Нийтлэл 08 сарын 24, 2018

НОМЫН ТЭМДЭГЛЭЛ: Хайр, Нууц, Алуурчин

Уншигч та өөрийнхөө амьдралыг эсвэл таныг үхсэний дараа таны ойр дотны хүмүүсийн амьдрал яаж үргэлжлэх бол гэж бодож үзсэн үү?

Мэдээж энэ тухай бодоход сэтгэлийн дарамт байж болох ч Элис Манрогийн “Сайн бүсгүйн хайр” гэх номыг уншаад амьдралын олон чухал асуудлыг, тэр дундаа хайр ба амьдралд тохиолдох худал үнэний тухай өөрийн эрхгүй бодоход хүргэсэн юм. Тэгвэл нүдний эмч Д.М.Виллэнсийн учир битүүлэг аллагын хэрэг, сувилагч бүсгүй Энид Рүперт Күйн хэмээх эрд аажмаар татагдаж буй хайр гэсэн хоёр үйл явдлын тухай өгүүлэх энэхүү зохиолын тухай бяцхан тэмдэглэл бичлээ.

Сайн бүсгүйн хайр хэмээх энэ зохиол анх 1996 онд Нью-Йоркер сэтгүүлд “Хайр, Нууц, Алуурчин” нэртэйгээр нийтлэгдэж байсан ч хоёр жилийн дараа одоогийн нэрээрээ хэвлэгдэж олны хүртээл болсон.

Зохиол эхлэхдээ нүдний эмч Виллэнсийн учир битүүлэг үхлийг нутгийн хэдэн жаал олж харж байгаагаар эхэлнэ.  Яг энэ үйл явдал зохиолын хамаг утга учир мэт санагдаж энэхүү үхлийн талаар зохиолын турш өгүүлэх болов уу гэсэн ч тийм биш байлаа.

 Уншаагүй хүмүүст зориулж зохиолын тухай товч:

 

Зохиолын гол үйл явдал Канадын Бритиш Колумб мужид 1951 онд өрнөнө. Нэгэн өдөр Ютланд хэмээх газар амьдардаг Сиси Фөрнс, Ральф Диллер, Жимми Бокс, Бад алтер гэх дөрвөн хөвгүүн нүдний эмч Виллэнсийн усанд машинтайгаа живсэн байхыг харна. Эхний энэ бүлэгт тухайн тосгоны хүмүүсийн амьдралын хэв маяг болон нүдний эмч Виллэнсийн тосгоны ард түмэнд ямар хэрэгтэй хүн байсан тухай өгүүлнэ.

Харин дараагийн 3 бүлэгт хатагтай Күйн болон ноён Рүперт, сувилагч бүсгүй Энид нарын өдөр тутмын амьдралын тухай өгүүлэх төдийгүй эхний бүлэгт гарсан нүдний эмч Виллэнсийн үхлийн шалтгаан энэ бүлэгт тайлагдана. Гэхдээ чухам үнэн зөв тайлагдсан уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй хэвээр байсаар зохиол төгсөнө.

 

Товчоор бол энэ зохиолыг үнэхээр Хайр, Нууц, Алуурчин гэх гурван түлхүүр үгээр тодорхойлж болох юм.

“Хайр”

Хатагтай Күйн бол  ноён Рүпертийн гэргий, хоёр охины ээж. Тэрээр үхэх хүртлээ магадгүй үхсэнийхээ дараа ч нөхрийгөө хайрлах тийм эмэгтэй. Харин Энид бол чинээлэг айлд төрж өссөн ч сувилагч мэргэжлийг эзэмшиж хүнийг хайрлах, халамжлахад гаргууд мэргэшсэн эмэгтэй. Тэрээр аавдаа хэзээ ч сувилагч мэргэжлээр ажиллахгүй гэсэн амлалт өгсөн ч сувилагч хийсээр өөрийн хайртайгаа учирсан.

Энид хатагтай Күйний төлөө өөрийн биеэ үл хайхран түүний төлөө бүхнийг хийж нас барахынх нь өмнөх өдрүүдэд аль болох тав тухтай байлгах гэж чармайдаг. Харин хатагтай Күйн бол Энидийн өмнө асарч байсан хүмүүсээс хамгийн хэцүү адаар ааштай нэгэн. Түүнд заримдаа хатагтай Күйнийг зэвүүцэх сэтгэл өөрийн эрхгүй төрнө.

Арга ч үгүй биз дөнгөж хорь гаруйхан насандаа бөөрний дутагдалд орж хэзээ мөдгүй үхлээ хүлээн хэвтэж буй эмэгтэйн сэтгэлд юу эс бодогдох билээ. Адаглаад  өөрийн эр нөхрөө өөр нэгэн эмэгтэйдээ хамт амьдарч өөрийг нь энэ хорвоо дээр амьдарч байсныг ч мартан аз жаргалтай амьдрах вий гэхээс айсан ч байж магадгүй. Тийм дээ ч тэрээр Энидэд зохиолын эхэнд гарах нүдний эмч Виллэнсийн үхлийн талаар жигтэй зүйл ярина. Харин энэ түүхийг хатагтай Күйн үнэн ярьсан уу, эсвэл өөрийн хайртаа сувилагч бүсгүй Энидээс харамласандаа зохиож ярьсан уу?

