ШУДАРГА ЁСНЫ ЛЕКЦ: Гэрээ л бол гэрээ юу?

Бид Харвардын Их сургуулийн профессор Майкл Санделын шударга ёсны тухай лекцийг цувралаар хүргэж байгаа билээ. Өмнөх лекцээр бид Кантын хөтөлбөргүй захирамжийн тухай ярилцаж, Кант худал хэлэхийн эсрэг хэрхэн яаж хөтөлбөргүй захирамжийг хэрэгжүүлэх талаар тунгаасан. Тэгвэл энэ удаад Кантын ёс суртахууны онолыг хэрэгжүүлсэн бас нэг жишээг одоо харцгаая. Тэр бол Кантын улс төрийн онол юм.

Кант, шударга ёсонд нийцэх хууль бол нэгэн төрөл нийгмийн гэрээнээс бий болдог гэжээ. Гэхдээ тэр гэрээ бол тусгай шинж чанар бүхий гэрээ. Юугаараа тусгай вэ гэхээр, хүмүүс нэг дор бөөгнөж цуглаж байгаад Үндсэн хууль баталдаг шиг бий болдог тийм бодит гэрээ биш, юм гэнэ. Кантынхаар бол, шударга ёсыг тогтоох гэрээ гэдэг нь “оюун ухааны үзэл санаа” гэж нэрлэсэн зүйл юм. Тэр нь Үндсэн хууль батлахаар танхимд цугласан бодит хүмүүсийн үйлддэг бодит гэрээ биш. Яагаад тийм биш юм бол? 

Жинхэнэ бодит Үндсэн хууль батлах хуралд оролцож буй бодит хүмүүс бол ялгаатай ашиг сонирхол, үнэт зүйл, зорилго бүхий хүмүүс байхаас гадна, хэлэлцээр хийх ур чадвар, мэдлэг туршлагаараа ч ялгаатай байх нь дамжиггүй.

Тиймээс тэдгээр хүмүүсийн хэлэлцүүлгийн үр дүнд бий болсон Үндсэн хууль бол гарцаагүй шударга ёсонд нийцсэн байх албагүй, язгуур эрхийн зарчимтай яв цав нийцсэн байх баталгаагүй бөгөөд, ердөө л хэлэлцээр хийх ур чадварын ялгаа ч юм уу онцгой ямар нэгэн ашиг сонирхлын хамаарал, аль нэг хүн хууль хийгээд улс төрийн талаар бусдаасаа өндөр мэдлэгтэй байсан гэх мэт бодит фактуудыг тусгасан зүйл л болж хувирна.
(Жишээ нь Монголын өнөөгийн Үндсийн Хуулийг Монголын ард түмэн гэхээсээ Чимэд багшаар овоглож ярих нь бий).

Үүн дээр Кант ингэж өгүүлсэн байдаг:

“Язгуур эрхийн зарчмыг төрүүлэх гэрээ бол ердөө л оюун ухааны үзэл санаа төдий. Гэвч, тэр бол эргэлзэхийн аргагүй практик бодит байдлыг агуулна. Тэр бол бүх хууль тогтоогчдод хууль санаачлах үедээ, тэр хууль нь ард түмний нийтлэг хүсэл зоригоос урган гарсан лугаа адилаар санаачлах үүргийг тохоож чадна.”

Тиймээс Кант бол гэрээний онолч. Гэхдээ Кант хуулийн үүсэл болон хуулийн зөв эсэхийг бодит нийгмийн гэрээнээс эрэлхийлсэнгүй. Мэдээж хэрэг эндээс дараах асуудал урган гарна. 

“Хийсвэр гэрээ”, өөрөөр хэлбэл бодитоор байгуулагдаагүй гэрээний ёс суртахууны хүч нь юу юм бол?

Гэвч үүнийг судлахын тулд, өнөө үеийн философич Жон Ролз тийш харах шаардлагатай. Жон Ролз нь өөрийн бүтээл болох “Шударга ёс” дотроо шударга ёсны суурь үндэслэл гэдэг талаас нь хийсвэр гэрээний чухлыг асар нарийвчлан гаргаж тавьсан байдаг. Ролзын шударга ёсны онол нь ерөнхий агуулгаараа 2 чухал цэг дээр Кантын онолтой тохирдог.

