ФОТО СУРВАЛЖЛАГА: Унтаж буй музей сэрэх цагаар

Музей унтах завгүй энэ өдрүүдэд

Монголын ирээдүй түүхээ мэдэх гээд тоглох завгүй…

Цэлмэг тэнгэрт татсан сэмжин үүлс Туулын жавартай нийлэн сэрүү татуулавч урин дулаан цагийн дохио, олны хөлтэй зэрэгцэхэд зүүрмэглэж буй болжмор дэрхийн нисэх адил унтаж буй музейг сэрээж орхисон байна. Автобус дүүрэн алдрай үрс шуугилдан буух нь өглөөний нам гүм, өлмий дээрээ сэмхэн алхах хүмүүсийн алхааг хоромхон зуур өөрчилж анир эвдэв. Өнгөрсөн түүх рүүгээ Монголын ирээдүй болсон багачууд аялаж байгаа нь юутай сайхан учрал вэ гэх өөриймсөг бодол бууна.

“Нээлттэй гурван хаалга”-ны хоёр нь энэ удаад хаалттай байх аж. Гол хаалгаа домгийн баатруудаар хамгаалуулсан байх агаад муу муухай, буруу зүгийн бүхнийг оруулахгүй байх бэлгэдэлтэй ажгуу. Дааман хаалганы арслангийн сэнжнээс барин хэд хэд тогшоод авахад зуун жилийн өмнө энэ л янзаараа дуугарч байсан байхдаа гэх бодол зурвасхийнэ.

Үүдэн гол хаалгаар ороход Амгалан энхийн сүм байх ба нөгөө алдарт 108 төрлийн оньс сүлжээ, угсрах арга ухаан ашиглан нэг ч хадаас оруулалгүй бүтээн босгосон нь нүүдэлчин удамт монголчуудын уран барилгын урлагийн онцлогийг харуулсан хосгүй дурсгал мөн. Хаалга нь найман үндсэн тулгуур багана, долоон үетэй дээвэр хэсгээс бүрдэж хээ угалз, сийлбэр, амьтдын дүрсээр чимэглэж буддын шашинт дорно дахины улс орнуудад дэлгэрсэн үлгэр домог, Гэсэр, Тансан ламын туужийн хэсгээс харуулсан уран зургууд, дөрвөн махранз, эвт ба хүчит дөрвөн амьтан, урт наст зургаан амьтан, төрийн долоон эрдэнэ, найман тахил зэргийг өнгө будаг зохируулан зурж урласан нь Богд хаант Монголын дүрслэх урлагийн өвөрмөц онцлогийг тусган харуулжээ.

Эдүгээ Богд Хааны ордон музей нь Зуны мөргөлийн сүм /7 сүм/, өвлийн ордон гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэг болох долоон сүмийг дор нь довтолгон үзэж дуусгав.

VIII Богдын гол бурхан шүтээн байсан Лаврин сүм дотор Солонгос жуулчинтай тааран сэтгэгдлийг сонсвол, Монгол эмэгтэйн бие энэ дарь эхүүд шигээ байдаг уу? гэх сониуч асуултыг зөрүүлж тавив.

Угтаа өндөр гэгээн Занабазар хорин нэгэн дарь эхийг урлахдаа бурхан дүрслэлийн 32 билгүүн, 80 шинжийг хүний бие лагшины сонгодог харьцаа хэмжээтэй чадварлаг хослуулснаараа хүн төрөлхтний гоо сайхны хүсэл тэмүүллийн жинхэнэ Монгол үлгэр загварыг бий болгосон юм.

Өвлийн ордон гэх орос хийцийн 2 давхар сунайсан урт цагаан байшин өмнө минь угтана. Ордон хэмээх нэр хүндэдсэн юмуу гэх бодол дотогш ороход тэр дороо замхран арилав.

Энэ байшинд VIII Богд хаан Дондогдулам хатны хамт 20 жил өвөлжжээ. Амьтай бол өнгөрсөн түүхийг дурайтал ярьж өгч чадах 2 метр гаруй өндөр, 1 алд хэрийн өргөнтэй сум модон хүрээтэй толь өөдөөс угтана. Хаан, хатан хоёр энэ толины өмнө зогсоод тольдож байсан тэр л дүр зургийг сэтгэлдээ дүрслэх гэж оролдов. Үерийн ус мэт шаагисан чимээ ард сонсогдоход эргэж харвал өнөөх бяцхан жаалууд хөөр баяр болон пижигнэн гүйлдэнэ. Болдогсон бол нуугдаж тогломоор байгаа даа энэ хүүхдүүд гэх бодол бас л төрөөд амжив.

Анхдугаар Өндөр гэгээн Занабазар нь гүн ухаантан, улс төрч, шарын шашны томоохон төлөөлөгч, уран зураач, барималч хүн байсан бол VIII дүр Богд хаан ард иргэдээ соён гэгээрүүлэх их ажлыг залгамжлан авч хийж байсныг нь нэг давхарт байрлах амьтдын чихмэлүүдээс харж болно.

 Тус музейд XVII-XX зууны эхэн үеийн Монголын хаант төр, шашны түүх, урлаг соёлын давтагдашгүй хосгүй үнэт дурсгалууд, тухайн үед амьдарч байсан нэрт урчууд, дархчууд, анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар, түүний сургуулиар урлаж бүтээсэн цутгамал бурхад, торгон зураг, шороон будаг, цаасан шуумал болон VIII Богд Живзундамба хийгээд түүний хатан Дондогдуламын өмсөж эдэлж хэрэглэж байсан дээл хувцас, эдлэл хэрэглэл, гадаад дотоодын зочид төлөөлөгчид өргөсөн бэлэг дурсгал, худалдаж авсан эд зүйлс зэргийг музейн үзмэр үзүүлэгт дэлгэн тавьснаас гадна сан хөмрөгт хадгалагдаж байгаа аж.

 

Тус музейн менежер М.Нямгэрэл: “Төр засгаас бодлогоор дэмжвэл монгол хүн бүр эд өлгийн зүйл, үнэт эдлэл, соёлын биет болон биет бус өвийн тухай ойлгож, түүхээ мэдэж, эх оронч сэтгэлгээтэй болно. Хүн хэчнээн сураад тогтоогоогүй зүйлээ музейд ганц очоод л тогтоодог” хэмээв.

 Энэ хүүхдүүд ганц үзээд л их олон зүйл ой тоймдоо бичиж аван гэртээ гайхуулах зүйлтэй, аав ээжээсээ асуух зүйл олонтой очиж байгаа нь мэдээж юм.

Үдийн нар өндөр дээрээс тусна. Өглөөхөн гүйлдэж байсан жаалууд ам амандаа бувтнан урам зоригоор дүүрэн автобусандаа сууцгаана. Монголын гэрэлт ирээдүй, өв соёлоо тээн урагш хөдлөхөд зөрөөд ахин нэг автобус дүүрэн хүүхдүүд ирцгээнэ.

 

 

Сурвалжилсан: Б.Пүрэвсүрэн 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4685

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%