САНАЛ БОЛГОХ НОМ: Ричард Давид Прехт Хайр Цэгцрээгүй сэтгэл

Шаналах нь хайрлахаас илүү романтик!

Прехтийн “Хайр” номыг уншиж байх үед таарсан эшлэл. Надад цаанаа л нэг егөөтэй санагдаад, санаанаас ер гараагүй юм.

Уг номыг тойруулаад төгсөшгүй маргаан өрнүүлж болмоор санагдсан шүү. Энэ дэлхий дээр хүн бүрд өөрт нь тохирох нэгэн бий болов уу? Хэрэв байдагггүй бол би яах ёстой вэ? Эсвэл бүүр нэгээр ч тогтохгүй хүмүүс бий юу? Заяаны ханиа олохгүй бол би юу хийх ёстой вэ? Тохирохгүй нэгэнтэй суугаад л “биологийн” үүрэг даалгавраа биелэх ёстой юу? Заяаны минь хань, тодруулбал надад тохирох төгс идеал хүн надаас өмнө хэдэн зууны мэндэлчихсэн юм биш байгаа???

Уг номыг уншаад хүн бүр мэддэг, энгийн зүйл юм шиг атлаа хэний ч мэддэггүй зүйл бол хайр юм байна гэдэгт бат итгэв. Басхүү өөрийнхөө нийгэмд бүтээж буй дүр, гаргаж буй авир, хариу үйлдэл, хэвийн зүйл мэт үзэж дассан олон зүйлсийг дахин нэг эргэж харахад хүргэх болно.

Үнэндээ хайр гэхээр бидний төсөөлдөг зүйлс, мэдлэг зөвхөн бидний фантааз болохоос бодитоор оршдоггүй ажээ. Бид нийгмийн зүгээс, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, ном сэтгүүл, кинонд үлгэрлэж үзүүлсний дагуу хайрлаж байгаа юм. Яагаад заавал хайртай хүндээ сарнай барьдаг билээ, үүнийг эдгээр зүйлс л түгээж сурталчилдаг учраас тэр. Магадгүй сарнай биш кактус илүү романтик ч юм билүү!

Өнөөдрийн залуусын хүсдэг хайр ямар байдаг билээ дээ? Хүүхнүүд нь булчинлаг биетэй, чинээлэг, царайлаг, товчхондоо цагаан морьтой ханхүүгээ хүлээдэг бол эрчүүд нь загвар өмсөгч шиг биетэй, тогооч шиг хоол хийдэг, жүжигчин шиг царайлаг бүсгүйг мөрөөдөлдөө амьдруулдаг бөгөөд хувийн харилцаагаа үргэлж гал халуунаараа дүрэлзэн, тасралтгүй романтик сюрприз барьж, намайг зуун хувь ойлгож, миний хувь хүний орон зайг хүндэтгэдэг гээд төгс нэгнийг хүлээх болжээ.

Харамсалтай нь бидний төөрөгдөл чухам эндээс эхэлдэг аж. Бидний хамтрагчдаа тавих шаардлага, хүсэлт, хүлээлт нь нөгөө талыгаа өөрт чинь мөн л өндөр шаардлага эргүүлээд тавина. Ингээд л дутуугийн комплекс үүсэх нь тэр. Чи тэр дурлалт хүнээсээ маш ихийг хүсэх боловч тэр хүний чамд өгч чадах зүйл хязгаарлагдмал, чиний ч хайртдаа өгч чадах зүйл хязгаарлагдмал. Гэвч бидний төсөөлөлдөө ургуулсан бүхэнд хүрэхгүй үед хайр балран унана. Бидний хайж буй хайрын загвар ийм л парадокс бүтэцтэй аж.

Нэг ёсондоо ихийг авахын тулд хүн өөрийгөө тэр хэрээр алддаг агаад улмаар бидний хувь хүн байх, хосоороо амьдрах хүсэл хоёр зөрчилдөж, дээсэн дөрөөн дээр дэнжигнэдэг байна. Харин олонх хүмүүс хувь хүн байх сонголтыг хийснээрээ гэр бүл салах явдал нэмэгдэж байгаа биз ээ. Гэхдээ бусдын төлөө гэсэн чин санаа болон нэгнийгээ энэрэх сэтгэл байдгийг үгүйсгэж болохгүй. Бусдын аз жаргалаас өөрийн аз жаргалыг олдог бол тэр хүн бас бусдынхаас өөрийн санаа зовох зүйлийг олж хардаг. Ийм л хайр урт удаан, аз жаргалтай амьдралын үндэс.