“Нууц”

Зохиол тэр чигтээ ямар нэгэн үнэнийг нууж хэн нэгэн тэр үнэнийг өөрөө хайж ол гэх мэт үргэлж эргэлзүүлнэ.

Сувилагч бүсгүй Энид ноён Рүпертэд битүүхэн татагдах авч үүнийгээ мартаж зөвхөн ажилдаа л анхаарлаа хандуулж хатагтай Күйнийг эцсийн замд нь сайхан үдэж өгөхийг л хүснэ. Гэхдээ Энид болон Күйн гэх хоёр бүсгүйн сэтгэл дотор ямар нууц байсныг хэн ч таашгүй. Ямартай ч хатагтай Күйн нүдний эмч Виллэнс намайг хүчинддэг байсан. Нэг удаа нөхөр маань түүнийг газар дээр нь барьж, улмаар хөнөөж, түүнийг өөрөө амиа хорлосон мэт  болгож өөрийн хэргээ нуун далдалсан гэж сувилагч Энидэд итгүүлнэ.

 Хатагтай Күйний энэ ярианд зөвхөн сувилагч Энид ч биш уншигч би ч итгэсэн. Учир нь тэр дэндүү үнэмшилтэй байж болохуйц ярьж байсан. Гэвч хатагтай Күйнийг нас барсаны дараа түүний ярьсан түүхэнд эргэлзэж эхэлнэ. Эсвэл түүний ярьсан зүйл үнэн боловч уншигч би ноён Рүпертийг алуурчин биш байгаасай гэж итгэхийг хүссэндээ ч байж магадгүй. Ямартай ч үхсэн хүн босоод үнэнийг хэлэхгүй хойно цор ганц үнэнийг хэлж чадах Рүперт л үлдсэн.

“Алуурчин”

Зохиолын гол дүрийн бүсгүй болох сувилагч Энид "Хэрвээ хүн ямар нэгэн муу зүйл хийгээд, түүнийхээ шийтгэлийг амсаагүй л бол тэр шийтгэлийг амссанаасаа ч илүү зовох болно" хэмээн хэлдэг. Энэ үг миний хэд хоногийн өмнө зүүдэлсэн зүүдийг минь санагдуулсан юм.

“Би болон миний найз бид хоёр бүүр хоёр ч хүнийг санаандгүйгээр хороож орхисон юм. Нэг нь найзын маань хойт ээж, нэг нь миний ихэр байв. Энэ зүүдэнд гарч буй хойт ээж, миний ихэр гэх дүрүүд бүгд худал дүрүүд. Найз маань хэзээ ч хойт ээжтэй байгаагүй, би ч ихэртэй байгаагүй. Гэхдээ л тэр дүрүүд зүүдэнд минь амилж бидний гарт амь насаа алдаж бид ч өөрсдийн хийсэн хэргээ амжилттай нууж чадсан юм. Гэвч хэрэг хийсэн миний сэтгэл нэг ч өдөр тайван байгаагүйн дээр “Би хүн алчихсан” гэсэн айдас, бас дарамт намайг бараг галзууруулах шахаж байсан юм".

Би зүүдэндээ үнэнээ өчиж, өөрийн сэтгэлээ амраагаагүй ч зохиол дээрх Рүпертийг “Хэрэв чи Виллэнсийг алсан нь үнэн бол заавал үнэнээ хэлээрэй” гэж дотроо бодож байсан юм. Учир нь би буруу зүйл хийсэн, би алуурчин гэх сэтгэлийн дарамтыг би үнэхээр зүүдэндээ мэдэрч, хачин ихээр шаналсан юм.

Нөгөө талаар сувилагч бүсгүй Энид. Өөрийнх нь хайрлаж дурласан эр хүн алуурчин гэж бодохоос жигшиж үнэнийг хэлүүлэхийг хүссэн ч энэ түүх ор үндэсгүй байх магадлалтайг бодож үнэнийг асуухаас няцна. Магадгүй тэр худал гэж итгэхийг хүссэн байх. 

Ийнхүү ноён Рүберт зарим уншигчийн хувьд алуурчин хэвээр үлдэж заримынх нь хувьд хатагтай Күйн худалч хэвээр үлдэж зохиол дуусна. Сувилагч бүсгүй Энид ч сэтгэлдээ эргэлзээ тээсээр.

Зохиолын эхний хэсэгт гарах нүдний эмч Виллэнсийн үхэл болон зохиолын төгсгөлийн хэсэгт гарах нууцлаг үхлийн тухай яриаг өөр өөрийнхөөрөө тайлбарлах боломжтой болж байгаа төдийгүй уншигч та энэхүү зохиолын хамтран зохиогч болж байгаа юм.

Миний хувьд хос хоёр лав алуурчин биш. Зүгээр л үхсэн хүн босоод үг хэлдэггүй учир тэдний нэрийг барьж хэн ч юу ч гэж хэлсэн болдог мэт хүмүүс аашилдаг. Хатагтай Күйн ч адил.

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon