Нийтлэл 03 сарын 30, 2018

АМЬДРАЛ САЙХАН: Сайхан муухай бүх л мэдрэмжийг мэдрэх нь зөв амьд явсны хамгийн том гэрч

Амьдрал сайхан булангийн энэ дугаарт “Сэтгэлийн хүүрнэл” бүлгэмийн гишүүн  Г.Ганбат өөрийн үзэл бодол, урлаг уран сайхантай холбогдсон замналаасаа хуваалцсан юм.

Та амьдралыг юу гэж боддог вэ?

Амьдрал бол маш баялаг зүйл. Бид амьдралдаа хүссэн зүйлээ хийж бүтээж, хайрцагнаас гарч сэтгэж, эрх чөлөөг үнэрлэж, аз жаргалыг амталж амьдрах хэрэгтэй. Мэдээж сайхан амьдрахын тулд зовлон бэрхшээл, хүнд хэцүү цаг үеийг заавал даван туулж байж сайн сайхныг илүү хурц тодоор мэдэрч чадна. Хүссэнээрээ амьдрахад бас учир бий гэж боддог. Бидний хүссэнээрээ амьдрах үзэл суртал, бусдын эрх ашиг, итгэл хүндлэлд сөргөөр нөлөөлөхгүй байх хэрэгтэй гэсэн хайрцаганд байх ёстой. Д.Урианхай гуайн хэлснээр хүнийг жаргаах үгэнд гуйлгачин байж болохгүй мэт. 

Сэтгэлийн хүүрнэл бүлгэмд яагаад нэгдэх болсон бэ. Утга зохиол сонирхож бичиж эхлэх болсон үеэ дурсаач?

 Унших тусам мэдлэг гэхээсээ илүүтэйгээр мэдрэмж нэмэгддэг учраас ном гэдэг зүйлд шунаж дурласан даа. Амьдралаас үүдэх олон хэцүү хийгээд хөнгөн асуултанд ном хамгийн мэдрэмжтэй хариулагч байж магадгүй юм. Ном, утга зохиолд татагдсанаар тархинд орж ирж байгаа мэдээлэл, үгийг шүүж эргүүлээд мэдрэмж болгон гаргахад их эерэг нөлөөтэй байдаг юм.  Эерэг нөлөө гэдэг нь бусдыг хүндэтгэж, хүлээцтэй сонсож, хүндэлж чаддаг болж байна гэсэн үг. Тийм болохоор их үнэтэй хүмүүжил, мэдрэмжтэй болгодог их сайхан зүйл юм даа. Бичвэр нийтлэлийн тухайд гэвэл өөрийн үзэл бодол, дотоод ертөнцөө бусадтай хуваалцаж аль болох зөв мэдрэмж, эерэг хандлага төрүүлж бага ч  атугай соён гэгээрүүлэх, сэтгэл доторх мэдрэмжүүдээ бусадтай хуваалцаж сураасай гэсэн үүднээс нийтлэл бичвэр бичье гэж бодох болсон.

Хүний амьдрал дандаа сайхан байдаггүй. Уйтгар гуниг ганцаардлын талаар таны бодлыг сонсъё?

Ямар ч хүний амьдралд тохиолддог зүйл. Бүр заавал тохиолддог зүйл гэж хэлж болох байх. Угаасаа тохиолдохгүй л бол амьдралын сайхныг мэдрэх мэдрэмж маш бага болно. Хүн бүр л зовдог, уйлдаг, ганцаарддаг. Харин сэтгэлийн хаттай хүмүүс л түүнийгээ нууж чаддаг. Би л ганцаараа зовоод байна, бусад хүмүүс бүгд жаргаж байна гэж бодох их өрөөсгөл ойлголт. Б. Лхагвасүрэн гуайн хэлсэн сайхан үг байдаг даа, "Зовлон жаргалын аль алинд нь ноён нуруугаа алдахгүй байх нь хүн болж төрсний утга учир юм" гэдэг үг.

Сайхан, муухай бүх л мэдрэмжийг мэдэрч чадна гэдэг зөв амьд явсны хамгийн том гэрч байх. Бусдын төлөө цохилох зүрхтэй байж л эдгээр зүйлсийг мэдрэх байх. Магадгүй таны уйлж явсан өдрүүд хэн нэгэнд гомдсондоо биш, хайрласандаа байж болно шүү дээ.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2019-09-25

    Пизда

    • Zochin
    • 2018-07-26

    mundag bn,

arrow icon