Мухар сүсэг ба мэтгэлцэх соёл

Хүн төрөлхтний хөгжлөөс хоцорч үлдсэн зарим алслагдсан арлын омгийнхон техник технологийн дэвшил өндөр соёл иргэншилтэй анх учирсны дараагаар газар авсан нэгэн мухар сүсгийн хэлбэрийг шинжлэх ухаанд “Cargo Cult”буюу “Карго мухар сүсэг” гэж нэрлэдэг.

Дэлхийн 2-р дайны үеэр Холбоотны арми Номхон далайн Милэнэшиан арлуудыг түшиц газраа болгон, цэрэг дайны хангамжаа тээвэрлэдэг байж.  Ингэх явцад тухайн бүс нутгийн орчин үеийн соёл иргэншлээс хоцрогдсон омгийнхон анх удаа радио, зурагт, онгоц зэрэг хүн төрөлхтний дэвшилтэт техник технологитой нүүр тулгарчээ. Омгийнхон тэдгээр техник хэрэгслүүдийг бидэнтэй адил хүн бүтээсэн гэх цэргүүдийн тайлбарт огтхон ч итгээгүй аж. Омгийн гишүүдийн ихэнх нь ийм дэвшилтэт технологийг эдгээр харийн хүмүүс бүтээсэн байх учиргүй, харин омгийн өвөг дээдэс, тэдний бурхад, шүтээнүүдийн л бүтээсэн бүтээл байж таарна, түүнийг нь харийн хүмүүс заль мэх хэрэглэн биднээс булаасан байна гэж бат итгэсэн гэдэг. Тиймээс омгийнхон эдгээр харийнхны хийж байгаа бүх зүйлийг дуурайгаад байвал бурхад, өвөг дээдэс маань бидэндээ, жинхэнэ эздэд нь өндөр техник технологио хүртээх юм байна гэж дүгнэн, янз бүрийн тахил, өргөл барьц зан үйлүүдийг хийж бүх л арга чаргаа хэрэглэсэн аж. Танна гэх алслагдсан арлын омгийнхон бүр онгоцны буудлыг бүх детальтай нь, хяналтын цамхагтай нь хүртэл, дуурайлган барьж, бүр онгоцыг хүртэл модоор урлан хийж, өөрсдөө цэргүүдийн хувцсыг өмсөж, онгоц буух хөөрөх процессыг нэг ч үйлдэл алдалгүй дуурайсан нь Карго мухар сүсгийн оргил болсон байдаг. Бүр цэргүүдийн бууг хүртэл модоор урлаж тухайн зан үйлийг хийж буй хүндээ бариулсан гэдэг. 

Нисэх онгоцыг аюулгүй хөөргөж газардуулахад нислэгийн зурвас, хяналтын цамхаг, чиглүүлэгч зэрэг онцгой чухал үүрэгтэй, зайлшгүй факторууд. Харин энэ бүх байгууламжийг яг дуурайлган барьснаар бурхад, өвөг дээдсээс омгийнхонд заяасан барууны дэвшилтэт техник төхөөрөмжийг тээвэрлэн яваа онгоцыг дуураймал онгоцны буудалдаа буулгана гэвэл тун хангалтгүй.  Тиймээс, аливаа зүйлийн цаадах зорилго, утга учир, функц , ажиллах нөхцөлийг ухаж ойлголгүйгээр өнгөн төрхийг өнгөц дуурайж, хар мухраар хийдэг хүмүүсийг тодорхойлох үүднээс Карго мухар сүсэг (Cargo Cult) гэх хэллэг англи хэлэнд бий болж бусад олон хэлэнд нэвтэрсэн байдаг аж. 
АНУ-ын физикч Ричард Фэйнман “Surely You are Joking, Mr.Feynman” номондоо бүхэл бүтэн нэг бүлгийг “Карго Мухар Сүсгийн Шинжлэх Ухаан”-д зориулж жинхэнэ шинжлэх ухааны цаадах учрыг ойлголгүйгээр шинжлэх ухааны дүр исгэж, мухраар  сүсэглэж байгаа үзэгдлийг шүүмжилсэн байдаг. Жишээ нь:

