Долигонох хийгээд сөрөг эргэх холбоо

Долигонох, зусардахыг тайлбар тольд “хэн нэгний ивээл, ашиг тусыг авахын төлөө саймшран, нялганан аашлахыг хэлнэ” хэмээжээ. Хэт давуулан магтах, илтэд тал засах үг үйлдэл мөн орно. Долигонохыг бөгс долоох, ул долоох, зусардах, бялдуучлах, долдгонох, далдаганах, пялдаганах, ... гэх мэтээр мөн нэрлэдэг.

Харин долигоногчийг англиар apple-polisher, brown-noser зэргээр хэлдэг. Apple-polisher (үгчилбэл алим-өнгөлөгч) үг сурагчдаас гарчээ. Цаг хэцүү байх үед сурагчид багшийн хичээл заасанд талархаж алим авчирч өгдөг байж. Алимаа сайн өнгөлж гялалзсан гоё болгож өгснөөр багш нар хариуд нь зарим дүнг эргэн нэг харах, буруу дүгнэснээ “анзаарах” зэрэг үйлдэл хийх болж. Эндээс алим-өнгөлөх үг гарчээ. Алим өнгөлж гялалзуулдаг тусгай бээлий хүртэл худалдаанд гардаг байж. Харин brown-noser – бор-хамартын тухайд гэвэл өөрт л ашигтай бол бусдын ая талыг олохын төлөө хүний юуг ч долооход бэлэн, долоосноор таагүй үнэрт бор өнгөт зүйлээр хамар нь будагдахыг шууд утгаар нь нэрлэх болжээ.

Бялдуучлалын зарим хэлбэрүүд:

Санал нэгтэй болж харагдах – Хэлсэн ярьсан хийсэн болгонтой нь бүхий л талаараа санал нэг, зүрхнээсээ дэмжиж буйгаа ил тод хэлнэ. Биеийн хэлийг нь хүртэл дуурайна, инээвэл дагаж инээнэ, хөмсгөө зангидвал дагаж зангидна. Шэйрэлсэн лайкалсан болгоныг алдалгүй давтана, зураг бичлэгт нь нялуун үгийг харамгүй зориулна. Зарим үг үйлдэл нь таалагдахгүй байлаа ч таатай байдал үзүүлнэ.

Шууд долоолго – Цаад хүндээ илтэд саймширч өчүүхэн төдий үг үйлдэл бүрийг нь томруулж сайлна. Буруу зүйл хийсэн байлаа ч тэр талаар нь огтхон ч дурдахгүй, өмгөөлж хамгаална. Итгэдэг, хүндэлдэг, бахархдаг гэдгээ байнга харуулахыг хичээнэ. Бусад хүн ч мөн адил өөртэй нь адил санаа бодолтойг хэлж байнга тал засна.  

Гаднах байдал – Цаад хүн нь ямар байгааг яг давтана. Гялалзсан гутал, өөгүй хувцас зангиатай бол яг л түүнийг нь хуулна. Дуртай хобби, спорт, хөгжмийг нь таашаадаг болж харагдана.

Долоогч хэзээ ч үнэн сэтгэлээсээ байхгүй, үнэн сэтгэлээсээ мэт харагдахгүй. Яагаад гэвэл үнэн сэтгэлээсээ биш учраас. Долоохдоо хичнээн мундаг, мэргэшсэн байгаад ч гаргаж буй зан ааш нь гуравдагч этгээдэд мэдрэгддэг, мэдэгдээд зогсохгүй жинхэнэ сэтгэлийн үг үйлдлээ гаргалаа ч хуурамч, бялдууч, зусарч гэсэн тамга арилах нь юу л бол.

Долоогч хэзээ ч үнэн царайгаа гаргахгүй. Учир нь ичих нүүрэндээ элэг наасан, айх нүүрэндээ арьс наасан байдаг учраас. Долоогч өөрөө ичихгүй долигонож гүйнэ, өмнөөс нь ичмээр. Даргын хэлсэн болгоныг үг дуугүй, ямар ч шүүлтүүргүйгээр “жаа...” хэмээн алгаа хавсран долдигонон зөвшөөрдөг этгээд эргэцүүлэх сэтгэлгээ дутмаг болох нь бий, аливааг тунгаан шүүхээсээ илүүтэйгээр даргын сэтгэлд нийцэх гол зорилгын төлөө далдаганасаар харалган болно. Долигонох нь ажил нь болно. Магтаж нэг долигононо, айж нэг долигононо. Долоогч өөрийн мэдлэг авъяас, ажил дээр бол мэргэжил чадвартаа дутуугийн улмаас дутуугаа далдлах, өөрийгөө томруулж аятайхан харагдуулах, мундаг болж харагдах, бусдаас “юм олж долоох” зорилгын төлөө долоодог гэдгийг санах хэрэгтэй. Зорилгынхоо төлөө хэнээс ч урван, хэнийг ч долооход бэлэн.

