НОМЫН ТЭМДЭГЛЭЛ: Инээмтгий хүн

Уйлсан ч, уурласан ч, гунигласан ч мөнх инээх азтай ч юм шиг азгүй ч юм шиг хувь  тавилан. Хэрэв уншигч та уурлаж байгаагаа эсвэл баярлаж байгаагийн аль нь болохоо хэн нэгэнд царайны хувирлаараа харуулж чадахгүй байвал яах вэ?

17-р зууны Английн цэвдэг хүйтэн, нийгмийн анги давхаргын ялгааг харуулсан "Инээмтгий хүн" зохиолд бичсэн тэмдэглэлийг уншигчиддаа хуваалцъя.

Хадан цохион дунд бусдын нүднээс далд далайн буланд хэдэн хүн усан онгоцонд бараа зөөж буй бараан, хүйтэн дүр зургаар эхлэх энэхүү зохиолд тухайн цаг үеийн Англи улсын нийгмийн нөхцөл байдал,л хүмүүсийн аж амьдрал тэр дундаа хүмүүсийн дотоод сэтгэл зан авирын тухай гайхалтай тод дүрсэлсэн байдаг. Та энэхүү зохиолыг уншсанаар 17-18-р зууны үеийн Английн нийгэмд хөл тавьж амьд хүнээр зугаа хийгч язгууртан, тайж нар, баян тансаг үгээгүй хоосны ялгаа, эрх тэгш бус байдлын гол тулгуур хууль эрхзүй, “Үнэн мөний шүүх” болон “Улсын их хурал” гэгчийн цаана юу байх зэргийг мэдрэнэ. 

Усан онгоцонд бараа зөөж буй хүмүүс дунд нэгэн хүү өөрийн чадлын хэрээр бараа зөөж хэн нэгнээс сайшаалын үг сонсохыг хүсэвч түүнийг хэн ч анзаарахгүйгээс гадна эцсийн дүнд онгоцноос хаягдаж хоцорно. Учир нь хүү харж хандах, өмгөөлж хамгаалах эцэг эх гэр бүлгүй өнчин нэгэн болохоор түүнийг хэн ч дээрэлхэж, бас зарцалж чадна. Чадлынхаа хэрээр ажил хийж бусдын адил сайхан үгс сонсохыг хүсэж байсан өсвөр насны хүү нас биед хүрсэн том эрийн ганцхан тийрэлтэд ус руу унахдаа ер тоосон шинжгүй үлдэнэ.

 Хүү уснаа гарч  цааш явахдаа бөөн хар шувуунд шавуулсан нэгэн хүний цогцостой дайралдана. Тухайн үед хулгай зэлгий хийсэн хүмүүсийн цогцсыг бусдад сануулга болгох үүднээс толгод дээр гинжлээд давирхайдан орхидог тул холоос бас харанхуйд харахад  амьд хүн шиг л харагдана. Гэхдээ цогцос салхинд савлах бүр гинж хяхарч дуугарч хүүг ганцаараа эзгүй газар түгшиж явааг улам ч их сануулна. Гэвч тэрээр айсан төрхгүй. Хүү цааш явсаар өлсгөлөнд нэрвэгдэж турж үхсэн залуухан эмэгтэйн цогцос болон үхлийн ирмэг дээр амь тэмцэн буй бяцхан охиныг олно. Ингээд тэд элдэв эмийн ургамал худалдаж, хувиараа эмчилгээ хийдэг Үүрс  болон түүний тэжээдэг Гомо нэртэй аварга чоно хоёрын гэрт очно.

Ингээд этгээд, сонин, гаж, эрэмдэг  хүмүүс  нэг дор цуглана.  Тэд хүүг Гуинплен, охиныг Дэя гэж нэрлэнэ. Гуинплен хүү бол азтай ч юм шиг азгүй ч юм шиг хувь тавилантай. Учир тэр үргэлж инээж байдаг. Гэхдээ хүссэндээ биш. Хүүг хоёр настай байхад нь компрачикосууд хэмээх дээрэмчдийн бүлэг насан туршид нь алиа салбадай байхаар эрэмдэглэсэн. Хэрэв хүүг хоёр настайд нь эдгээр дээрэмчид хулгайлж ийнхүү эрэмдэглээгүй бол хүү Английн угсаа залгамжлах тайж байх байлаа.

Харин охин Дэя бол сохор. Гэсэн ч тэрээр төгс гоо сайхан бие галбиртай сайхан эмэгтэй болон өснө. Ийнхүү насан туршдаа инээж байхаар эрэмдэглүүлсэн хүү Үүрсийнд ирсэн нь харин ч түүний амьдралд хачин их тус нэмэр болно. Учир нь хүүгийн царайг харсан хүн бүр элгээ хөштөл инээж байсан учир Үүүрс мухлаг тэргэндээ жүжиг тоглосоор “Ногоон хайрцаг” театр бий болно.