Лабораторийн туршилтын хархууд төөрдөг ханануудыг шалнаас гарах чимээгээр төөрдөг хана доторх байршлаа цээжилж байсан нь тогтоогдож, үүнээс өмнөх туршилтуудын дүнг хүчингүй болгож, харин цаашид ижил туршилт хийх боломжгүй болгосон байдаг. Харин, төөрөх хананы шалыг элсээр сольсон үед чимээ гарахгүй тул хархууд байршлаа цээжлэх боломжгүй болсноор цаашдын төөрдөг хана доторх хархны туршилт илүү баталгаатай, үр дүнтэй болсныг тэрээр тэмдэглэжээ.

Гэтэл, зарим “Шинжлэх ухаанчид” (cargo scientist =мухар сүсгийн шинжлэх ухаанчид) дээр дурдсан жишээгээр зүйрлэвэл, төөрдөг хананы шалыг элсээр солилгүй туршилтаа хийсээр, үр дүнгээ нийтэд нийтэлсээр, шинжлэх ухааны дүр исгэж оромдож байгааг шүүмжилснээр Карго шинжлэх ухаан буюу шинжлэх ухаан, мэдлэг нэрээр мухар сүсэгтэх гэх ойлголт бий болсон байдаг.

Мухар сүсгийг бороо шороо оруулах ид шидтэй, тэнгэрээс татсан антенаараа тэнд байгаа хэн нэгэнтэй утасгүй холбогддог өндөр технологитой, ирээдүйг бас өнгөрснийг харах тусгай линзтэй нөхдүүдээр хязгаарлаж болохгүй болох нь. Шинжлэх ухаан хүртэл асуулт тавьж, мэтгэлцэж үнэний төлөө гэсэн гол зорилгоо алдахад мухар сүсэгтэж болдгийг “карго шинжлэх ухаан” гэх ойлголтоор жинхэнэ шинжлэх ухаанчид (scientist) шүүмжилдэг. Чингэлгээр гахай зөөгөөд авчирдагтай адил бусдын бүтээсэн мэдлэгийг ойлголгүй өнгөц хэсгийг нь хуулаад аваад ирэхийг шүүмжилсэн хэрэг.
Мухар сүсэг яагаад нийгмийн бүх нүх сүв рүү нэвчин ордог вэ гэвэл ердөө л жинхэнэ сэхээтэн давхарга байхгүй, сэхээтэн давхарга үндсээрээ устан алга болж, мухар сүсгийн боол, бууны нохой болсны л шинж. Нэгэнт устан байхгүй болсон зүйлийг сэрээч, ухаараач хэмээн мянга, сая удаа сэнхрүүлэх гэж оролдоод ямар ч нэмэр үгүй. 
Монголд яагаад мэдлэгийн бүх салбар мухар сүсгийн өмнө сөгдөн унаж, увайгүйгээр ялагдаа вэ? Өнөөдөр Монголын мэдлэгийн салбар уналтад орж, мухар сүсгийн боол болсон нэг гол шалтгаан бол мэргэжлийн, мэдлэгийн төвшний “Диалектик болон диалогийн соёл” (Dialectic culture) огтхон ч алга. 
Диалектик болон диалогийн соёл (Dialectic and dialogue culture) гэдэг нь энгийнээр тайлбарлахад гагцхүү үнэнд хүрэхийн төлөө өөр өөр үзэл бодолтой (өөр өөр онолтой) хүмүүс харилцан асуулт тавьж, хариулж, мэтгэлцээн явуулж, нэг ойлголтод хүрэхэд юуг зөрүүтэй бодож байсан, ямар нийтлэг ойлголтуудтай байсан, яг нэг сэдвийн талаар ярьж байгаа эсэхээ ярьсаар ярьсаар бүх зөрүүнүүдээ арилгаж, эцэст нь үнэнд хүрч, нэг л үнэн ойлголттой болохыг хэлдэг.

