Тархины хөгжлийн эмгэгтэй хүүхэдтэй хэрхэн ойлголцох вэ?

Тархины хөгжлийн эмгэгтэй хүүхэд, эмгэгийнхээ шинж чанар, онцлогоос хамаарч янз бүрийн бэрхшээлтэй нүүр тулгаран амьдардаг. Тэдний хувьд цэцэрлэг сургууль гэх мэт олон нийтийн хэмнэлд орж амьдрах нь их хүндрэлтэй байдаг. Тархины хөгжлийн эмгэгтэй хүүхдүүд ямар бэрхшээлтэй тулгардаг болох, тухайн нөхцөл байдалд нь тааруулан эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчийн авах арга хэмжээ, зохицуулах арга замын талаар зөвлөе.

① Өдөр тутмын дадал хэвшилд суралцдаггүй хүүхдүүд

Тэд төвлөрөх, анхааралтай байх чадваргүй, хэт мэдрэмтгий эсвэл аливаад эв дүйгүй гэх зэрэг хөгжлийн эмгэгээсээ шалтгаалж амьдрал дээр өдөр тутам хийж, хэвших зүйлийг хийж чадахгүй, дадахгүй байх нь олон. Өөрөөр хэлбэл “хувцсаа солих, хоолоо идэх, бие засах, гараа угаах” зэрэг өдөр бүр давтан хийдэг зүйлсийг энгийн хүүхдүүдтэй харьцуулахад арай удаанаар сурч, дадал хэвшил болгодог. Жишээ нь, хувцасаа өөрсдөө өмсөж чадахгүй байгаа нь, гарын эв дүй муутай, төвлөрч хийж чадахгүйтэй, хувцас солих дараалал, аргачлалаа тогтоохгүй байгаа нь юм сайн цээжлэж, тогтоож чаддаггүйтэй холбоотой байна. Мөн, хэт мэдрэгийн улмаас шүдний сойзыг амандаа хийх мэдрэмжид дургүйцэн шүдээ угаахгүй, төвөгшөөж зугтах жишээтэй. Энэ мэтчилэн хөгжлийн эмгэгээсээ болоод бусад хүүхдийн хялбархан хийх зүйлсийг хийж чадахгүй байдал нь тэдний хувьд бэрхшээл болж байдаг.

Хэрхэн харьцаж, дэмжих вэ?

Тухайн хүүхэд юуг хийж чадахгүй байгааг цаг тухайд нь олж илрүүлэх. Хэдийгээр тархины хөгжлийн эмгэг (ТХЭ) гэсэн нэрийн дор эдгээр хүүхдүүдийг нэгтгэн авч үздэг ч, тухайн хүүхэд яагаад хийж чадахгүй байгаа нь маш олон төрлийн шалтгаантай бөгөөд тэдгээрийг багцлан авч үзэх боломжгүй. Хүүхдэд илэрч байгаа тухайн эмгэгт тулгуурлан, тохирох дэмжлэг туслалцааг хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Төвлөрч, дуустал нь юмаа хийж чадахгүй байгаа хүүхдэд “Хувцсаа солиод дуусахаар чинь гоё үлгэр ярьж өгье”, “Хийгээд дуусахаар нь хамт тоглоё” гэх мэт сонирхолтой, гоё зүйлсийг санал болгох. Энэ нь идэвх гаргах, дуустал нь хийх, хичээх сэтгэлгээг бий болгож, тэднийг хөдөлгөх гол хүчин зүйл нь болдог. Ой тогтоолтын хувьд бэрхшээлтэй, цээжлэх чадвар муутай хүүхдийн хувьд, хийх зүйлсийг нь дэс дарааллаар ангилсан, хэрхэн хийхийг нь тайлбарласан зураг бүхий үзүүлэн, карт ашиглах нь үр дүнтэй.

② Зааварчилгаа хүлээн авч чаддаггүй хүүхэд

Нэг зүйл рүүгээ хэт төвлөрчихдөг, эсвэл мэдээллийг зөв хүлээн авах чадваргүй байдаг гэх мэт зааварчилгаа хүлээн авах, боловсруулах чадваргүй байх олон шалтгаанууд байдаг. Багш “За одоо ийм зүйлийг ингэж хийцгээнэ шүү” гэж заавар зөвөлгөө өгөхөд “Тархины хөгжлийн эмгэг”-тэй хүүхэд хүлээн авалгүй, хөдлөхгүй суугаад байх нь элбэг. Хүүхдийн байр суурь, тухайн нөхцөл байдал гээд нөлөөлөх зүйл олон байдаг ч, ихэнхдээ тухайн хүүхэд нэг зүйл рүү хэт улайрсан, төвлөрсөн байдгаас үүдэлтэй. Тэд ямар нэг зүйл анхааралд нь өртвөл, тухайн зүйлдээ хэт улайраад, багш сурган хүмүүжүүлэгчийн хэлсэн үг чихний гадуур нь өнгөрөөд явчихдаг. Мөн олон төрлийн мэдээ мэдээллийг нэг дор хүлээн авч, боловсруулах чадваргүйн улмаас эргэн тойронд нь их чимээ шуугиантай үед, эсвэл нэгэн зэрэг зааварчилгаа өгсөн үед саатчихдаг.

Хэрхэн харьцаж, дэмжих вэ?

