ШУДАРГА ЁСНЫ ЛЕКЦ: Миний цалинг юу шийдэх вэ?

Өмнө ярилцсан хуваарилалтын шударга ёстой хамааралтай 3 ялгаатай онолыг эргэн санана уу. Орлого, баялаг, боломж зэрэг хүний амьдралд аз жаргал авчирдаг зүйлсийг хэрхэн яаж хуваарилах ёстой вэ гэх асуултанд 3 хариулт гарч ирсэн.

Юун түрүүнд бид нар, шударга ёсонд нийцсэн хуваарилалтын систем бол чөлөөт солилцоо, чөлөөт зах зээлийн систем юм, хэмээх либертари хариултыг харсан. Энэ систем бол, хэлбэрийн хувьд эрх тэгш байх дээр суурилсан зүйл бөгөөд, тэр нь ердөө л бүхий л ажил, албан тушаал, каррьер нь хэн бүхэнд нээлттэй байна гэсэн утгыг илэрхийлнэ. Хэн бүхэн тухайн ажлын төлөө өрсөлдөх эрхтэй, авьяас чадварт каррьер нээлттэй байх учир, Ролз үүнийг феодлын систем болон анги давхрагат нийгэмтэй харьцуулахад дэвшил гэж хэлсэн.

Хуваарилалтын шударга ёс бол чөлөөт солилцоо, сайн дурын солилцооноос үүсдэг зүйл бөгөөд, түүнээс илүү ч гарахгүй дутуу ч гарахгүй. Гэвч Ролз үүнийг ердөө л хэлбэр төдий тэгш байдлаас цаашгүй зүйл, ажил хэн бүхэнд нээлттэй байсан ч тэр нь эцсийн эцэст шударга болж чадахгүй гэж онолдсон. Тэр бол тохиолдлоор чинээлэг гэр бүлд төрж, тохиолдлоор сайн боловсрол эзэмших боломжоор хангагдсан хүмүүст л давуутай, тэнцвэргүй зүйл болж орхих учраас тэр.

Гарал үүслээс хамаарсан тохиолдын зөрүү байгаа бол, боломж шударга ёсонд нийцтэйгээр хуваарилагдаж байна, гэж хэлэх боломжгүй. Тэгээд үүн дээр Ролз, энэхүү ялгавартай байдлыг анзаарсан олон хүмүүс “Ялгаваргүй тэгш боломжийн систем”-ийг зөвшөөрч эхлэх болно, гэж онолдсон. Тэндээс мэритократ систем гарч ирнэ. Ялгаваргүй тэгш боломжийн систем.

Гэвч Ролз, өрсөлдөөнд бүх хүмүүсийг нэг шугам дээр зогсоосон тохиолдолд хэн нь ялах бол? гэж асууна.
Хамгийн хурдан гүйдэг нь ялна. Бид, хуваарилалт тохиолдлын хүчин зүйлд тулгуурлах явдлыг нэгэнт таашаагаагүйгээс хойш, үүн дээр логиктой тунгааж үзэх ёстой. Тэгэх юм бол илүү ардчилсан ухагдахуун, илүү эгалитари (буюу тэгш эрхт) ухагдахуун гэж нэрлэх хуваарилалтын шударга ёсны ухагдахуунд хүрч очих учиртай. Ролз түүнийгээ Тэгш бусын зарчимдаа тодорхойлсон.

Тэрээр төрөлхийн авьяас чадварын ялгааг залруулах цорын ганц арга бол, бүгдийнх нь түвшинг тэгшитгэх ч юм уу, ижил үр дүнд хүрэхийг нь баталгаажуулах явдал гэж хэлээгүй. Харин тохиолдлын хүчин зүйлийг аргалах өөр арга бий гэж өгүүлсэн.
Хүн өөрийн байгалийн азаараа ашиг олж болох боловч, тэр нь хамгийн дорой хүмүүст өгөөжтэй байх гэдэг, зөвхөн тийм нөхцөл дор байх ёстой. Бидний нийгэм дээрх хэд хэдэн цалингийн ялгааг авч үзэх байдлаар, энэ онол бодитоор хэрхэн ажилладгийг нягталж болно.

