Алтан Алим: Нийгмийн сэтгэлзүйг удирдах ухаан

Хүрээний бузар булайг ухвал далай гэсэн үг” Итгэлт баян

Эрсдэлийн удирдлагын гол онол нь эрсдэл ямагт байна, иймд удирдаж чадах эрсдэлээ л тооцож төлөвлө гэж сургадаг. Гамшгийн удирдлагад болохоор гарч болох хохирлыг багасга гэж номлодог. Үүнийг сүүлийн 10 гаруй хоногт өрнөж буй үйл явдал дээр хөрвүүлж авч үзье.

Бензиний үнэ

Ерөнхий сайд У. Хүрэлсүх “Би дахиж цаасан мөнгө хэвлэж ард иргэдээ хуурахгүй” гэж мэдэгдэв. Энэ бензинтэй ямар хамаатай юм бэ гэж үү?

Нэг. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б. Лхагважав УИХ-р хэлэлцэгдэж буй Валютын зохицуулалтын хуулийн хуулийн талаар ikon.mn-д ярилцлага өгөхдөө

 “...Энгийн, жижиг зах зээлд оролцогч нарт чөлөөтэй харагддаг. Тэр үед ам.доллар 2000 хүрч байхад шатахуун импортлогчдод 1,640 төгрөгөөр ам.долларыг худалдсан шүү дээ.

Бидэнд хямдхан шатахуун өгч байгаа юм шиг хэрнээ цаад талдаа 360 төгрөгийн зөрүү гарч байгаа биз. Тэрийг татвар төлөгч биднээс Монголбанкны алдагдалд оруулаад л авчхаж байгаа юм. Монголбанкны алдагдлыг Засгийн газраар дамжуулаад татвар төлөгч бид нар төлдөг юм. Наанаа сайхан хямдхан бүтээгдэхүүн эдлүүлж байгаа юм шиг хэрнээ цаагуураа татвар төлөгч биднээс давхар шулж байдаг. Ийм нэг гажиг байгаа. Тиймээс өнөөдрийн Төв банкинд 5-6 тэрбум ам.долларын хөдөлгөөнийг хийж чадах менежмент байхгүй. Хоёрдугаарт, биржээ байгуулаагүй байна." (2018.11.07)

Хоёр. Эдийн засагч, Де Факто Д. Жаргалсайхан мөн тус сайтад өгсөн ярилцлагадаа

“Угаасаа зохицуулж болохгүй зүйлийг популист улстөрчид зохицуулахыг оролдсон. Ер нь бол төрд мөнгө байхгүй. Төрд зөвхөн ард иргэдийн мөнгө л бий. Тэгэхээр машин унадаггүй бүх иргэдийн мөнгөөр машин унадаг хүмүүст хямд бензин өгч эхэлсэн. Машинтай хүмүүс хямд бензин авна, зөрүүг нь нөгөө хүмүүсээс авч өгсөн байхгүй юу. Энэ нь өөрөө тэвэрч болохгүй том модыг тэврэх гэж оролдсонтой адилхан болчихоод байгаа юм. 2012 оноос хойш яг ийм үйлдлийг хийх гэж оролдсон. Махны нөөц бүрдүүлнэ, гурилын үйлдвэр барина гэх зэрэг янз бүрийн үг, үсгийн дор Засгийн газар, Монголбанк хоёр нийлээд 5.4 их наяд төгрөг гаргасан. Үүнээс барилга, ипотек хоёрыг эс тооцвол 1.2 их наяд төгрөгийг бүх төрлийн үнийг барихад зарцуулсан. Үүн дотроо 226 тэрбум төгрөгийг 0.9 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудаар дамжуулаад, нөгөөдүүл нь 3-4 хувийн хүүтэйгээр цааш нь нефть импортлогч 14 компанид өгсөн. Үр дүнд нь үнэ дахиад л өссөн. Тэгэхээр барьж болохгүй юмыг барихын төлөө нийтийн мөнгийг зарцуулахгүй байх нь хамаагүй үр дүнтэй байна.” (2018.11.07) 

Гурав.

2018 оны 4 сарын 19-нд Синдикат Ток нэвтрүүлгийн хөтлөгч В. Ганзоригийн сийрүүлэн бичсэн ярилцлагад Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга асан Г. Өлзийбүрэн хэлэхдээ

“ Шатахуун яах аргагүй онцгой бүтээгдэхүүн. Учир нь ямар ч хүний халаасны зардлын 15-17 хувийг шатахууны зардал эзэлдэг. Энэ хувь улсын хэмжээнд гарч буй зардалтай ч яг адил байдаг. Машинтай хүмүүс сардаа 100 мянгаас бүр нэг, хоёр сая хүртэлх төгрөгөөр шатахуун авдаг....”

