Аль дээрээс л монголчуудын "жинхэнэ комплекс"-ын шалтгааныг юу болох талаар бодох болсон юм. Жинхэнэ Монгол хүн, жинхэнэ эр хүн, жинхэнэ хотынхон, жинхэнэ төв халх байхад бид мөн ч дуртай. Сонгуульд хүртэл "жинхэнэ монгол" гэх имиж бүрдүүлсэн эр ялах жишээний.

"Жинхэнэ" гэх үгээр Фэйсбүүкт хайлт хийвэл жинхэнэ монгол эсгий гутал, жинхэнэ монгол ур ухаан, баялгийн жинхэнэ эзэд, төрийн жинхэнэ алба, жинхэнэ монгол эх оронч, жинхэнэ халуун пицца, жинхэнэ уншигч, жинхэнэ зохиолч гээд "жинхэнэ" гэх тодотголтой зүйлс цуварна. Жинхэнээр дүүрэн, жинхэнэд дуртай улс маань эсрэгээрээ хулхи, худал хуурмагт живсэн бус уу?

 Энэ бүгд худлаас зугтааж, үнэнийг хайх болсон үндэстний сэтгэл зүйн илрэл ч байж мэднэ.

Асуултынхаа "жинхэнэ" хариуг хараахан олоогүй ч түүнд нэмэр болох зүйлсийг уншсаар л явна. Аливаа ойлголтыг бүрэн танихын тулд эсрэг утгат ойлголтыг судлах нь судалгааны энгийн арга. Энэ дагуу "жинхэнэ"-ээ ойлгохын тулд "жинхэнэ бус"-аа жаал ноолов. Ингэж яваад Сэм Харрис хэмээх философич, нейробиологич эрийн "Худал" нэрт эсээг уншлаа. Монсудар хэвлэлийн газрын "Нухацтай сэдэв" хэмээх улаан хүрэн гадартай жижигхэн цувралуудын нэг болж гарсан байна. Сэдэв өөрөө томоохон их сургуулиудын хөтөлбөрт багтдаг, оюутнуудаар судлуулдаг том эд ажээ.

Худал, үнэн хэлэхийн “зөв, буруу” гэх ёс зүйн талаас илүүтэй практик үр дагаврыг харуулаад зогсохгүй зөвтгөвөл зохих худал гэж бараг байдаггүйг нотолсонд эсээний ач холбогдол оршино. Угаасаа богинохон эсээ тул бүхэлд нь ярихгүйгээр санаанд тод үлдсэн хоёр хэсгийг хуваалцъя.

“Цагаан” худал бүр “цагаан” үр дүнд хүргэдэггүй

“Худал хэлэх” үйлдлийн нэг талд худал хэлэгч, нөгөө талд түүнийг нь сонсогч, итгэгч буюу хатуухан хэлэхэд “хохирогч” нэгэн байж таарна. Энэ хоёр тал найз нөхөд, амраг хос, хамаатан садан, эцэг эх, үр хүүхэд байгаа тохиолдолд тухайн хүмүүс хоорондын харилцааны чанар тааруухан байгааг илтгэх аж. Үнэнийг хэлж чадахгүй байх, үнэнийг сонсож чадахгүй байгаа бол харилцаа чинь эрүүл бус байна л гэсэн үг аж. Ийм ойр дотны харилцаанд хүмүүс ихэвчлэн “цагаан худал” хэлдэг. Цаад хүнийгээ зовоохгүй, шаналгахгүй гэх сайн санааны үүднээс үнэнийг бүрхэгдүүлэхийг ийн нэрийдээд байгаа хэрэг.

Зохиолчийн эш татсан жишээ нь хэн хүний амьдралд тохиолддог зүйл. Аав, ээж, эхнэр, нөхөр тань, эсвэл та өөрөө хорт хавдартай байя. Дотны хүмүүсийнхээ сэтгэлийг өвтгөхгүй гэхдээ үүнийг нууя. Гэсэн ч ингэснээрээ юуг алдаж буйгаа бүрэн гүйцэд ухамсарладаггүйд зовлон оршино. Та эдгэршгүй өвчтэйгээ нуулаа гэхэд эцсийн мөчүүддээ хайртай хүмүүстэйгээ хамт байх, хуваалцах хэрэгцээгээ хөсөр хаяна. Тэднийхээ хайртай хүнээ (таныг) эцсийн мөчүүдэд нь халамжлах, асрах ингэснээр хагацлын дараа харуусал, өөрийгөө буруутгал багатайгаар цааш амьдрах боломжийг дур мэдэн үгүй хийнэ гэсэн үг. Харин эдгэршгүй өвчтэйг нь ааваасаа, ээжээсээ нуулаа гэхэд тэд өнгөрүүлсэн амьдралаа айвуу, тайвуухан эргэцүүлэх, үлдэж буй үр хүүхдэдээ эцсийн үг, сургааль захиасаа хэлэх боломжийг нь булаана гэсэн үг. Практикт нэлээн тооны хорт хавдартай өвчтөн өөрийгөө цөсний чулуу авахуулах ч юм уу, хавдартай харьцуулшгүй хөнгөн хагалгаанд орохоор эмнэлэгт хэвтлээ гэж бодож хагалгааны өрөө рүү ороод эргэж хэзээ ч ирдэггүй ажээ. Уул шугамандаа “цагаан худал” гээч нь түүнийг хүртэж буй нэгнийг тулсан үнэнийг ойлгох, хүлээж авах чадваргүй гэж цагаанаар дорд үзсэний илрэл гэнэ. Хүний өмнөөс шийдэж бодит үнэнээс тусгаарлах гэгч яавч сайн зүйл биш ээ.