Америкийн ерөнхий боловсролын сургуулийн багшийн дундаж цалин хэд гэж бодож байна? Барагцаагаар?

 

Эрэгтэй оюутан:
35,000 доллар?

Сандел:
Тун дөхлөө. 45,000 доллар.
Тэгвэл Дэвид Лэттэрман (Америкийн хөгжөөнт нэвтрүүлгийн хөтлөгч) хэдийг олдог вэ? Багшаас их болов уу?

Дэвид Лэттэрманы жилийн орлого 31 сая доллар. Дэвид багш нараас хамаагүй их олдог ч, энэ нь хэр шударга вэ? Ролз ингэж хариулах байх. Үүний шударга эсэх нь, Леттэрманы 31 сая долларт татвар ноогдуулж, тэр орлогынх нь тодорхой хэсэг нь хамгийн дорой хүмүүсийн үр ашгийн төлөө зарцуулагдаж байх, тийм нийгмийн механизм байгаа эсэхээс хамаарна.

Цалингийн ялгааны өөр нэг жишээ байна. Америкийн дээд шүүхийн шүүгч ямар цалинтай гээч? 200,000 доллар орчим байдаг. Сандра Дэй О конор ч бас тэдний нэг нь.

Түүнээс хамаагүй их орлоготой өөр нэг шүүгч бий. Хэн гэж бодож байна?

Маркус:
Шүүгч Жүди (шүүгч байсан боловч, тэтгэвэртээ гараад үзэгчдийн маргааныг шүүдэг шоу нэвтрүүлэгт оролцдог болсон).

Сандел:
Яг зөв. Чи яаж мэдэв ээ? Нэвтрүүлгийг нь үздэг юм уу?

Маркус:
Үгүй ээ.

Сандел:
Тийм үү. Гэхдээ л таалаа. Шүүгч Жүди хэдийг олдог бол?

 

Энэ байна. Түүний орлого 25 сая доллар. За тэгэхээр, энэ шударга ёсонд нийцэж байгаа болов уу? Нийцэж байгаа эсэх нь, иймэрхүү ялгааны ард эерэг ялгаврын зарчим дээр тулгуурласан систем байгаа эсэхээс хамаарна.

Өөрөөр хэлбэл орлого болон баялаг амжилттай бий болгож чадсан хүмүүс нийгэм дахь хамгийн дорой хүмүүсийн тусын тулд татвар төлдөг, тийм систем байгаа эсэхээс хамаарна, гэсэн үг.

Тэгвэл үүн дээр Ролзын онол руу буцаж очоод, илүү тэгш эрхт онол болох эерэг ялгаврын зарчмынх нь эсрэг няцаалтуудын талаар бодож үзэцгээе. Ролзын эерэг ялгаврын зарчмын эсрэг дор хаяж 3 няцаалт байдаг.

Нэг дэх нь, өмнөх лекц дээр та нарын олонх нь санаа зовсон тэр зүйл. Өдөөлт яах болж байна? Шатлалтай татварын систем байгаад, тэр нь 70%, 80%, 90% хүрчихвэл Майкл Жордон сагс тоглохоо больж, Дэвид Лэттэрман шөнийн хөгжөөнт шоугаа хийхээ больж, компанийн захирлууд өөр ажил хийгээд унах эрсдэл гарахгүй юу? 

 

Тим:
Тийм.

Сандел:
Тийм! Нэг ёсондоо, Ролз өдөөлтийг харгалзаж тооцсон. Тэгээд өдөөлтийг тооцсоны үндсэн дээр, орлогын ялгаа ба тодорхой хэмжээний татварын зохицуулалтыг зөвшөөрч болно гэж хэлсэн, гэсэн үг байх нь ээ.

Тим өдөөлтийн асуудлыг, эдийн засагт бүхэлд нь үзүүлэх үр нөлөө гэдэг өнцгөөс биш, харин өдөөлт хамгийн доод давхрагын хүмүүсийн сайн сайханд хэрхэн нөлөөлөх вэ, гэдэг өнцгөөс тунгаах ёстой гэж хэлж байна. Зөв үү?