гэж. Мөн тус нэвтрүүлэгт оролцсон Петровис Ойл компанийн захирал С. Энх-Амгалан нефть бүтээгдэхүүний зах зээлийг

“...2017 онд нүүрсний борлуулалт сэргэсэнтэй холбоотой салбарын байгууллагын борлуулалт өссөн. Өнгөрсөн онд 1.4 сая тонн бүтээгдэхүүн бид импортолсон. Уул уурхайн салбар унахаар энэ тоо нэг сая тонн руу очдог. Энэ нэг сая тонн борлуулалтын тал нь байгууллагын борлуулалт хэвээрээ байдаг. Тэгэхээр жижиглэнгийн борлуулалт нийт импортын тал орчим гэж ойлгож болно”

гэсэн бол Өлзийбүрэн

Улсын дунджаар нийт борлуулалтын 60 хувь нь жижиглэн буюу иргэд, 40% нь бөөний буюу бүтээн байгуулалтын төслүүдийн борлуулалт”

гэжээ.

Жагсаал

“Хүрээний бузар булайг ухвал далай гэсэн үг” Итгэлт баян

Сүүлийн 14 хоногт ЖДҮХС-аас олгодог жилийн 3% хүүтэй зээлийг өөрсдийнх нь хэлснээр “мэдээлэлд ойрхон” байснаараа авсан төдийгүй бүр ББСБ-аараа дамжуулан эргүүлээд 30%-ийн хүүтэй зээлж шулж байсан нь тодорхой болж, баримт нь дэлгэгдэв. Мэдээж ард олон боож үхэхээс наагуур уурлана биз дээ. Өдөр бүр шинэ шинэ баримт материал дэлгэгдсээр...

Яг энэ үйл явцтай зэрэгцээд хүмүүс гудманд гарч бензиний үний өсөлтийг эсэргүүцэн машинтайгаа жагсав. Ард олон ч уухайлан дэмжив. Хэлж буй үндэслэл нь “Бензиний үнэ нэмэгдэхээр бүх юмны үнэ өсдөг”.

Энэ моментод л гамшгийн удирдлага хэрэгжиж эхлэв. Өөрөөр хэлбэл ард олны бухимдал түймэр болон асч, хүний өөрийнгүй бүгдийг нь хяргаад хаячихаас өмнө бензиний асуудлаар далимдуулан жагсаал зохион байгуулж, учрыг нь олоогүй ард иргэд нь уур бухимдлаа илэрхийлэхээр төв талбайгаа 2-3 хоног гороолов. Дэглэлттэй жүжигт бүгд дүр бүтээн уурлав.

Үүнийг нотлох үйл явц нь

  1. У. Хүрэлсүх гэнэт л Бахархлын өдрийн амралтыг шилжүүлсэн шийдвэр гаргав.
  2. Б. Батзоригийг 86%-ийн саналаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэлгүйгээр УИХ авч үлдсэн төдийгүй зарчим ярьсан прокурорыг дэлгэцийн өмнө загнаж даналзацгаав.
  3. Б. Батзоригийг огцруулчихаад Я. Содбаатарыг огцруулахгүй байгаа. Мөн өмнөх сайд П.Сэргэлэнг дөнгөж өчигдөр л яллагдагчаар татав.
  4. Фэйсбүүкт лавтай 23 группэд 11 сарын 5-наас 11 сарын 11-ны хооронд өөр өөр өдрүүдэд жагсаал цуглаан зохион байгуулах уриалга явж байна. Энэ нь жагсаал хийх зай өгөхгүй байх, хүч тарамдуулах гол тактик болой.
  5. АСЕМ, ЗГ Бонд, гэх мэт мэдээлэл бүх нийгмийн сүлжээнд зохион байгуулалттайгаар сэвж, сэдвийг саармагжуулахыг оролдов.

Дараагийн долоо хоногт ямар үзүүлбэр бэлдсэн бол? Заншил ёсоор Женко хориг тавьж, прокурор, шүүх, АТГ нь хэвлэлийн бага хурал зарлах биз. Учир нь энэ амралтын өдрүүдэд МАНАН түр амьсгаа авч бүгд хэлэлцээрт орно. Тэгээд хэн, хэнээр туг тахихаа шийднэ. Тэгж байж гарч болох хохирлоо багасгана. Уг нь Засгийн газар 29 тусгай сантай л даа...

Социологичид, сэтгэл судлаачид “Ард иргэдэд уур бухимдлаа гаргах суваг байхгүй бол өөрөө өөрийгөө хорлон сүйтгэх үйл явц эхэлдэг” гэж үздэг.

 

 

 

Ашигласан эх сурвалж:

  1. Б. Лхагважав: Ард түмэн шударга бус зүйлийн эсрэг тэсрэхэд бэлэн байна 
  2. Д. Жаргалсайхан: Үнийг зохицуулна гэдэг тэвэрч болохгүй модыг тэврэхтэй адил боломжгүй зүйл 
  3. В. Ганзориг Syndicate Talk: Шатахуун онцгой бүтээгдэхүүн мөн үү? 

Нүүрний гэрэл зургийн эх сурвалж: shuud.mn


avatar
    • Алимаа
    • 172.68.246.*

    Шал дэмий балай юм бичдэг хүн шүү ккк

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3127

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 68%