Нийтлэл 09 сарын 26, 2018

Энхийг сахиулагчид буюу энэ цагийн баатрууддаа баярлалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй манай улсын албаны төлөөлөгчид АНУ-д айлчилж олон ажил бүтээлээ. Америкчууд бидний цэвэр усны асуудлыг шийдэхэд зориулан 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээ зарлаж байгаа бол хариуд нь манайхан саяхан нэгдсэн улсын урд мужуудыг дайрч өнгөрсөн Флоренц хар салхинд өртсөн америкийн иргэдэд зориулан 100 мянган ам.долларын үнэтэй хөнжил бэлэглэжээ. 

Ер нь манай улсын удирдагч нар гадаадын улс орнуудаар айлчлахдаа дандаа л гуйлга гуйж, бадар барьж явдаг гэсэн шүүмжлэл их дуулддаг. Харин бусад улс оронд тусламж үзүүлдэг тохиолдол хэр олон байдаг бол энэ талаар та бүхэн хэр их мэдээлэлтэй байдаг вэ? 
Тэгвэл гадаадад үүрэг гүйцэтгэж буй Монголын энхийг сахиулагчид очсон газар орон бүртээ иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэн, тухайн орон нутгийн ядарч зовсон хүмүүст сайн санааны гараа сунгаж, хүмүүнлэгийн тусламж үзүүлж явдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэг болов уу? 
Африк тивийн олон улс орнууд одоо болтол нийгэм нь төлөвшөөгүй, улс-төр, үндэстэн ястан, шашны асуудлаас болж хоорондоо тулалдаж, хөлд нь жирийн иргэдийн амь нас, эд хөрөнгө сүйдсээр байгааг бид мэднэ. Тийм ч учраас НҮБ-ын ихэнх энхийг сахиулах ажиллагаа тус тивд явагдаж байна. 
Монголын энхийг сахиулагчид Африкийн Конго, Судан, Өмнөд Судан, Чад, Сьерра Леон, Либери, Баруун Сахар, Европын Косово, Азийн Афганистанд үүрэг гүйцэтгэж байхдаа их, бага хэмжээгээр хүмүүнлэгийн ажиллагааг байнга явуулж, тухайн улс орны иргэдэд өөрийн улс орон, Зэвсэгт хүчнээ сурталчлан, тусламжийн гараа сунгасаар ирсэн сайхан уламжлалтай билээ.
Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй манай мотобуудлагын батальонууд хүлээсэн үүргээ биелүүлэх цаг наргүй ажлынхаа хажуугаар олон төрлийн хүмүүнлэгийн арга хэмжээ явуулдаг ба түүний нэг хэлбэр нь дайны хөлд бүрэн эвдэрч сүйдсэн дунд сургуулийн барилгыг сэргээн засварлах ажил байдаг. 
Байлдаж буй талууд сургуулийн байшинг "бай"-аа болгон бууддаг, байшингийн дээвэр нь их бууны суманд оногдож, эд хогшил нь галдан шатаагддаг ба дайны хажуугаар дайжин гэдэг шиг тонуулчид юу ч үлдээхгүй тонож сүйтгээд орхисон байх нь элбэг тохиолдол юм. 
Гэхдээ энэ бүх бэрхшээл зовлонг эс тоож сурах чин хүсэлтэй африкийн хар жаалууд үнэхээр мундаг хүүхдүүд байдаг. Тэдэнд сайн дураараа хичээл заах багш нар ч мундахгүй олдоно. Дэлбэрэлтээс үүссэн цоорхой дээвэртэй, тог цахилгаангүй хичээлийн харанхуй танхимд тал тоосгон дээр суугаад олдсон уранхай дэвтэр, хугархай харандаагаар шохойгоор ханан дээр бичсэн багшийнхаа үсгийг хуулж суугаа жаалууд бол нийтлэг дүр зураг юм. 
Тийм учраас эдгээр хүүхдүүдэд туслах ажилд монголын үе үеийн энхийг сахиулагчид бүгд хоёргүй сэтгэлээр, байгаа бүхнээрээ туслаж ирсэн уламжлал одоо хүртэл үргэлжилж байна. 
Сургуулийн байрыг манай цэргүүд хэрхэн засварладаг талаар нэг жишээг та бүхэнд хуваалцая.