Тим:

Тийм

 

Баярлалаа. Ролз ч бас ингэж хариулах байсан болов уу гэж бодож байна. Бодитоор түүний эерэг ялгаврын зарчмаа тайлбарласан 17-р бүлгийг уншвал, өдөөлтийг зөвшөөрсөн болох нь харагдана. “Төрөлхөөс давуутай хүмүүс зөвхөн илүү авьяаслаг гэдгээрээ ашиг олоод байх бус, хичээл чармайлтын зардлыг хариуцаж, өөрөөсөө дорой хүмүүсийн тусын төлөө тэр чанараа ашиглах ёстой юм.”

Өдөөлт байж болно. Тэгээд, Дэвид Лэттэрман, Майкл Жордан, Билл Гейтс нараас хэтэрхий их авч, тэр нь доод давхрагын хүмүүст хохиролтой үр дүнд хүрэхээр байвал, татварыг зохицуулж ч болно, гэсэн үг. Тэгэхээр өдөөлт бол Ролзын эерэг ялгаврын зарчимд чиглэсэн шийдвэрлэх няцаалт биш байна. Гэвч, илүү чухал бөгөөд хэцүү няцаалт цаана нь 2 бий.

Түүний нэг нь, мэритократ ухагдахууныг хамгаалагчдын няцаалт. “Хичээл чармайлтыг яах болж байна?” гэдэг санал. Хамаг байдгаараа хичээж ажилласан хүн яах болж байна? Тэд түүнийхээ төлөө чармайлт гаргасан юм чинь, олсон орлогодоо хандсан эрхтэй байх учиртай. Энэ бол хүчин чармайлт болон ёс суртахууны үнэ цэнээс (moral desert) гарсан няцаалт юм.
Тэгээд нөгөө нэг няцаалт нь болохоор либертаричуудаас гарсан няцаалт. Бидний төрөлхөөс заяагдсан авьяас чадвар, шинж чанарт нийтийн өмч шиг хандаж буй талаасаа, эерэг ялгаврын зарчим нь бидний өөрсдийгөө өмчилдөг гэх тэр санаанд халдсан явдал болох биш үү?

Тэгэхээр юуны өмнө, либертаричуудын гаргаж тавьсан няцаалтыг авч үзье.

Либертаричуудын нэг болох эдийн засагч Милтон Фрийдман өөрийн бүтээл “Сонголтын эрх чөлөө” дотроо ингэж бичсэн байдаг:

“Амьдрал бол хэзээд тэгш шударга биш байдаг. Хүмүүс, төр байгалийн үүсгэсэн гажуудлыг залруулж өгнө гэсэн гэнэн итгэлд төөрөлдөж явдаг.”

Тэрээр цааш нь ингэж бодож. Тэрийг залруулъя гэвэл, үр дүнг нь тэгшитгэхгүй бол болохгүй. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөнд бүгд нэгэн зэрэг барианд ордог байлгахгүй бол болохгүй ба, тэгэх юм бол сүйрэл болно.


Харин Ролз энэ тухай “Шударга ёс” бүтээл дотроо, миний хамгийн хүчирхэг гэж боддог хэсэгт хөндсөн байдаг. Тэр нь 17-р бүлэгт бий:

“Байгалийн хуваарилалт, өөрөөр хэлбэл авьяас чадвар, шинж чанар гэх мэт байгалийн хуваарилалт бол шударга ч биш, шударга бус ч биш юм. Хүн нийгмийн тодорхой нэг давхрагад төрөх ч бас шударга бус биш. Эдгээр бол ердийн л нэг байгалийн фактууд. Шударга болон шударга бус гэдэг бол, иймэрхүү фактуудыг зохьцуулж буй системийн арга дээр л яригдана.”

