байгуулах үед, тээгч эх хүүхдээ хэрхэн хүлээж авахаа мэдэх боломжгүй байсан. Тиймээс гэрээгээ биелүүлэх гэж албадахыг дэмжихгүй” гэж байна. Тээгч эх гэрээ байгуулах үедээ шаардлагатай бүх мэдээллийг мэдээгүй байсан болохоор тэр. Өөр хүн байна уу? Энэ гэрээг дэмжихгүй хүн? Чи!

Ана:

Би ч бас уул нь гэрээг бүгд мөрдөх ёстой ч, хүүхэд бол жинхэнэ ээждээ хандсан үл шилжих эрхтэй гэж бодож байна. Тиймээс ээж нь л хүсэх юм бол хүүхдийг ээжээс нь салгаж болохгүй гэж бодож байна.

Сандел:

Өсгөсөн ээж биш, төрүүлсэн ээж нь биз дээ тэ?

Ана:

Тийм.

Сандэл:

Яагаад тийм юм бол? Нэрээ хэлээч.

Ана:

Ана.

Сандэл:

Ана! Яагаад тэгж бодох болов?

Ана:

Байгалиас залгагдсан хүйн холбоо бол ямар ч гэрээгээр бий болсон холбооноос хүчтэй гэж бодож байгаа болохоор.

Сандел:

Сайн байна, болно. Өөр хүн байна уу? Чи!

Катерин:

Би эсэргүүцэж байна. Хүүхэд төрүүлсэн ээждээ хандсан үл шилжих эрхтэй гэж бодохгүй байна. Хүүхэд үрчлэх ч юм уу, тээгч эх гэдэг бол хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа. Дээр нь энэ бол хувь хүмүүс сайн дураараа зөвшиж байгуулсан гэрээ учраас хаана нь ч “албадлага”-ын элемент харагдахгүй байна.

Сандел:

Энэ хэрэг дээр албадлага гэдэг шалтгаанаар няцаах боломжгүй гэж үү

Катерин:

Тийм ээ.

Сандел:

Нэр хэн бэ?

Катерин:

Катерин.

Сандел:

Катерин!  Эваны саналын талаар юу гэж бодож байна? Эван хэлэхдээ, гэрээ байгуулах үед албадлага байгаагүй ч зохистой мэдээлэл бүрэн байгаагүй гэсэн. Тээгч эх хүүхдээ төрж гарч ирэх үед юу мэдрэхээ урьдчилж мэдэх боломжгүй байсан. Энэ талаар юу гэж бодож байна?

Катерин:

Тээгч эхийн юу мэдрэх нь энд хамаагүй гэж бодож байна. Хуулийн талаасаа тэр эмэгтэй юу мэдрэх нь ямар ч падгүй зүйл. Би өөрийнхөө хүүхдийг бусдад үрчлүүлчээд, хойноос нь “За за ер нь хүүхдээ буцааж авъя” гэж бодлоо ч болохгүй. Угаасаа тээгч эх болъё гэдэг нь өөрийнх нь л шийдсэн наймаа.

Сандел:

Тэгвэл Патриктай ижил саналтай байх нь ээ?

Катерин:

Санал нэг байна. Наймаа л бол наймаа.

Сандел:

Наймаа л бол наймаа гэнэ ээ?

Катерин:

Тийм.

Сандел:

Сайн байна. Чи!

Андрю:

Хүүхэд ээждээ үл шилжих эрхтэй эсэхийг би хэлж мэдэхгүй юм. Харин ээж бол хүүхэддээ хандсан эрхтэй гэж бодож байна. Бас, зах зээлийн онолоор дүрэмдэж болохгүй зүйл гэж байдаг юм шиг санагдаж байна. Тээгч эх гэдэг бол хүнтэй холбоотой хэрнээ хүнлэг биш ч юм шиг, нэг л зөв гэж бодогдохгүй байна. Энэ миний эсэргүүцэж буй хамгийн гол үндэслэл.

Сандел:

Нэр хэн бэ?

Андрю:

Андрю.

