Залуу төгсөгчдөд зориулсан хамгийн шилдэг 25 зөвлөгөө

 

Их сургууль, коллежүүд тѳгсѳлтийн баярын үеэр амьдрал дээр гарах гэж буй шинэ төгсөгчдѳдѳѳ агуу лидрүүдийн яриаг сонсож, мэргэн ухаанаас нь суралцах боломжийг олгодог. Гэхдээ тэнд ярьсан зүйлсийн ихэнх нь мартагддаг. Улиг болсон зүйлс ч маш олон бий. (Том мөрөөд. Дуртай зүйлээ хий г.м ). Харин зарим нь олон жилийн дараа ч, төгсөх болоогүй эсвэл аль хэдийн тѳгсчихсѳн хүмүүсийн чихэнд ч хүрсээр л байдаг.

Хамгийн шилдэг тэдгээр яриан дотроос хамгийн шилдэг зөвлөгөөнүүдийг түүгээд энд эмхэтгэлээ. Шинээр төгсөж буй, эсвэл зүг чигээ олохоор хичээж буй хэнд ч хэрэг болохоор тийм зѳвлѳгѳѳнүүд олон бий: 

 Barack Obama

Амьдрал чинь алдаа бүтэлгүйтлээр дүүрэн байх болно. Гэхдээ тэдгээрийг хэрхэн давж гарах вэ гэдгээс л бүх зүйл хамаарна ( Rutgers University, 2016 он).

Ерөнхийлөгч Барак Обама амьдрал дээр тэнэг хүмүүс эсвэл муу босстой хэрхэн харьцах, хүссэндээ хүрч чадахгүй байх гэх мэт асуудлуудтай хүн бүр л тулгардаг ба тэр үед тууштай байгаад, шантарч болохгүй гэдгийг захисан юм: “Ямар ч жижиг байлаа гээд амжилт л бол амжилт. Эсэргүүцэгчид, саад тотгортой тулах үед итгэл найдвараа гээж болохгүй. Гэхдээ тэмцэгч байна гэдэг нь ичгүүргүй увайгүй байхыг хэлэхгүй. Увайгүй байх нь маш амархан ч, тийм хүмүүс хэзээ ч олигтой үр дүнд хүрдэггүй"

Sheryl Sandberg: Хэрэв пуужингаар нисэх боломж гарвал аль суудал вэ гэж асуух хэрэггүй. Зүгээр л суу (Harvard Business School, 2012).

Facebook компаний үйл ажиллагаа хариуцсан захирал Шерил Сандберг өөрийнхөө карьерийн нэг түүхийг ярьсан юм. 2001 онд Google хүссэн шиг нь том компани биш байсан тул ажлын саналаас нь татгалзах гэж байж. Улмаар тэр үед Google-ийн гүйцэтгэх захирал байсан Эрик Шмитэд санал болгосон ажил нь карьерийн зорилгод нь нийцэх эсэхэд эргэлзэж байгаа талаар хэлжээ. Харин Шмит хариуд нь “Компани хурдтай томорч, импакт нь маш хүчтэй байгаа үед чи карьертаа санаа зоволтгүй” гэж хэлж. “Компани хурдтай томрохоо больсон, зорилго нь нийгэмд тийм ч их нөлөөгүй болсон үед харин зогсонги байдал эсвэл улстөржилт л үүсдэг” гэдгийг мѳн сануулжээ. Сандберг хожим нь шинэхэн төгсож буй MBA нарт ингэж захижээ: “Хэрэв чамд пуужингаар нисэх боломж гарвал ямар суудалд вэ гэж бүү асуу. Зүгээр л суу!”

Salman Khan: Хоёр дахь боломж олдсон мэтээр л амьдар (MIT, 2012)

Khan Academy–ийн үндэслэгч “Юу хамгийн чухал вэ гэдгийг хэзээ ч мартаж болохгүй” гэж захижээ. Tэрээр: “50 жилийн дараах өөрийгөө төсөөлөөд үз. Тэр үед амьдралаа эргүүлээд бодоход та нар гэр бүл эсвэл найз нөхөдтэйгээ өнгөрүүлсэн гайхалтай мөчүүдийг л санах болно. Тэгээд харамсдаг зүйлсээ ч бодож үзнэ. Та нар илүү их инээж, илүү их хайрлаж, илүү их бүжиглэж, илүү их талархах ёстой байж дээ гэж бодно. Мѳн бусдад тусалж, энэ дэлхийг илүү сайхан болгоход өөрийн авъяас чадвараа зориулахгүй яав гэж харамсана. Тэгвэл бирд гарч ирээд цаг хугацааг ухраавал чи яаж амьдрах вэ? Чи юуг өөрөөр хийх байсан бэ? Тэдгээр зүйлсээ л цаашид хий. Үнэхээр чамд бүхнийг дахиад эхнээс нь хийх боломж байна. Яг одооноос. Өнөөдрөөс эхлээд өөрийнхөө хүсч буй эерэг өөрчлөлт нь чи өөрөө байж чадна.”