Энэ бол “Амьдрал шударга биш ч гэсэн даван туул. Тэгээд ядаж л тэндээс гарах үр ашгийг хэрхэн максималчлах талаар харцгаая” гэж уриалах Милтон Фрийдман нарын хөндлөнгөөс үл оролцогч үзэл бүхий эдийн засагч нарт барьсан түүний хариулт юм. Гэвч Ролзд хандах либертаричуудын няцаалт дотор Фрийдманыхаас ч хүчтэй аргумент бий.
Тэр бол Нозикийн хөгжүүлсэн, өөрийгөө өмчлөх тухай санааг ашигласан няцаалт. Тэгээд тэр өнцгөөс нь харвал, хэн бүхэн сайн сургуульд элсэн орж чаддаг байхуйцаар, мөн өрсөлдөөнд ижил гараанаас гардаг байхаар, сургуулийн өмнөх насны боловсролын програм, эсвэл улсын сургуулиуд байгуулах нь зүйтэй гэж санагдаж болно.

Гэвч улсын сургууль барихын төлөө хүмүүст татвар ноогдуулбал, тэдний хүсээгүй татварыг ноогдуулбал, тэгэх нь албадлага болно. Нэг төрлийн дээрэм болно. Улсын сургуулиудыг дэмжихийн төлөө Лэттэрманы 31 сая доллараас түүний хүсэл бодлыг үл харгалзан татвар хураан авах юм бол, төр жинхэнэ утгаараа түүнийг дээрэмдсэн явдал болно. Энэ бол албадлага.
Учир нь, бид бүхэн өөрөө өөрсдийгөө, авьяас чадвар болон шинж чанараа эзэмшдэг гэж үзэхгүй бол болохгүй учраас тэр. Тэгэхгүй л бол бид зүгээр л хүмүүсийг албадан ашигладаг руугаа буцаж очихдоо хүрнэ. Энэ бол либертаричуудын байр суурь.

Энэ няцаалтанд Ролз хэрхэн хариулсан бэ? Тэрээр өөрийгөө өмчлөх тухай санааг шууд хөндөөгүй. Гэвч, магадгүй эерэг ялгаврын зарчмын талаарх түүний онолын ёс суртахууны хүндийн төв нь, эцсийн эцэст бид нар өөрсдийгөө бүрэн утгаар нь өмчилдөггүй гэдэг дээр байгаа болов уу.
Тэрээр үүнийг “Төр миний амьдралыг дайчилж чадаж байгаа гэдгээр, төр намайг эзэмшиж байна” гэж ойлгож болохгүй гэж хэлсэн.
Яагаад гэвэл, үл мэдэх гивлүүрийн ард бидний санал нэгдэх нэгдүгээр зарчим бол, тэгш эрхт язгуур эрх чөлөөний зарчим, өөрөөр хэлбэл үг хэлэх эрх чөлөө, шүтэх эрх чөлөө, цэвэр сэтгэлийн эрх чөлөө зэрэг байх учраас тэр. Тиймээс зөвхөн дараах асуудал дээр өөрийгөө эзэмших тухай санаанаасаа ухралт хийхгүй бол болохгүй. Тэр нь юу гэхээр “Бид өөрсдийн авьяас чадвараа зах зээл дээр ашигласнаар олж авах үр ашигтаа хандсан онцгой эрхтэй байдаг нь, өөрөө өөрийгөө эзэмшдэг гэсэн утгыг илэрхийлдэг учиртай биш”.

Ролз, сайн бодож үзвэл бид бүхэн өөрсдийгөө эзэмшдэггүй, юм гэнэ. Бид өөрсдийгөө эзэмшдэг гэсэн санааг ашиглахгүй байсан ч эрхээ өмгөөлж, хувь хүнийг дээдэлж, хүний эрхэм чанарыг хамгаалж чадна.
Энэ бол нэг ёсондоо либертаричуудад барьж буй түүний хариулт юм.

Одоо мэритократ үзэлтнүүдэд барьсан Ролзын хариулт руу анхаарлаа хандуулцгаая.
Тэд ёс суртахууны үнэ цэнийн үндэслэл болгож хүчин чармайлтыг сөргүүлэн тавьсан. Өөрийн авьяас чадвараа зүлгэн тордохын төлөө байдгаараа мэрийн хичээсэн хүн тэр авьяасаараа бий болгосон үр ашгийг хүртэх гавьяатай.

