Моралгүй Монгол хөгжихгүй

Нялхсын ягаан дэвтрээсээ салаагүй  5 ч хүрээгүй балчир охин, 13-хан настай балчир хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэг гарлаа. Өшөө ч цаана нь  ил далдаар хэдэн зуун хүүхдүүд хүчирхийлэлд автдаг  гэнэ. Бяцхан хүүхдүүд маань хохирогч болоод очиход , төр нь хамгаалах тогтвортой бодлогогүй, иргэд, ирээдүй хойч нялхсынхаа төлөө гэсэн сэтэлгүй,  чадвар муутай байгаа нь маш тод харагдаж байна. Ганц чадах зүйл нь шалтаг тоочих юм байна.

Амьдралд хөл тавьж амжаагүй охид залуучууд амиа хорлох үзэгдэл ихэслээ. Цаанаа ил далд байдлаар, хэдэн зуугаараа энэ мэт харамсалтай хэргүүд тохиолдсоор байна. Тэд минь яагаад ингэх болов оо?

Бидний нийгэмд архидалт, хар тамхи гамшгийн хэмжээнд хүрлээ. Архи нь НҮБ-ийн Эрүүл Мэндийн Байгууллагын нэрлэснээр 3-р зэргийн мансууруулах бодис. Хар тамхи, морфины дараа л орно гэсэн үг. Ихэнх гэмт хэргүүд архинаас үүдэлтэй. Монгол хүн архийг  тохируулж уух хэвшилд төлөвшиж, суралцаагүй байхад,  энэ талаарх хууль эрх зүйн нарийн зохицуулалт, нийгмийн гол чиглүүлэгч суурь нь бидэнд яагаад байхгүй байсаар байна вэ? Дэлхийн олон улсад  архийг квотоор авч уудаг. Ардчилал, хүний эрх чөлөө гэсэн нэрийн дор  өөрийн амь нас хийгээд бусдын амь, амьдралд хохирол учруулах үйлдэл хийж, архи хэмээх дайсан үндсэн хөшүүрэг нь болсоор л байхад,  тийм эрх чөлөөт архидалтаар бид яах юм бэ? Хар тамхийг яриад ч хэрэг алга. Морал ярихгүй бол эрх чөлөө ярих боломжгүй.

Эх орноосоо дүрвэн, гадаадын улсад ямар ч хамаагүй хар ажил боловч хийгээд амьдрах хүсэлтэй залуучууд улам олшрох боллоо. Амьдрах чадваргүй, арчаагүйдээ тэд эх орноосоо  дүрвэхэд хүрсэн гэж үү? Эх оронд маань хангалттай ажлын байр байна уу? Хэн ямар ажлын байрыг бий болгосон юм бэ?

Утаа гамшгийн хэмжээнд хүрчихсэн. Сүүлийн 10-аад жил амтай болгон нь утаа гэж ярилаа, бусдад таалагдах гэж зарим нөхдүүд  утааны сэдвээр өчнөөн шоу хийж, зальтай нэгэн нь олон ч тэрбум төгрөг залгиж дууслаа. Гэтэл тэдний хэн нь ч бодитой, үр дүнд хүргэх ажлыг огт хийсэнгүй. НҮБ-ийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Улаанбаатар хотын агаарын бохирдол хүн, иргэн бүр эрүүл аюулгүй  орчинд амьдрах эрхтэй гэсэн  үндсэн хуульд заагдсан, эрхийг нь маш ноцтойгоор зөрчиж байгаа талаар зарласан. Төр нь юу ч хийсэнгүй, хоосон ярьсаар. Шалтгийг дээд зэргээр тоочиж  чаддагийг л тэд харууллаа. Агаарын бохирдол бол моралгүй төр, төрийн түшээдээс  үүдсэн асуудал. Моралгүй бол нийгэмд бүх муу муухай цэцэглэнэ.

Эдийн засаг аж үйлдвэр хөгжихгүй байна л гэнэ. Мэдлэг, шинжлэх ухааны салбар нэгэнтээ шашинд ялагдан, толгой бөхийсөн тул яаж эдийн засаг, аж үйлдвэр хөгжих юм бэ?

Төр бол ард түмний ухамсар, моралын баталгаа байх ёстой

гэж төрийн философич Томас Хоббс "Левиафан" номондоо онолдсон байдаг. Хэрэв тийм биш бол ард түмэн нэг нэгэндээ чоно, дайсан мэт болно. Чоно бол махчин амьтан.

Моралгүй төр, төрийн түшээдийн гаргасан хууль, дүрэм нийгэмд хүчин төгөлдөр биш, хэн ч дагаж мөрдөх хүсэлгүй, юман чинээ тоохгүй уландаа гишгэж, улс орон дураараа авирлагчдын диваажин болдгийг бид салаавч гаргадаг нөхрийн жишээгээр ч харлаа. Салаавч гаргадаг нөхөр, моралгүй Монголын төр 2 бол “морал” гэдэг бидний хамтын нандин өмч хогийн саванд хаягдсаны тод жишээ.