Neil Gaiman: Зөвхөн чи л чадах тийм зүйлсийг хий (University of the Arts, 2012)

Британийн алдарт зураач, зохиолч Neil Gaiman-ий хэлсэн зүйлс нь зураач, найрагч эсвэл сувилагчид ч хэрэг болно:

“Чамайг тодорхойлох олон зүйлээс өөр хэнд ч байхгүй зүйл бол чи өөрөө, чиний дуу хоолой, чиний оюун ухаан, чиний туулсан амьдрал, чиний алсын хараа юм. Иймд зөвхөн чи л ѳѳрѳѳ чадахаар тэгж бич, зур, хөгжимд, бүжиглэ, амьдар. Магадгүй яг л гудамжаар нүцгэн алхаад, өөрийн зүрх сэтгэл, оюун ухаан, дотроо байгаа зүйлсээ, өөрийгөө юу ч үлдээлгүй дэлгэж, бүгдийг илэрхийлж чадаж байгаагаа мэдрэх тэр л үед чи зөв зүйлээ хийж байна гэсэн үг.”

Shonda Rhimes: Мөрөөдөхөө зогсоод хийж эхэл (Dartmouth College, 2014)

Дэлхийн хамгийн хүчирхэг ТВ хөтлөгч ѳѳрийн тавьсан илтгэлдээ мөрөөдөхөө зогсоогоод, хийж эхэл гэж төгсөгчдөд хэлжээ:

Энэ дэлхий хангалттай олон мөрөөдөгчтэй. Тэд мөрөөдсөөр завгүй байхад жинхэнэ аз жаргалтай, амжилттай, сонирхолтой, идэвхитэй, хүчирхэг хүмүүс хийж бүтээгээд завгүй байдаг”.

Тэрээр шинэ төгсөгчдийг тийм л хүмүүс болоосой гэж зѳвлѳжээ: “Мөрөөдлийг хая. Мөрөөддөг биш, хийдэг хүн бол. Хийхийг хүсч буй зүйл чинь юу вэ гэдгээ мэдэхгүй байсан ч хамаагүй. Үнэндээ энэ бол хамаагүй. Заавал мэдэх ч албагүй. Харин зүгээр л урагшаа явах хэрэгтэй. Ямар нэгэн зүйл хийж, дараагийн боломжийг гартаа оруулж, шинэ зүйл туршиж үзэхэд хэзээд нээлттэй байх нь л чухал. Тэр нь чиний төсөөлж буй төгс ажил, эсвэл төгс амьдралын зурганд багтахгүй ч байсан ч зүгээр. Учир нь төгс гэдэг уйтгартай, мөрөөдөл гэдэг бодит биш”.

Jeff Bezos: Чи хэн байх нь чиний л сонголт (Princeton University, 2012)

Амазон компанийг үндэслэн байгуулагч Jeff Bezos төгсөгчдөд хандаж өгөгдөл ба сонголт 2-ын ялгааны талаар ярьжээ:

Ухаантай байх нь өгөгдөл, харин сайхан сэтгэлтэй байх нь сонголт гэж тэр хэлж. Өгөгдөл бол маш хялбар, зүгээр л байгалиас заяачихсан зүйл учраас тэр. Харин сонголт бол хэцүү. Хэдийгээр өгөгдөл чухал ч, эцсийн эцэст сонголт л чиний амьдралыг тодорхойлно. Би нэг ийм таамаг дэвшүүлье. Чи 80 нас хүрээд, ганцхан чи л ѳѳрѳѳ бүрэн, үнэнээр нь мэдэх өөрийн амьдралын түүхээ эргэцүүлэн тунгаахад хамгийн ойлгомжтой бөгөөд утга учиртай санагдах хэсгүүд нь чиний хийсэн хэдхэн чухал сонголтын үр дүн байх болно. Бидний амьдрал эцсийн дүндээ хийсэн сонголтынхоо л үр дүн байдаг.”