Долоолгонд итгэх хүн байхгүй. Үнэхээр гэнэн нэгэн, объектив хараагүй нэгэн, эсвэл орчноос тусгаарлагдаж вакуумд орсон нэгэн, нарцист нэгэн эргүүтэж хөөрч долоолгонд автана. Долоогч, зусарчдад итгэдэг удирдагч яавч сайн удирдагч биш, долоогчийн мөн чанарыг харах чадалгүй нэгэн, эс бөгөөс эго томтой, нарцист нэгэн болой. Долоогчдыг өөгшүүлж, яриа үйлдлийг нь сайшаан дэврээдэг удирдагч байх аваас тийм даргаар хазаарлуулан хаашаа юунд хүрэхээ анзааран нэг бодогтун. Зусарч, долоогчдыг хөхиүлдэг удирдагч өөрийн чадвар зоригтоо итгэл төгс бусын улмаас санаа үйлдэлдээ бусдын дэм тусыг үргэлж эрэлхийлж байдаг. Тааруухан бараанд сайн реклам ус агаар шиг хэрэгтэй байдагчлан өөрийг нь долоогч гарч ирэнгүүт хөхиүлэн сайшааж эхэлнэ. Долоолго тодорхой хугацаанд ашгаа өгч, удирдагч өөрийгөө эерүүлж, эсэргүүцэн зогсох бүлгийг ялан дийлж буй мэт санагдах (харагдах) нь долоолгын намагт шигдэж буйг илтгэнэ. Долоолгын намагт шигдсэн үед долоогчийн гаргаж буй зан аашийг долоолгуулагч этгээд мэдрэхгүй, долоолгонд эргүүтэж харин ч аятайхан сэтгэгдэл төрдөг бол хөндлөнгийн гуравдагч этгээд долоолгыг тод мэдэрч дургүйцлийн сигнал авдаг. Түүнчлэн нарцистууд долоогчдоор хүрээлүүлэхдээ дуртай байдаг, нэг тэрэгний хоёр дугуйтай зүйрлэж болно. Нарцист хүн өөрийгөө бусдаар хүрээлүүлж, биеэ дөвийлгөж, хөөргөдүүлж, үргэлж магтаал тус дэм авах шаардлагатайн улмаас долоогчдыг өөгшүүлдэг.

Долоолго зусардлаар үнэнч найз, эерэг хамт олныг олохгүй.Долоолго гуравдагч этгээдэд андашгүй байдаг учраас өрөөсөн дугуй нь болж долоолгын аянд зуузай холбох гээгүй л бол долоолгын үйлсэд удаан хамтрах нь юу л бол. Хамтран долоож дуусахад цуг үлдэх долоогч ховор тул “үнэнч долоогч” цолоор шагнахад илүүдэхгүй.

Найрсаг үг, талархал, анхаарал халамж, хүндлэл, дэм тус болгон долоолго гэсэн үг биш. Хэлбэр нь өөрчлөгдөн хувирч, шинэчлэгдсэн долоолго газар сайгүй, долоолго өмнө нь байж ч байсан, өдгөө мэргэжлийн түвшинд хөгжиж, хөгжлийн сонгодог тал руугаа явж буйг бид харсаар сууна.

Долоолго ашиг тусаа мөнхөд өгөхгүй. Долоолгуулагч этгээд долоогчоос давуу байдалтай, дөнгүүр нэгэн байдаг учраасзусардагчийн ноён нуруугүйг олж хараад, долоолгуулж буйгаа ухаарахтайгаа зэрэг бялдуучлан долоогчийн хуурамч зан байдал, оролдлогыг үл тоомсорлон, шударгаар харьцаад ирэхээр бялдуучлан долоогч ingratiator’s dilemma (бялдуучлагчийн дилемма буюу бялдуучлагчийн ацан шалаа) гэдэгт орно.

Хүн болон нийгэм, байгалийн аливаа үзэгдэлд эргэх холбоо гэж байдаг. Жишээ нь, та гараа халуун индүүнд хүргэвэл халуун, түлэгдэх осолтой гэсэн мэдээлэл тархинд ирж ослыг сааруулах, биеэ хамгаалах гэж гараа даруй татаж авдаг. Хэрэв халуун индүүг аюултай, болгоомжлох ёстой зүйл хэмээн мэдэхгүй, сэтгэхгүй бол гараа түлэхэд хүргэнэ. Уур амьсгалын асар хурдан өөрчлөлтийн үед амьдарч буйгаараа бид гэрч төдийгүй түүнийг өдөөж буйгаараа ирээдүй үедээ буруутан болохын хувьд дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээг авахад даяараа нэгдсэн билээ. Хэрэв өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй, арга хэмжээ авахгүй бол аюулд хүргэх галт тэрэг дохиогоо хангинуулан хүлээн зогсоо билээ.  

Өмнөх Атаархал, хов жив ба соёлын хожимдолДаннинг-Крюгерийн эффектHomo sovieticus нөхөд ба өнөөгийн хувиралОюуны хуйлраа ба агуу ихийн хэнээОюун санааны доройтол ба ид шидийн синдромМенталитет, нийтлэг шинж бүрэлдэхэд хөдөлмөр, уур амьсгал нөлөөлөх нь зэрэг нийтлэлүүд дээр монгол хүний угт болон сүүлд бүрэлдэн тогтсон зарим зан чанарын талаар оруулсан билээ. Тэдгээр нь өөр хоорондоо ямарваа түвшинд холбоотой, хөгжлийг чөдөрлөгч муу зан чанарууд ба нэгээс нөгөөд хэлбэр дүрсээ өөрчлөн хадгалагдаж, нэг үеэс нөгөө үед уламжлагдсаар байна. Тэдгээр болон өөр бусад сөрөг чанарууд харилцан үйлчлэлцэж хөгжлийн замыг бартаа саадтай болгон тахиралдуулж, сөрөг эргэх холбоо үүсгэн мэдлэг, оюун санаа, ёс суртахуун, цаашлаад нийгмийн хөгжлийг эсэргүүцэж байна.

 

Холбоотой нийтлэл:

Данниг-Крюгерийн эффект

Атаархал, хов жив ба соёлын хожимдол

Homo sovieticus нөхөд ба өнөөгийн хувирал

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2826

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%