Бид яагаад морал ярих ёстой юм бэ? Бид моралыг ёс суртахуун гэсэн ганцхан ойлголтоор, алдаатай ярьж заншлаа. Ёс суртахуунтай байна гэхээр номхон, дөлгөөн, дуулгавартай, хулчгар, хувиа хичээсэн, надад хамаагүй гэсэн ойлголт нийгэмд нэгэнт төлөвшжээ.

2600 жилийн тэртээ философич Аристотель Никомакийн Этик номондоо

хүн бүр “Happiness” буюу хамгийн сайн сайхан амьдрал, сайн сайхныг бүтээх, зөв амьдрахын төлөө л тэмүүлдэг

гэж томьёолсон байдаг. Аристотелийн хэлснээр “Happiness” буюу жаргал нь идэж уухаас авах таашаал гэх зэрэг биологийн шаардлагыг хангахаас үүдэх амьтан биеийн таашаалаас ялгаатай ба сайн, сайхан зүйл бүтээж, түүнээсээ авах оюуны жаргал юм.

Тэгэхээр хүн “амьтан” гэдэг эхлэлийн цэгээс зөв, сайн сайхан амьдралыг цогцлоож чадах “хүн байх” гэсэн эцсийн цэг рүү тэмүүлэх нь хүн чанарын наад захын илрэл юм. Хүн бол байгалийн нэг төрлийн амьтан гэдэг нь хөдөлшгүй үнэн (Absolute truth).  Хүн байх нь амьтан байдалдаа жигшин, гэмшиж, буруу гэдгийг ухаарч, зөвийг хүсч  тэмүүлэхийг хэлэх аж. Буруугаас салж зөвд хүрэхэд зориг, тэвчээр, сэтгэлийн хат зэрэг эрдэм хэрэг болно. Энэхүү эрдмээ хэрхэн практикт хэрэгжүүлж байгааг моралтай байх гэнэ. Тиймээс  

төр  хүний ухамсар, моралын баталгаа болж, хүн хүнээрээ орших баталгаа, амьтан төлөв рүүгээ буцан, нэгнээ чоно мэт барьж идэх, дайсагналцахаас сэргийлэх үүрэгтэй моралын цагдаа байх ёстой.  

Яагаад өнөөдөр Монгол улс, Монгол хүн моралын гамшигт хүрч, хүн чанараа алдан, араатны хэмд очив оо?

Аристотелийн Никомакийн Этик номны гол санааг хураангуйлбаас  хүн нэгэнт амьтан гэдэг нь маргаангүй үнэн. Харин бусад амьтнаас ялгаатай нь бид энэ үнэнээ байгаагаар нь хүлээн зөвшөөрч чаддаг. Чадахаар барахгүй амьтан, араатан шинжээсээ салан, моралжиж, мэдлэгтэй болж, нийгэмшиж чадсан. “Хүн байх эсвэл хүн болох”-ыг эрмэлзэх нь зөв буюу “Basic Human Right” гэсэн ойлголтын суурь нь болдог. Гэтэл бид “Right” гэдэг хүн төрөлхтний бүх мэдлэгийн суурь ойлголтыг “Эрх” гэж алдаатай орчуулснаас болоод зөв буруугаа ч мэдэхгүй, хүн араатнаа ч ялгаж чадахгүй будилан явна.

Хүн төрөлхтний бүхий л мэдлэг хөдөлшгүй нэг үнэн дээр л суурилж байдаг. Хүн бол бусад амьтдын л адил биологийн амьтан. Ширэнгэн ойн хүчтэй нь амьд гарч, хүчгүй нь бусдын хоол болно гэсэн дүрмээр хүн төрөлхтний  ухамсарт нийгэм үүсэх боломжгүй учраас, араатан амьтан чигээрээ оршсоор байх нь буруу.  Хүний ухамсартай амьдаръя гэвэл зөв байна.

Зөв л байсан цагт этик, морал, нийгэм, эдийн засаг, бизнес, аж үйлдвэр,  бүтээмж, хууль дүрэм, ёс зүй  ярих боломж бүрдэнэ.

