АГУУ ДАРАНГУЙЛАГЧ

 “Great dictator” кинонд  алдарт кино жүжигчин Чарли Чаплины хүн төрөлхтний хөгжил, ёс суртахууны тухай монологийг орчуулан хүргэж байна.

Өршөөгөөрэй, гэхдээ би эзэн хаан болмооргүй байна, энэ миний зорилго биш. Би хэн нэгнийг захирч, хэнийг ч байлдан дагуулмааргүй байна. Би бүгдэнд нь тусалмаар байна.  Еврейчүүд, хагацал үзсэн хүмүүс, хар ба цагаан арьстнуудад. Хүмүүс бид нэг нэгэндээ тусалж байхаар бий болсон, энэ бол хүн бүрийн зорилго. Бид хүмүүний аз жаргалд баярлах ёстой болохоос биш, зовлонгоос ашиг хонжоо харж амьдрах ёсгүй. Бид нэгнийгээ үзэн ядах ёсгүй. Энэ дэлхийд хүн бүрийг багтаах орон зай олдоно шүү дээ. Бидний дэлхий хосгүй гайхалтай агаад хүн бүрийг тэжээн тэтгэнэ. Бид нар эрх чөлөөтэй, аз жаргалтай амьдрах бүрэн боломжтой хэдий ч үүнийг яаж хийдгийг мартсан. Хүмүүсийн сэтгэл шаналалаар хордож, бид бүхнийг атаа хорслын зам руу түлхэх үзэн ядалтаар дэлхий ертөнц дүүрчээ!...”

“...Бид хурдан машинууд зохион бүтээсэн хэдий ч өөрсдийн сэтгэл зүрхээ тэдэн дотор түгжсэн. Шинэ бүтээлүүд хүссэн эд баялгийг бидэнд авчирсангүй. Бидний мэдлэг биднийг ичгүүр сонжуургүй болгож, оюун ухаан маань биднийг харгис агаад догшин болгожээ. Бид хэт их бодох болж, хэтэрхий бага мэдрэх болж. Бид бүхэн шинэ нээлтүүдээр бус, энгийн хүмүүнлэг байдлаар дутагдах болж, хөгжүүлсэн оюун ухаан биш, харин байхгүй болсноор бидний амьдралыг харгис бөгөөд утга учиргүй цаг үрсэн явдал болгох нинжин сэтгэл, мэдрэмжээр гачигдах болжээ.
Онгоц ба радио бид бүхнийг ойртуулж чадсан шигээ дэлхий дахины нөхөрлөлийн хэрэгсэл болж, бидний сайхан сэтгэлийг өдөөх ёстой юм. Яг одоо биднийг дэлхий ертөнц бүхэлдээ, хүний амьдралыг эрүү шүүлт болгон хувиргаж, гэм зэмгүй хүмүүсийн эрх чөлөөг булаан авах тогтолцооны золиос болж, цөхрөнгөө барсан сая сая эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд сонсож байна.
Намайг сонсож буй бүх хүмүүст би хандан хэлж байна. Бүү шантар, хүмүүний хөгжил дэвшилд садаа үзүүлж, айдас төрүүлэх харгис явдал, шунал агаад уур хилэнг бид бүхэн давах болно.
Үзэн ядалтууд арилж, дарангуйлагчид үгүй болох ба тэдгээрийн эрх мэдэл энгийн хүмүүсийн гарт очно. Хүн амьдарч байгаа цагт, эрх чөлөө оршсоор байх болно!
Харгис хэрцгий явдалд битгий захирагд, цэргүүдээ! Өөрийн боол мэт харьцаж, таныг доромжлон, хэрхэн амьдрах, яаж бодох, юуг мэдрэхийг тулгаж, мал адгуус эсвэл “бууны мах” болгох гэсэн сэдэлтэй эдгээр муу санаатнууд, хиймэл зүрх, оюун ухаант роботуудын гарт битгий ор! Та нар роботууд биш, та нар мал биш, та нар – хүмүүс! Та бүгдийн дотор хүн төрлөхтнийг хайрлах хайр байгаа шүү дээ. Та нар түүнийгээ үзэн ядах ёсгүй. Үзэн ядалт нь хэзээ ч хүний мөн чанар болох ёсгүй.
Цэргүүдээ! Боолчлолын төлөө бус, эрх чөлөөний төлөө байлд! Гэгээн Лука хэлэхдээ: «Хүн бүхний зүрх сэтгэлд бурханы хаанчлал бий»! Хэн нэгэнд биш! Хэсэг бүлгийн хувьд бус, бүх хүмүүст, та бүхэнд бүгдэд нь бий! Бүх хүнд эрх мэдэл бий. Нээлт хийхэд хэрэгтэй эрх мэдэл! Бусдыг аз жаргалтай болгож, амьдралыг сайхан зүйлсээр дүүрэн адал явдал болгох эрх мэдэл! Ардчиллын нэрийн өмнөөс энэ эрх мэдлээ ашиглахтун! Залуусын ирээдүй агаад ахмад настнуудын халамж тогтвортой хангагдсан, хүн бүхэн хөдөлмөрлөх бололцоо нээгдсэн, шударга, шинэ дэлхий ертөнцийн төлөө нэгдэн тулалд. Энэ бүхнийг амлан өөдгүй хүмүүс эрх мэдэлд хүрчээ. Тэд бидэнд худал ярьж, амлалтаа биелүүлсэнгүй! Хэзээ ч биелүүлэхгүй! Дарангуйлагчид ард түмнээ боолчлох болж. Тэдний амласан амлалт биелэхийн тулд тэмц! Дэлхий ертөнц эрх чөлөөтэй болж, улс үндэстнүүдийн хил зааг арилж, шунал, үзэн ядалт, үл тэвчих явдал үгүй болохын тулд! Бүх нийтийн аз жаргалын баталгаа нь шинжлэх ухаан ба хөгжил дэвшил байх ухаалаг дэлхий ертөнцийн төлөө тэмцье!
Ардчиллын нэрийн өмнөөс! Цэргүүдээ нэгдэхтүн!!!
Чарли Чаплин.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2826

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%