Jennifer Lee: Өөртөө эргэлзэхээ зогсоо (University of New Hampshire, 2014)

"Frozen" киноны найруулагч Jennifer Lee ингэж хэлжээ—Өөртөө бүү эргэлз: “Хүмүүс хэт бардам байхын аюулын талаар их ярьдаг ч, өөртөө итгэлгүй байх нь бүр ч аюултай. Энэ нь хүнийг нээлттэй биш, өөрийгөө хамгаалсан нуугдмал болгодог. Идэвхи санаачлагатай биш харин эмзэг болгодог. Өөртөө эргэлзэх нь зовлонтой бөгөөд хэцүү. Иймд өнөөдөр өөртөө эргэлзэхээ зогсоох ёстой гэдэг дээр бид санал нийлнэ гэж найдаж байна. Өөртөө эргэлзэнэ гэдгийг мартчихсан явж байсан тийм үеээ санацгаа--онгод хүсэл тэмүүллээр дүүрэн, зүгээр л амьдраад л бүтээгээд л ажиллаад л. Яг л ийм мөчүүддээ анхаарлаа тѳвлѳрүүлэх нь чухал. Өөртөө эргэлзэхгүй үе л чиний хэн байж чадахыг харуулж өгдөг юм.”

Stephen Spielberg: Мөнх үргэлжлэх ертөнцийг бүтээ (Harvard University, 2016) 

“Дэлхий одоо мангасуудаар дүүрэн байна. Тэднийг дарах нь дараагийн үеийнхний маань хийх ажил юм” гэж Стивен Спилберг хэлсэн юм. “Миний ажил (кино) бол 2 цаг л үргэлжилдэг ертөнцийг бүтээх явдал. Харин та нарын ажил бол мөнх үргэлжлэх ертөнцийг бүтээх. Mангасууд арьс өнгөний үзэл, бэлгийн чиг хандлагаар гадуурхах үзэл, улстөр, шашны үзэн ядалт зэрэг дүрд хувирцгаасан байгаа. Энэ бүгд аль нь ч ялгаагүй, үзэн ядалт гэдэг нэг л том сэтгэхүй.

Үзэн ядалт нь “Бид тэдний эсрэг” гэдэг сэтгэхүйгээс төрсөн гэдгийг тэрээр хэлээд, үүнийг өөрчилж “Бид бүгд” гэж сэтгэхийн тулд айдсыг танин мэдэх хүслээр солих хэрэгтэй гэв. “Бид ба тэд” нь “бид бүгд” болж нийлэхийн тулд хүмүүс хоорондоо ойлголцож, бид бүгд нэг л бүлгийн гишүүд гэж итгэж, ямар ч хүнд өрөвч энэрэнгүйгээр хандах хэрэгтэй гэж тэр хэлсэн юм.

Conan O'Brien: Амжилт гэж яг л гялалзсан цагаан костюм шиг (Harvard University, 2000)

Хошин урлагийн од Conan O'Brien хийсэн яриандаа амжилт биш, харин бүтэлгүйтлийг онцолжээ: “Харвардыг төгссөн та нарын хамгийн том ачаа бол амжилтанд хүрэх хэрэгцээ, дандаа л топ нь байх тэр хэрэгцээ юм. Гэтэл үргэлжийн ийм дарамт бол аюултай. Амжилт гэдэг нь яг л гялалзсан цагаан костюм шиг. Ѳѳрийн болгох үед үнэхээр гайхалтай санагдана, гэхдээ муухай болгочихно гэхээс үхтлээ айдаг.”

Тэрээр төгсөгчдөд алдаа бүтэлгүйтлээс айлгүй, цагаан костюмаа завааруулахыг зѳвлѳсѳн юм: “Бүтэлгүйтэл болгон надад эрх чөлөөг олгосон болохоор өнөөдөр би эргээд харахад муу зүйлс ч, сайн зүйлс ч дурсамжтай санагддаг. Унацгаа. Завааруулцгаа. Хааяа эвдэлж нураа. Алдаа бол та нарыг хүрэх хэрэгтэй газар чинь аваачих онцгой арга зам юм.