Энэ асуултанд хандсан Ролзын нэг дэхь хариултыг бид өмнө харсан. Тэр бол төрсөн дарааллын тухай судалгаанаас ч ил гарч ирсэн.
Түүний нэг дэхь хариулт нь, хөдөлмөрийн ёс зүй, хичээнгүй чин үнэнчээр ажиллах мотивац хүртэл бидний өөрийн гавьяа зүтгэл гэж хэлэх боломжгүй гэр бүлийн орчин ч юм уу, нийгмийн болон соёлын санамсаргүй тохиолуудаас хамаарч байдаг, гэх хариулт байсан.

Бид өөрсдийнхөө хүч чадлаар айлын том нь болж төрөөгүй. Айлын том нь болон төрж сэтгэлзүйн болон нийгмийн хүчин зүйлсийн нөлөөгөөр хичээн мэрийж чадсанаа “Миний гавьяа” гэж өмчилж чадахгүй. Энэ бол нэг дэхь хариулт.

Хоёр дахь хариулт ч бас бий. Хүчин чармайлтыг гарган тавьж буй хүмүүс, яг үнэндээ ёс суртахууны үнэ цэнэ бол хүчин чармайлтаар хэмжигддэг гэдэгт итгэдэггүй. Хоёр барилгачин байжээ гэе. Нэг нь булчин шөрмөслөг, ганц цагийн дотор хана барьчиж чадна. Нөгөө нь давжаа биетэй хариугүй туранхай, 3 хонож байж арай чүү хана барьдаг.
Мэритократ үзэлтнүүд дотор хүртэл, сульдаатай барилгачны хүчин чармайлтыг хараад “Тэр байдгаараа хичээн мэрийж байгаа учраас илүү авах ёстой” гэж хэлэх хүн гарахгүй. Тэр бол үнэндээ хүчин чармайлтаас өөр болохоор тэр. Мэритократ үзэлтнүүдэд барих хоёр дахь хариулт нь энэ.

Мэритократ үзэлтнүүдийн хуваарилалтын ёс суртахууны үндэслэл гэж итгэж буй зүйл бол, үнэндээ хүчин чармайлт биш хувь нэмэр юм. Хэдий хэр хувь нэмэр оруулсан бэ гэдэг нь чухал.

Гэвч хувь нэмэр биднийг зөвхөн хүчин чармайлт бус, төрөлхөөс заяасан авьяас чадварын асуудал руу буцааж авчирна. Тэгээд бид бүхэн өдий төдий авьяас чадвартай байгаа нь бидний өөрсдийн гавьяа биш.

Тэгвэл “Хүчин чармайлт бүхнийг шийдэхгүй. Мэритократ үзлийн байр суурьнаас харвал хувь нэмэр хамгийн чухал нь. Хүчин чармайлт хүртэл бидний өөрсдийн гавьяа биш” гэсэн санааг та бүхэн хүлээн зөвшөөрчээ гэе. Энэ тэгвэл нэг ёсондоо Ролзын үгээр бол ёс суртахууны үнэ цэнэ ба хуваарилалтын шударга ёс хоёрын хооронд ямар ч хамаарал байхгүй гэсэн үг болох уу? Ер нь бол тийм. Хуваарилалтын шударга ёс бол ёс суртахууны үнэ цэнэтэй огт холбоогүй зүйл.

Үүн дээр Ролз чухал боловч хачирхалтай нэгэн ангилалыг гаргаж ирнэ. Тэр бол “ёс суртахууны үнэ цэнэ” болон “хүлээлтэнд хандах зүй ёсны эрх” хоёрын ялгаа. Ёс суртахууны үнэ цэнэ болон зүй ёсны эрх (entitlement) хоёрын ялгаа юу вэ?
Хоёр төрлийн тоглоомын тухай бодож үзье. Азын тоглоом ба ур чадварын тоглоом.
Эхлээд азын тоглоом.
Массачусетс мужийн лото сугалаа худалдаж автал, миний дугаар таарчээ гэе. Би өөрийн хонжвортоо хандсан зүй ёсны эрхтэй. Гэвч хонжвортой хандсан зүй ёсны эрхтэй ч гэлээ, энэ бол ердийн нэг азын тоглоом тул би ёс суртахууны хувьд тэр хонжворыг авах гавьяатай гэсэн үг биш. Эн бол зүй ёсны эрх.

