Нийтлэл 05 сарын 17, 2018

НОЦТОЙ: Тэгээд Монгол Улс 109 сая доллар төлөх үү? 51 хувийнхан гэж хэн бэ?  

Бидний монголчууд жишээ нь Эрдэнэт үйлдвэр 109 сая доллар төлнө төлөхгүй гэсэн маргаан ямар учиртайг нэг их анзаарахгүй хэрнээ 100 төгрөг цуглуулж эмнэлгийн хана будна гээд явж байдаг. Уг нь 100 сая доллар улсын төсөвт үлдвэл хана байтугай байшин хэдийг босгож, иргэдэд ч өмнөх ажил амьдралдаа төвлөрөх боломж гарах байтал энэ улсад хамаг юм заавал урвуу явна. Ялихгүй зусар баяжихад саад гэдэг шиг л юм. Нэг бодлын аргагүй, хүний тархи хэрүүл тэмцлээс илүү хийж бүтээх эрмэлзэлтэй нь тэр зэрэг.  Гэхдээ  хэрүүл хийлгүй орхиж хэрхэвч болохгүй асуудал бас байна. Монголд цаашид эдийн засгийн шударга ёс гэж юм байх эсэхийг Эрдэнэт шийднэ. Төрийн өмчийн хувьчлалын алдааг засах бол Эрдэнэтээс эхэлж засна. Хэдхэн бүлэглэл төрд лобби хийж нийтийн баялагт эзэн сууж байдаг монополжилт зогсох эсэх ч Эрдэнэтээс хамаарна. Эрдэнэт бол өчигдөр, маргааш хоёр өөр байх эсэхийг өнөөдрөөс асууж байгаа салаа зам юм. Өнөөдөр Монголын эдийн засаг Тавантолгой, Монгол Шуудан компанийн 66 хувь, МИАТ, ХАА бирж гэх мэт төрийн өмчийн том орд, компаниудыг хувьчлах хоёр дахь удаагийн томхон реформын гараан дээр байна. Алдаагаа дахин давтвал, хулгайг дахин хүлцвэл маргааш байхгүй. Нэг алдвал туршлагагүй, хоёр дахиа алдвал тэнэг.  Тэр утгаараа Эрдэнэт үйлдвэр тойрсон асуудал хэрхэн шийдэгдэх нь олон нийтээс хамгийн соргог ажиглаж, хянаж байх ёстой асуудлын нэг учраас эрхэм уншигчдад энэ сэдвээр маш ноцтой асуудлууд хөндсөн “Эрдэнэтийн илчлэгдээгүй үнэн” нэвтрүүлгийг санал болгохын сацуу тус нэвтрүүлгээр хөндсөн зарим баримтыг цааснаа буулгах нь:

Тэгээд Монгол Улс 100 сая доллар төлөх үү?

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд буцааж худалдан авах удаа дараагийн шийдвэр УИХ, Засгийн газраас гарсан ч хэрэгжээгүй жил гаруй хугацаа өнгөрч байна. Харин энэ зуур Эрдэнэт үйлдвэрийг барьцаалсан зээлийн төлбөрт Монгол Улс Стандарт банкинд 109 сая доллар төлөх ёстой боллоо гэдэг асуудал дэгдсэн. Үүний дундаас нэг зохиол шинээр зохиогдсон нь 51 хувийг барьцаанд тавьчихсан нөхөд сандраад 49 хувийнхныг миалаад баалаад байна хэмээх үлгэр. Энэ үлгэр үнэн эсэхийг 3 асуултаар шалгая.

Нэгд, Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан нь үнэн үү?

Худал: Лондонгийн арбитрын шүүхэд 51 хувь биш Эрдэнэт үйлдвэрийг бүхэлд нь барьцаанд тавьсан асуудал очсон. Тэгэхээр Монгол доторх 49, 51 гэх мэт талцал асуудалд падлийгүй ба  Монгол Улс, Эрдэнэт үйлдвэр нэг баг болж шийдэх ёстой шүүхийн маргаан. Өөрөөр хэлбэл еэвэнгийн аль нэг талыг биш бүтнээр нь барьцаанд тавьсан асуудал сөхөгджээ.

Хоёрт, тийм бол  Эрдэнэт үйлдвэр бүхэлдээ хариуцлага хүлээх ёстой субъект мөн үү?

Биш. Жаст группийн Ш.Батхүү Эрдэнэт үйлдвэр ямар нэг санхүүгийн үүрэг хариуцлага хүлээх ёсгүй 28 хуудас гэрээний арын хуудсыг ашиглан 44 хуудас хуурамч гэрээ үйлдэж 4 удаа зээл авсан нь удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсоныг дээрх  нэвтрүүлгээс үзэж болно. Өөрөө ч “Цензургүй яриа” ярилцлагад тэгж ярьжээ(энд). Хуульч О.Алтангэрэл зэрэг пиарчдаас хэрвээ хуурамч гарын үсэг юм бол яагаад Эрдэнэтийн данс руу мөнгө орсон юм бэ? гэдэг асуулт хүчтэй тавигдсан.  Тэр нь зээлийн мөнгөн дүн биш зэсийн борлуулалтын орлого байсан тухай баримтыг ч дээрх нэвтрүүлэгт хөнджээ.