Канттай адилаар Ролз ч бас утилитаризмыг шүүмжилсэн
“Хүн бүр шударга ёсонд суурилсан халдаж үл болох шинжийг агуулдаг ба, бүх нийгмийн сайн сайхны төлөө байлаа ч түүн рүү халдаж болохгүй. Шударга ёсоор хамгаалагдсан тэр язгуур эрх бол улс төрийн наймаа болон нийгмийн ашиг сонирхлын төлөөх тооцоонд өртөж болдог зүйл биш.”

"Ролзын онол Кантынхтай тохирдог хоёр дахь цэг нь, шударга ёсны зарчим бол бодит гэрээ бус, хийсвэр нийгмийн гэрээнээс мөрдөн гарч ирнэ гэх санаа юм. Ролз үүнийгээ өөрийн бодож олсон “үл мэдэх гивлүүр” хэмээх санаагаа ашиглаад, маш нарийн тайлбарласан байдаг. Бидний хүндэтгэхгүй бол болохгүй суурь язгуур эрх, язгуур эрх ба үүргийн үндсэн бүтцэд хүрч очих арга бол, дараах байдлаар төсөөлж үзэх явдал.

Юу гэвэл, хэсэг бүлэг хүмүүс хамтарч амьдрахаар болж, хамтын амьдралынхаа дүрмээ тогтох гэж байгаа боловч, тэнд цугласан хүмүүс нь ямар байр суурьтай юун хүмүүс вэ гэдэг дээр хэн нь ч хэнийгээ огт мэдэхгүй байгаа тийм нөхцөл байдал. Энэ бол “үл мэдэх гивлүүр” гэдэг санаа юм.

Тэгэхээр бид нар энд цугласан байгаа шигээ цуглаад хамтын амьдралаа засаглах шударга ёсны зарчмаа ярилцъя гэвэл, энд юу болох вэ? Хүн тус бүрийн харилцан ялгаатай ашиг сонирхол тусгагдаж, санал санаачлагын мөргөлдөөн үүсэх биз. Хүчтэй хүн байхад сул дорой хүн ч байна, мөнгөтэй нь ч байна, мөнгөгүй нь ч байна.

Гэвч тийм бус, эрх тэгш анхдагч хэлбэрээр цугласан байдлаар төсөөлж үзэхийг Ролз хэлсэн байна. Тэрхүү эрх тэгш байдлыг баталгаажуулах нь үл мэдэх гивлүүр юм. Бид бүгдээрээ үл мэдэх гивлүүр зүүсэн байна гээд төсөөлөөд үз. Тэр гивлүүр бидний хэн болохыг халхалчихсан байгаа. Гарал үүсэл, зэрэг зиндаа, нийгэм дэхь байр суурь, давуу тал, сул тал, эрүүл мэнд гээд бүхий л зүйлийг түрхэн зуур халхалчихна.

Зөвхөн энэ тохиолдолд л бид бүхний зөвшлөөр тогтох зарчим нь шударга ёсны зарчим болж чадах болов уу, гэж Ролз онолджээ. Ийм байдлаар хийсвэр гэрээ гэдэг нь үүснэ. Тэгвэл ийм төрлийн хийсвэр зөвшлийн ёс суртахууны хүч юу байх вэ? Бодит зөвшил болон (үндсэн хууль гэх мэт) бодит нийгмийн гэрээнээс хүчтэй юу, эсвэл сул уу?

Энэ асуултанд хариулахын тулд, эхлээд бодит гэрээний ёс суртахууны хүчийг бодитоор нягтлахгүй бол болохгүй. Үүн дээр үнэндээ 2 асуух ёстой зүйл гарч ирнэ.

1. Бодит гэрээ хэрхэн яаж намайг албаддаг вэ? Үүрэг хүлээлгэдэг вэ?

2. Бодит ертөнцийн бодит амьдрал дээрх гэрээ нь хэрхэн яаж гэрээний зүйл заалтаа зөвтгөдөг вэ? 