Тэгвэл лотоноос шал өөр тоглоом, ур чадварын тоглоомны хувьд ямар вэ?
Жишээ нь Бостон Рэдсокс дэлхийн цувралд аварга болжээ гэе. Тэд түрүүлсэн юм чинь тэдэнд цом хүртэх зүй ёсны эрх бий. Гэвч, ур чадварын тоглоом дээр үргэлж ийм асуулт дагалддаг: “Тэд үнэхээр хамгийн шилдэг нь мөн үү?”. Ур чадварын тоглоомын хувьд, хэн нэг нь дүрмийн дагуу ялагчийн зүй ёсны эрх хүртэх болон, ерөөс тэр хүн ялагч болох гавьяатай юу гэдгийг зарчмын хувьд салгаж авч үзэх боломжтой (Жишээлж хэлбэл, хэн нэг нь тооллогын дүнгээр олон санал авч УИХ-ын гишүүн болох зүй ёсны эрх олж авлаа ч, тэр нь түүнийг ёс суртахууны хувьд гишүүн байх гавьяатай гэсэн утгыг гарцаагүй илэрхийлэх албагүй).

Үүн дээр Ролз, хуваарилалтын шударга ёс бол ёс суртахууны үнэ цэнийн асуудал бус, хүлээлтэнд хандах зүй ёсны эрхийн асуудал юм, гэжээ. Үүнийгээ тэрээр ингэж тайлбарласан байдаг:
“Шударга механизм хүмүүсийн зүй ёсны эрхийг дээдэлж, нийгмийн бүтцэд суурилсан хүлээлтэнд хандах зүй ёсны эрхүүдийг нь хангаж өгдөг. Гэвч, хүмүүсийн зүй ёсны эрх нь тэдний дотоод үнэ цэнэтэй дүйцдэг, эсвэл түүгээр шийдэгддэг зүйл биш юм.”

“Шударга ёсны зарчмын цөм санаа нь ёс суртахууны үнэ цэнэтэй ямар ч холбоогүй ба, хуваарилалтын хэмжээнд ч бас ёс суртахууны үнэ цэнэд дүйцүүлэх хандлага байхгүй.”

Ролз яагаад ингэж ангилсан юм бол? Үүний ёс суртахууны асуудал нь юу юм бол?

Нэгдүгээрт, энэ хүртэл ярилцаж ирсэн бүх хүчин чармайлтын асуудал. Гэвч хоёр дахь асуудал болох санамсаргүй шинж ч бас байгаа. Тэр ч бас ёс суртахууны хувь дахь тохиолдлын шинжийн эх үндэс болох зүйл бөгөөд, авьяас чадвартай байх нь өөрийн гавьяа мөн үү биш үү гэдэг асуудлыг давсан яриа юм. Юу гэвэл, тэр нь өөртөө байх авьяасыг нь чухалчлан хардаг нийгэмд тохиолдлоор амьдарч яваа гэх, санамсаргүй шинжтэй холбоотой.

Дэвид Лэттэрманы гашуун хоржоонтой элэглэлийг онцгойлон чухалчилж, өндрөөр үнэлдэг нийгэмд тэр амьдарч яваа гэх факт бол түүний хүчин чармайлтын үр дүн биш. Тэрээр аз завшаанаар, санамсаргүйгээр ийм нийгэмд амьдарч яваа. Энэ бол хоёр дахь санамсаргүй шинж. Өөрийн гавьяа гэж хэлэх боломжгүй зүйл.

Хэрвээ би өөрийн авьяас чадвар хийгээд хүчин чармайлтын талаар “Энэ л гарцаа байхгүй миний гавьяа мөн” гэж хэлэх эрхтэй ямар нэгэн юм гаргаж тавилаа ч, миний тэр авьяас чадвараа ашигласнаар бий болох үр ашгийн хэмжээ нь, ёс суртахууны өнцгөөс харвал мөн л тохиолдлын хүчин зүйлээс хамаарч таарна.
Надад байгаа авьяас чадвар зах зээл дээрээс ямар хэмжээний ашиг хураах вэ гэдэг нь, энэ нийгэмд хүмүүс юу хүсч байна вэ гэдгээр шийдэгдэнэ. Эрэлт ба нийлүүлэлтийн хуулиар шийдэгдэх болохоос, миний үйлдлээр шийдэгдэхгүй. Хувь нэмэр гэж хэлэгдэх зүйл бол нийгмээс тохиолдлоор чухалчилдаг зүйлийн шинж чанараар шийдэгдэнэ.