Ийнхүү зохиолын үйл явдал өрнөсөөр эцсийн мөчид эмгэнэлт зохиолын дүрэм ёсоор гол дүрийн баатрууд амь насаа алдана. Учир юу гэвэл Гуинплен хүү тайж угсаатай язгууртан хүн байсан нь нь ил болж тэрээр нэг л өдөр Английн удам залгасан Лорд буюу Хунтайж болсон. Тэрээр угтаа бол Лорд Линней Кленчарлийн хууль ёсны ганц өв залгамжлагч Фермен Кленчарли байсан юм.

Тэрээр өөрийн байр сууриндаа эргэн ирж Улсын их хуралд нэр бүхий гишүүн болдог ч түүний эрэмдэг царайг харсан тайж ноёд язгууртнууд түүнийг үл тооно.

Уг нь түүний өнгөрсөн амьдрал эгэл жирийн зовж зүдэрсэн ард иргэдийн дунд өнгөрч, нийгмийн бодит байдал, хүмүүсийн тарчиг хэцүү амьдралын тухай цор ганц үнэнийг ярьж чадах хэдий ч хүн бүр түүнийг алиа салбадай л гэж харна. Учир нь тэр уйлж, уурлаж чадахгүй. Хэдий хэцүү хүнд зүйл ярьж байвч түүний инээсэн царай ярьж буй зүйлийг нь хошин шог л болгодог. Түүнийг эрх мэдэлтнүүдийн дунд ганцаардаж, элэглүүлж байх зуур амьдралынх нь ихэнх цаг хугацаанд хамт байсан найз нөхөд нь түүнийг үхсэн хэмээн ойлгож Лондогоос хөөгдөнө. Харин Гомо Гуинпленийг Дэя дээр хүргэх авч хайртай залуутайгаа уулзаад хэтэрхий баярласан Дэягийн зүрх зогсож, энэ их уй гашуу, хагацлыг тэвчиж чадаагүйгээс Гуинплен далайд живж үхсэнээр эмгэнэлт хайрын түүх төгсөнө.

Энэхүү зохиолыг унших хугацаанд өөрийгөө Гуинплен хүүгийн дүрээр төсөөлөөд уншихад түүний мэдэрч байгаа бүхий л зүйлийг яг л мэдэрч байсан. Ингэж мэдрэхэд нөлөөлсөн зүйл нь Виктор Хюгогийн бичлэгийн арга. Түүний харьцуулсан, сөөлжүүлсэн, тэр бичлэгийн ур ухаан яг л 17-р зууны Английн нийгэмд дорд үзэгдэн хаягдсан хүүгийн мэдэрч байгаа бүхнийг мэдрэхэд тусалсан. Яг л би ялгаварлан гадуурхагдаж байгаа мэт, яг л би бусдад эрэмдэглүүлж, шоглуулж буй мэт.

Бас энэ бол  минийхээр жинхэнэ эмгэнэлт зохиол. Сонгодог зохиол юугаараа сонгодог байдаг гэхээр эмгэнэлтэй учраас гэж хариулмаар санагдсан. Эмгэнэлтэй учраас хүнийг уйлуулж, уурлуулж, үзэн ядуулж, догдлуулж, түгшүүлж чадсан учир сэтгэлээс хэзээ гарахгүй хоногшин үлдэж яах аргагүй уншигч таны хамгийн сайн сонголт байж чаддаг учраас тэд сонгодог байдаг юм байна. Инээмтгий хүн бол миний мэдэх хамгийн эмгэнэлт зохиол. Эхлээд л сэтгэл түгшим, өнчин өрөөсөн ганцаардлын зовлонг зүрхэнд шивнэж эхэлсэн зохиол эцэстээ тухайн цаг үеийн язгууртны доог тохуу болж, хэн нэгэн танхай дээрэмчний зугаа цэнгэлийн золиос болсон хүү хэзээ ч аз жаргалыг хангалттай мэдэрч байгаагүй ч үргэлж инээсээр байх нь дэндүү гунигтай хувь тавилан. Эцэст нь  амьдралдаа олж авсан цор ганц үнэн  аз жаргалаа алдсан түүнд амьдрах итгэл хаанаас төрөх билээ. Магадгүй түүний хувьд хамгийн сайн сонголтыг хийсэн ч байж болох юм.

 


avatar
    • Mr.E
    • 172.69.254.*

    Сайн юмаа

    • Mr.E
    • 172.69.254.*

    сайн юмаа

    • zochin
    • 162.158.90.*

    70 aad onii dunduur 10 jiliin suragch baihdaa unshij ihed uruvdun emzeglej baisnaa sanachihlaa. Ner ni sanaand tod uldej. Ah egch naraas damjigdan irseer nileen noorson nom baij bilee, bayarlalaa, dursamj sergeesend!

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3522

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%