Хүмүүс бие биедээ хайртай хэмээн суудаг боловч жил, өдөр хоног өнгөрөх тусам анхных шигээ байхаа больсон тухай ярьцгаадаг. Эхэн үеийн сэтгэлийн хөдлөлийн идэвхжил өдөр тутмын сааралд идэгдэн ганддаг гэсэн гомдол нь үнэндээ эерэг ач холбогдолтой ч гэж болохуйц юм. Өдөр тутмын амьдрал нэгэн хэвийн, залхмаар ердийн болох нь цөөхөн тохиолдох романтик давалгааг илүү тодотгож, илүү сайхан мэдрэмж төрүүлдэг гэнэ. Энэ мөчүүд хэт богино настай учир өдөр тутмын амьдралд живж оддоггүй. Энгийн амьдралын жирийн өдрүүд тийш гулсан орох нь хайр ширгэхийн нэр биш харин ч тогтмол давтамжтай романтик, “гэгээлэг” харилцааны горимд шилжин орж байгаагийн шинж.

Ганцаардлын мэдрэмж байхгүйгээр ханилан суух хүсэл сэтгэл байхгүй; нэгэн хэвийн амьдрал үгүй бол романтик мөч гэж үгүй; зовлон зүдгүүр, гашуудалгүй бол амьдралын амт, аз жаргал гэж үгүй.

Бидний амьдралд олон өнгө оруулж, сонирхолтой болгодог хүмүүс ихэнхдээ урт хугацааны хамтын амьдралд төдийлөн тохиромжгүй нэгэн байдаг нь нууц биш. Харин хамгийн сайн тохирох хүмүүс цаг хугацаа өнгөрөх тусам энгийн сайхан саарал болж хувирна. Таны л сонголт!

Уншигчидтайгаа хуваалцъюу гэсэн сэтгэгдэл нэг ийм. Одоо илүү албархаг танилцуулга хийх ёстой байх. “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан уг номыг “Майнд” клубийнхэн орчуулжээ. Прехтийн уг ном маш өргөн хүрээг хамарсан гэдгийг онцлох ёстой. Хүн төрөлхтний “ХАЙР ГЭЖ ЮУ ВЭ” гэсэн мөнхийн асуултад эрдэмтэд мэргэжлийн чиг баримжаанаасаа шалтгаалан “Хайр бол химийн урвал”, “Хүн бол амьтан учраас зүгээр л инстикт”, “Генетикийн нэг зорилго” гэх мэтээр өөр өөр хариултууд өгдөг. Мөн бие биедээ үнэнч байх, ханьсан ижилсэх, сэтгэл хөдлөл, эсрэг хүйстэндээ татагдах зэргийг хоорондоо маш ялгаатай тайлбарладаг. Прехт харин эдгээр психологи, философи, антропологи, биохими, тархи судлал гээд асар олон салбараас дэвшүүлсэн голлох онол, номын тухай авч үзэж үүндээ шинжлэх ухааны болоод нийгмийн ухааны зүгээс бодит баримт фактаар няцаалт өгчээ. Товчхондоо маш сайн мэдлэгийн ном. Гэхдээ ийм философи, мэдлэгийн номыг маш сонирхолтойгоор өгүүлж чаддаг нь зохиогчийнх нь онцлог юм даа. Прехтийн “Би хэн бэ? Тийм гэвэл хэдэн би вэ?” гэдэг номыг уншсан уншигчид түүний номын уг онцлог шинжийг мартаагүй биз ээ.

Бид бүгдээрээ хэн нэгний сэтгэлийг эзэмдэх, сонирхлыг нь татахыг хүсдэг. Хэдийгээр уг ном энэхүү жорыг өгөхгүй боловч хайрын тухай олон зүйлийг танд ойлгуулах болно.
Мэдээж хэрэг хүмүүсийн хэлдэгчлэн “Хайр бол хамгийн чухал зүйл биш. Гэвч хайргүйгээр бүх зүйл юу ч биш”. Хүн бүр заавал уншаарай.

Түвшинбаяр Эрдэнэбат


avatar
    • Зочин
    • 172.68.255.*

    Эшлэлүүдээс нь уншихад орчуулга жоохон тааруу юм шиг санагдлаа...

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2179

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%