Сандел:

Андрю! Чи тэгэхээр мөнгөний төлөө хүүхэддээ хандах эрхээ зарж шилжүүлж байгааг хүнлэг биш гэж бодож байгаа хэрэг үү?

Андрю:

Хэн нэгний биологийн эрхийг худалдаж авч байгаа болохоор тэр. Хуулинд бичсэнчлэн өөрийнхөө хүүхдийг зарж болохгүй. Өөрөө төрүүлсэн хүүхэд байлаа ч, тэр хүүхдийг бусдад зарах, боолчлох явдлыг хуулиар хориглосон байдаг.

Сандел:

Чи тэгэхээр энийг хүний наймаа, хүүхдийн наймаа гэх гээд байна уу?

Андрю:

Тийм (хэхэ). Тодорхой хэмжээнд.

Бусадтай гэрээ байгуулж, зөвшилцсөн ч бай, ээж хүүхэд хоёрын хооронд үгүйсгэж үл болох холбоо байгаа. Гэрээ хийсэн гэдэг үндэслэлээр тэр холбоог үл тоох нь буруу.

Катерин:

“Үгүйсгэж үл болох холбоо” гэж хэлж байгаа ч, энд үрчилж авсан тал ч юм уу тээгч ээжийг өөрийг нь эсэргүүцэх шаардлага байхгүй юм биш үү? Энд ердөө л сэтгэл хөдлөлийн өөрчлөлтийг л ярьж байна.

Андрю:

Үгүй ээ, бүх юмыг тоонд шилжүүлж, машин зарж авдаг шиг зүгээр л “гэрээ” гэж хэлээд шийдэх нь амар ч гэлээ, “сэтгэл” гэдэг юмыг үл тоох нь буруу. Хүн л юм чинь. Хүн бол зарж авч болдог төрлийн эд биш.

Сандел:

“Хүүхдийн наймаа” гэж хэлсэн Андрюгийн саналд юу гэмээр байна?

Катерин:

Би бол хүүхэд үрчлэх болон тээгч эхийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж бодож байна. Би ирээдүйд тэгмээр байгаадаа биш, төр иргэдийнхээ хүүхэд үрчилж авах болон тээгч эх болох эрхийг зөвшөөрөх ёстой.

Сандел:

Гэхдээ үрчилж авах чинь байна шдээ...

Катерин:

Хүүхэд үрчилж авах ч бас хүүхдийн наймаа гэж үү?

Сандел:

Чи нярай хүүхэд үрчилж авахдаа тэр хүүхдэд үнэ хэлж чадах уу? Андрюгийн гаргаж тавьсан асуудал нь тэр.

Катерин:

Нярай хүүхдэд үнэ хэлж чадах уу гэнээ? Үгүй ээ, би... (толгой сэгсэрснээ) тийм ээ мэдээж чадна (Бүгд хахаха). Тэр бол зах зээлийн л асуудал. Мэдээж түүний хэм хэмжээнээс хамаарах ч, төр тийм явдлыг зөвшөөрөх ёстой эсэх талаар илүү сайн тунгаах хэрэгтэй.

Сандел:

Сайн байна. Зөвшөөрч байна уу, Андрю?

Андрю:

Тийм ээ, тээгч эхийг зөвшөөрөхөд асуудалгүй, тээгч эх болж ч болно. Гэхдээ гэрээ хийсэн гэдгээр бамбай хийж гэрээний хэрэгжилтийг албадах нь буруу гэж бодож байна.

Сандел:

Ийм төрлийн гэрээ хийх нь чөлөөтэй ч, шүүхээр тэр гэрээг албадан биелүүлэх ёсгүй гэж байна, тийм үү?

Андрю:

Тийм ээ, тэгж бодож байна.

Сандел:

Дэмжих, эсэргүүцэх саналтай хүн байна уу? Чи!

Вивиан:

Бага зэрэг онцгой байр сууринаас саналаа хэлэхийг минь зөвшөөрнө үү. Миний ах үрийн банкинд үрийн шингэнээ нийлүүлж, их мөнгө авдаг байсан. Түүний өндөр 180 см, гэхдээ үс нь бор биш. Хацар нь хонхойдог л доо (Бүгд хахаха).