Хамгийн түрүүнд манай инженер-саперын бүлэг ажиллаж, сургуулийн дотор болон гадна талд үлдсэн тэсэрч дэлбэрээгүй галт хэрэгслийг цэвэрлэж бүрэн аюулгүй болгоно. Дараа нь их бууны тэсрэлтээс болж сургуулийн байрны их бие, дээвэр, даацын хана хэр зэрэг гэмтэл авсан эсэхийг нарийн нямбай шалгаж үздэг. Үүний дараа нь засварын тооцоог гаргаж, шаардагдах материалыг хаанаас яаж олохоо сайтар бодох ёстой. Мэдээж бидэнд шууд гаргаад ирэх бэлэн мөнгө ховор, мөнгө нь байлаа гэхэд зарим барилгын материал багаж хэрэгсэл нь олдохгүйн зовлон их тохионо. Гэхдээ монгол цэрэг бол гарын доорх материал ашиглаад юу ч хийж чаддаг гэдгээрээ дэлхийд алдартай бөгөөд энэ чанараар бусад улсын цэргүүдээс эрс ялгардаг. Тийм учраас бид бүгдийг зохицуулдаг юм. Ингээд ажлын бүлгүүдийг томилж, хүн хүч, материал техникийн нөөцөө хуваарилж, бэлтгэл ажлаа хангана, ажлын график, төлөвлөгөө гаргана. 
Байшинг дээврээс нь эхлээд засварлаж эхлэнэ. Хуучин дээврийн төмрийг нь янзаж хучаад будна. Дараа нь бусад барилгын гол нуруу, өрөөнүүдийн хаалга, цонхыг бүгдийг нь шинээр хийнэ. Ингэхдээ ихэвчлэн хуучин мод, банз, дүнзийг ашиглана, шаардлагатай зарим материалыг орон нутгийн зах дээрээс худалдаж авна. Ингээд модон материалыг засварлаж дууссаны дараа бүгдийг нь шавьжнаас хамаалж "лак"-аар будна. Ингэхгүй бол шавьж модыг 2-3 жилийн дотор идэж дуусгадаг. Үүний дараа дотоод засалд орно. Мэдээж замск, шохой, будгын ажил хийдэхээр өнгө ороод явчина. Их том хэмжээний талбайг будаж, шохойдох болохоор хүн хүч болоод материал их ордог юм. 
За ингээд сургуулийн байшин үндсэндээ бэлэн боллоо. Гэвч нөгөө будаг нь ханхалсан шинэ танхимд тавих ширээ сандал байдаггүй. Тийм учраас ширээ, сандлыг бүгдийг нь шинээр хийх шаардлагатай болдог. Манай цэргүүд хуучин хаягдал төмөр, эд зүйл ашиглаад ширээ, сандлын рам гагнаад модон банз, панераар битүүлнэ. Будаад ширээ, санал бэлэн болно. 

Гэхдээ ажил үүгээр дуусахгүй, гол танхимын хамгийн том хана, эсвэл сургуулийн гадаах том ханан дээр уран гартай цэрэг Монголын уул нуруу, тал нутаг, мал сүрэг багширсан хөдөө айлын зураг эсвэл Улаанбаатар хотын зургийг томоор зурдаг. Ингэснээр хар жаалууд танхимдаа орох бүрдээ, хичээлээ хийх тоолондоо монгол цэргүүдийн, монголчуудыг дурсан санаж байх учиртай юм. 

Олон хоногийн нөр их хөдөлмөрийн дараа суруулийн анги, танхим бэлэн болж, хичээлийн шинэ жил эхлэхэд манай энхийг сахиулагчид монголоос авчирсан хүүхдийн цүнх, зурагт ном, дэвтэр, үзэг бал, харандаа, баллуур, хүүхдийн тоглоом, бөмбөг зэргийг бэлэглэнэ. Хар жаалууд ихэд баярлаж, хөөрсөн их сайхан арга хэмжээ болдог билээ. 

Монгол цэргүүд зовж зүдэрч буй бусад улсын хүмүүст туслаж буй ийм жишээ маш их бий. Зөвхөн байр засаад суухгүй манай цэргийн эмч нар өвдөж, шархдсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлнэ, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж буй цэргүүд маань амиа алдах шахсан, хүнд зодуулж буй иргэдийн амь насыг нь аварна, хээрийн замд эргүүлд явж буй манай цувааныхан шаварт, намагт зоогдсон орон нутгийн иргэдийн машиныг татаад өгнө гэх мэтчлэн тэр бүр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлагдаад байдаггүй маш олон сайн үйлсийг бүтээж явдаг юм.

Монгол цэргийн сүлд хийморь үргэлж бадарч явах болтугай.

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2018-09-27

    Сайн байна!!!

arrow icon