Гуравт, тэгээд зээл төлөх үүрэг гэрээгээр хүлээх ёсгүй Эрдэнэт үйлдвэр буюу Монгол Улс яагаад арбитарт ялагдав?

Хуурамч гэрээнээс үүдэлтэй байтал яагаад Эрдэнэт үйлдвэр арбитрын шүүхэд ялагдал хүлээж, 100 гаруй сая ам.долларын төлбөр төлөх ялд унав? Товчдоо, анх ямар нэг санхүүгийн хариуцлага хүлээхгүй нөхцөл бүхий 28 хуудас жинхэнэ гэрээг шүүхэд гаргаж өгөөгүйгээс болжээ. Энэ талаар Лондонгийн арбитрын шүүхийн дүгнэлтэд “outside the norm, to a very significant degree” буюу хар үгээр бол байж боломгүй хариуцлагагүй хандлага гэж дүгнэсэн байгааг доорх эшлэлд харуулж байна.

Энэ асуудлаар Ц.Нямдорж тэргүүтэй гишүүд

Жинхэнэ гэрээг нь АТГ-т аваачиж нуучихаад өгөхгүй, давж заалдах боломж шүүхээс өгөөд байхад очихгүй зориуд ялагдах юм хийж байна

гэх агуулга бүхий маш ноцтой үг УИХ-ын чуулган дээр хэлжээ.

Иргэд нэхэл хатуу хариулт нэхэх ёстой асуултууд эндээс урган гарч байна.

Яагаад 49, 51 гэж талцах биш нэг тал болж хариуцлага хүлээх учиртай шүүхэд өнөөгийн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд баримтаа өгсөнгүй вэ? Өгөөгүй хэрнээ яагаад Засгийн газар 51 хувийг барьцаанд тавьж өрөнд унаад тийм болохоор 49 хувийг буруутгаж байна гэдэг ойлголт олон нийтэд төрүүлэв?

Аливаа асуудлыг хоёр талын, субъект хоорондын хэрүүл болгож хувиргаад нэгийг нь буруутгаж нөгөө нь хөшигний ард үлдэх башир тактик амжилттай хэрэгжиж байна уу? Түүнээс гадна ямар ч буруугүй Эрдэнэт үйлдвэр хэрвээ 109 сая доллар төлөхөд хүрвэл тэр мөнгө хаана, хэний гарт хуваагдах тохироо явж байгааг ч асуух, хардах эрх нь жирийн иргэд буюу энэ үйлдвэрийн жинхэнэ өмчлөгчдөд бий.  

Төгсгөлд нь, хамгийн эхэнд асуусан гол асуулт.  Одоо тэгээд Эрдэнэт үйлдвэр буюу монголчууд 109 сая долларын төлбөр төлөхөөс өөр аргагүй болсон уу?  Нэвтрүүлэгт гарч байгаачлан хүрд эргүүлэх сүүлийн боломж үлдээд байгаа нь манай улс нэгдэн орсон  “Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх” конвенц аж. Энэ конвенцоор дотоодын хууль зүйн процедураа ном журмаар нь гүйцэтгэвэл нэн ялангуяа олон улсын конвенцын агуулгад гаргасан soveriegn төрт улсын хуулийн шийдвэрийг няцаах эрхзүйн чадамж арбитрын шүүхэд байхгүй тул эргээд асуудлыг өөрөөр шийдэх боломж үүсэх магадлалтай. Тэгэхээр төлөх үү үгүй юу гэдэг асуулт маань төлмөөр байгаа юм уу, үгүй юу гэсэн  хүсэл эрмэлзлийн тухай асуулт болж хувирна. Төлмөөр байгаа эсэх нь төлөх ялд унаад байгаа жирийн иргэд хариулах ёстой асуулт. 

Монголын өнөөдөр: Эзэд нь өмчөө мэдэж чадахгүй луйвардуулсаар эмч нар нь талбай дээр үсээ хусахдаа тулжээ. Ерөөсөө тэр нэхээд байгаа цалинг нь гаргадаг эх үүсвэр, санг энэ мэтээр хоослохыг хүлцэж суусныхаа шанд иргэд бид үсээ төдийгүй элгээ, уушгаа, төлж болох бүхнээ төлж ирлээ. Магад өөрийнх нь сангаас хусдаг хэд өнөөхөөсөө багахан яс шидэж өгөөд талбай дээр суулгаж байж ч мэднэ, Монголын их даажин. Цаашид толгой бүтэн явъя гэвэл одоо л яг энэ дээр шаардах хэрэгтэй. Тэр 109 сая доллароо үлдээ гэж. Тэрний оронд цалин болго гэж. Түүний тулд  улсын хамгийн том үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьчихсан 51 хувийнхан гэдэг бүлэг хаана ч байхгүйг ойлгох, тийм үлгэр дор ямар зорилготой хэний санаархал явж байгаа талаар медиа, иргэний нийгэм, мэргэжлийн бүлгүүд мэдээлэлтэй, дуу хоолойтой байх шаардлагатай байна. Энэ бүхэн хаа нэг газар, хэзээ нэг цагт зогсохгүй бол, зогсоохын төлөө дуугарахгүй бол төлбөр нь талбай дээр үсээ хусах төдийгөөр дуусахгүйг нэхэн сануулах юун.

arrow icon