Том худал том хор уршиг дагуулна

Харин талуудын нэг нь улс төрчид, нөгөө нь ард түмэн байгаа тохиолдолд нэлээн ноцтой. Үнэнийг мэдэх 
эрхгүй, ойлгож чадахгүй, мэдээд ч хэрэггүй, эдэнд ямар хамаатай хэмээн үнэлүүлнэ гэдэг ард түмний хувьд ихээхэн доромжлол. Ямар ч улс оронд улсын нууцаа чандлан хадгалах хэрэгцээ байх нь ойлгомжтой. Харин Засгийн газрын хувьд өөрсдийн иргэдийг хуурч мэхлэх хэрэгцээ байна гэдэг нь улс орныхоо оршин тогтнолыг үгүйсгэх хэмжээнд хүртлээ ёс зүйн доройтолд орж байгаа хэрэг. Ийм зэрэглэлийн худал сөхөгдөхөд учрах хохирол нь хэзээ ч засаршгүй.

Зохиолчийн эш татсан том худлын жишээ нь вакцины хор нөлөөний талаарх худал.

1998 онд Эндрю Вейкфилд гэгч эмч “улаан бурхан, гахайн хавдар, улаан эсэргэнэ зэрэг өвчнүүдийн вакцин нь аутизм үүсгэдэг” гэж бүлтэрч. Хэдий мань эрийн эмчлэх эрхийн лицензийг хураан авч шийтгэсэн ч түүний сайтар боловсруулсан луйврын хор уршгийг одоо ч арилгаж хүчрээгүй байна. Үүнийг засаж залруулах учиртай Засгийн газар ажлаа хийгээгүйгээс болж буюу вакцины талаарх үнэнийг ойлгуулах талаар хангалттай ажиллаагүйгээс вакцинжуулалтын үзүүлэлт унаж хүүхдүүд өвчилж, нас барсаар байгаа гэжээ. Манайд ч үе үе вакцины эсрэг үзэлтнүүдийн үйл ажиллагаа эрчимждэг билээ л. Тэд монгол хүүхдүүдийг өвчлүүлэх гэхдээ санаатай худал хэлээгүй, харин анхны санаатай худлыг үнэн гэж итгэгчдийн нэг биз ээ. Одоогоор олон нийтэд ил буй “том худал”-ын жишээ нь Доналд Трампын “дэлхийн дулаарал бол худал. Тийм зүйл байхгүй. Бүү санаа зов” хэмээх худал юм.

 “...Худал хэлснээр бид бусдыг хорвоог байгаагаар нь харахад саад болж буй хэрэг. Худал болгон бусдын эрх чөлөөнд шууд халдаж буй дайралт. Ганцхан хүнд худал хэлснээр олон хүнд, магадгүй бүхэл үндэстэнд худлыг тархаах боломжтой...”

гэж зохиолч эсээний дүгнэлт хэсэгт дурджээ.

Сошиал медиагийн хүчээр худлыг тараах боломж бүүр ч ихэссэн цаг үед амьдарч байгаа тул үг, үйлдлээ цэгнүүштэй юм уу даа. Худал хэлэхгүй байхад ямар нэг эрдмийн зэрэг цол, амьдралын туршлага сэлт хэрэггүй. Харин худлыг таних, ялангуяа том худлыг ялгахад яалт ч үгүй туршлага, мэдлэг боловсрол хэрэгтэй. Худал хэлэхгүй, худлыг гаргаахгүй болох болтугай.

 

 


avatar
    • Unshigch
    • 172.68.211.*

    Худал хэлэхгүй, худлыг гаргаахгүй болох болтугай.

    • Unshigch
    • 172.68.211.*

    Худал хэлэхгүй, худлыг гаргаахгүй болох болтугай.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2823

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%