Нийтлэл 08 сарын 30, 2018

Д.Сумъяабазар: Тавантолгой IPO босгох ажлыг оны сүүлээр УИХ-д танилцуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгой Гашуунсухайт авто зам дээр үүссэн асуудлыг хэлэлцжээ. Энэ асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийх үеэр Таван толгойн 30 хувьд IPO босгох ажил ямар шатанд явж байгааг тодрууллаа.

Тавантолгой Гашуунсухайтын зам дээр үүссэн асуудалд Засгийн газар ямар арга хэмжээ авч байгаа вэ?

2017 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын 320 дугаар тогтоолоор уртын тээвэр, богино тээвэр гэж зохицуулахаар шийдсэн. Үүний дараа нөхцөл байдал сайжирч, 110 км үүсээд байсан урт цуваа 30 орчим км болж буурсан. Мөн өвлийн улиралд тээвэрлэлт хийж байгаа жолооч нарын нийгмийн асуудалд ч анхаарсан. Харин зуны цагт хэд хэдэн удаагийн үер бууж, дөрвөн чиглэлд хүндрэлтэй байдал үүсгэсэн. Иймд энэ чиглэлийн авто замыг дөрвөн хэсэг болгон, засвар шинэчлэлийг хариуцаж ажиллаж байна. Цаашид уртын тээврийг дэмжиж, олон улсын стандартад нийцсэн байдлаар явуулах ёстой. Үүсээд байгаа нөхцөл байдлыг шуурхай шийдэх зорилгоор Засгийн газрын зүгээс хэд хэдэн тогтоол гаргаад, ажиллаж байна.

Тавантолгойн 30 хувьд IPO босгох ажил ямар шатандаа байна вэ?

IPO босгох төсөл дээр нэлээд шуурхайлан ажиллаж байгаа. Оны сүүлээр УИХ-д танилцуулна. Хөрөнгийн биржид гаргах компанийн бизнесийн болон ордын нөөцийн үнэлгээг хийлгэх, ТЭЗҮ, бизнесийн үнэлгээ төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, эрсдэлийн анализ хийх, нөхөн сэргээлтийн сан үүсгэх, IPO-г санхүүжих төслүүдийн тооцоо судалгааг Засгийн газар баталгаажуулж байгаа. Энэ дагуу УИХ-аас тогтоол гаргаж шийдвэр өгсний дагуу ажиллана. УИХ-аас тогтоол шийдвэр гарвал бидний ажиллах эрх зүй нээгднэ. 

Тавантолгой ордын нөөцийн үнэлгээг 2010 онд хийсэн. Одоо IPO босгох асуудал яригдаж байгаа учраас дахиж нөөцийн үнэлгээ хийх үү. Энэ ажил юу болж байгаа бол?

2010 онд АНУ-ын компаниар нөөцийн үнэлгээг бүрэн гүйцэд хийлгэсэн. Одоо нөөцийг баталгаажуулах ажил хийгдээд явж байгаа.

Засгийн газрын зүгээс шатахууны импортын татварыг тэглэх шийдвэр гаргасан ч зах зээл дээр шатахууны үнэ өссөөр байна. Энэ асуудлыг нэг тийш шийдэх боломж байгаа юу?

Шатахууны үнэ олон зүйлээс шалтгаалж байгаа. Тухайлбал, Ираны хориг, Турк улсад үүсээд байгаа нөхцөл байдал дэлхийн зах зээлд нөлөөлж байна. Засгийн газрын зүгээс татварын зохицуулалт хийх асуудлыг нэлээд сайн ярилцаж, ОУВС-тай зөвшилцөж байж дараагийн Засгийн газрын хуралдаанаар оруулж ирэхээр болоод хэлэлцэх асуудлаас долоо хоногоор хойшлууллаа.

Сэтгэгдэл бичих

arrow icon