Oprah Winfrey: Хэрэв зөв санагдахгүй бол хийгээд хэрэггүй (Stanford University, 2008)

Oprah Winfrey ѳѳрийн дотоод GPS-дээ итгэх талаар ярьсан юм. “Хэрэв чи хийх ёстой зүйлээ хийж байвал хэр цалин авдгаас үл хамаараад өдөр бүр л бонус, урамшуулал буусан юм шиг санагдана. Үүнийг яаж мэдэх вэ гэхээр— зүгээр л тэгж санагддаг юм. Гол нь өөрийн эгог хаалган дээр үлдээгээд, оронд нь мэдрэмжиндээ найдах л чухал. Зөв санагдахгүй бол битгий хий. Сургамж болоод л үлдэнэ. Тэр сургамж та нарыг олон харамслаас аварна. Ер нь эргэлзээ л төрвөл энэ нь битгий гэсэн үг. Юу хийх ээ мэдэхгүй байх тохиолдол олон гарна. Хэрэв юу хийхээ мэдэхгүй байвал, юу хийх ээ мэдэх хүртлээ түр зогс.”

Steve Jobs: Ирээдүй рүү харахад утга учрын холбоос харагддаггүй (Stanford University, 2005)

Mагадгүй хамгийн алдартай төгсөлтийн илтгэлийг тавьсан Apple компаний үндэслэгч Стив Жобс: “Бидний туулсан зам мөр, бидний амьдралын замналыг өөрчилсөн чухал шийдвэрүүдийг хожим нь эргээд харахад л утга учир нь бүрэн ойлгогддог” гэдгийг тайлбарласан. Иймд бидний хийж чадах зүйл гэвэл дурласан зүйлээ л хийгээд явах.

Жобс Reed College-ийг орхисноор оюутан байхдаа хэзээ ч хийхгүй байсан нэг зүйлээ хийсэн нь калиграфийн /уран бичлэг/ хичээл байв. Жобс өөрийн сониуч зандаа хөтлөгдөн тэр хичээлд сууснаар хожим нь технологийн ирээдүйд тулгуур өөрчлөлтийг авчирсан.

“Би хэрэв сургуулиасаа гараагүй бол хэзээ ч тэр калиграфийн хичээлд суухгүй байх байсан. Тэгсэн бол компьютер дээр бичих нь одоогийнх шиг гайхалтай биш байх байв. Амьдралын замналыг тодорхойлсон тэр цэгүүдийг хэзээ ч ирээдүй рүү урагш хараад холбочих боломжгүй. Зөвхөн ѳнгѳрсѳн хойно арагш эргэж харахад л холбоос нь ойлгогддог юм. Иймд тэр цэгүүд ирээдүйд хоорондоо холбогдоно гэж итгэх хэрэгтэй. Мэдрэмж, зөн совин, хувь заяа, амьдрал, үйлийн үр юу байдаг юм, ямар нэг зүйлд итгээд урагш явах хэрэгтэй. Энэ арга барил намайг хэзээ ч унагаагүй бөгөөд, амьдралыг маань өөрчилсөн гол зүйл юм.”

Stephen Colbert: За гэж хэл (Knox College, 2006)

Та нар хамгийн агуу импровизаци жүжигт оролцох гэж байна. Ямар ч зохиол байхгүй. Юу болох талаар төсөөлөх ч аргагүй. Цуг оролцох хүмүүс, хаана байх газар чинь ч ихэнхидээ танихгүй мэдэхгүй тодорхойгүй. Тэгээд хамгийн гол нь удирдлага чиний гарт биш. Иймд “за” гэж хэл. Хэрэв чи азтай бол чамд эргүүлээд “за” гэх хүмүүс олдох болно. “За гэснээс болж заримдаа чи асуудалд орох уу? За гэж хэлснээр зарим тэнэг зүйлд хутгалдах уу? Тэгнэ ээ. Гэхдээ тэнэг болохоос бүү ай. Залуу байхад мэргэн байх аргагүй гэдгийг санаарай.”

J.K. Rowling: Бүтэлгүйтэл аймшигтай. Гэхдээ хэзээ ч бүтэлгүйтэхгүйг хичээн болгоомжлох нь бүр ч дор (Harvard University, 2008).

Харри Поттерийн зохиолч бүтэлгүйтлийг магтан дуулаагүй ч, бүтэлгүйтэхгүйг хичээж амьдрахгүй байхыг зөвлөсөн юм. Бүтэлгүйтэл бол түүний маш сайн мэдэх нэг том туршлага. Харри Поттерийг хэвлүүлэхээс өмнө тэрээр ажилгүй, гэрлэлт нь салаад удаагүй, орчин үеийн Британид гэр оронгүйчүүлээс гадна байж болох хамгийн ядуу хүнд тооцогдохоор байв. Түүний тэмцэл тийм ч таатай зүйл байгаагүй ч, чухал байсан юм.