Ролз болон Кантын санал тохирдог. “Бодит гэрээ хэрхэн яаж гэрээнийхээ нөхцлийг зөвтгөдөг вэ?” гэдэг асуултанд хоёулаа “Зөвтгөж чадахгүй” гэж хариулна. Үгүйдээ л бодит гэрээ дангаараа лав зөвтгөхгүй. Бодит гэрээ гэдэг бол өөрөө дангаараа хангалттай ёс суртахуунлаг арга биш. Ямар ч бодит гэрээ эсвэл зөвшил ч гэсэн, зөвшиж буй агуулга нь шударга (fair) эсэхийг яаж л бол яаж эргэлзэх боломжтой.

Зөвшсөн гэдэг факт нь тэр зөвшлийн шударга байдлыг баталгаажуулахгүй. Үүнийг АНУ-ын үндсэн хуулийн цэцийн талаар бодоод үзэхэд л ойлгогдоно. Цэц боолын систем байхыг зөвшөөрсөн үндсэн хуулийг баталсан. Тэр бол зөвшлөөр бий болсон бодит гэрээ байсан. Гэвч энэ нь зөвшлөөр батлагдсан хууль бүхэлдээ шударга ёсонд нийцнэ гэсэн баталгаа болохгүй.
Тийм бол бодит гэрээний ёс суртахууны хүч нь юу юм бэ? Гэрээ нь биднийг албадах хүрээндээ хоёр аргаар бидэнд үүрэг хүлээлгэдэг. Ойлгомжтой байдлаар жишээ гаргаж үзье.

Нэгдүгээр жишээ: Бид гэрээ байгуулжээ. Худалдааны гэрээ.

Хэрвээ чи надад 100 хавч барьж ирвэл, би чамд 100 доллар төлнө, гэсэн гэрээ байгуулжээ. Чи хавч бариад ирлээ. Би хавчийг чинь идээд, найзаа хүртэл дайлсан боловч, мөнгөө төлсөнгүй. Чи “Чамд төлбөрөө төлөх үүрэг байгаа шдээ” гэх боловч би “Яагаад? Юу яриад байгаа юм?” гэе. Чи тэгэхээр нь хэлж. “Бид наймаа хийсэн. Та ашиг олсон. Хавчнуудыг бүгдийг нь идээ биз дээ?”

Энэ бол маш хүчтэй аргумент. Би чиний хөдөлмөрөөс ашиг олсон гэдэг факт дээр суурилсан аргумент л даа. Үүн шиг, гэрээ нь талуудын үр ашгийн арга хэрэгсэл байх тохиолдолд, гэрээ биднийг албадаж болно. Би хавч идсэн. Тиймээс хавч барьж ирсэн чамд 100 доллар төлөх ёстой.

Хоёр дахь жишээг бодож үзье.
Саяынхтай адилаар 100 хавчийг 100 доллараар авах гэрээ боловч, гэрээ байгуулснаас 2 минутын дараа, чамайг загасчлахаар явахын өмнө би чам руу утасдаад “Бодлоо өөрчиллөө” гэж хэлж. Гэнгүүт, би ямар ч ашиг олоогүй, чи ч ямар ч ажил хийгээгүй.
Нэг ёсондоо харилцан солилцооны элемент огт байхгүй гэсэн үг. Энэ тохиолдолд ямар вэ? Зөвшсөн гэх төдийгөөр би 100 доллар төлөх үүрэгтэй болох уу? Надад төлөх үүрэг байсаар байгаа гэж бодох хүмүүс гараа өргө? Яагаад юм бол? Сайн байна, чи! Яагаад төлөх үүрэгтэй вэ? 2 минутын дараа ярьсан юм чинь, чи хараахан юу ч хийгээгүй шүү дээ?

 

Жулиан:
Гэрээ байгуулахад би цаг хугацаа, хөдөлмөрөө зарцуулсан, дээр нь надад “ажил оллоо” гэсэн сэтгэл санааны хүлээлт үүссэн.

Сандел:
Гэрээ байгуулахад цаг орсон гэнэ ээ? Үгүй ээ, бид нар утсаар яриад л тохирсон.

Жулиан:
Гэхдээ тэгэхээр чинь албан ёсны гэрээ болохгүй.

Сандел: За тэгвэл факс явуулсан гэе. Ганц минутанд л дууссан.