Мэтгэлцээний талуудын гол зорилго бол мэдэхийн л төлөө, үнэнийг олж мэдэхийн л төлөө байх учир энд нас хүйс огт хамаагүй, бүгд тэгш эрхтэй оролцож, нэг нэгнийхээ аргументыг хүндэтгэлтэйгээр, тэвчээртэйгээр дуустал нь сонсож, хариу асуулт тавих эсвэл өөрийн аргументыг хэлнэ. 
Хамгийн чухал нь мэтгэлцээний үр дүн нь нэгдмэл, нийтлэг, нэг л ойлголттой болох. Түүнээс хойш энэ гэсэн ойлголтыг бүх нийтээрээ мөрдөөд явах учиртай. 
Хүн мэдлэгт суралцаж, үнэнийг олж авахад нас хүйс огт хамааралгүй байх ёстой. Мэдлэг бол бүгдэд нээлттэй, бүгд мэдлэгийг тэнцүү эрхтэйгээр олж авах процессоос хүртэх ёстой. Чи залуу хүүхэд байж том хүний ярианд оролцлоо, бяруу болоогүй байж бухын баасаар баалаа гэх бол диалектик соёл мэдлэгийн салбарт нэвтэрч, төлөвшихөд хамгийн том саад. 
Хэрэв мэдлэгийн мэтгэлцээн явуулаад нэг тал нь хариулах дургүй байна гэвэл нэг бол үнэхээр мэдэхгүй байна, жинхэнэ мэдлэг олж аваагүй байна, нөгөөтэйгөөр хариулахыг хүсэхгүй байна л гэсэн үг. Мэдлэг бусадтай хуваалцаж л байж жинхэнэ мэдлэг болдог, бас нэмэгддэг. Хамтдаа суралцаж, хөгжих хүсэлгүй бол мэдлэгийн дүр исгэж л суугаа хэрэг бус уу?
Харин мухар сүсэгт асуулт хариулт, мэтгэлцээн гэж огт байхгүй, боломж ч үгүй. Яагаад гэвэл мухар сүсэг өөрөө худал хуурмагийн уурхай. Ид шидийн, хаанаас ч бүү мэд ургаад гараад ирсэн, хүн хэзээ ч ойлгох боломжгүй, тайлбарлах боломжгүй эсвэл сансраас ямар нэг антенаар зөвхөн нэг л онцгой нөхөр сигнал хүлээгээд авсан учир яаж мэтгэлцэж үнэнд хүрэх вэ? Яаж тухайн мэдлэгт хүрснээ тайлбарлаж чадахгүй байвал тэр хүчинтэй, баталгаатай мэдлэг мөн үү? Чи нэг бол итгэ, үгүй бол чи үнэхээр тэнэг, гуравдагч нүд, гуравдахь чих шивагийн арван гар алга л гэнэ. 
Хэрвээ Монголд сэхээтэн байна, мэдлэг байна гэвэл “Диалектик болон диалогийн соёл” (Dialectic and dialogue culture) бас байх ёстой. 
Диалектик болон диалогийн соёл гэдэг нь мэргэжлийн, мэдлэгийн төвшний мэтгэлцээнийг хэлж буй болохоос бусдыг доромжлох, гүтгэх, бусдаас сонссон баталгаагүй, ул үндэслэлгүй хов живээ амны зоргоор чалчихыг хэлээгүй болохыг анхаарах хэрэгтэй. 
Монголд “Диалектик соёл”(Dialectic culture) байна уу? Монголд “Диалогийн соёл” (Dialogue culture) байна уу? Байгаа бол яагаад буруу зөвийг, үнэн худлыг мэтгэлцэн хэлэлцэхгүй байна вэ?
Мэргэжлийн хүмүүс яагаад дуугарахгүй байна вэ?  Монгол хүний чихэнд алт ч хийсэн сэгсэрнэ, ус ч хийсэн сэгсэрнэ юу ч хийгээд нэмэргүй юу?

Жинхэнэ сэхээтэн бол өөрөө сайн, сайхнаа бүтээдэг, тодорхойлдог, бусдыг дагуулдаг болохоос намайг сонссонгүй, намайг шүтсэнгүй, надад боломж олгосонгүй та нар өөдгүй жаалууд гэж гонгинодоггүй моралтай, эрдэмтэй байх ёстой. Морал, эрдэм, диалектик чадвар бол жинхэнэ сэхээтний хүчирхэг зэвсэг байдаг.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2466

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 68%