“Бүтэлгүйтэл бол хэрэггүй зүйлийг арчиж хаяна гэсэн үг. Би дүр эсгэх гэж оролдохоо болиод, надад чухал байсан ганцхан ажилд төвлөрөхөд хамаг энергээ зарцуулах болсон. Ер нь зарим нэг зүйлд бүтэлгүйтэхгүйгээр амьдрах боломжгүй. Маш болгоомжтой байвал эцэст нь огт амьдраагүй юм шиг болно. Гэхдээ энэ нь өөрөө автоматаар хамгийн том бүтэлгүйтэл болно.”

Ellen DeGeneres: Чиний амжилтын тодорхойлолт чинь өөрчлөгдөнө—маш ихээр (Tulane University, 2009)

Ellen DeGeneres амжилтын тодорхойлолт түүний хувьд хэрхэн өөрчлөгдснийг ярьсан юм: “Би багадаа амжилтыг их өөрөөр төсөөлдөг байлаа. Том болохоороо алдартай болохыг хүсдэг байв. Би од болохыг хүсч байсан. Би кинонд тоглохыг хүсч байв. Том болоод дэлхийг тойрч үзэж, гоё машин унахыг хүсдэг байсан. Харин өнөөдөр амжилтын талаарх миний бодол нэлээд өөр. Амьдралд юу чухал вэ гэхээр, чин шударгаар өөрийнхөө замаар явж, өөрийн хийхгүй зүйл рүүгээ хэн нэгний дарамт шахалтаар орохгүй байх нь чухал. Шударга бөгөөд бусдад тусч энэрэнгүй хүн байж, өөрийн чадах хувь нэмрийг оруулах чухал. Хэн нэгний замаар хэзээ ч бүү яв. Үнэхээр л ойд төөрөөд тааралдсан замаа дагахаас өөр аргагүй тохиолдол л биш бол.”

Winston Churchill: Хамгийн том айдас чинь төсөөллөөс чинь ургаж гардаг. Түүнд бүү бууж өг (Harrow School, 1941)

Дэлхийн 2 дугаар дайны үед Винстон Черчил “зоригтой бай” гэж тѳгсѳгчдѳд зөвлөсөн байдаг.

“Гаднаас нь хараад юу яаж өрнөхийг хэн ч хэлж мэдэхгүй. Заримдаа төсөөлөл айдас болж хувирснаар асуудлыг хүндрүүлдэг. Гэхдээ төсөөлөлгүй бол юу ч хийж чадахгүй. Сэтгэх чадвартай зарим хүмүүс байж болох олон аюулыг улам олшруулж хардаг. Бодитоор тулгарах аюулаас хамаагүй олныг олж харна. Тийм хүмүүс төсөөлѳх чадвараа давж гарах нэмэлт зориг хайрлаач гэж залбирах хэрэгтэй.”

Тэрээр “Хэзээ ч бууж өгч болохгүй. Хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч. Ямар ч зүйлд. Том жижиг, агуу, өрөвдөлтэй юунд ч бүү бууж өг. Сайн санаа, чин үйлийн төлөө л биш бол. Хүчинд хэзээ ч бууж өг. Илэрхий хүчтэй дайсны сүрэнд хэзээ ч бүү бууж өг” гэсэн юм.

José Andrés: Коктейльний сэгсрэгч ав (George Washington University, 2014)

James Beard Award-ийн ялагч тогооч José Andrés амжилтын жорын талаар ингэж ярьж:

“Чи чадахгүй гэж хэлэх шүүмжлэгч, эсэргүүцэгчид үргэлж л байх болно. Чамайг өөд татах биш татаж унагаах хүн нь олон байх болно. Заримдаа ингэж л санагддаг, гэхдээ нэг ийм зүйлийг хэлье—коктейльний сэгсрэгч ав, хэрэв 21 нас хүрсэн бол. Зүрх, сүнс, тархи, зөн совиндоо зориулж. Тэгээд бүгдийг холиод хүчтэй сэгсэр. Дараа нь шууд л хундгал. Гэхдээ энд нэг нууц жор бий. Дээр нь эсэргүүцэгчдийн шүүмжлэлээс бага зэрэг нэмэх нь чухал ач холбогдолтой. Тэдгээр нь чамайг дээш тэмүүлж, өөрийгөө сорьж, тэдний буруу гэдгийг батлахад хөтөлдөг.”

 

Эх сурвалж: The World Economic Forum

 2016.08.06


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2465

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 68%