Гүйцэд бодож хийсэн юм заавал хүнд хүрдэг гэнэм. Энэ үгийг санан санасаар явах атлаа Бат-Оргил ахын номыг уншаад ичлээ. Мөр бүр, үг бүр, хөг бүрийн ард их хөдөлмөр, эрэл хайгуул, бодол ширгээсэн бясалгал байсан болохоор түүний дуунууд надад, танд...ер нь хүнд хүрсэн ажээ. Номоо ч бас тэгж бичсэн байх нь. Дуу бүр нь ардын дууны шүншигтэй, эргэх хуудас бүрт нь эх орон шингэсэн энэ номын мөрүүд оюун сэтгэлийн гүнээс гүнд нэвтэрч соц үеийн өнгө  төрхөө гээгээгүй гудамж талбайд халтайтал тоглож өссөн хүүхэд насаа, анхны болзоогоо, хэрэггүй юман дээр холдсон хар багын найзаа, харь газар Монголын салхийг мартсанаа гэнэт анзаарчихаад нэг их адгаснаа, утаа угаар түгжрэл улстөрийн хэрүүлтэй ч эх орондоо ирээд нэг уужирснаа… эргэн санах шиг болов.

Уран бүтээлээсээ 15 дуу сонгож,  хэрхэн бүтээсэн дурсамжаа нийгмийн асуудалтай сүлэлдүүлэн бичсэн “Жигүүртнээс дээгүүр” ном  Цовоо Хонгор дуу анхлан бичигдсэн 1991 оноос өнөөг хүртэлх нэг үеийн түүхээ түүний намтар, уран бүтээлээр дамжуулан харах боломж бидэнд өгнө. Сайн ном гэмээ нь өөрсдийгөө нөлөөгүй үнэний толинд нэг тусгаж харах боломж байдаг билээ.  Өнөөгийн хэлээр бол охидуудын аидол байсан одоо ч царайлаг Оргил ах шөнө шиг хар хөмсөг зангидасгээд, шүлэг шиг нүдээр эгц ширтээд үнэн сэтгэлээс бусадтай ярилцдаг шигээ чин сэтгэлийн ухаарал, харамсал, хүсэл сэтгэлээ шингээн бичсэн энэ номоос  олны оюун сэтгэлгээг тэтгэгч урлагийн гэр бүлээс төрсөн хүүгийн үндэсний үзэл, уян институционалист маягийн хүмүүнлэг нийгмийн чиг баримжаатай үзэл нэвт ханхлах аж.

“Жигүүртнээс дээгүүр” ном эрх чөлөө, эх нутгаас илүү эрхэм зүйл юу билээ хэмээх асуултаар эхлээд эх орон минь та тэсээрэй, амждаг л юм шүү хэмээх захиас, дуудлагаар төгсөнө. Амждаг л юм шүү гэдэг нь алсад шаргалтах тал нутаг өөдөө тэмүүлсэн хүүгийн сэтгэл, өчигдрөө өнгийж өөрийгөө эрсэн, эх орноо хамгаалах маргаашийн аяндаа зэхэж буй эр хүний эрэл тэчъяадал нэвт үнэртсэн Туул голын тухай дууны төгсгөлийн үг.  

“Төрсөн нутаг минь сайн байна уу

Төөрсөн хүүгээ ирэхийг мэдрээ юу?...”

Цовоо хонгор алтан намраа арван жил зүүдэлж мөрөөдсөн, би бас хүний нутагт яг 10 жилийг үдсэн билээ. Тийм ч болохоор нутгаа тэмүүлж гүйж ирсэн, сэтгэлийн чинадад алсран харагдах шаргал тал, тэр л нутагтаа одоо ч хүрээгүй яваам шиг санагдах монгол хүний хувьд  Бат-Оргил ахын амждаг л юм шүү хэмээн яарах, халаглах сэтгэл нэг л ойр тусна.

“Энгэрт чинь тэврүүлсэн байгаа хэрнээ

Хэчнээн их санана вэ?

Эх орноо, би”.

хэмээх хэзээ нэг цагт япон хэлнээс буулгасан хаику санаанд бууна. “Тал нутагтаа, эх орондоо хүрэх гэдэг зүгээр нэг энгэрт нь тэврүүлж, хэвлийг нь ухаж амьдрахын нэр биш болов уу?“ Эрдэнэс баялгаас илүү эрхэм зүйлсийн үнэ цэнийг үгийн, зургийн, хөгжмийн гурамсан  урлагаар дамжуулан зураглаж, сэхээтний ухамсарыг сэргээн сануулсан энэ ном эрхэм уншигчдад Бат-Оргилын дурсамжтай хамт өчигдрөө эргэн санахын сацуу маргаашийн араас адгах, санаж сэрэх боломж өгнө.

Бурхан ивээг, “Хүн байтугай адгуус хүртэл зорин гүйдэг эх оронтой билээ, бид”. Амждаг л юм шүү!

 

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 1919

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
19%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 19%
  • 68%