Хэрэв хэн нэгэн этгээд бусдаас илүү эрх, дархтайгаар амьдарч байна гэвэл хүний нийгмийн хэсэг  бус, ширэнгэн ойн араатны хаан арслан байна л гэсэн үг. Хүн төрөлхтний бусад амьтдаас ялгагдах гол зүйл нь  бидний мэдлэг, бүтээх чадвар, түүнийгээ хэл яриагаар дамжуулах “Communication” хийх  чадварууд. Гэтэл өнөөгийн Монголын нийгэмд хүн нь ширэнгэн ойн арзгар соёо, хүчтэй савар, хурдан хөлтэй,  “Эрх” мэдэлтэй араатнууддаа бууж өгсөн байдал үүсээд байна. “Planet of the Apes” гэх Холливүүдийн кинонд бичнүүд хүн төрөлхтнийг захиран, дарангуйлал үүсгэж байгаа талаар гардаг.

Хүн чанар гэхээр л өрөвч нинжин сэтгэл, тусч , нэгнээ хүндэтгэх зэргээр хязгаарлах нь маш алдаатай хэрэг.

Аливааг сониучлан, асууж, өөрийгөө хөгжүүлэх, мэдлэгт суралцахыг эрмэлзэх, мөнгө их олж баяжих, амбицтай байх зэрэг хүний хүсэл нь харин жинхэнэ хүн чанар.

Өөрөө өөрийнхөө эзэн байж, бурууг эсэргүүцэн, зөв байхын төлөө зогсох нь хүн чанарын хамгийн наад захын суурь нөхцөл юм. Номхон дөлгөөн, дуулгавартай, ноомой, бусдын үгээр байх нь ёс суртахуунтай биш харин “Planet of Apes” киноны мичнүүдэд захируулсан хүн дүрст амьтдаас ялгагдах зүйл үгүй. Учир юун гэвээс зөв бурууг  ялгахгүй,  ялгаж чадсан ч бурууг сөрж зогсох хүчгүй байна гэдэг нь  хүн чанарт суралцаагүй, моралгүй байна гэсэн үг.

Амьтдын ертөнцөд  төр хэрэггүй. Хүний нийгэмд  л төр услыг байгуулдаг. Яагаад гэвэл хүн төрөлхтөн амьтан байдлаасаа (Absolute truth) жигшиж, гэмжиж, зөв байх, хүн байхаа (Human Right) хуулиар хамгаалж, зохицуулалт хийн,  түүнд нь халдсан буруутныг шийтгэж, засч залруулан, сайн сайхан хамтын, нийгмийн амьдралыг (Happiness)  цогцлоох хүсэл нь (State of Mind) төр байгуулах үндэслэл болсон.

Монгол хүний хувьд хөдөлшгүй үнэн гэж юу вэ? Монголчууд бид үнэн бол харьцангүй, нэг өнцгөөс харахад нэг өөр, нөгөө өнцгөөс харах бас нэг өөр гэж ойлгож ирсэн. Гэтэл үнэн яаж харьцангуй байж болох юм бэ? Үнэн бол абсолют байх ёстой. Гэтэл Монголчууд бид энэ үнэнтэйгээ нүүр тулж, түүнийгээ ухамсарлаж хараахан амжаагүй л явна.

Монголчууд орчин үеийн төр  бие даан байгуулах боломжгүй. Дахиад хэдэн арван жил болно. Монгол хүний сэтгэлгээ (State of Mind) дундад зуунаараа байна гэж дүгнэлт хийх сэхээтнүүд олон болж. Хөдөлшгүй үнэнтэйгээ нүүр тулж, хүлээн зөвшөөрч, жигшин гэмшиж, засч залруулахгүй явсаар л байвал, хэдэн арван  мянган жил өнгөрсөн ч амьтан хэвээрээ хоцроно. Амьтанд төр, үнэн, зөв, буруу байх гэж байхгүй.

Үнэнтэйгээ нүүр тулсан, хүн төрөлхтний зөвд суурилсан төрийг байгуулж чадсан улс орнууд л хөгжсөөр байх болно. Зөвийг олж чадсан улс орнууд бусад орны ард түмнийг өөрсдтэйгөө ижил хэмжээний хүн гэж харж байна уу? Зөв буруугаа олж чадалгүй ширэнгэн ойдоо төөрсөн бич гэж харж байна уу? Бодох л асуудал.

Үнэн, зөв байхгүй гэвэл морал ч байхгүй. Хурц соёотой, гярхай хурц нүдтэй, том чихтэй, хүчтэй савартай эсвэл хамилён шиг хувирч чаддаг араатнууддаа номхон, дөлгөөн, дуулгавартай ёс суртахуунтай гэгдэх хэсэг нь тэдний идэш болсон хүн сүрэг л байна.

Дэлхийн түүхэнд эдгээр хурц соёотой нөхдүүдийг олигархи (Oligarchy),  дарангуйлагч (Tyranny) зэргээр нэрлэж ирсэн. Моралын хувьсгал л олигархуудыг устгаж цэвэрлэнэ.

Хэн ч муу муухайг мэдсээр байж хийдэггүй гэж Сократ хэлсэн байдгийг санаарай.

“Моралтай Монгол” Сан

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2622

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%