Бидний олонх нь азаар энэ нийгэм тохиолдлоор чухалчилдаг шинж чанар, нийгмийн хэрэгцээг хангахуйц шинж чанарыг ихээр агуулж байдаг.
Капиталист нийгэмд шинийг санаачлах интерпрёнер чадвар ашигтай.
Захиргаадалтын нийгэмд даргадаа дольгонох чадвар ашигтай.
Ардчилсан нийгэмд телевизийн фигур болох чадвар болон, авсаархан өнгөн хэлбэрээр ярих чадвар ашигтай.
Заргач нийгэмд хуулийн сургуульд суралцах болон, түүний төлөөх шалгалтанд сайн байх чадвар ашигтай.
Гэвч эдгээрийн аль нь ч бидний хүчин чармайлттай ямар ч холбоогүй.

Бид өнөөгийн энэхүү технологийн хувьд хөгжсөн дээд зэргийн заргач нийгэмд биш, ан гөрөөчдийн нийгэмд ч юм уу дайчдын нийгэмд амьдарч байсан бол яах вэ? Бидний энэ авьяасаар олигтой амжилт гаргахгүй л байсан болов уу. Мэдээж, өөр авьяасаа хөгжүүлэх хүн ч гарах л байх. Тэгвэл өөр нийгэмд бидний ариун ёс (virtue), хүндлэл, ёс суртахууны үнэлэмж буурах уу? Ан гөрөөчдийн, дайчдын нийгэмд бидний үнэ цэнэ буурах уу?

Ролзын хариулт бол “үгүй”. Бидний орлого буурч магадгүй ээ. Гэвч багахаан урамшуулалд дүйцэх хэмжээний зүй ёсны эрхтэй байлаа гэдгээр бидний ёс суртахууны үнэ цэнэ буурах учиргүй.
Чухал нь энд байгаа юм. Бидний нийгэмд, тохиолдлоор төдийлөн чухал бус байр сууринд буй хүмүүс, эсвэл нийгмээс өндрөөр үнэлдэг тийм авьяас тохиолдлоор заяагдаагүй хүмүүсийн хувьд ч бас энэ хамаатай. Энэ бол ёс суртахууны үнэ цэнэ болон хүлээлтэнд хандах зүй ёсны эрх хоёрыг ангилж буй чухал цэг.

Бид өөрсдийн авьяас чадвараа ашигласнаар бий болох үр ашигтаа хандсан зүй ёсны эрхтэй. Гэвч, бидэнд тохиолдлоор заяагдсан баялаг авьяас чадварыг тохиолдлоор чухалчлах энэ нийгэмд, өөрсдийгөө өндрөөр үнэлүүлэх гавьяатай гэж бодох нь буруу сайрхал юм.

Энэ хүртэл орлого болон баялгийн талаар ярилцлаа. Тэгвэл боломж эсвэл алдар хүндийн тухайд ямар вэ? Элит сургуулийн оюутан байх хуваарилалтыг юу гэж бодож байна?

Та нар бүгдээрээ, ихэнх чинь айлын том хүүхэд бөгөөд, Харвардад элсэн орохын төлөө хичээлдээ мэрийн шамдаж, өөрийн авьяас чадвараа зүлгэн тордож ирсэн чинь үнэн. Гэвч Ролз ингэж асууна: “Та нар өөрт оногдсон боломжоо ашиглаж хүртсэн үр ашгаа төвийлгөн тавих нь, ёс суртахуун талаасаа ямар юм бол?” (Өөрөөр хэлбэл, “Би Харвардад элсэж чадсан” гэдгээрээ бахархах нь ёс суртахууны хувьд зохистой юу?). Их сургуулийн оюутан болох нь хамаг чадлаараа хүчин чармайсан хүмүүсийн гавьяаг нь үнэлэх нэгэн төрлийн урамшуулал бөгөөд, нэр хүнд мөн үү? Эсвэл элит сургуульд элсэн орох болон, тэр боломж эсвэл нэр хүндийг хүртэх нь, хүлээлтэнд хандсан зүй ёсны эрх юм болов уу?