Би авга эгч болсон. Учир нь ахын үрийн шингэнээс охин төрсөн. Ах Оклахомагийн лесби хосод бэлгийн эсээ өгч, тэдэнтэй холбоо тогтоож, зургийг нь хардаг. Гэхдээ ах маань охиноосоо ямар нэгэн хүйн холбоо мэдэрдэггүй. “Ямар царай төрхтэй, юу хийж байна, эрүүл цовоо байна уу” гэх зэргээр сонирхдог шиг байгаа юм. Гэхдээ айхтар хайртай энэ тэр бол биш.

Тиймээс эх хүүхэд хоёрын хоорон дахь холбоотой харьцуулахын аргагүй гэж бодож байна.

Сандел:

Үнэхээр сонирхолтой. Нэр хэн бэ?

Вивиан:

Вивиан.

Сандел:

Вивиан! Сая бид ашгийн зорилготой тээгч эхийн тухай ярилцлаа. Бид түүнийг хүүхдийн наймаатай харьцуулж, ингэж харьцуулах нь зохистой эсэх талаар хэлэлцсэн учиртай боловч, чиний саяын хэлсэн шиг “үрийн шингэний наймаа”-тай ч харьцуулж болно. Гэхдээ чи үрийн шингэн зарах нь, нярай хүүхэд зарах, эсвэл тээгч эх болохоос тэс өөр гэж хэлж байна.

Вивиан:

Тэс өөр үйлчилгээ.

Сандел:

Тэс өөр үйлчилгээ. Хүүхэдтэйгээ холбогдох холбоо нь өөр болохоор гэж үү?

Вивиан:

Тийм. Эх хүн бол жирэмслэлтэнд л гэхэд 10 сарын хугацаа зарцуулдаг бол, эрчүүд үрийн банкинд очиж порно ч юм уу үзэж байгаад... (Бүгд хахаха), цаасан аяганд хийгээд л болчдог болохоор, тэс өөр.

Сандел:

Сайн байна.

Вивиан:

Өнөөгийн үрийн банкны бодит байдал тийм л байна (Бүгд хахаха. Алга ташив).

Сандел:

Үнэхээр сонирхолтой.

Энэ хүртэл дараах мэтгэлцээн гарлаа.

Тээгч эхийг гэрээгээ биелүүлэхийг албадахын эсрэг дор хаяж 2 төрлийн үндэслэл гарч ирсэн.

Юуны өмнө “Гэрээ асуудалтай байсан” гэх санал.

Гэхдээ энэ нь ямар нэгэн албадлагын шинжтэй гэсэн утгаар бус, мэдээлэл бүрэн бус байсан ч юм уу, хангалтгүй байсан гэх мэтийн шалтгаанаар асуудал үүссэн.

Тэгэхээр гэрээг асуудалтай болгодог нь албадлага ч байж болно, нөгөөтэйгүүр мэдээллийн бүрэн бус байдал ч байж болдог юм байна. Ямартай ч өнөөдрийн мэтгэлцээн дээр ийм санал гарлаа.

Тээгч эхийг гэрээгээ биелүүлэхийг албадахын эсрэг гарсан хоёр дахь санал, тэр бол хүнлэг биш учраас гэсэн үндэслэл байсан.

Энэ заргын шүүх хурлын эцсийн шийдвэр гарах үед юу гэж хэлсэн гэж бодож байна? Юуны өмнө шүүгч энэ гэрээг хуулийн хувьд хүчин төгөлдөр шинжтэй гэж хэлсэн. Үйлчилгээний хөлсийг хэлэлцээрээр харилцан зөвшсөн. Аль нэг тал нь албадсан явдал байгаагүй. Хэлэлцээрийн давамгайлал ч аль нэг тал руу хэлбийсэн зүйл байгаагүй. Зарга Нью Жерси мужийн дээд шүүхэд ирсэн. Дээд шүүхийн шийдвэр нь “Энэ гэрээнд хуулиар албадах чадамж байхгүй” гэж гарсан.