Даалгавар, зааварчилгаа өгөхдөө, товч бөгөөд тодорхой, хэт хурдан биш хэлэх шаардлагатай. Ангид заавар өгөх үедээ эхлээд ангийн хүүхдүүдэд зориулж хэлэх, дараа нь зааварчилгаа хүлээн авахдаа муу хүүхдэд тусгайлан ганцаарчилсан хэлбэрээр тайлбарлаж өгнө. Зааварчилгаа өгөхдөө тухайн хүүхдийн нэрийг оролцуулан хэлэх, “Гаднаас орж ирээд гараа угаагаад, хувцсаа солиод,,,” гээд нэг дор олныг биш, нэг зүйлээ хийж дуустал нь хүлээгээд, дараагийнх нь зааврыг өгч хийлгүүлэх гэх мэт. Мөн, зааварчилгааг зүгээр хэлснээс нүдэнд харагдаж, төсөөлөгдөх хэлбэрээр дамжуулах нь илүү үр дүнтэй байдаг болохоор, зураг, фото зураг, үсгээр бичсэн үзүүлэн ашиглаарай.

③ Бусадтай нэгдэж тоглодоггүй

ТХЭ-тэй хүүхэд харилцах чадварын эмгэгээсээ болоод, бусадтай харилцаа тогтоохдоо муу байдаг. Ялангуяа аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэд, ганцаараа тоглох нь цөөнгүй. Бусад болон бусдын хийж байгаа зүйлийг анхаарч, сонирхдоггүй онцлогтой ба “харилцаж байгаа хүнийхээ сэтгэлийг унших чадваргүй”, “өөрийнхөө санаа сэтгэлийг илэрхийлэх чадваргүй”, “бусдыг сонсдоггүй ба өөрийн ярьмаар байгаа зүйлийг л ярих”, “тухайн нөхцөл байдал, орчиндоо тохирохгүй үг хэлэх” гэх зэрэг харилцааны асуудалтай байдаг болохоор найзтайгаа сайн ойлголцохгүй, найзалж чадахгүй тал ч байдаг. Мөн, юу хийх нь мэдэгдэхгүй, тодорхой дарааллын бус байдлаар тоглодог хүүхдүүдтэй тоглох нь тэднийг бухимдуулж, ихээхэн стресс болдог. Тиймээс том хүнтэй тоглож чадах хэдий ч, үеийнхээ хүүхдүүдтэй харилцаж тоглох чадваргүй байдаг.

Хэрхэн харьцаж, дэмжих вэ?

Юуны өмнө тэднийг цэцэрлэгийн багшид нь дасгаж, харилцаж тоглодог болгох хэрэгтэй. Дараа нь, зөөлөн харилцах чадвартай, тайван зантай үеийнх нь хүүхдээс нэгээр нэмж, дуртай тоглоомыг хамт тоглох. Эхэндээ том хүн дунд нь орж, хооронд нь холбож ойлголцуулах ба аажмаар хүүхдүүд хоорондоо харилцаж, ойлголцож тоглодог болгох. Санаа нийлэх цөөн хэдэн хүүхдүүдээс эхлээд, аажим аажмаар олуулаа нийлж тоглодог болгох гэсэн шат дамжлагатайгаар ажиллах хэрэгтэй.

④ Жижиг зүйлд уурлах, орилж хашгирах ба цочирдох Аливаа юмыг уян хатан сэтгэх чадвар муу, баригдмал сэтгэлгээтэй, шинэчлэх чадвар муутай.

Тархины хөгжлийн эмгэгтэй хүүхэд, жижиг сажиг зүйл дээр уурлаж уцаарлах, орилж хашгирах, цочирдож самуурах тохиолдол олон байдаг. Мөн цочирдож бачимдсан нөхцөлд тэр байдал нь удаан үргэлжилдэг онцлогтой. Энэ нь ТХЭ-ээс үүдэлтэй сэтгэхүйн уян хатан чанар байхгүйг илтгэдэг. Жишээлбэл, савлуураар тоглохыг хүссэн үед нь өөр хүүхэд тоглоод сууж чадахгүй нөхцөлд жирийн хүүхэд бол савлуураас бостол нь хүлээх, дэс дарааллаар тоглохыг санал болгох эсвэл өөр тоглоом тоглохоор явах гэх мэт шийдвэр гаргах боловч, ТХЭ хүүхэд уурлаж бухимдан, орилж бахирдах гэх мэт.

Цочирч бачимдан, бахирсан хүүхэд өөрөө ихээр ядарч сульддаг ба тухайн үед тайвшруулж, болиулах нь хэцүү байдаг. Тиймээс хамгийн чухал нь цочирдож бачууруулахгүй байх хэрэгтэй. Хүүхдийн бодож байснаар нь явагдахгүй байх, гэнэт төлөвлөсөн зүйл нь өөрчлөгдөх, тоглож байгаа тоглоомыг нь зогсоох зэрэг аливаа зүйлс санасан зоргоор болохгүй үед дургүйцэн орилж чарлах, бахирч бачимдах нь элбэг. Иймд, “Хиймээр байгаа зүйлээ шууд хийж чадахгүй байх тохиолдол зөндөө байдаг, тэр үед дарааллаа хүлээж байгаарай” гэх мэт байнга сануулах, “Өнөөдөр энийг биш, тэрнийг хийхээр болсон шүү” гэх зэргээр өөрчлөлт орсон зүйлийнхээ талаар урьдчилан хэлж сануулах нь үр дүнтэй. Яг цочирдож бахирсан тохиолдолд чанга загнах, хүчээр дарах гэж оролдвол, нөхцөл байдлыг улам хүндрүүлэх аюултай тул, уурандаа өөрийгөө бэртээж, гэмтээхээс болгоомжлон, тайвширахыг нь тайвнаар хүлээхийг зөвлөе.

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 1919

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
19%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 19%
  • 68%