Өөрөөр хэлбэл, тэрхүү боломж эсвэл нэр хүндийг, нийгмийн доод давхрагад байгаа хүмүүсийн тусын тулд ашиглахгүй л бол зөвтгөх боломжгүй, тийм зүй ёсны эрх үү? Энэ бол Ролзын эерэг ялгаврын зарчмын гарган тавьж буй асуулт.
Энэ бол Майкл Жордан, Дэвид Лэттэрман, шүүгч Жүди нарын орлогын тухайд тавьж болох асуулт боловч, мөн адилаар шилдэг сургуульд элсэн орох боломжийн тухайд ч тавьж болох асуулт юм.

Энэ талаар дараагийн лекцээр “Цөөнхийг дэмжих програм” (affirmative action)-ын тухай ярилцахдаа үргэлжлүүлэн харцгаая.

Тайлбар:

Энэ удаа Ролзын шударга ёсны онол болон, түүний онолын гаргалгааг тайлбарлалаа. Энэ хүртлэх онолуудыг эргэн харж, эхлээд чөлөөт зах зээлийг зөвтгөх либертаризмын онолыг дурьдаж, дараа нь мэритократ үзлийг тайлбарлаж, төгсгөлд нь Ролзын өөрийн тэгш эрхт үзлийн тайлбар явлаа. Мэритократ үзлийн онол нь Ролзын хоёрдугаар зарчим дахь ялгаваргүй тэгш боломжийн зарчимтай харгалзаж, тэгш эрхт үзэл нь Ролзын хоёрдугаар зарчим дахь эерэг ялгаврын зарчимтай харгалзаж байгаа юм. Тэгээд Ролзын онолд хандаж өдөөлтийн асуудал, хүчин чармайлтын асуудал, өөрийгөө эзэмших асуудал гэсэн 3 янзын шүүмж гарч ирсэн учиртай. Профессор Сандел өөрөө эдгээрийн эсрэг, Ролзыг ойлгон дэмжсэн байр суурьнаас эсрэг няцаалтыг танилцуулсан. Үнэндээ профессор Сандел өмнөх цувралууд дээрээ тайлбарласан либертари үзэлд шүүмжлэлтэй ханддаг учиртай боловч, Ролзын улс төрийн дүгнэлт, өөрөөр хэлбэл халамжийн бодлогыг зөвтгөж буй тал дээр маш санал нийлдэг гэж санагдана. Гэвч профессор Сандел Ролзын онолыг бүхэлд нь дэмждэг бол биш. Үнэндээ Ролз халамжийн бодлогыг дэмжихийн зэрэгцээ, түүнийхээ логик болгож ёс суртахууны асуудлаас салгаж авч үзсэн онолыг дэвшүүлдэг учиртай. Лекц дээр гарсан үгийг ашиглавал “ёс суртахууны үнэ цэнэ” гэдгээс салгаж энэ асуудлыг авч үзэх ёстой хэмээх Ролзын тайлбарыг танилцуулсан. Нэг ёсондоо, “Хүний хийсэн зүйлийг ёс суртахууны хувьд ийм урамшуулал хүртэх үнэ цэнэтэй” гэсэн ярианаас салгаж тунгаадаг учиртай. Тэрээр түүний оронд, урамшууллын тухай “хүлээлтэнд хандах зүй ёсны эрх” гэсэн санааг гаргаж тавьдаг. Харин профессор Сандел хүний хийсэн зүйлийн ёс суртахууны үнэ цэнийг орхигдуулах явдлыг дэмждэггүй. Тиймээс ёс суртахууны үнэ цэнэтэй хамаарал бүхий шударга ёсны онолын хувилбарын боломжийг судлаад явсан байдаг. Эндээс ярианы сэдэв дараагийн лекцүүдээр яригдах профессор Санделын өөрийн онол тийш холбогдоод явах болно.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3097

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 68%