Шүүгч эцгийн хувиар Станы асран халамжлах эрхийг хүлээн зөвшөөрсөн. Тэгэх нь хүүхдийн хувьд хамгийн зүйтэй гэж үзсэн учраас. Гэвч Мерри Бетийн эрхийг ч бас баталгаажуулж, хүүхэдтэйгээ уулзах эрх нь ямар хэмжээнд байх дээр доод шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Шүүхээс гарсан хоёр үндэслэл нь Андрюгийн саналтай бараг ижил байсан. Нэгдүгээрт, хангалттай Имформэд консент (informed consent буюу зөв мэдээлэл дээр үндэслэсэн зөвшил) байгаагүй гэж шүүгч өгүүлсэн.

“Эх хүүхэдтэйгээ ямар хүчтэй холбоотойгоо мэдэхээсээ өмнө өөрчлөх боломжгүй амлалтанд унасан байна. Эмэгтэй бүрэн мэдээлэлтэй байсныхаа үндсэн дээр шийдвэр гаргаагүй. Яагаад гэвэл хүүхэд төрөөгүй байхад хамгийн чухал гэж хэлж болох тэр мэдээлэл байгаагүй.”

Шүүгч мөн хүнийг бараа болгох ёсгүй гэсэн хоёр дахь эсрэг саналтай төстэй санааг бас гаргаж тавьсан.

“Энэ бол хүүхдийг зарахтай адил, үгүйдээ л эхийн хүүхэддээ хандах эрхийг нь зарахтай адил үйлдэл. Холбогдогч талуудын сэдэл болсон зүйл нь ямар ч сайн сайхны төлөө бай, эцсийн эцэст ашиг олох гэсэн сэдэл нь давамгайлж, тэр нь энэ наймааг хөдөлгөсөн.”

 Юу гэсэн үг вэ гэхээр, зөвшилд хүрсэн ч бай хүрээгүй ч бай мэдээлэл бүрэн ч бай тийм зүйлтэй ямар ч хамааралгүйгээр, иргэншсэн соёлт нийгэмд мөнгөөр авч болдоггүй зүйл гэж байдаг юм. Шүүх ингэж хэлээд гэрээг хүчингүй болгосон.

Тэгвэл жирэмслэлт болон нөхөн үржихүйн салбар руу зах зээлийг тэлэхийн эсрэг дээрх хоёр саналын талаар тунгааж үзье. Хэр зэрэг үндэслэлтэй санал гэж бодож байна?

Виллъям Стан болон Мерри Бет нар хоорондоо сайн дураараа зөвшиж, гэрээ байгуулсан нь маргаангүй үнэн.

Гэвч энэ зөвшил үнэхээр сайн дурын чөлөөт явдалд тооцогдохгүй байх тохиолдол 2 бий.

Нэг нь зөвшихийг албадаж шахсан тохиолдолд.

Өөр нэг нь хангалттай мэдээлэл байгаагүй тохиолдолд.

Шүүх хэдий хүүхэд төрүүлж үзсэн туршлагатай эх байлаа ч, мөнгөний төлөө хүүхэд төрүүлээд түүнээсээ салах нь ямар байхыг мэдэх боломжгүй гэж үзсэн. Нэг дэхь эсрэг саналыг үнэлэхийн тулд, хэлэлцээр хийх чадвар ч юм уу тэгш мэдээллийг хэр зэрэг чөлөөтэйгээр бие даан солилцох ёстой талаар бодолцохгүй бол болохгүй. Энэ бол нэг дэхь асуудал.

Хоёр дахь эсрэг саналыг хэрхэн үнэлбэл зохистой вэ? Хоёр дахь эсрэг санал нь илүү барих барьцгүй, тэр хэрээр хэцүү асуудал. Андрю ч бас тэгж хэлсэн шүү дээ.

Төрөлтийг зах зээлийн наймаа болгох нь хүнлэг биш мэдрэмж төрүүлж байна гэсэн нь ямар учиртай вэ?

Энэ удаагийн сэдвийн тухай бидний уншсан номын зохиогчдын нэг философич Элизабет Андерсон, Андрюгийн илэрхийлсэн тайвгүйтэлд философилог тайлбар хийхийг зорьсон байдаг.