Жулиан: Ямар нэгэн хөдөлмөр зарцуулсан л бол гэрээ хүчинтэй бөгөөд, тэндээс албадлага үүснэ гэж бодож байна.

Сандел: Гэхдээ яагаад? Яагаад тэндээс надад ёс суртахууны үүрэг хүлээлгэж чадна гэж? Зөвшсөнийг бол хүлээн зөвшөөрч байгаа ч, чи юу ч хийгээгүй, би ямар ч ашиг олоогүй биз дээ?

Жулиан: Хавч барих ажлыг төсөөлөл дотроо гүйцэтгэж дууссан ч байж магадгүй учраас.

Сандел: Хавч барих ажлаа төсөөлөлдөө хийчихсэн гэнээ? (хахаха) Гэхдээ тэр чинь тийм их үнэ хүрэхгүй байлгүй дээ? Хавч барихаар явахыг төсөөлсны чинь төлөө 100 доллар төл гэж үү? 

Жулиан: 100 доллар биш юм аа гэхэд, тодорхой хэмжээнд үнэлэх хүн байж болно.

Сандел: За яах вэ, 1 доллар өгье. Гэхдээ сонирхолтой нь чи бас л гэрээний харилцан солилцооны элементыг гаргаж тавьсаар байна. Чи надад тусалсан ч юм уу, эсвэл тусалсан гэж төсөөлөөд байна.

Жулиан: Жишээ нь, хоёр хүн гэрлэхээр зөвшсөн байжээ гэе. 2 минутын дараа нэг нь “Бодлоо өөрчиллөө” гэжээ. Гэхдээ энэ гэрээ хоёр талд үүрэг хүлээлгэх биш үү? Аль нь ч хараахан юу ч төлөөгүй, ажил ч хийгээгүй, ашиг ч олоогүй

Сандел: Би бол “Үүрэг хүлээхгүй” гэж л хэлмээр байна.

Жулиан: Болно оо.

Сандел:Баярлалаа, Жулиан. Хэн нэгэн өөр, Жулиантай адилаар надад мөнгө төлөх үүрэг байгаа гэж бодох хүн байна уу? Гэхдээ өөр үндэслэлээр. Чи! Босоод хариулаарай.

Адам: Гэрээг цуцалбал, гэрээ гэх механизмыг үл тоомсорлох юм шиг санагдаж байна.

Сандел: Сайн байна. Гэхдээ яагаад?

Адам: Кант маягийн санаа байх гэж бодож байна. Нөгөө тал намайг гэрээгээ биелүүлэхийг найдаж хүлээж байгаа бөгөөд, гэрээ байгуулах гэдэг нь өөрийн дотоод үнэ цэнэтэй гэж бодож байна.

Сандел: Сайн байна. Өөртөө үүрэг хүлээж авчихаад түүнийгээ цуцлахаар гэрээний уул зорилгыг үл хэрэгссэн явдал болно. Гэсэн үг биз?

Адам: Тийм ээ.

 

 

Гэрээний ёс суртахууны талаарх хоёр тохиолдлын хамаарлыг туршиж үзэхийн тулд, өөр нэг жишээ гаргаж ярья.

Гэрлээд 20 жил болохдоо би эхнэрээсээ өөр хүнтэй байгаагүй байжээ гэе. Тэгтэл 20 жил өнгөрсний дараа, жил бүр хөдөө аялдаг гэр бүлийн аялалын үеэр, эхнэр маань өөр эрэгтэйтэй болох нь баригдаж. Индиана мужийн хөдөлгөөнт машин засварын залуу. Мэдээж энэ бол хийсвэр яриа шүү.
Миний ууранд ёс суртахууны хоёр үндэслэл бий. Нэг дэхь нь, эхнэр бид хоёр харилцан бие биедээ үнэнч байна гэж амласан байтал, эхнэр тэр амлалтаа зөрчсөн явдал. Энэ бол зөвшилтэй холбоотой.
Гэвч хоёр дахь нь амлалттай ямар ч холбоогүй уур. “Би гэр бүлийнхээ төлөө өдий хүртэл явж ирсэн байхад, арай ч дээ. Миний чамд үнэнч явсны хариу энэ үү?” Ингэж уурлахад харилцан солилцооны элемент агуулагдах байх.