“Эх хүний хувиар хүүхэддээ хандаж ямар ч хайрын мэдрэмж мэдэрсэн бай, тэр мэдрэмжээ дарахыг тээгч эхээс шаардах юм бол, төрөлт гээчийг шилжүүлэх боломжтой хөдөлмөр болгон хувиргаж орхино. Яагаад гэвэл тэгэх нь төрөлт гээчийг нийгмийн дадал зөвөөр хөхиүлэн дэмждэг тэр зорилго, өөрөөр хэлбэл хүүхэдтэйгээ холбогдох эмоцлог холбооноос нь хүртэл салгаж орхих учраас тэр юм.”

Андерсоны хэлж байгаа нь, зарим төрлийн зүйлсийг нээлттэйгээр хэрэглэх ёсгүй, тэндээс ашиг хонжоо олох ёсгүй гэсэн санаа. Зарим төрлийн зүйлсийг хэрэглэхгүй байсан ч үнэ цэнэтэй.

Чөлөөтэйгээр хэрэглэж болохгүй юмсыг ямар аргаар үнэлж, хэрхэн тэдгээрийг авч үзэх ёстой вэ? Андерсоны үгээр бол зөндөө олон арга бий. Хүндлэл, талархал, хайр, алдар хүнд, бишрэл, эрхэмлэл байж болно. Хэрэглэж үзэхээс өөрөөр үнэлэх арга зөндөө бийгээс гадна, зарим төрлийн юмсыг зүгээр л хэрэглэж үзсэнээр зөв үнэлэх ч боломжгүй болгодог.

Андерсоны энэ санааг хэрхэн авч үзвэл зохих вэ? Нэг талаар энэ нь утилитаризмын тухай мэтгэлцээнийг эргэн санагдуулж байна. 

Зөвхөн хэрэглээ болон ашиг тус л амь нас болон цэргийн алба, нөхөн үржихүй, төрөлтийг зохицуулах цорын ганц арга гэж үү? Хэрэв тийм биш гэвэл, эдгээр зүйлсыг зохистойгоор үнэлэх аргыг хэрхэн бодож олох ёстой юм бол?

Хэдэн жилийн өмнө, Виржиниа мижийн үргүйдлийн мэргэжилтэн эмч болох Сесил Жекобсонтой холбоотой нэгэн скандал дэгдсэн. Тэрээр гаднаас ямар ч үрийн шингэн нийлүүлж авалгүйгээр, ганцхан үрийн шингэн нийлүүлэгчийн бэлгийн эсийг бүх өвчтөнд үр суулгахдаа ашигласан. Тэр нь Жекобсон эмчийн өөрийнх нь үрийн шингэн байсан (хахаха).

Ямар ч байсан шүүх дээр мэдүүлэг өгсөн нэгэн эмэгтэй өөрийнх нь төрүүлсэн охин эмчтэй маш төстэй байхыг хараад цочирдсон хэмээн өгүүлсэн байдаг (Бүгд хахаха).

Жекобсон эмч эмэгтэйчүүдэд урьдчилан тайлбар хийгээгүй байдлыг буруутгах нь бололцоотой явдал. Тэгэх нь зөвшилтэй холбоотой яриа болох байх. Тоймч Элен Гүдман энэ хэргийн талаар ингэж бичсэн байдаг:

“Жекобсон эмч үргүйдлийн эсрэг эмчилгээний бизнест хувийн арга барилаар ханджээ.” (хахаха).

“Гэвч өнөөдөр бид бүхэн үрийн шингэн нийлүүлэлтийн талаар дахин эргэцүүлэх шатандаа явж байна.”

Тоймч төгсгөлд нь: “Эцэг байх гэдэг бол та юу хийх тухай болохоос бус, та юу нийлүүлэх тухай биш юм.” хэмээн дүгнэсэн байдаг.