Аль ч үндэслэл нь бие биенээсээ харилцан үл хамаарах ёс суртахууны хүчтэй. Энэ бол ерөнхий тохиолдол нь. Үүнийг, энэ жишээний алтернатив хувилбаруудыг төсөөлж үзвэл ойлгоно. Жишээ нь, бид гэрлээд 20 жил болоогүй байжээ гэе. Эхнэрийн араар тавилт бал сарын аялалын Индиана мужийн Хамонд хавьцаа явж байтал болов. Хэдий амлалт өгсөн ч гэлээ, миний талд хараахан бахархам түүх байхгүй. Хамтын амьдралын бахархам түүх гэсэн утгаар шүү. 

Гол санаа нь ийм юм. Бодит гэрээ ёс суртахуунтай байдаг нь, хараат бус ба харилцан солилцоо гэсэн хоёр ялгаатай идеалын ач юм. Гэвч өдөр тутмын бодит амьдрал дээрх гэрээнд, ёс суртахууны хүч оноох учиртай тэр хоёр идеал нь дутуу ч юм уу, эсвэл хэрэгжихгүй байх тохиолдол байдаг.

Хараат бус идеал гэдэг нь гэрээнд оролцогч талуудын хэлэлцээр хийх ур чадварт ялгаа байх тохиолдолд биелэхгүй байх магадлалтай. Харилцан солилцооны идеал ч бас, талуудын мэдлэгт ялгаа байх тохиолдолд биелэхгүй байх тохиолдол бий. Талууд юу нь юутай эн тэнцүү үнэ цэнэтэй болохыг буруу дүгнэсэн байж мэднэ шүү дээ.

Тайлбар:

Энэ удаад Жон Ролзын шударга ёсны онолын тайлбар явлаа. Юуны өмнө яагаад Жон Ролзын онол чухал вэ гэдгийг товч тайлбарлая.

Жон Ролз бол Санделтай адил Харвардын Их Сургуулийн профессор байсан ба, чухам тэр л өнөөгийн ертөнцөд улс төрийн философийг дахин сэргээсэн хамгийн чухал сэтгэн бодогч юм. Үнэндээ түүнээс өмнөх улс төрийн ухаанд позитивизм (гаргалгааны үзэл), эмпиризмийн урсгал хүч түрэн орж, улс төрийн философи мөхөхийн наагуур байлаа. Гэвч Ролз гэрээний онолын бүтцийг ашиглан шударга ёсны онолыг дэвшүүлснээр, улс төрийн ухаанд улс төрийн философийг эрч хүчтэйгээр дахин амилуулсан байдаг.

Ролз нь үүгээрээ өнөөгийн либерализмын төлөөлөгч, түүний үндэслэгч гэгддэг. Түүний онол нь “үл мэдэх гивлүүр” (veil of ignorance) гэсэн ухагдахууныг ашиглан хийсвэр гэрээний онолыг гарган ирж, гэрээний онолыг буцаан сэргээсэн зүйл байсан. Тиймээс “Гэрээ гэж чухам юу юм бэ?” гэдгийг тайлбарлах нь маш чухал явдал болж байгаа юм. Профессор Сандел энэ удаад хараат бус буюу зөвшил гэсэн элемент болон, бас нэг нь харилцан солилцоо буюу харилцан үр ашиг гэх элементийг гарган тавьж, гэрээний талаар тайлбарлалаа.

Тэгээд үүнийхээ тулд төрөл бүрийн сонирхолтой жишээ, хавч худалдах гэрээ, жорлон засварлах гэрээ, Хьюмд тохиолдсон явдал, бас профессорт өөрт нь тохиолдсон машин засварчин Сам гэх мэт бодит амьдрал дээр элбэг тохиолдохуйц жишээнүүд ашиглангаа, зохистой гэрээ ямар шаардлагыг хангах ёстойг тодруулж өглөө.

Яагаад энэ чухал вэ гэхээр, чухам энэхүү гэрээний онолоор л улс төрийн философи өнөөгийн ертөнцөд дахин эргэж ирсэн болохоор тэр билээ.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3097

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 68%