Тоймч Гүдман болон философич Андерсон нарын үгс, тэгээд энд байгаа Андрюгийн “хүнлэг бус” гэх илэрхийлэл, эдгээр нь “Мөнгөөр авах боломжгүй зүйлс гэж байдаг юм биш үү?” гэсэн эргэлзээг дэвшүүлэн тавьж байна.

Зүгээр л гэрээнд асуудал байсан гэх төдийгөөр бус, зарим төрлийн юмс бол зүгээр л хэрэглэхээс дээгүүр аргаар тэдгээрийг зохистойгоор үнэлэх ёстой болохоор тэр юм. Эдгээр асуудлын талаар цаашдын лекцээр философичдоос тусламж авангаа хэлэлцэн ярилцацгаая (Бүгд алга ташив).

Тайлбар:

Өмнөхийн адил либертаризмыг шүүмжлэх байр сууринаас энэ удаад төрөлт болон нөхөн үржихүйтэй холбоотой биоэтикийн (буюу биологийн судалгааны ёс зүй) асуудлыг гарган тавьж, түүнийг зах зээлтэй хэрхэн холбох талаар мэтгэлцээн өрнүүллээ.

Арилжааны үрийн банк ч юм уу, Baby-M зарга гэх мэт маш сонирхолтой жишээ гарган ярьсан. Олон хүмүүсийн хувьд “Америк чинь бүр ийм юм хийдэг болоо юу?” гэж гайхаж байж мэдэх юм. Baby-M зарга дээр дээд шүүхийн шийдвэрт гэрээнд асуудал байсан болохыг “Эх хүүхдийн холбоо ямар хүчтэй байж болохыг урьдчилан мэдэх боломжгүй байсан учраас гэрээг албадан хэрэгжүүлж таарахгүй” гэсэн үндэслэлээр тайлбарласан. Үнэндээ профессор Сандел энэ тал дээр арвин туршлагатай бөгөөд, 2001 онд ерөнхийлөгчийн дэргэдэх биоэтикийн зөвлөлийн гишүүнээр уригдаж, тэнд өрнүүлсэн хэлэлцүүлэг дээр тулгуурлан “The Case against Perfection: Ethics in the Age of Genetic Engineering” (Төгсрөлийг эсэргүүцэх шалтгаан: Генийн инженерчлэлийн эриний этик) хэмээх ном 2007 онд бичиж байсан.

Профессор Сандел энэ мэт амь нас болон нөхөн үржихүйтэй холбоотой асуудлуудыг бүгдийг нь зах зээлд даатгаж болно гэж үү? гэсэн асуудал дэвшүүлсэн учиртай. Яалт ч байхгүй, хүний амь нас, эх үрийн холбоо зэрэг асуудлыг зөвхөн мөнгөөр шийдэх нь буруу биш үү? Тэнд “Зах зээлийн ёс суртахууны хязгаар” байна бус уу? Профессор Сандел үүнийг илэрхийлэхийг зорьж буй. Өмнөх цэргийн албаны асуудлыг ч бодоод үзсэн, профессор Сандел амь настай холбоотой нийгмийн төрөл бүрийн салбаруудад зах зээл гар дүрэн оролцохыг эргэлзэн сэрэмжилж буй нь анзаарагдах болов уу, гэж санагдана. Энэ удаагийн лекцээр либертаризмын талаарх хэлэлцүүлгийг дуусгаж, либерализмын талаарх хэлэлцүүлэгт шилжиж орох болно оо.

Өмнөх лекц: Мөнгөөр авч болдог болон болдоггүй зүйлс- Цэргийг мөнгөөр хөлсөлж болох уу?

 


avatar
    • Zulaa
    • 162.158.90.*

    Сайн байна уу тээгч эх хайж байгаа эцэг эх байвал холбоо барьна уу Өмнө нь төрж байсан одоо хүү минь 2 настай Хүнд туслаж бас өөрөө жаахан тусламж авах хүсэлтэй байна Хүүхэд төрөөд ямар ч асуудалгүй өгч чаднаа Миний хувьд сэтгэл санааны бэлтгэлтэй байгаа Otoogii9999gmailcom хаягаар холбогдоорой мөн 94580101 утсаар холбоо бариарай тоглох хэрэггүй

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3264

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%